Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 88

 

2018 оны  5 сарын 07 өдөр              2018/ШЦТ/88                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0104/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Уламбаяр

Улсын яллагч                            Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                          Э.Б  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох 1839001810096 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 03-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Б  /РД: СЭ90111977/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б  нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” баарны гадаа иргэн Б.Түвшинбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд

Хохирогч Б.Түвшинбатын: “...Андууд караокед дуу дуулаад байж байсан чинь зүс таних Энхбаатар, Бабуу хоёр найзуудын хамт нилээн халамцуу орж ирээд сууцгаасан. Тэгээд намайг дуу дуулж байхад тэд нартай хамт байсан нэг танихгүй залуу миний микийг аваад дуулаад байсан. Тэгээд би тэд нарыг дуу захиалаад дуулахаар нь хамт дуулсан чинь лаларын пизда минь дуу дуулах гээд байгаа юм бол өөрөө захиалаад дуулаач гэсэн. Тэгээд би гадагшаа гарсан. Тэгэхэд нөгөө залуучууд гарч ирсэн. Ингээд би өндөр бор залуутай нь маргалдсан чинь намайг баарны үүднээс баруун тийш чирээд авч явсан. Тэгээд баарнаас баруун тийш дагуулж яваад нүүрэн тус газар 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,

 

Гэрч Б.Болортуяагийн: “...Цагдаа дээр ирсэн чинь дүүгийн маань баруун шанаа нилэнхүйдээ хавдсан, хүзүү толгойг нь энд тэндгүй маажаад, цамцыг нь урсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

Гэрч Э.Б ын: “...Андууд бааранд найз Энхбаатар, Бабуу, Жавхаа нарын хамт пиво захиалаад сууж байсан юм. Тэгээд сууж байтал танихгүй залуу микээр дуулж байсан. Тэгээд бид нарыг дуу захиалаад дуу дуулж байхад нөгөө танихгүй залуу ирээд би та нартай дуулья гэхээр нь би өөрөө дуугаа захиалаад дуул гээд хөөсөн юм. Тэгээд нөгөө залуу цаашаа явсан. Ингээд би найзуудтайгаа гадаа тамхилах гэж байхад нөгөө залуу дотроос гарч ирсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаж муудсан. Би тэр залууг араас нь тэврээд баруун тийшээ явж хашааны баруун талд учраа ольё гэж бодож аваачсан чинь бид хоёр учраа олохгүй улам маргалдсан. Би тэр залууг гараараа нүүрэнд нь 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Гэрч Б.Жавхланбаатарын: “...баарны үүдэнд Б той маргалдсан. Тэгтэл Б  тэр залууг түлхээд хашааны баруун талд очсон. Тэгээд би араас нь очиход Б  нөгөө залууг хашаанд шахчихсан байсан. Тэгээд тэр залуугийн нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч  Г.Энхбаатарын: “...Ингээд би араас нь гарч очиход манай гурван найз зүс таних залуугийн хамт тамхи татаад зогсож байхаар нь би эргээд орсон. ...Дараа нь Б  Түвшинбат гэдэг мик гуйгаад байсан залууг зодсон гэж Б оос өөрөөс нь сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

 

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.158 дугаартай дүгнэлтэд: 

-Б.Түвшинбатын биед тархи доргилт, эрүү баруун зүүн дал, нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хавирганы нуманд цус хуралт эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 16 тал/ зэрэг болно.

 

Э.Б  нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” баарны гадаа иргэн Б.Түвшинбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд Э.Б од эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Түвшинбат нь Э.Б той сайн дураараа эвлэрсэн, эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан бөгөөд одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 33 тал/ гэсэн тул  шүүгдэгч Э.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчилж буюу 7 дугаар сарын 01-ний дотор 150.000 төгрөгийг, 8 дугаар сарын 01-ний дотор 150.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 01-ний дотор 150.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА