| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2309034790913 |
| Дугаар | 2025/ДШМ/295 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/295
2025 03 06 2025/ДШМ/295
Э.О т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Э.О ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1147 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Э.О т холбогдох 2309034790913 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокуророос шүүгдэгч О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.О ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гарсантай холбогдуулан эрүүгийн 2309034790913 дугаартай хэргийг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцааж, Э.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Э.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1147 дугаартай цагаатгах тогтоолоор “...тухайн цаг хугацаанд хамт байсан М.Х болон Э.У нар гэрчээр мэдүүлэхдээ Б нь эхлээд О ын нүүрэн тус газар гараараа цохисноос болж хоорондоо маргалдан хамт газар унахад хажууд байсан хүмүүс салгасан, О ын зүгээс Б ын биед халдаж зодсон асуудал гаргаагүй талаар тогтвортой мэдүүлжээ. ...хохирогч 3.Б аас мэдүүлэг авахад тэрээр шүүгдэгч Э.О болон өөр хэд хэдэн этгээдэд зодуулсан, эсхүл түүний биед Э.О дангаараа гэмтэл учруулсан мэт хэргийн үйл баримтын талаар өөр хоорондоо болон гэрчүүдийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй мэдүүлсэн байна. ... Шүүхээс хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон үнэлэх боломжгүй бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3.Б ын биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, зүүн гуя, цээжинд цус хуралт гэмтэл нь шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас учирсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй ба харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж, хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс бус харин тухайн цаг хугацаанд тэдгээрийн хоорондоо барилцаж авах, газар унах үед үүссэн байх боломжтой хэмээн дүгнэлээ” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Э.О ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Яллагдагч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Олимпик Резиденс хотхоны 1 давхарт эхнэр авахаар ирсэн хохирогч 3.Б тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, зүүн гуя, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ “...хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс бус харин тухайн цаг хугацаанд тэдгээрийн хоорондоо барилцаж авах, газар унах үед үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогчийн биед учирсан “...тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал” гэмтлүүдийг барилцаж авах, газар унах үед үүссэн гэж үзэх боломжгүй. Харин цохиж зодсоны улмаас үүссэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14867 дугаартай “...мохоо зүйлийн боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт, цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1200 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр ...тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд хөнгөн хохирлын зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байхад шүүх хохирогчид учирсан эдгээр гэмтлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс гадна улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна. Түүнчлэн хохирогч 3.Б нь “...О нь миний нуруу хэсэг рүү өшиглөөд баруун хацар руу цохиод толгой руу цохисон. Тухайн үед учирсан гэмтэл бэртлийг бүгдийг нь О учруулсан” гэж мэдүүлдэг бөгөөд хэдийгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Э.О ын “...би эргүүлээд хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүх цагаатгах тогтоолдоо “...Анхан шатны шүүх дээрх харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтын зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэн гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авахтай холбоотой тодорхой ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийж ирүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 244 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ” гэж тайлбарласан. Дээр дурдсанчлан шүүх Э.О т холбогдох хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтууд харилцан зөрүүтэй, хүрэлцээтэй биш байна гэж үзэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа тухайн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа гүйцэт хийгдээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримт цуглараагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугааp зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1147 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. …” гэжээ.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1147 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Э.О нь хохирогч З.Б тай маргалдаж, цохиж, зодсоны улмаас тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, зүүн гуя, цээжинд цус хуралт үүсгэж, хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс бус харин тухайн цаг хугацаанд тэдгээрийн хоорондоо барилцаж авах, газар унах үед үүссэн байх боломжтой хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн биед учирсан тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал нь барилцаж авах, газар унах үед үүсэх боломжгүй. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “мохоо зүйлээр, барих, барилцаж авах үед үүсэх боломжтой”, хохирогч “миний баруун шанаа, хацар хэсэгт хүчтэй цохисон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.О ын “би зүүн гараараа нэг удаа цохисон” гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1200 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байхад шүүх хохирогчид учирсан эдгээр гэмтлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс гадна прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй. Цагаатгах тогтоолдоо "...Анхан шатны шүүх дээрх харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтын зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэн гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авахтай холбоотой тодорхой ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийж ирүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж дурдсан. Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэх авах боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хэрэгт хамааралтай нотлох баримт цуглаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхээс гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг харилцан судалж, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугааp зүйлд заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.О ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг эргэлзээтэй, хөтөлбөргүй нотлогдоогүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг хөтөлбөргүй нотлох үүрэг мөрдөгч, прокурорт байдаг. Мөрдөгч, прокурор энэ үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй. Шүүхээс шүүх хуралдааныг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж тодорхой ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Гэтэл хэргийг хөтөлбөргүй, эргэлзээгүй болгохтой холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч З.Б нь 3 удаагийн мэдүүлгээ өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлсэн. Шүүхээс “хохирогчийн аль мэдүүлгийг үнэн, зөв гэж үзэх вэ, мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор эсэргүүцэлдээ “шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг хөтөлбөргүй нотлох баримт гэж тооцдоггүй. Өөрөөр хэлбэл заавал баримтлах үүргийг хүлээдэггүй. Хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн дүгнэлтийг хөтөлбөргүй тогтоосон баримт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт шүүгдэгчийн гэм буруутай болохыг хөтөлбөргүй, хангалттай нотолж чадаагүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.
Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.О ын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Э.О т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, Э.О ыг хохирогч З.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан бүхэлд нь үнэлж дүгнэхэд, Э.О нь хохирогч З.Б ын эсрэг чиглэсэн шууд санаатай үйлдэл хийсэн гэх хэргийн нөхцөл байдал нотлогдохгүй, хохирогчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, тэрээр 3 удаа мэдүүлэг өгөхдөө өөр, өөрөөр мэдүүлсэн байхаас гадна хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамт байсан бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн.
Тодруулбал, гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлын талаар хохирогч З.Б 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...би О ын цээж хэсэг рүү цаашаа яв гэж түлхчхээд явах гэсэн чинь хажуу талаас миний баруун хацар, шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Би биеэ хамгаалах үүднээс харилцан зодоон эхэлсэн. Бас нэг залуу миний толгой дээрээс газартай хавсарч мөргүүлсэн. ...О гэх залуу эхэлж миний баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд О тай хоорондоо зодолдсон. Тэгээд тэр үед О ын найз нараас 2 залуу нь намайг нэг нь нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн, нэг залуу нь миний толгойг шалтай хавсарсан...” /1 хх-ийн 17 тал/ гэж,
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...эхнэр А.Ө нь гар утсаа авахгүй байсан учир хайсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Япон элчингийн урд талд Олимпик Резиденс үйлчилгээний газрын 1 давхарт байрлах /нэрийг нь санахгүй байна/ бааранд манай эхнэр Ө ын өмнө нь хамт ажиллаж байсан Хишигээ бусдынх нь нэрийг нь мэдэхгүй 8-9 хүн байсан. Би хайгаад 2 давхарт гарахад манай эхнэр Ө О гэх зүс таних залуутай тэврэлдээд зогсож байсан. Би эхнэрээ салгаад аваад явах гэтэл зууралдаад салахгүй 1 давхар хүртэл явсан. Миний дүү зүгээр яв, дараа эр хүн шиг уулзана гэхэд манай эхнэрийг хувцаснаас нь татаад явуулахгүй байсан. Би баруун гараараа зүүн мөр лүү нь түлхэхэд үсрээд баруун гараараа баруун шанаа хэсэгт 1 удаа цохиход нь би ухраад О над руу дахин зодолдох гээд дайраад байсан. Би тэврээд авахад намайг шууд газар унагахад О тай хамт явж байсан 4-5 залуу гарч ирээд намайг дээрээс 2 нь дарж аваад О миний толгой хэсэг рүү нэг удаа аль хөл гэдгийг нь мэдэхгүй байна, цээж хэсэг рүү 4-5 удаа аль хөл гэдгийг нь мэдэхгүй байна, нуруу руу 3-4 удаа аль хөл гэдгийг нь мэдэхгүй байна, гуя руу 2 удаа аль хөл гэдгийг нь мэдэхгүй байна хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би өшиглүүлж байх үедээ би тувтан орилж байсан. ...” /1хх-ийн 29/ гэж,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны байдал хүнд байсан. Тухайн үед би их балмагдсан байсан учир тэгж мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. О аас биеэ хамгаалж байх үед баруун шанаа, цээж, нуруу, баруун гуя хэсэгт гэмтэл бэртэл авсан. О тай хамт явж байсан хүмүүс миний биед халдсан зүйл байхгүй. ...О ын найзууд гэх 5-6 хүн бид хоёрыг харилцан зодолдож байх үед хажууд зогсож байсан. Тэрнээс намайг О ын найзууд нь цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед О гэмтэл бэртэл үүсгэсэн. ...” /1хх 40/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх бөгөөд уг мэдүүлгүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамт байсан гэрч М.Х ын “...Бид нар 1 давхраас дээшээ 4 давхар луу гараад үйлчилгээний газрыг үзээд буцаад 1 давхарт лифтээр буугаад лоунж руу ороод сууж байсан ширээн дээрээ суухад лоунжны үүдэнд нэг хүн орилоод байсан. Би гараад харахад Ө ын нөхөр Б орилж байсан. Урсдаг шатаар Ө , О хоёр хамт бууж ирэхэд Б нь О ыг хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаад байж байх үед Б О ыг баруун гараараа зүүн шанаа руу нь 1 удаа цохисон. Тэгээд хоорондоо заамдалцаад хоёулаа хамт газар унасан. Дараа нь хамгаалагч нар болон хамт ажилладаг хүмүүс гарч ирээд хоёр тийш нь салгасан. О нь Б ыг цохиж зодсон зүйл байхгүй. Б нь О ыг цохиж зодсон зүйл байгаа. Б нь О ын зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон. ...Болбаатар, О 2 хамт газар унасан тухайн үед Б нь доод талд нь харин дээд талд нь О байсан. ...” /1хх-ийн 38, /, гэрч Э.У гийн “...Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байх үед Ө, О , Х гурав коктел баарнаас гараад явсан. Тэгээд би Тулгаа болон Ли кашел захирлын хамт юм яриад үүдэнд зогсож байх үед гаднаас үл таних 40 орчим насны эрэгтэй орж ирээд О ын нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид нар очоод салгах хооронд О болон үл таних эрэгтэй хоёр хоорондоо ноцолдоод газарт унахаар нь бид нар очоод хоёр тийш нь салгасан. ...” /1хх-ийн 73/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоох ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд хохирогч З.Б нь эхнэр А.Ө ыг Э.О тай хардсаны улмаас Э.О ын нүүрэн тус газар 1 удаа цохисон, хоорондоо заамдалцаад хоёулаа газарт унасан, энэ үед хамт байсан хүмүүс салгасан үйл баримт нотлогдсон.
Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14867 дугаартай дүгнэлтээр хохирогч З.Б ын биед хөнгөн зэрэгт хамаарах тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байх хэдий ч шүүгдэгч Э.О ын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд, “...хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон үнэлэх боломжгүй бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон З.Б ын биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн тохой, зүүн гуя, цээжинд цус хуралт гэмтэл нь шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас учирсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй ба харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж, хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс бус харин тухайн цаг хугацаанд тэдгээрийн хооронд барилцаж авах, газар унах үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.О т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр, дээд шатны прокурор Э.Энхбатын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/1147 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА