| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/06138/И |
| Дугаар | 192/ШШ2025/06911 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/06911
2025 09 08 192/ШШ2025/06911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, регистр ШГ***, У овогт Д-ийн Г,
Хариуцагч: Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, регистр ЧН***, Л овогтой П-ийн Г,
Хариуцагч: Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, регистр ЧН**, Л овогтой П-ийн Г,
Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,
Хариуцагч П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие иргэн П.Г, П.Г нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах ** хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах, төлбөр тооцоог төлөх тухай харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Би дээрх орон сууцыг ирээдүйд худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2***9 дугаар бүртгэлтэй орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2***** дугаар бүртгэлтэй орон сууцуудыг нийт 200 000 000 төгрөгт тооцож П.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар ирээдүйд худалдан авах өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож Баянгол дүүргийн ** дугаар хороо ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах ** хотхонд байх 50 м.кв талбайтай орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог төлөх харилцааг зохицуулж, А тал нь өөрийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 орон сууцыг Б талын өмчлөлд шилжүүлэх, Б тал нь Баянгол дүүргийн ** дугаар хороо ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж зорилгоо өөрчилсөн. Мөн үндсэн гэрээнд 6 дах хэсгийг нэмж оруулсан байгаа. Ийнхүү Баянгол дүүргийн ** дугаар хороо ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүрч, хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн байсан 2 орон сууцны нэгийг нь 1 200 000 төгрөгөөр, нэгийг нь 800 000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2 000 000 төгрөгийн орлого олж байсан ба хариуцагч П.Г нь 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Баянгол дүүргийн ** дугаар хороо ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.Г, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлогод 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г, П.Г нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах ** хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар болсон. Ингээд төлбөрт өөрийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцуудыг нийт 200 000 000 төгрөгт тооцож П.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар ирээдүйд худалдан авах өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож Баянгол дүүргийн ** дугаар хороо ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөд шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, энэ байрыг хариуцагч нараас нэхэмжлэгчид бүрмөсөн шилжүүлсэн учраас одоо хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох ёстой байсан орлого 6,000,000 төгрөг гаргуулах буюу 2023 оны 9,10,11 дүгээр саруудын төлбөр нийлээд ийм хэмжээний мөнгө олох ёстой байсан гэв.
2. Хариуцагч П.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь 2023 оньт 03 сард манай дүү П.Г-тай харилцан тохиролцсон аман хэлцэлийн үндсэн дээр БЗД-ийн цайз захын ойролцоо хотын захад байрлалтай 2 орон сууцаа, байрлал гайгүй газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор хоорондоо харилцан тохиролцсоны дагуу надтай анх уулзаж байсан. Д.Г, П.Г нар манай ажил дээр ирж хоорондоо ярилцаж тохирсон зүйлээ хэлж учирлан надтай уулзаж, миний өмчлөлийн УБ хот, БГД, ** -р хороо, Баа-2 гудамж, ** тоот хаягг байрлах, үйлчилгээний зориулалттай 107,26м.кв талбай, Ү-2*****2 дугаарын гэрчилгээ бүхий Дуплекс загварын үл хөдлөх хөрөнгийг маань түр хугацаагаар барьцаалах санал тавьсны дагуу би энэ 2-той гэрээ байгуулсан. Дээрхи гэрээнд заасны дагуу Д.Г ч орон сууцаа нэр шилжүүлсэн, миний хувьд уг хэлцэлд өөрийн өмчлөлийн хөрөнгийг Д.Г-од баталгаа болгон барьцаалсан хэлцэл байсан болохоос биш үнэн хэрэгтээ хөрөнгөө өмчлөлд нь шилжүүлээгүй гэдгийг Д.Г өөрөө ч мөн П.Г ч сайн мэдэж байгаа. Гэтэл өөрийнх нь П.Г-аас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй удаад байгаа тул та надад ер нь баталгаа болгоод ахиж арилжааны гэрээ байгуулаад миний нэр рүү түр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн тул би П.Г энэ хоёрын хоорондын хэлцэлийг хэн хэндээ элдэв маргаангүй амжилттай байхыг хүсээд бас л арга буюу зөвшөөрч энэ хүний нэр рүү уг хөрөнгөө түр шилжүүлсэн байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгө бол эдгээр хүмүүсийн хооронд хийсэн гэрээ хэлцэлийн үнэнд харьцуулахааргүй үнэ ханштай буюу миний өөрийн оруулсан хөрөнгөөр л гэхэд 800,000,000-ийн үнэ бүхий хөрөнгө. Гэтэл энэ хоёр хүн өөрсдийн хоорондын хэлцэлийн баталгаа болгож авсан миний өчнөөн төчнөөн хөлс хүч хөрөнгө шингэсэн хөрөнгийг маань зүгээр ингээд маргааныхаа золиос болгоод намайг хохироож байгаад би гомдолтой байгаа төдийгүй , хууль ёсны зөвөлгөө авч өмгөөлөгч авч өөрийн эрхийг хуулийн дагуу хамгаалуулах болно. Бидний байгуулсан гэрээнийн 1.1-д: Худалдан авагч тал нь Худалдагч талаас орон сууц худалдан авах , үнийн дүнд тооцуулан бартер солилцоогоор өөрийн өмчлөлийн 2ш орон сууцыг урьдчилгаа болгон Худалдагч талын өмчлөлд бүрэн шилжүүлэн өгөх, Худалдагч тал нь урьдчилгаанд тооцон авсан орон сууцыг худалдах орон сууцны үнэнд тооцон бартер солилцоогоор шилжүүлэн авч төлбөр тооцоо төлсөнд тооцох ба худалдан авагч талд худалдаж буй орон сууцыг бүрэн хүлээлгэн өгснөөр буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгээр 1ш үйлчилёээний зориулалт бүхий 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өмчлөх ба эзэмших эрхийг огт шилжихгүй болзол нөхцөлтэйгөөр түр хугацаагаар шилжүүлэх зэрэг дээрхи нөхцөлүүдийг хоёр тал орон сууц худалдах талаар харилцан тохиролцооны хүрээнд заасан нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх, мөн буцаан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасныг ноцтой зөрчиж хүн чанаргүй, шударга бус хүний хөрөнгөнд шунасан уувайгүй үйлдэл гаргаж байна. Мөн уг гэрээнд: 1. Худалдагч тал нь 2.1-д заасан нөхцөлийг хангасан орон сууцыг худалдан авагч талд хүлээлгэн өгч орон сууц захиалгын гэрээг эсвэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нъ бүрэн шилжүүлэн өгөх хүртэлх хугацаанд барьцаа болгон худалдан авагч талын нэр дээр түр хугацаагаар 80% гүйцэтгэл бүхий 1ш үл ходлох хороигийг түр хугацаагаар буцааж шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн газарт нэр шилжүүлэх Арилжааны гэрээг байгуулан гэрээг бүртгүүлэх үүрэгтэй. 2. Худалдагч тал худалдан авагч талд орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар 4.1-д заасан үнээр тооцон бэлнээр худалдан авагч талд төлөх үүрэг хүлээх ба 4.2.2-т заасан худалдагч талын нэр дээр буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь ямар ч нөхцөл тохиолдолд энэхүү гэрээний төлбөрт тооцогдохгүй бөгөөд энэ талаар хоёр тал бүрэн зөвшилцсөн бөгөөд буцаан шилжүүлэн авах талаар худалдан авагч талд шаардах эрхтэй. 3. Худалдан авагч тал нъ 2.1-д заасан нөхцөлийгхангасан орон сууцыгхудалдагч тапаас хүлээн авснаар барьцаа болгон өгсөн 4.2.2-т заасан 80% гүйцэтгэл бүхий 1ш үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ гэжээ.
Хариуцагч П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 3 дугаар сард Г нь Г-тай ажилладаг, өөрийн захын орон сууцаа төв рүү 2 өрөөтэй нэг орон сууц болгомоор байна гээд Арцатын байран дээр гэрээ хийгдсэн юм билээ. Ер нь бол Г эгчтэй тохиролцохдоо зүгээр баталгаа буюу Арцат вилла ашиглалтад ортол л нэр дээр нь байлгана гэж хэлсэн. Ингээд 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьцаалуулахыг зөвшөөрсөн болохоос зарах санаа зорилго байгаагүй, бас 107,26 м кв байр бол дээшээ дуплекс загвартай учраас одоо 206 м кв болчихсон. Захиргааны хэргийн шүүх дээр энэ 80 хувийн үл хөдлөх хөрөнгийг 100 хувь мэтээр гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон асуудал шийдвэрлэгдээд явж байгаа. Манайх 80 хувиас хойш нилээн хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа учраас , ер нь бол манайх зараагүй энэ худалдан авах гэрээ бол халхавчилсан хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. 800 саяын эд хөрөнгийг 200 саяар авна гэж байхгүй, хохиролтой. Дараагийн шаардлагын тухайд гэвэл төлбөртөө байр шилжүүлчихээд тэрнээсээ олох байсан орлого нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тэгж хоорондоо ч тохирсон зүйл би мэдэхгүй гэв.
3. Нэхэмжлэгч: Д.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх 6/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 7-8/, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 9-10/, Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 12-13/,
Хариуцагч: 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Итгэмжлэл /хх 41/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Арилжааны гэрээ /хх 42/, 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 43/, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Итгэмжлэл /хх 53/, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэлээс татгалзах тухай /хх 59/, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэл /хх 61/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
4. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2***2 дугаартай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, нийт талбайн барилгын план зураг, 80 хувийн гүйцэтгэлтэй үеийн фото зураг, холбогдох баримтыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Анх бол П.Г, П.Г нартай Хан-Уул дүүрэгт байрлах Арцат ** хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан, уг байр нь баригдахгүй байсан учир анх баталгаа болгож байсан Баянгол дүүрэг, ** -р хороо, ** гудамж, ** тоот хаягг байрлах, үйлчилгээний зориулалттай 107,26м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлж авсан, одоо уг хөрөнгөө ашиглаж чадахгүй байгаа...гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Намайг анх баталгаа болгож өгөөч гэж л барьцаалуулж байсан болохоос өөрийн хөрөнгөө худалдсан зүйл огт байхгүй, 800 саяын хөрөнгийг 200 сая д зарсан зүйл байхгүй, гэрээ халхавчилсан учраас хүчин төгөлдөр бус..., 80 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийг 100 хувь гээд гаргачихсан асуудал нь Захиргааны хэргийн шүүх дээр байгаа тул зөвшөөрөхгүй... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Г, П.Г, П.Г нар нь 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, П.Г, П.Г нар нь Хан-Уул дүүрэгт байрлах Арцат ** хотхонд 50 м кв талбай бүхий орон сууцыг худалдахаар, харин Д.Г нь уг гэрээний төлбөр болох 200,000,000 төгрөгт тооцож, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2****9 дугаар бүртгэлтэй орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2*******1 дугаар бүртгэлтэй орон сууцуудыг П.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Улмаар худалдагч нар нь Арцат ** хотхонд байрлах 50 м кв талбай бүхий орон сууцны гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргахаар, мөн энэ хүртэлх хугацаанд баталгаа болгож маргаж буй Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Дээрх тохиролцооны дагуу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2****9 дугаар бүртгэлтэй орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2********1 дугаар бүртгэлтэй орон сууцнууд нь П.Г-ийн нэр дээр, Баянгол дүүргийн** дугаар хороо ** дугаар гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Г-ын нэр дээр өмчлөх эрх тус тус шилжсэн байна.
Улмаар талууд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ -г байгуулж, Д.Г нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2*****9 дугаар бүртгэлтэй орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2****1 дугаар бүртгэлтэй орон сууцнуудыг 200,000,000 төгрөгт тооцон П.Г-д шилжүүлэх, П.Г нь Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Ганболдын нэр дээр өмчлөх эрхийг 200,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна.
Маргаан бүхий 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь П.Г-ийн нэрээс Д.Г-ын нэр дээр шилжихдээ 80 хувийн гүйцэтгэлтэй гэх бичвэртэй үл хөдлөх эд хөрөнгийн 00*****5 дугаартай гэрчилгээтэй байсан боловч Д.Г-од 2023 оны 03 сарын 13-ний өдөр олгогдсон 00*****5 дугаартай гэрчилгээнд хувь хэмжээ бичигдэлгүй, 107,26 м кв гэж талбатай хөрөнгийн өмчлөгч гэж бичигдсэн байна. Улмаар энэ асуудлаар буюу П.Г-ийн ..2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1018 дугаартай Арилжааны гэрээний дагуу П.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*****2 дугаартай Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-ын өмчлөлд шилжүүлэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан хэрэгт захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь 25024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2024/5308 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдоно.
5. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П.Г, П.Г-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан үндэслэлээ ...арилжааны гэрээний дагуу олж авсан үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа тул түүнийг чөлөөлүүлэх, хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах ... гэдэг бол хариуцагч нар нь ...арилжааны гэрээ бол дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл,...захиргааны хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө уг маргаан шийдвэрлэгдэх боломжгүй...байрыг манай өмчлөлд шилжүүлчихээд ямар учиртай түрээс гэж хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй ... гэх үндэслэлүүдээр татгалздаг.
Эд хөрөнгөнүүдийг харилцан өмчлөлд шилжүүлж байгаа харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд талуудын хамгийн сүүлд буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ -нь дээрх шинжийг агуулж байна. Тодруулбал талууд анх хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг Арцат ** хотхонд байршилтай орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх хүртэл хугацаагаар баталгаа болгож маргаж буй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Г-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, улмаар уг үүрэг биелэгдээгүй улмаас гэрээний зүйлийг өөрчилж, Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү гэрээг хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл буюу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-ын өмчлөлд бүрмөсөн өгөх тохиролцоо бодитой биш, талуудын хүсэл зоригийг илэрхийлээгүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм. Эндээс үзвэл 2023.09.19-нйи өдөр байгуулагдсан хэлцэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн байх буюу тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар талууд 2023.03.15- ний өдрийн анхны тохиролцоог биелүүлэх боломжгүй болсон учраас уг гэрээнд 2023.09.19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг арилжааны гэрээний зүйл болгосон байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023.09.19-ний өдөр байгуулагдсан арилжааны гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.
Улмаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгчийн дараагийн шаардлага болох ...Арилжааны гэрээний дагуу хариуцагч П.Г-д шилжүүлсэн нэхэмжлэгчийн өмнө нь өмчилж байсан хоёр орон сууцны нэгийг нь 1 200 000 төгрөгөөр, нэгийг нь 800 000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2 000 000 төгрөгийн орлого олж байсан ба хариуцагч П.Г нь 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг гаргуулах ... гэх шаардлагыг шүүх хангах боломжгүй ба П.Г нь талуудын хооронд байгуулсан гэрээний ямар үүргийг зөрчсний улмаас тухайн хохирлыг шаардаж буй нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулыг шаардах эрхтэй боловч П.Г, П.Г нар нь Арцат ** хотхонд байрлах орон сууцны гэрчилгээг 2023-08-01 ний өдрийн дотор гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсны улмаас талууд арилжааны гэрээний үүргийг харилцан тохиролцож 2023.09.19-ний өдөр өөрчилсөн байх тул П.Г, П.Г нарыг үүрэг зөрчсөн гэж үзэж 6,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.
7. Хариуцагч нар ...захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэлээр... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг ба тухай үүссэн захиргааны хэрэг нь... Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-ын өмчлөлд шилжүүлэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэл нь зөв, буруу эсэх талаарх маргаан юм. Тодруулбал тухайн захиргааны хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэгч Д.Г-ын өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ огт өөрчлөгдөхгүй, гагцхүү 107,26 м кв нь барилгын 80 хувь уу эсхүл 100 хувь уу гэдэг асуудал шийдэгдэх тул энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2******2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамж ** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.Г, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, үлдэх П.Г, П.Г нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ