| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2025/0074/З |
| Дугаар | 159/ШШ2026/0031 |
| Огноо | 2026-10-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 159/ШШ2026/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0071/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүгч Б.Болормаа, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ө*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга
Гуравдагч: С.М*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б******* Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, гуравдагч этгээд С.М*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Содболд, иргэдийн төлөөлөгч Б.О*******, гэрч М.Г*******, А.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэндсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага
1.1. Нэхэмжлэгч Б.Ө******* нь тус шүүхэд Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б******* Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгоны иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж,
тосгоны захирагчаар Б.Ө******* нэр дэвшиж санал хураалтад оролцсон 118 хүнээс 115 хүний санал авсан ба тус иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Б.Ө*******г тосгоны захирагчаар батламжлуулахаар сумын Засаг даргад уламжлахаар тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр холбогдох баримтын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Г*******од хүргүүлжээ.
2.2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот албан бичгээр дээрх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан “Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Батцоож овогтой Ө*******г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ үү” гэх хариуг хүргүүлж Б.Ө*******г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.
2.3. Б.Ө******* нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/ тоот албан бичгээр Шаамар сумын Засаг даргад холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл хүргүүлсэн.
2.4. Улмаар Б.Ө******* нь Шаамар сумын Засаг дарга М.Г******* ямар ч үндэслэлгүйгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг үл тоож ард түмний сонголтыг эсэргүүцэж хууль зөрчиж байна. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Ж.О тамгаа Т.Л хүлээлгэж өгсөн, хурал зарласан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2023, 2024, 2025 оны орон нутаг хөгжүүлэх сангийн бүх хурлыг удирдаж, шийдвэр гаргаж байсан зөвлөл мөн, бусад шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх атлаа хурал зарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь үндэслэлгүй гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Маргаж буй үндэслэл талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Б.Ө******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж зарласан. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагтаа эхэлж нийт 194 хүн оролцсон. Миний бие Б.Ө******* нь 115 хүний санал авч ялалт байгуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хурлын тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Шаамар сумын Засаг даргад хүргүүлсэн. Батцоож овогтой Ө*******г захирагчаар батламжилж өгөхийг даалгасан.
Үүнээс хойш 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Шаамар сумын Засаг дарга М.Г******* нь Батцоож овогтой Ө*******гийн Багийн засаг даргаар томилуулахаар уламжилсан уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй, хууль бус гэж үзсэн. Шаамар сумын Засаг дарга М.Г******* ямар ч үндэслэлгүй хурал зарласан зөвлөлийг үндэслэлгүй гэж багийн иргэдийн Нийтийн Хурлыг үл тоож ард түмний сонголтыг эсэргүүцсэн. Гэтэл уг хурал зарласан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2023, 2024, 2025 оны Орон нутаг хөгжүүлэх сангийн бүх хурлыг удирдаж, шийдвэр гаргаж байсан зөвлөл мөн болохыг баримт тогтоолоор хавсаргав. Сэлэнгэ аймгийн Засаг даргад уг асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны хандсан боловч хариу ирээгүй тул шүүхэд хандаж буй тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаас тосгоны захирагчаар сонгогдсон боловч Шаамар сумын Засаг дарга М.Г******* нь хуульд заасан эрхийн хүрээнд томилохоос татгалзаагүй иргэн гомдол гаргасан хууль бус сонгууль явуулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн сонгууль хуулийн дагуу явагдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд баг уу тосгон уу гэх байдлаар сонгуулиас өөр зүйлийн талаар маргасан тул Дулаанхан нь тосгон эсвэл багийн статустай болохыг хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэсэн. Анх сонгуультай холбоотой 250 гаруй хуудас баримтыг хавсаргаж Шаамар сумын Засаг даргад баримтуудыг хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж байна уу хуулийн гаргалгаануудыг ашиглаж шүүх хуралдаан олон удаа хойшлогдож байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Дулаанхан тосгоны захирагчийг томилохоос татгалзсан шалтгаанаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно гэсэн үндэслэлийг тусгаагүй гэж үзсэн. Өмнө нь томилогдсон зөвлөлийн даргыг чөлөөлөөгүй хэр нь шинэ дарга хурлыг зохион байгуулсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зөвлөл дараагийн хурлыг зарлаж, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох талаар тусгасан. Гэтэл өмнөх хурлаас томилогдсон зөвлөлийн дарга Ж.От та даргалах эрхгүй учраас бид хурлыг зарлаж явуулна гэх зүйлийг Т.Л хэлж тамга тэмдгийг зүгээр хоорондоо ярьж байгаа авч хурлыг зарласан байсан. Дээрх асуудлыг мөн тухайн өдрийн хурлын процесс хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч Б.Ө*******гийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дулаанхан тосгоны захирагчаар сонгосон үйл ажиллагаанд сонгууль зохион байгуулж байгаа эрх бүхий этгээд Дулаанхан сумын эрх зүйн статусын талаар ач холбогдол өгч ярилцах ёстой гэж харж байна. Учир нь энэ хэрэг Монгол Улсын дээд шүүхээр хянагдсан. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний нэхэмжлэл зөв болохыг тогтоосон гэж ярьж байгаа.
Гэхдээ хууль зүйн талаасаа энэ шийдвэр хүчин төгөлдөр биш учраас үүнд тодорхой ач холбогдол өгөхгүй. Монгол Улсын дээд шүүхээс энэ хэргийг хэлэлцээд ямар асуудлыг тогтоо гэж шаардсан бэ гэвэл Дулаанхан тосгон Шаамар сумын 3 дугаар баг хоорондын эрх зүйн харилцааг тодруулах шаардлагатай байна гэж үзсэн. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай “Баг тосгон байгуулах тухай” тогтоолын заалтад Дулаанхан тосгоныг Шаамар суманд нэгтгэж 3 дугаар багийг байгуулах заалт бий. Тэгэхээр энэхүү баримт тухайн үед Дулаанхан тосгоныг баг юм уу тосгон гэдэг ойлголтыг ялгаж тогтоох нь чухал ач холбогдолтой баримт гэж үзэж байна. Нөгөө талаараа нэхэмжлэгчээс тухайн сонгуулийн үйл ажиллагаа болон Дулаанхан тосгонтой холбоотой статустай холбоотойгоор Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар энэ асуудал зохицуулагдах ёстой гэж урьд маргасан. Гэвч үүнийг хуульчийн зүгээс хэрэв тосгон гэж үзэж байгаа бол 1993 оны Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар энэ асуудал яригдах ёстой. Хуульд энэ тосгон ба харьяалагдах засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй боловч өөрийн удирдлагын тогтолцоотой тусгай эрх зүйн объект байхаар зохицуулсан. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хот тосгоны удирдлага нь захирагч зөвлөлөөс бүрдэх тухай 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тосгоны зөвлөлийг тухайн тосгоны захирагч байгуулна гэж тодорхой заасан байгаа. Энэ нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримттай хэрхэн уялдуулах вэ гэвэл Дулаанхан үнэхээр тосгон гэдэг байр сууринаас ярьж байгаа бол ямар эрх бүхий байгууллагын шийдвэрээр тосгон болсон юм бэ. Тухайн тосгоны удирдлагын хэзээ яаж байгуулсан гэдгийг тогтоох нотлох шаардлагатай байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа огт хийгдээгүй. Нэхэмжлэгчийн тавьж буй шаардлага нотлох баримтад огт авагдаагүй.
Хоёрдугаар асуудал нь 2025 оны Сонгуулийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарч үзэх ёстой. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар хэрэв энэ асуудал яригдах ёстой гэж үзэх юм бол энэ хуулийн 13 дугаар зүйл Хот тосгоны захирагчийн сонгуулийг тухайн хот тосгоныг харьяалах засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан сонгуулийн нэгдсэн хороо эрхэлж явуулна гэж заасан. Хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Тиймээс энэ асуудал нь нэгэнт тогтоогдож буй үйл баримтад тодорхой дурдвал энэ Улаанбаатар хотын асуудал үндсэндээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа гэж баримтаар хангалттай тогтоосон гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний тайлбартай холбоотой асуудлууд няцаагдана. Тиймээс түүний 115 түүний санал гаргасан үйл баримт дангаараа энэ сонгуулийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа.
Гуравдугаарт хариуцагч талаас энэ сонгуулийн үйл ажиллагаа буюу иргэдийг томилж буй процессын үйл ажиллагаа өөрөө хуульд нийцээгүй байна зөвлөлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй учраас захирагчаар томилохоос татгалзсан тухай шийдвэрийг гаргасан. Энэ бол өөрөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дээд шатны Засаг даргад олгож буй эрхийн асуудал юм. Сонгох, томилохоос татгалзаж болно, өөрөөр хэлбэл хууль энэ хүнд өөрт нь эрх олгож байгаа учраас нөгөө талдаа нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлгүй болж байна. Зөвлөлийн асуудал дээр анхнаасаа энэ хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үеэс нь эхлэн тогтвортой нэг асуудлыг ярьсан зүйл нь зөвлөл юм. Өмнөх дарга нь ажлаа албан ёсоор өгөөгүй эсхүл хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад яагаад өөр этгээд өөрийгөө би дарга гээд тамга тэмдгийг нь бариад шийдвэр гаргаад байгаа юм бэ. Энэ өөрөө хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл дараагийн шинэ дарга томилогдохын тулд заавал иргэдийн Нийтийн Хурлын нийт бүрэлдэхүүн хуралдаж байж мөн олонхын саналаар өмнөх даргаа чөлөөлж, шинэ даргаа сонгосон албан ёсны тогтоол шийдвэр байснаар энэ процессын үйл ажиллагаа албажих ёстой. Хэрэв эдгээр процессын ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бол өнөөдрийн энэ маргаан үүсэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байсан гэдгийг хэлмээр байна.
Мөн сая шинжлэн судлуулсан хэрэгт авагдсан маш олон баримтууд бий. Иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор Дулаанхан 3 дугаар баг тосгон гэх маш их нэршлээр явж байна. Энэ асуудлыг шүүх өнөөдөр нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Учир нь энэ бол маш маргаантай асуудал. Монгол Улсын дээд шүүхээс мөн шалгаж тогтоох ёстой гэж үзсэн. Энэ асуудал дээр хууль эрх зүйн дүгнэлт хийж, тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд С.М******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хариуцагчийн гаргасан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг дэмжиж байгаа. Хэрэв тосгон бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгуулийн хэсгийн хороо байгуулан товыг зарлах ёстой. Гуравдагч этгээдийн зүгээс миний эрх ашиг хөндөгдөөд байгаа гэсний учир нь тосгон байна уу баг байна уу сонгуулиа шударга зөв явуулахад хэзээд сонгуульд оролцоход бэлэн байна. 2020 оноос 2024 оны хооронд би 2 удаа сонгуульд ялсан. Харамсалтай нь сумын Засаг дарга нь мөн л батлаагүй. Хууль бус гэж хэлээд байх шиг байна. Баримт байгаа. Би тосгоны дарга эсвэл багийн дарга гэж яриад байгаа хурлын Засаг дарга нь орон нутгийн сонгууль дуусаад он гарангуут тэр тосгон эсхүл багийн засаг даргын сонгууль явагддаг. Үүнийг хууль ёсны зөвлөл нь зарлах ёстой юм гэж өмгөөлөгчийн хамт байр суурьтай байгаа. Хууль бусаар намайг томилсон зүйл байхгүй. Миний хуулийн хугацаа явагдаж байсан. 2 дахь сонгууль дээр батлаагүй байсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар тосгон гэх үү баг гэх үү аль ч байсан сонгуулийн хамт олон үнэн зөв шударга явуулах хэрэгтэй. Би дараа дараагийн хүмүүстээ үлгэр жишээ байх ёстой гэсэн өөрийн үндсэн зарчмаа барьж байгаа. Сонгууль хийхгүй байя хиймээргүй байна гэсэн санал надад байхгүй. Хэзээд оролцоход бэлэн байгаа гэдгээ л хэлье.” гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилгүйгээр гуравдагч этгээд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байгаа учраас энэ удаагийн шүүх хуралдаанаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байгаа гэдгээ тайлбарлая. Хэргийн нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох нөхцөл байдал үүсэж байгаа гэж ойлгож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна. Дүгнэлтээ хэлье.
Нэгдүгээрт 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/166 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал гэсэн албан тоот байдаг. Энэ албан тоотыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолыг үндэслэн Батцоож овогтой Ө*******г багийн Засаг даргаар томилохоор болсон уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн хурлаар шийдүүлнэ үү гэж татгалзсан. Албан бичгийн дагуу нэхэмжлэгч миний эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа. Энэ татгалзал нь хуульд нийцсэн татгалзал. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд энэ талаар зохицуулж өгсөн байдаг 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт дээд шатны Засаг дарга эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно гэж заасан. Үүнд хууль хэрэглээг хэрэгжүүлэх нөхцөл дээр ямар нэгэн нөхцөл заагаагүй. Ямар тохиолдолд татгалзах талаар хууль зүйн зохицуулалт байхгүй. Зөвхөн татгалзах эрхийг л зааж өгсөн байгаа. Тиймээс М.Г******* Засаг даргын татгалзаж байгаа шийдвэр нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ямар нэгэн үндэслэл заахгүйгээр татгалзах эрхийнхээ дагуу гаргасан албан бичиг гэхдээ үүнд үндэслэл заасан. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурал товлосон зөвлөл өөрөө хууль бус байна гэж заасан. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хууль ёсны зөвлөлөөр хуралдуулж энэ асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн үндэслэлийг заасан. Хүссэн хүсээгүй тухайн зөвлөл өөрөө хууль бус уу үгүй юу гэдэг зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудал зайлшгүй орж ирж таарч байна.
Хоёрдугаарт зөвлөл өөрөө ямар нэгэн байдлаар сонгогдсон албан ёсны хуулийн дагуу байгуулагдсан зөвлөл биш юм гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогджээ гэж үзэж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ж.О гэх даргын зөвлөл байгуулагдсан. Гэрчүүд янз бүрийн тайлбар хэлж байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар хурал хийгдээгүй байхад тамгаа аваачин өгч Т.Л гэх хүн хурлыг удирдаж дараагийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зөвлөл байгуулаад цааш Засаг даргын сонгуулийг хуралдуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол төрийн алба ямар нэгэн хурал зарлагдаагүй. Төрийн албанд гагцхүү хуулийг мөрдөж, хуульд захирагдаж ажиллах ёстой. Тиймээс зөвлөлийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт зааснаар дараагийн хурлаа зохион байгуулж, хэлэлцэх асуудлаа батлан тухайн хурлын зарлан хуралдуулах хуулиараа өмнөх хүчин төгөлдөр зөвлөл хийх ёстой. Хавтаст хэрэгт Т.Л гэдэг хүнийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Ж.О гэх хүнийг болиулаад Т.Л гэдэг хүнээр зөвлөл байгуулж, зөвлөлийн даргаар томилсон ямар ч тушаал шийдвэр байхгүй. Тиймээс үүнд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөл хүчин төгөлдөр байгуулагдсан эрх зүйн чадамжтай зөвлөл гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Т.Л гэх хүн мэдүүлгээс ч мөн энэ зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудал харагдаж байгаа юм. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гарч буй бүх тогтоол дээр М.Б гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Ж.О, Ж.Оын дараа Т.Л гэдэг хүн тамгыг нь авч ирсэн талаар яригдаж байсан. Сүүлдээ М.Б гэдэг хүн зөвлөлийн даргаар сонгогдоод аливаа бичиг баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулж яваад байгаа нь энэ зөвлөлийн бүрэлдэхүүн хуулийн дагуу сонгогдоогүй гэдгийг нотолж байгаа. Засаг даргын татгалзаж байгаа бичиг баримтад үндэслэл заах шаардлагагүй боловч заасан үндэслэл нь өөрөө эрх зөрчөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Ө*******гийн эрх ашиг зөрчигдөж байгаа юу гэдэг асуудалд анхаарах ёстой.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт хэрэв 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг асуудлыг зохицуулж өгсөн. Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дугаар зүйлд зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт журмаар өөр хүний нэрийг дэвшүүл гэж байгаа. Тэгэхээр Б.Ө******* гэдэг хүн миний эрх ашиг нь хөндөгдлөө гэхээс илүүтэйгээр дараагийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасан нөхцөл рүү шилжих буюу дахин хуралдуулж, үнэхээр олонхын санал авч байгаа бол нэрээ дэвшүүлдэг юм уу эсхүл өөр нэр дэвшигч ч гэх юм уу процесс явагдах ёстой. Гэтэл энэ процесс огт явагдаагүй 56 дугаар зүйлийн 56.9 дэх заалтад зааснаар энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ажлын 5 өдрийн дотор тухайн шатны Засаг даргаар томилно гэж заасан 50.6.9 дэх заалтад зааснаар 2 дахь хүний нэрийг татгалзах эрхийг олгоогүй түүнийг томилох ёстой гэж үүрэг өгч байгаа юм. Тиймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар татгалзаж байгаа нь шууд утгаараа нэхэмжлэгч Б.Ө*******гийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дараагийн анхаарал хандуулж буй асуудал нь Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралд би өөрөө оролцсон учраас хяналтын журмаар гаргасан журмаа тайлбарлаж оролцон мэтгэлцээн гэх бүх үе шатанд байсан учраас дараагийн дээд шүүхээс тогтоо гэж шаардсан зүйл юу вэ гэхээр Дулаанхан гэж тосгон юм уу Шаамар сумын 3 дугаар баг юм уу гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар явах уу, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар явах уу гэдгийг шалгах ёстой гэдэг асуудал яригдсан. Баг уу, тосгон уу аль хуулийг ашиглах вэ гэдэг бидний дараагийн анхаарах асуудал болж байгаа юм. Баг гэдэг агуулгаар саяны процедур, үүнээс өмнө бүх процедур Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32, 56 явдаг байсан байна гэдэг жишиг тогтсон байна. Гэхдээ яах ч аргагүй Дулаанхан тосгон гэдэг нэршлээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль яригдаж байгаа. Тухайн үйл явдал нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн асуудал яригдаж байгаа бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан боловч энэ хууль 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байсан. Тухайн үйл явдал 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр буюу дагаж мөрдөх ёстой өдрөөс сар хүрэхгүй хугацааны өмнө болсон учраас хуучин хууль буюу 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль үйлчлэхээр байна. Хэрэв энэ хуулиар явах ёстой гэж үзвэл саяны процедур үндэслэлтэй юу, зөв явсан уу Б.Ө******* гэдэг хүн хохирох ёстой юу гэдэг асуудал яригдана.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн хуулийн заалтуудыг хэлэх гээд байгаа юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь захирагч, зөвлөл гэх 2 бүрэлдэхүүнээс бүрдэх юм байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт хот тосгоны зөвлөл тухайн хот тосгоны нийгэм эдийн засгийн нөлөө бүхий аж ахуйн нэгж байгууллага болон захирагчийн ажлын албаны хүмүүсийг оролцуулан 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр захирагч байгуулна гэж заасан. Зөвлөлийг байгуулах процедур өөрөө шууд захирагчийн эрх хэмжээний асуудал болж байна. Захирагчийг сонгох асуудлыг хариуцагчийн өмгөөлөгч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг тайлбарласан. Захирагчийг сонгох тухай хот тосгоныг харьяалах засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан сонгуулийн нэгдсэн хороо эрхэлж явуулна гэж заасан.Нэхэмжлэгчийн гаргасан намайг томилох ёстой, би сонгогдох ёстой гэж ярьж байгаагаас тэс өөр процедур яригдахаар болж байна. Бодит байдал дээр зарын асуудал яригдаад байна. Фэйсбүүк хуудаст зараа тавихдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цагт Соёлын төвд болно. Энэ хурлаар тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл сонгох тосгоны захирагчийг сонгож зохион байгуулна, багийн иргэдийн нийтийн зөвлөл гэж байгаа юм. Үүнээс харахад тосгоны захирагчийг сонгох гээд байх шиг байна. Хэрэв тосгоны захирагчийг сонгож байгаа бол саяны уншсан 1993 оны Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10, 13 дугаар зүйл үйлчлэх гээд байгаа юм. Гэтэл яг бодит байдал дээр энэ процесс огт явагдаагүй. Зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар явагдаад байх асуудал юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч талын хэлж байгаа тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, хуулийн зохицуулалтаар Б.Ө******* гэдэг хүний субьектив эрх ашиг хөндөгдсөн гэх боломжгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57.7 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын татгалзаж байгаа бичиг нь өөрөө ямар ч үндэслэл заахгүйгээр 1 удаа татгалзах бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан бичиг. Үүний дараа 2 дахь хүнийг нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл тэр ажиллагааг хийлгэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс явагдсан. Хэрэв 2 дахь хүнийг татгалзан гаргах юм бол 56.1 дэх хэсэгт зааснаар зайлшгүй томилно гэсэн хуулийн зохицуулалт бий. Үүнийг хэрэгжүүлэхээс өмнө шүүхийн маргаан бий болсон тул өнөөдрийн шүүх хуралдааны хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн субьектив эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд “... багийн иргэдийн Нийтийн зөвлөл биш өөр хүмүүс шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг томилсон учир хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Маргааны зүйл, шийдвэрлэх хууль зүйн асуудлын талаар:
1.1. Нэхэмжлэгч Б.Ө******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б.Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.3. Энэхүү хэргийг дараах хоёр асуудлыг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Үүнд:
а. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дулаанхаан” нь эрх зүйн хувьд “баг” уу эсхүл “тосгон” уу гэдгийг тогтоож, удирдлагыг нь сонгох, томилоход Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн алиныг нь баримтлахыг тодорхойлох;
б. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг хуульд заасан эрх бүхий зөвлөл зарлан хуралдуулсан эсэх, улмаар нэхэмжлэгч Б.Ө*******г томилохоос татгалзсан Шаамар сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй эсэх, уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тус тус дүгнэх шаардлагатай байна.
Хоёр. Дулаанхаан тосгон болон Шаамар сумын 3 дугаар багийн эрх зүйн статус, хэрэглэх хуулийн талаар:
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тус тус заасан.
2.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай” 36 дугаар тогтоол[1]-ын 1 дүгээр зүйлийн 14 дэх заалтаар “Сэлэнгэ аймгийн Дулаанхаан хороог татан буулгаж, мөн аймгийн Шаамар суманд” нэгтгэн харьяалуулсан байна. Уг тогтоолын 3 дугаар зүйлийн “а” заалтаар “энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хот, хороодыг засаг захиргааны хувьд тухайн суманд нь нэгтгэн харьяалуулсантай холбогдуулан тэдгээр сумын иргэдийн Нийтийн Хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулсугай” гэж Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
2.3. Улсын Их Хурлын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Баг, тосгон байгуулах тухай” 05 дугаар тогтоол[2] батлагдсан бөгөөд тус тогтоолын 2 дахь заалтаар “Шаамар суманд нэгтгэн харьяалуулсан Дулаанхаан хороог тосгон болгон уг тосгонд Шаамар сумын 3 дугаар баг байгуулсугай” гэж, 6 дахь заалтаар “Дулаанхааныг Шаамар суманд харьяалуулж баг байгуулсантай холбогдуулан...” гэж тус тус шийдвэрлэсэн байна.
2.4. Хэргийн оролцогчдоос “Дулаанхаан нь тосгон уу эсхүл баг уу, албан бичиг болон тамга тэмдэг дээр тосгоны Захирагчийн алба гэж явдаг” гэх агуулгаар маргадаг. Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[3] (РД: 90)-гаар тус байгууллага нь анх 1966 онд үүсгэн байгуулагдсан ба хуулийн этгээдийн оноосон нэр нь “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагчийн алба”, хаяг нь “Сэлэнгэ, Шаамар, 3 дугаар баг, Дулаанхаан” гэж бүртгэгдсэн байх бөгөөд гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг “Дарга” (Б.Лхагва, С.М******* нарыг) гэж тус тус бүртгэж иржээ.
2.5. Энэхүү нэршлийн болон эрх зүйн статусын асуудлыг тодруулахад, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/206 дугаар албан бичгээр болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ХЭГ/2286 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт эргэлзээгүй тогтоогдлоо. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/206 тоот албан бичиг[4]-т “1. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Дулаанхаан”-ыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тосгон болгож уг тосгонд Шаамар сумын 3 дугаар багийг байгуулсан байна. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн гэрчилгээ дээр хуулийн этгээдийн албан ёсны нэрийг “Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны захирагчийн алба” гэж заасан байна. 2. Дээрх албан ёсны баримт бичгээс үзвэл “Дулаанхаан”-ыг тосгон гэж үзэхээр боловч удирдлагыг нь сонгон томилох асуудал нь 1993 онд батлагдаж 2024 онд хүчингүй болсон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Засаг дарга сонгон томилох зохицуулалтаар буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж ирсэн байна” гэж тодорхой тайлбарлажээ.
2.6. Хууль хэрэглээний хувьд авч үзвэл, маргаан бүхий иргэдийн Нийтийн Хуралдаан нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр явагдсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталж, анх 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс /улмаар хуульд өөрчлөлт орж 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс/ дагаж мөрдөхөөр тогтоосон тул маргаан бүхий үйл баримт болох үед 1993 оны Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2022 оноос дагаж мөрдсөн/ тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
2.7. 1993 оны Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Улсын Их Хурлын 1994 оны 36 дугаар тогтоолоор Дулаанхаан хороог Шаамар суманд нэгтгэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 05 дугаар тогтоолоор Дулаанхаан тосгонд Шаамар сумын 3 дугаар багийг байгуулснаар Дулаанхаан тосгон нь Шаамар сумын 3 дугаар багийн төв болж зохион байгуулагдсан байна. Ийм учраас Дулаанхаан тосгонд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгайлсан Сонгуулийн нэгдсэн хороо байгуулагдаж тосгоны Захирагчийн сонгууль тусдаа явагддаггүй, харин хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн тосгоны удирдлагын бүрэн эрхийг Шаамар сумын 3 дугаар багийн Засаг дарга шууд хэрэгжүүлж ирсэн эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.
2.8. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бүртгэл болон орон нутгийн иргэдийн дунд уламжлалт байдлаар “Дулаанхаан тосгоны захирагч”, “Тосгоны захирагчийн алба” гэх нэршил давхар хэрэглэгддэг боловч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, батламжлах, томилох эрх зүйн харилцаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “Багийн иргэдийн Нийтийн Хурал” болон “Багийн Засаг дарга”-ыг сонгох, томилох журмаар бүрэн зохицуулагдана. Иймд тус маргаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гурав. Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг зарлан хуралдуулсан ажиллагаа болон Засаг даргын татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:
3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг Зөвлөл товлон зарлана”, мөн зүйлийн 32.9 дэх хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “Хуралдааны дарга, Зөвлөлийг сонгох, чөлөөлөх” нь зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хамаарахаар тус тус хуульчилсан.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаан[5]-аар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны (Зөвлөлийн) даргаар Ж.Оыг, Зөвлөлийн гишүүдээр М.Б, Б, А.Т*******, М.Г******* нарыг тус тус хуульд заасан журмын дагуу сонгосон байна. Уг хуралдаанаас хойш 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж Ж.Оыг Хуралдааны даргаас чөлөөлсөн, эсхүл Т.Л, Г нарыг Зөвлөлийн дарга, гишүүнээр сонгосон тухай иргэдийн Нийтийн Хурлын ямар нэгэн шийдвэр, тогтоол гараагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэргийн баримтуудаар тогтоогдсон.
3.3. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааныг товлон зарласан гэх 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргахдаа хууль ёсны Хуралдааны дарга Ж.О оролцоогүй. Харин иргэдийн Нийтийн Хурлаас сонгогдоогүй буюу Зөвлөлийн гишүүн бус этгээд болох Т.Л хурлыг даргалж, Т.Г нарийн бичгийн даргаар оролцон багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг товлон зарласан[6] нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.
3.4. Нэхэмжлэгч талаас “Ж.О нь тамга тэмдгээ Т.Л өөрөө хүлээлгэж өгсөн, мөн уг зөвлөл нь 2023, 2024, 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хурлуудыг удирдаж байсан тул хууль ёсны зөвлөл мөн” гэж маргаж байх боловч нийтийн эрх зүйн харилцаанд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх нь хувь хүмүүс хоорондоо тамга, тэмдэг дамжуулан өгснөөр бус, гагцхүү хуульд заасан журмын дагуу иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн сонгож, тогтоол баталснаар үүсдэг. Түүнчлэн өмнө нь хуульд заасан бүрэн эрхгүй этгээдүүд хурал удирдаж байсан гэх үйл баримт нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хурал зарласан хууль бус үйлдлийг хууль ёсны болгож зөвтгөх эрх зүйн үндэслэл болохгүй.
3.5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д “баг, хорооны Засаг даргад тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ”, 56.6-д “Дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Засаг даргаар томилох эсэхийг ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж тус тус заасан.
3.6. Дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн зохицуулалт нь сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлаас уламжилсан саналыг хүлээн авч, тухайн хуралдаан хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс зарлагдаж, хүчин төгөлдөр явагдсан эсэх болон нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг хянан үзэж, томилохоос татгалзах хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
3.7. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот албан бичгээр 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан “...Уг хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн нь хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэнэ үү” гэж мэдэгдэн Б.Ө*******г томилохоос татгалзсан нь бодит нөхцөл байдалд нийцсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9, 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна.
3.8. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан бол мөн хуулийн 56.5-д заасан журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ” гэж зааснаас үзэхэд, эрх бүхий бус Зөвлөлөөс зарлан хуралдуулсан хуралдааны шийдвэрийг сумын Засаг дарга буцааж, хууль ёсны Зөвлөлөөр хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэнээр нэхэмжлэгч Б.Ө*******гийн хуулиар хамгаалагдсан субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь хууль ёсны Зөвлөлөөс зарлан хуралдуулсан багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцож, хуульд заасан журмын дагуу сонгогдох эрх нь нээлттэй юм.
3.9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/166 тоот татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн байх тул уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Дулаанхаан тосгоны захирагч буюу 3 дугаар багийн Засаг даргааар томилохыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ө*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн “хариуцагчийн татгалзал үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.9, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.7 дахь хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (1993 оны)-ийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Б.Ө*******гийн “Дулаанхаан тосгоны багийн иргэдийн Нийтийн Хурлаар 115 хүний санал авч, тосгоны захирагчаар сонгогдсон Б.Ө*******г захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР