Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/294

 

 

    

    2025          03             06                                        2025/ДШМ/294                                                                                             

Ц.Э од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Урангоо,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 107 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ц.Э од холбогдох эрүүгийн 2410040341438 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Э  нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Б  гийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Оргил супермаркетын хойд жалганд гээсэн Самсунг А51 загварын гар утас, Хаан банкны виза картыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн картыг ашиглан ТҮЦ, CU хүнсний дэлгүүр, цайны газраас худалдан авалт хийж хохироогчийн данснаас 102,100 төгрөг, мөн Самсунг А51 загварын гар утсыг бусдад худалдан борлуулж хохирогч С.Б  д бага хэмжээнээс дээш 340,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч болон хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, цагаатгах тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Э од Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Урангоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт "... Шүүгдэгч Ц.Э  нь шунахайн сэдлээр хохирогч С.Б  гийн гээгдүүлсэн гар утсыг олж авч улмаар утасны ард байсан Хаан банкны виза картыг ашиглан цахим тооцооллын суурь боломжид тулгуурлан боловсруулсан автомат системд идэвхтэй үйлдлээр хандалт хийсэн буюу чипийг уншуулан өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, CU хүнсний дэлгүүр, цайны газар зэргээс худалдан авалт хийж 102,100 төгрөгийн төлбөр тооцоог картад байх мөнгөн хөрөнгөөр хийж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад нь мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад шүүгдэгч нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон картаас дур мэдэж, захиран зарцуулсан, ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гээгдсэн эд зүйлийг олж авсан хүнд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болдог бөгөөд “эд хөрөнгөө гээнэ” гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэн өөрөө захиран зарцуулах боломжгүй болдог...” гэж шүүгдэгчийн дээрх үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн атлаа мөн тус хэсэгт “...Нөгөө талаас виза картаар төлбөр тооцоо хийсэн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг олж авах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан...” байна гэж эрс зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчийн жалганаас олсон, гээгдэл картыг уншуулж, худалдан авалт хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй байна. Учир нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох “нууцаар” авсан гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, энэ талаарх баримт сэлт хэрэгт авагдаагүй болно.Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.24 дэх заалтад “төлбөрийн карт” гэж олон улсад зөвшөөрөгдсөн картын байгууллагын стандарт болон Монгол банкны шаардлагыг нэгэн зэрэг, эсхүл аль нэгийг нь хангасан карт эзэмшигчид төлбөр хийх боломж олгодог төлбөрийн хэрэгслийг” гэж заасан. Банкны төлбөрийн картын гол зориулалт нь данс эзэмшигчид цахим төхөөрөмжийн тусламжтайгаар данснаас орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ хийх, төлбөр төлөх боломж олгодог тул эд хөрөнгийн эрхийн шинжтэй эд зүйл гэж тодорхойлогдохоор байна. Шүүгдэгч нь хохирогчийн гар утасныхаа хамт жалганд гээсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн, улмаар картыг дэлгүүрийн посс машинд уншуулан хувийн хэрэгцээндээ завшсан гэж үзэх үндэслэлтэй. Хохирогчийн гээсэн картын хувьд шууд ашиглан гүйлгээ хийх боломжтой ямар нэгэн нууц код хэрэглэх шаардлагагүйгээр дурын үйлчилгээний газарт шууд ашиглах боломжтой цахим түрийвч бөгөөд шүүгдэгч Ц.Э ын бусдын гээгдэл банкны картыг ашиглан цахим төхөөрөмжийн тусламжтайгаар зарлагын гүйлгээ хийж өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шинжийг хангасан болно. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э ыг “...банкны виза картад байсан мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэл шаардлагыг хангаагүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/107 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг нягт шалгасны үндсэнд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Прокуророос Ц.Э ыг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Оргил супермаркетын хойд жалганд гээсэн бусдын Самсунг А51 загварын гар утас, Хаан банкны виза картыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн картыг ашиглан, ТҮЦ, CU хүнсний дэлгүүр, цайны газраас худалдан авалт хийж хохирогчийн данснаас 102,100 төгрөг, мөн Самсунг А51 загварын гар утсыг бусдад худалдан борлуулж хохирогч С.Б  д бага хэмжээнээс дээш 340,100 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн Ц.Э ын гэм бурууг хянан хэлэлцэж, прокуророос Ц.Э од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Э  нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Оргил супермаркетын хойд жалганд хохирогч С.Б  гийн гээсэн 230,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А51 загварын гар утас, гар утасны ард байх 8000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны виза картыг олж авсан боловч эзэмшигч, өмчлөгчид эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх арга хэмжээ авалгүй завшсан,

мөн тухайн гар утасны ард байсан хохирогчийн Хаан банкны виза картыг ТҮЦ, CU хүнсний дэлгүүр, цайны газарт уншуулж 102,100 төгрөгийг хохирогчийн данснаас авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйл баримт нотлогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд анхан шатны шүүх “...Завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу ...аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйл ...эзэмшилд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг. ...Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг. ...Шүүгдэгч Ц.Э ын бусдын гээгдүүлсэн гар утсыг олж авч, худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан завших, харин банкны виза картад байсан мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн. ...завших болон хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учраагүй...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокуророос “...шүүгдэгч Ц.Э ыг банкны виза картад байсан мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй...” үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах утга агуулга бүхий эсэргүүцэл бичсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байхаас гадна хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоо нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог бөгөөд гэмт үйлдлийн сэдэлт, зорилго, аргаар ялгагдан зүйлчлэгдэнэ. 

            Хэргийн үйл баримтаар Ц.Э  нь хохирогчийн эд хөрөнгө болох гар утас, түүний ард байсан банкны виза картыг санамсаргүй олж авч завшсан бол эзэмшигч, өмчлөгч нь тодорхой этгээдийн банкны виза картад идэвхтэй үйлдлээр халдаж, нууцаар, хууль бусаар мөнгийг олж авч, ашигласан болох нь тогтоогдсон тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдаагүй үндэслэлээр Ц.Э од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/107 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Урангоогийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА