| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04078/И |
| Дугаар | 192/ШШ2025/07424 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/07424
2025 09 22 192/ШШ2025/07424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **-р хороо, ** тоотод байрлах Э ХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Г-ын Л /РД:ЙЛ*********/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Г-ийн Г /РД:ЙЛ*******/ нарт холбогдох,
473,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Э" ХХК нь Төв аймгийн Лүн суманд махны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд тус компанид жолоочоор ажилладаг Г-ийн Г,түүний хүү Г-ын Л нар нь 2021 оны 6-р сард манай компанид мах нийлүүлэх аман гэрээ хийж гэрээний дагуу Г-ийн Г-ын ХААН банкин дахь данс руу 2021 оны дараах өдрүүдэд 930.000.000 сая төгрөг шилжүүлсэн. Үүнд: 1. 2021-06-12 - нд 50.000.000 сая төгрөг, 2. 2021-06-15-нд 50.000.000 сая төгрөг, 3. 2021-07-01-нд 70.000.000 сая төгрөг, 4. 2021-07-10-нд 50.000.000 сая төгрөг, 5. 2021-07-17-нд 50.000.000 сая төгрөг, 6. 2021-07-19-нд 50.000.000 сая төгрөг, 7. 2021-07-28-нд 50.000.000 сая төгрөг, 8. 2021-08-26-нд 5.000.000 сая төгрөг, 9. 2021-09- 26-нд 100.000.000 сая төгрөг, 10. 2021-10-12-нд 200.000.000 сая төгрөг, 11. 2021-10-18-нд 100.000.000 сая төгрөг, 12. 2021-11-24-нд 5.000.000 сая төгрөг, 13. 2021-12-04-нд 50.000.000 сая төгрөг, 14. 2021-12-10-нд 100.000.000 сая төгрөг, Нийт шилжүүлсэн мөнгөн дүн 930.000.000 төгрөг, Хариуцагч Г.Г, Г.Л нар нь 2021 онд манай компанид 674.400.000 төгрөгөнд мах нийлүүлсэн бөгөөд 2021 оноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2025 оны 04-р сарын 08 -ны байдлаар 255.600.000 мянган төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна.Иймд хариуцагч Г.Л, Г.Г нараас 1. Төлбөрийн үлдэгдэл мөнгө 255.600.000 сая төгрөг, 2. Төлбөр төлөгдөөгүй 4 жилийн хугацааны алданги 128.000.000 төгрөг, 3. Өмгөөлөгчийн ажлын хөлс 90.000.000 сая төгрөг, Нийт дүн 473.600.000 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ үйлдвэр бол Төв аймагт байдаг , жолоочоор Г нь ажилладаг хүү нь Л гээд мах бас цуглуулдаг хүн байдаг. Компанид нь ажилладаг болохоор найдвартай гээд Г энэ 2 т мөнгө шилжүүлээд мах авдаг байсан юм билээ. Тэгээд нийлүүлээд 930,000,000 төгрөг шилжүүлсэн чинь 674,400,000 өөр мах нийлүүлээд үлдэх махыг нийлүүлээгүй. Энэ нь 255,600,000 төгрөг бөгөөд энэ 2 алданги төлнө гээд баталгаа бичиж өгсөн, ингээд алдангид 128,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 90,000,000 төгрөг төлсөн учраас нийлүүлээд нэхэж байгаа. Уг нь энэ асуудал эрүүгийн журмаар шалгадаад, тэгээд гуйгаад байхаар нь хугацаа тогтоогоод тэгээд гомдлоо татсан. Гэтэл одоо ч мөнгөө өгөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Л нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, хариуцагч Г.Г нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.02.27-ны өдрийн гэрээ, Э ХХК-ийн 2025.04.09-ний өдрийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2025.03.31-ний өдрийн 61 дугаартай тогтоол зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "Э" ХХК нь Төв аймгийн Лүн суманд махны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд тус компанид жолоочоор ажилладаг Г-ийн Г, түүний хүү Г-ын Л нар нь 2021 оны 6-р сард манай компанид мах нийлүүлэх аман гэрээ хийж гэрээний дагуу Г-ийн Г-ын ХААН банкин дахь данс руу 2021 оны дараах өдрүүдэд 930.000.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Г.Г, Г.Л нар нь 2021 онд манай компанид 674.400.000 төгрөгөнд мах нийлүүлсэн бөгөөд 2021 оноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2025 оны 04-р сарын 08 -ны байдлаар 255.600.000 мянган төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна.Иймд хариуцагч Г.Л, Г.Г нараас төлбөрийн үлдэгдэл мөнгө 255.600.000 сая төгрөг, төлбөр төлөгдөөгүй 4 жилийн хугацааны алданги 128.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 90.000.000 сая төгрөг, Нийт дүн 473.600.000 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.Г, Г.Л нар нь 2021 оны 06 дугаар сард Э ХХК-д мах бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 06 дугаар сарын 12-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-нийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр 930,000,000 төгрөгийг Г.Г-ын эзэмшлийн ХААН банкны 5*****2 тоот данс руу Э ХХК- нь шилжүүлсэн байна. Уг шилжүүлсэн 930,000,000 төгрөгөөс Г.Г, Г.Л нар нь 656,641,620 төгрөгийн үнэ бүхий малын махыг нөгөө талдаа шилжүүлсэн байх ба энэ асуудлыг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар шалгаад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Тодруулбал дутуу мах нийлүүлсэн гэх асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний маргаан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
Хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Г.Л, Э ХХК нарын байгуулсан гэрээ авагдсан байх ба тухайн гэрээгээр Г.Л нь 255,600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025-03-27 ний өдөр төлж барагдуулахаар, хугацаандаа төлөөгүй бол 2021-06-12-ны өдрөөс хоног тутам 0,5 хувийн алданги төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
4. Нэхэмжлэгч тал 2021 оны 06 дугаар сард аман байдлаар хариуцагч нартай мах бэлтгэж нийлүүлэхээр харилцан тохиролцоод 930,000,000 төгрөг шилжүүлсэн боловч 674,400,000 төгрөгийн үнэ бүхий малын махыг нийлүүлсэн учир нийлүүлээгүй махны үнийг буцаан гаргуулна, улмаар алданги төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлээ дэмждэг бол хариуцагч нар шүүхэд ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр малын мах бэлтгэн, нийлүүлэхээр харилцан тохиролцож, хөлсийг урьдчилан авсан боловч 255,600,000 төгрөгийн мах нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх бичгээр байгуулсан гэрээний агуулгаар тогтоогдоно.
Улмаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 т зааснаар хариуцагч нар гэрээгээр тохирсон ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүйгээс нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг шаардах эрхтэй ба мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг буюу үр дагавар үүснэ.
Иймд нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд хариуцагчид шилжүүлсэн 930,000,000 төгрөгнөөс 255,600,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй ба хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэдэг.
Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байдаг тул талууд алдангийн талаар бичгээр тохиролцож, улмаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг тодорхой тохирсон байхаас гадна хугацаа хэтэрсэн явдалд үүрэг гүйцэтгэгч буруутай тохиолдолд түүнээс алдангийг шаардах эрхтэй байдаг. Хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Г.Л, Э ХХК нарын байгуулсан гэрээний 1.2-т ...2025-03-27 ний өдөр төлж барагдуулахаар, хугацаандаа төлөөгүй бол 2021-06-12 ны өдрөөс хоног тутам 0,5 хувийн алданги төлж барагдуулахаар... харилцан тохиролцжээ. Нэг өдрийн алданги үлдэгдэл 255,600,000 төгрөгнөөс тооцоход 1,278,000 төгрөг болж байх ба алдангид 128,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.
6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 т заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нараас авлагаа авахын тулд өмгөөлөгч хөлсөлж, төлбөр төлж хохирсон гэж тайлбарлаад хэрэгт Ц.Д өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргаж өгсөн . Уг гэрээний он нь засвартай байхаас гадна ямар хэрэг маргаанд тухайн өмгөөлөгчийг ажиллуулахаар тохиролцсон болох нь бичигдээгүй, энэ гэрээг хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 90,000,000 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Иймээс эдгээрийг нэгтгээд хариуцагч нараас 383,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,525,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,075,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Г.Л, Г.Г нараас 383,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,489,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,525,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,075,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ