Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар  2025/ДШМ/224

 

 

 

 

 

     2025          02             12                                       2025/ДШМ/224

                                                                 

С.И т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монгол /цахимаар/,

шүүгдэгч С.И ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлоор С.И  холбогдох 2310034111929 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч С.И  нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****  тоотод хохирогч А.С тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун чигчий хурууны 1-р үений тэнийлгэгч шөрмөсний гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.И ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И-г "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И  нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч А.С эд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.И т холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, гэрчийн мэдүүлэг буюу нотлох баримтад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт хийх боломжгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн нь шүүгдэгчид давуу байдал олгосон, хэргийн бодит үнэнийг тогтоохоос зайлсхийж гэмт хэргийг нуун далдалсан, хууль бус, хэргийн бодит байдалд нийцээгүй шийтгэх тогтоол болсон гэж үзэж байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гаргах болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн шалгах, тогтоох талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хүсэлтэд дурдсан зүйлийг шалгаж тогтоохоос зайлсхийж байсан нь бусдад давуу байдал олгосон, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй болохыг харуулж байна. Хэргийн хохирогчийн мөрдөн байцаалтад “Н  нь манай гэрт өглөө 07 цаг 20 минутын орчимд орж ирээд надтай уулзчихаад 09 цагийн орчимд явсан. Н г гарч явсны дараа С.И  нь согтуу манад орж ирээд намайг ална гаж дайрсан ...” гэх мэдүүлэг /1хх  30-32/, гэрч Г.Г гийн “...хэрэг учрал болсон гэх газарт очиход Г  нь Н д хандаж хоёуланд ямар ч яриа байхгүй шүү гэж хэлэхэд И  нь ална шүү гэж хэлээд ухасхийгээд хөдлөх үйлдэл хийхээр нь барьж авсан...” /1хх 38-39/, гэрч Г.О  ийн удалгүй Н  гэх хүний эхнэр болон Н  хоёр орж ирээд И  гэх хүнийг гэрээс гаргах гэсэн чинь И  гэх хүн аав руу дайрахаар нь салгах гэсэн чинь намайг түлхэхэд би газар унасан” /1хх 49/, гэрч П.З гийн “...чи багштай хамт байсан уу багш манайд ирсэн байна... гэхэд И  нь би хэлээд учрыг нь ольё гээд утсаа тасалсан...” /1хх 52-56/, мөн гэрч С.Ц ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлгээс харахад энэ хэргийн сэдэл, шалтгаан болж буй этгээд нь Н  буюу С.Ц  гэж үзэхээр байна. Нотлох баримтыг эргэлзээгүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж иргэн Н  буюу С.Ц ийг энэ хэрэгт гэрчээр асуух талаар шийдвэрлэсэн боловч мөрдөгч, прокурор нь арга хэмжээ авахгүй түүнд давуу байдал олгож шүүх хуралдаан болох өдрийн хугацаатай тулгаж гэрчээр асуужээ. Гэвч гэрч иргэн Н  буюу С.Ц ээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 15 асуулт бүхий хүсэлт бичгээр гаргасан ч хүсэлт бичигдсэн асуултуудыг түүнээс асуугаагүй буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан нь байна. Гэмт хэрэг гарахад хамааралтай ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэг гарсан байсан бусад гэрчийг асуусан нотлох баримт бүрэн хангагдаагүй байхад шүүх нь хэргийн бодит байдал, түүнд хамаарах нотлох баримтад үнэн зөв, эргэлзээгүй байх үүднээс тал бүрээс нь харьцуулсан дүгнэлт хийгээгүй, хийх боломжгүй байхад дутуу шалгасан хэргээр зөвхөн дан ганц шүүгдэгчид хамаатуулж шийдвэрлэж байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь шүүхэд гэрчээр С.Ц ийг оролцуулах тухай хүсэлт гаргасны хүлээн аваагүй, мөрдөгч нь түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй хэрэгт хамааралгүй байх талаас нь нотлох баримтыг бүрдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж шударгаар ял оногдуулах...". 1.7 “хэргийн бодит байдлыг тогтоох", 1.12 “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”-ийг зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоож, нотолбол зохих байдлыг тогтоолгүйгээр зөвхөн нэг этгээдэд хариуцлага хүлээлгээд өөр нэгний гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэхүү хэргийн гол зохион байгуулагч, хатгагч, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон этгээд нь Н  буюу С.Ц  гэж үзэж байна. Үүнийг тогтоох талаар шүүгчийн захирамжид заасан хэдий ч энэ нь мөрдөн байцаалтаар бүрэн дүүрэн хийгдээгүй, шүүх ч захирамжид заагдсан ажиллагааг хийлгэхийг шаардаагүй, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй зэргээр нотлогдож байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д заасны дагуу нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлээгүй. Мөн шүүх өөрийн захирамжаар гэрчээр Н  буюу С.Ц ийг гэрчээр асуух талаар даалгасан атлаа тухайн нотлох баримтыг харьцуулж, эргэлзээгүй байх үүднээс хянаагүй, үнэлээгүй, шинжлэн судлаагүй нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан, энэ хэрэг гарахад хамтран оролцсон этгээд Н  буюу С.Ц  болох нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлийн 4-р нүүр ... Бид багшийн нэр хүндтэй холбоотойгоор гомдлыг хүлээж авсан" гэж шүүгдэгч С.И ын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын тайлбараар нотлогддог. Үүнээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд нь Н  буюу С.Ц  болох нь илэрхий байхад хэрэгт тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-р зүйлийн 2 “...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл... шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал...”, 2.3 “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шуух тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт", 2.4 “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг шийтгэх тогтоолдоо бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит байдал, түүнд хамаарах нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, нотлох баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь илэрхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.И ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасны дагуу бэхжүүлж авсан нотлох баримтаас дурдагдаагүй, ор үндэсгүй, дураараа хийсвэр сэтгэхүйд таамаглан үндэслэж, санаандаа орсноо дур зоргоороо бичсэн гомдол байна. А.С  гэдэг хүний чигчий хуруу хугарсан энэ процесс шинжээчийн дүгнэлтээр “бусдыг зохих болон зохиулах, зохигдох үед үүснэ” гэж байсан. Би үүнтэй маргая гэж бодсон боловч миний үйлчлүүлэгч “миний буруутай үйлдлийн улмаас багшийн нэр төрд сэв суучихлаа, өмнөх орой нь найзындаа архи ууж хоносон. Эхнэр нь намайг дуудахаар нь очиж, буруу үйлдэл хийчихлээ, үүнээсээ түмэнтэй уучлал хүсье” гэж хэлсэн. Хохирогч А.С  хууль сануулж мэдүүлэг өгөхдөө хүртэл “би энэ хүнийг танихгүй, манайд огт ирж байгаагүй” гэж худал хэлсэн. Шөнийн 03 цаг өөрийнхөө вайбер /viber/-аар миний үйлчлүүлэгч рүү 17 минут ярьж байсан хуулга байгаа. Өөрөө залгаж, ярьдаг, таньдаг байсан гэдэг нь нотлогдож байхад хохирогч А.С  санаатайгаар худал мэдүүлэг өгсөн. Хүн шүтлэгийнхээ хүрээнд мөнгө өгсөн байж болно. Мөнгө өгсөн эсэх нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаагүй. Энэ талаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэлэлцэх хуулийн заалттай. Гэмтэл учруулсан асуудал дээр эхлээд хөнгөн гэж байгаад сүүлд нь хүндэвтэр болсон. Гадаад улс руу явахдаа 3-4 улс дамжиж, очоод 279 ам.долларын өрөөнд ордог. Үүнийг миний үйлчлүүлэгч өөрийн буруу гээд нэхсэн бүх мөнгийг өгсөн. Сүүлд нь өмгөөлөгч Ц.Монгол өөрөө над руу залгаж “сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг өгчих, ах нь гомдлыг чинь бичиж өгсөн шүү” гэж хэлж, мессеж явуулсан. Энэ талаар үйлчлүүлэгчдээ хэлж төлүүлсэн. Сая “ахындаа орно гээд” дураараа орсон юм шиг ярьж байна. Ямар ч ийм зүйл болоогүй. Хүн гарахад орж, гарсан зүйл байдаг. Хохирогч А.С  хүртэл өөрөө “би энэ хүнийг шууд доош нь харуулж хэвтүүлээд гарыг нь мушгиж, нуруун дээр нь өвдөглөсөн” гэж хэлдэг. Миний үйлчлүүлэгч айсан, давсан нь чинэсэн байсандаа өмдөндөө шээсээ дусаасан ийм нөхцөл байдалтай байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн. Хуулийн заалтыг хангаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд ямар нэг гэмт хэргийн санаа зорилго байгаагүй. Эхнэр нь хүрээд ирээч гээд дуудсан учир очсон. Өмнө нь 2,3 удаа очиж байсан нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ц.Монголын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Ц  гэдэг хүн С.И ыг явуулж, А.С ийн бие захиалгаар халдуулж, гэр рүү нь дайрсан гэж ярьж байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Нотолбол зохих байдал буюу хэргийг тал бүрээс нь шалгах явцад 10 хүний мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр С.И  гэдэг хүн А.С ийн бие хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Монгол Б.Ц  гэдэг хүнийг асууж, тодруулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, хуульд заасан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад н.Өнөболд гэдэг хүн очиж мэдүүлэг авч, гарын үсэг зуруулан, анхан шатны шүүхэд өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Монгол нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Мөрдөгчийн гарын үсэг учраас нотлох баримт гэж үзэхгүй гэх агуулгатай зүйл ярьсан. Энэ талаар улсын яллагч байр сууриа илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрвээ мөрдөгчийг нотлох баримтыг хууль бусаар үйлдсэн гэж үзэж байгаа бол энэ талаараа тусдаа гомдол гаргаарай, шалгуулаарай гэж хэлсэн. Сая шүүгч асуухад “гомдол гаргасан зүйл байхгүй” гэж хариулж байна. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.И  нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****  тоотод хохирогч А.С тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун чигчий хурууны 1-р үений тэнийлгэгч шөрмөсний гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.С ийн “...Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны СЗ байрны 713 тоотод гэртээ өөрийн төрсөн охин Г.О  ийн хамт байж байтал гэрийн хонх өглөөний 09 цагийн үед дуугарахаар нь би очоод хаалгыг онгойлгоход гэр лүү И  гэх залуу зөвшөөрөл авалгүйгээр дайрч орж ирээд "Ална чамайг" гэж хэлээд миний зүүн шанаа руу гараа атгаж нэг удаа цохихоор нь би тэр залууг тэвэрч автал тэр залуу надтай зууралдаж газар унасан ба зууралдаж байгаад тэр залуугийн дээр нь гараад хоёр гарыг нь солбиж бариад, дээр нь суусан. Учир нь тэр хүн зогсолтгүй эсэргүүцэж, намайг цохих гээд байсан болохоор хөдөлгөөнийг нь хорьсон ба би охиндоо хандаад цагдаа дуудаарай гэж хэлсэн. И  гэдэг хүн намайг ална гэж дайрсан учраас биеэ хамгаалах зорилгоор барьцалдаж авсан ба гэр дотор 20 гаруй минут, миний бодлоор гэрийн гадна талд 20 орчим минут өөрийгөө хамгаалж байсан. Үүдний хэсгийн хяналтын камерт ямар хугацаанд барьцалдаж авсан нь тодорхой байгаа. Н  нь манай гэрт өглөө 07 цаг 20 минутын орчимд орж ирээд надтай уулзчихаад 09 цагийн орчимд явсан. Н г гарч явсны дараа С.И  нь согтуу манайд орж ирээд намайг ална гэж дайрсан. Тухайн үед биеэ хамгаалах зорилгоор Н гийн эхнэр рүү нь залгаад "И  орж ирчихсэн намайг ална гэж байна" гэж хэлээд утсаа салгасан. Ингээд Н гийн эхнэр Ариунзаяа орж ирээд Ариунзаяа нь Н г утсаар дуудаж Н  орж ирсэн. Н  орж ирээд И ыг юу хийж байгаа юм бэ, одоо болиоч гэж хэлж яриад Цагдаагийн алба хаагчид иртэл хамт байж байгаад түүний дараа явсан. ...” /1хх 27-32, 90-91/,

гэрч Г.Г гийн “... Би энэ оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Зайсан-111 чиглэлд Хан-Уул дүүрэг 15, 17, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицероор ажиллахаар өглөө 09 цаг 00 минутад ажлаа авсан. Ингээд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Отгонбаярын хамт үүрэг гүйцэтгэхээр болж жижүүрийн шуурхай удирдлагын албанаас 09 цаг 34 минутад "Хан-Уул дүүрэг 18 дугаар хороо Ж " ****  тоотод маргаан болоод байна гэх дуудлагын дагуу тухайн газарт очсон. Тухайн газарт очиход хохирогч, холбогдогч гэрч нар гээд нийт 6 хүн байсан. И  гэх хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хохирогч гэх Г  нь "Наад хүн чинь миний гарыг мушгиад хугалчихлаа. Та нар наадхаа аваад яв” гэж хэлсний дагуу И ыг дагуулж гараад хэлтсийн байранд байрлах эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч ажилласан. ...” /1хх 38-39/,

гэрч Г.С-н “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө намайг гэрт байхад Г  ахын бэр М  над руу 09 цаг 47 минутад залгаад "Г  ахын охин О  сая над руу залгаад гэрт согтуу хүн орж ирээд аавыг зодоод байна гэж хэллээ. Чам руу ах ярьсан уу?" гэхээр нь үгүй гэж хэлээд Г  ах руу залгасан боловч утсаа авахгүй байж байгаад дахин 10 цаг 09 минутад Г  ахтай утсаар ярихад хүрээд ир гэж хэлсэн. Ингээд гэрээс гараад Г  ахын амьдардаг Ж  хотхонд ирэхэд хаалга нь онгорхой хаалганы гадна талд лам хувцастай нэг залуу, согтуу нэг залуу, хотхоны ажилтан нэг залуу, М  нар зогсчихсон согтуу хүн нь Г  ээ би чамайг ална гээд орилж байхаар нь гар утсаар бичлэг хийхэд над руу бас баасны хар минь чамайг Г тэй чинь ална гэж айлган сүрдүүлсэн. Тэр хүний хэлж байгаа үг нь ерөөсөө ална гэж орилж байсан. Тухайн согтуу хүн шатаар явах гэхээр нь М  цагдаа дуудсан гэсэн учраас явахыг нь хориглож цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Дөнгөж очоод юу болсон талаар ойлгоогүй бөгөөд сүүлд сонсоход И  нь Г  ахын гэрт өмдөндөө шээгээд, Г  ахын гарыг цохиж хугалсан байсан. ...” /1хх 41-42/,

гэрч С.О ийн “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө ажлаа хийж байтал менежер А над руу 10 цагийн үед залгаад 713 тоотод согтуу хүн ирчихсэн агсам тавиад байна гэнэ. Чи дээшээ гараад хараадах гэхээр нь 7 дугаар давхарт гарахад оршин суугч болон улаан хувцастай хүн архи уусан байдалтай залууг хаалганы гадна талд газарт хэвтүүлчихсэн, дээрээс нь дарчихсан байсан. Тэгтэл Г  нь үүнийг сайн дараад байж байгаарай гэхээр нь би танихгүй учраас дар гэхэд нь бол гар хүрээгүй. Архи уусан залуу нь би энэ Г ийг ална гээд сүүлдээ тухайн газарт ирсэн байсан эрэгтэй, эмэгтэй бүх хүнийг л та нарыг бол бүгдийг нь алж чадна шүү гэх мэтчилэн агсам согтуу тавиад байсан бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Энэ үйл явдал 30 минут гаруй үргэлжилсэн. Г  гэх оршин суугч нь гар хугалчихлаа гээд гарынхаа шууг харуулаад байсан. Мөн сүүлд нь эмч дуудсан байсан бөгөөд намайг очих үед зодоон болоогүй архи уусан залуу л ална гээд агсам тавиад байсан...” /1 хх 44-45/,

гэрч Д.М ын “...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагт ажил руугаа ирж байх үед манай нөхөр А нь 09 цаг 5 минутад залгаад чи хаана байна, Г ийн О  над руу залгаад гэрт хүн орж ирээд аавыг зодоод байна гээд байна. Чи яг одоо яваад ороодох гэхээр нь би гэр рүү нь яваад ортол И  гэх залууг тус байрны менежер, Н  гэх лам хоёр доош нь харуулаад хэвтүүлээд дарсан байдалтай байхаар нь би гэр рүү явж ортол үйлчлэгч, охин О , эхнэрийн эгч А , Г  нар байсан ба Г ийн баруун гар нь илт хавдартай, чигчий хуруу нь хугарсан байдалтай байсан ба би зургийг нь аваад байж байтал тэр залуу дахин босож зогсож, хүмүүс рүү дайраад Г ийг чинь ална, би өнөөдөр биш юм аа гэхэд 14 хоногийн дотор ирж ална, чамайг цуг ална, Г  чинь 60 нас хүрсэн гөлөг шүү дээ, би ажлыг чинь олохоо амлая гэж хэлээд цагдаа нар чинь яасан уддаг юм бэ, алчхаад явчихъя гэх үгсийг хэлж байсан. И  нь хаалга онгойход л дайраад байсан ба намайг байхад зодоон болоогүй, И  гэрт нь өмдөндөө шээчихсэн байсан...намайг тус "Ж "-д очоод лифтнээс буух үед согтуурсан И , Н  гэх лам, жижүүр эрэгтэй нар байсан ба Н  гэх лам нь И ыг газар хэвтүүлчихсэн "Чи энд юу хийж байгаа юм бэ" гээд цохиод байсан. Би цааш явж ороход Г  ахын гэр дотор Г  ах, түүний охин О , гэрийнх нь үйлчлэгч О  нар байсан бөгөөд Г  ах "Гар хугарчих шиг боллоо" гэж хэлээд гараа бариад зогсож байсан. ...” / 1хх 47, 93/

гэрч Г.О  ийн “...Би гэртээ өглөөний 9 цагийн үед өрөөндөө байж байхад манай аав гэрийн коридорт орилж байгаа нь сонсогдохоор нь би яваад очтол манай аав И  гэх хүний дээр нь дарсан байдалтай хоёр гарыг нь хөдөлгөлгүй барьж байсан. Манай аав намайг бичлэг хийгээрэй гэхээр нь би бичлэг хийгээд цагдаа залгаж дуудаад цагдаа нь хоёр утасны дугаар өгөхөөр нь ****  гэх дугаар руу залгаж цагдаа дуудсан. Удалгүй Н  гэх хүний эхнэр орж ирээд удалгүй Н  өөрөө орж ирээд И т хандаад гэрээс гаргах гэсэн боловч тэр И  гэж хүн аав руу дайрахаар нь би салгах гэтэл намайг түлхэхээр нь би газар унасан. И  нь миний бие рүү түлхэхээр нь би газарт унасан. Манай аавтай ноцолдож байхдаа хурууг нь гэмтээгээд аав орилоод байсан ба бусдаар цохиж байгааг нь хараагүй. Тэр хүн манай аавд хандаад муухай үг хэрэглэж байсан. ...” / 1хх 49/,

гэрч П.З гийн “...Би Н  буюу Ц ийн номын хурал, ном унших арга хэмжээнд 2017 оноос хойш явах болсон ба тэр үеэс хойш И  гэх хүнийг зүс мэдэх болсон. Миний хувьд бурхан шашны номын 2 жилийн оройн ангийг төрсөн бөгөөд И  нь тухайн хийдийн төрөл, сүмийн алба нэг үгээр хэлбэл менежер шиг ажил хийж байгаа харагддаг байсан. И  нь манай гэрт 2 удаа ирж байсан бөгөөд цагаан сарын идээ авчрах гэж нэг удаа, гэгээнтний хөдөөгөөс авчирсан цагаан идээг өгөх гэж нэг удаа гээд нийт хоёр удаа ирж байсан. Энэ оны 09 дүгээр сарын 10-ны орой миний нөхөр Г  нь гэгээнтэнтэй маргааш ажил тараад уулзахаар болоод гэхээр нь бараг уулзах гэж нэг жил орчим хугацаа болсон учраас ... Би гэртээ унтаж амраад өглөө эрт эмнэлэгт үзүүлэх байсан учраас 07 цагт босоод байж байтал ****  гэх утаснаас 07 цаг 35 минутад залгахаар нь автал багшийн эхнэр байна одоо ингээд очих гэж байна. Яг хэдэн тоотод билээ гэхээр нь өнөөдөр ажил тараад уулзахаар тохирсон биш билүү, манай нөхөр унтаж байна гэж хэлээд ажилтай учраас усанд орохоор болсон. Тэгтэл миний охин О тай холбогдож гэрийн хаяг авсан байсан. Намайг усанд орчхоод гараад ирэхэд гэгээнтэн буюу Ц  ирчихсэн манай нөхөр Г тэй уулзаж байхаар нь ажилтай байсан учир хувцсаа өмсөөд гэрээс гараад Гранд мед эмнэлэг рүү явсан. Гэрээс гараад алхаад явж байхдаа И  нь багштай байнга хамт явж байдаг учраас өөрийн ****  утаснаас 08 цаг 15 минутад И ын ****  утас руу залгаж чи багштай хамт байсан уу багш манайд ирчихсэн байна. Уг нь орой уулзалдана гэж та нар өчигдөр ярьсан юм биш үү гэж асуухад би гэртээ байна юу болсон юм гэхээр нь уулзана гээд манай гэрт ирсэн байна. Би эмнэлэгт үзүүлэх гээд гараад явж байна. Орой уулзъя гэж байхад хар өглөө ирээд охин руу залгаад манай гэрт ороод ирлээ ямар учиртай юм бэ би юу ч ойлгосонгүй гэхэд И  нь ямар сонин юм бэ би хэлээд учрыг нь олъё гээд утсаа салгасан. Би буцаж залгахад утас нь яриад, дахиад залгахад утсаа аваагүй. Ингээд Гранд мед эмнэлэг орчхоод гараад 3,4 дүгээр хороололд байх, нэрийг нь санахгүй байна. Хувийн эмнэлэг рүү явж байхад 11 цаг 25 минутад миний охин О  өөрийн ****  утаснаас над руу залгаад И  ирчихсэн энд бөөн юм болоод гэж хэлээд утас нь салсан. Буцаад нөхөр Г , охин О  нар руу залгахад утсаа аваагүй. Ингээд охин О  руу залгахад миний утсыг авахаар нь юу болсон талаар асуухад И  согтуу аавыг зодоод намайг алах гээд байна, би дундуур нь ороод салгах гэтэл намайг түлхээд аавыг болон намайг ална гээд мөн хоёр долоо хоногийн дараа ирж бүгдийг нь ална гээд байна. Одоо цагдаа дуудсан та санаа зоволтгүй гэж хэлсэн. Багш манай гэрт ном уншиж байна гэхээр нь дэлгүүр ороод арц, архи зэрэг эд зүйл аваад 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд охин О  үйлчлэгч О  нар байсан бөгөөд араас Г , М  Сугарсүрэн нар орж ирсэн. Орж ирээд болсон зүйлийн талаар ярилцаагүй ба гэрт хэрүүл болсон болохоор энергийн засал хийлгүүлэх гээд бурхны өрөөгөө бэлдсэн. Би И т хүрээд ир гэж огт залгаагүй. Г  надад хэлэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 11-ний орой багштай уулзана гэж хэлсэн боловч Н гийн эхнэр гэх хүн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагт залгаад манайх руу очих гэж байна гээд миний охиноос хаяг аваад ороод ирсэн байхаар нь И ыг багш Н тай хамт явдаг учир утсаар залгаад орой уулзъя гэчхээд хар өглөө ирдэг нь ямар учиртай юм бэ гэсэн асуудлаар ярьсан. Түүнээс бол хүрээд ирээч гэж хэлээгүй. Ямар учраас ийм байдал гаргасан талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй. Сүүлд багштай ярилцахад архи гэдэг зүйл хүнийг ийм болгосон, архинаас л болсон гэж ярьж байсан. ...” / 1хх 52-56/,

гэрч С.Б  “...Миний хүү И  нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яг цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гарлаа гэж хэлээд гарсан. Би хаашаа явсан талаар нь мэдээгүй бөгөөд орой 21 цагийн үед ****  дугаарын утаснаас залгаад ээжээ би гэртээ очиж хонохгүй шүү гэж хэлэхээр нь за гэж хэлээд утсаа салгасан. Ингээд уг өдөр амарчхаад маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ унтаж байхад гэрийн хаалга онгойх чимээ сонсогдохоор нь И ыг ирж байна гэж бодчихоод орноосоо босоогүй хэвтсэн. Хэвтэж байгаад хэсэг унтсан байсан бөгөөд намайг өглөө 09 цаг өнгөрөөд босох үед И  гэртээ байхгүй байсан. Түүнээс хойш И тай утсаар огт холбогдоогүй. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр И  хонохгүй гээд И ын 19 настай охин Э  нь өөрийн ээж дээрээ хонолоо гээд би ганцаараа үлдсэн. Ганцаараа үлдсэн болохоор хүү А  руу залгахад би тантай хань болъё яваад очъё гээд 21 цаг  өнгөрч байхад ирсэн. Ингээд А ын хамт хоносон. Намайг босоход архи дарс уусан нөхцөл байдал огт байгаагүй. Хүү маань миний хажууд нэг ч удаа архи ууж байгаагүй. Уусан байлаа гэхэд тэрийг хаясан байх гэж бодож байна. Би орондоо хэвтэж байсан бөгөөд И ыг орж ирж байна гэж дотроо бодсон. Түүнээс бол И ыг хараагүй, харилцан ярилцсан зүйл байхгүй. ...” / 1хх 58-59/,

гэрч С.А ын “...Би энэ оны 10-ны орой 20 цагийн үед өөрийн ****  дугаараас ээж Б-н ****  дугаар руу залгаад юу хийж байгаа талаар асуухад дүү И  чинь гэртээ хонохгүй гэсэн. И ын охин Э  бас байхгүй байна. Би гэртээ ганцаараа хонох юм шиг байна гэхээр нь би тэгвэл тантай хамт хоноё гээд өөрийн гэрээс ээж Б-н амьдарч байгаа Ривер Гарден хотхон руу явсан. Ингээд намайг ээж Б-н гэрт ороход ээж ганцаараа байсан ба ойр зуурын зүйл нэлээд ярьж байгаад унтаж амарсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр унтаж байхад хаалга дуугараад чимээ гарахаар нь би боссон чинь дүү И  ганцаараа орж ирж байсан. Хаачаад ирж байгаа юм бэ гэж асуутал найзындаа хоноод ирлээ гэж хариулсан. И аас жаахан архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд дотор жаахан муу байна гэж хэлээд зочны өрөөний шүүгээнээс миний санаж байгаагаар 750 грамм хэмжээтэй дотор нь шилний талаар хүрэн бор өнгөтэй виски гаргаж ирсэн. Гаргаж ирсэн вискиг И  бид хоёр хувааж уугаад сууж байтал И ын утас дуугараад би одоо гарч хүнтэй уулзах ёстой гэхээр нь чамтай хар өглөөгүүр хэн уулздаг юм гэртээ үлдээч гэхэд хүнтэй уулзах ёстой гээд гэрээс нь хамт гарсан. Бид хоёр хамт гараад Ривер Гарденд байрлах Номин худалдааны төвийн урд замаас И  түрүүлж такси бариад цааш яваад би шууд гэр рүүгээ явсан. Ямар ч байсан хүнтэй утсаар ярьсан. Утсаар ярихдаа цаад өрөөнд орж байгаад ярьсан. Яг хэнтэй юуны талаар ярьсан гэдгийг мэдэхгүй байна. И  надад хаашаа явсан талаараа хэлээгүй ба миний харснаар сэтгэл санааны байдал хэвийн харагдаж байсан. ...” / 1хх 61-63/,

гэрч Ш.Б ын “... 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүтэнсайн өдөр буюу амралтын өдөр И  нь өөрийн ****  дугаараас миний ****  дугаартай утас руу залгаж сонин сайхан юу байна, юу хийж амарч байна, ажил төрөл нь гайгүй юу гэж асуухаар нь амралтын өдөр болохоор хуушуур хайрч байна завтай бол хүрээд ирээч гэхэд за за тэгье ажлаа дуусгаад явж очоод идье гээд утсаа салгасан. Түүнээс хойш яриагүй байж байгаад 19 цаг болчихсон И  ирэхгүй байхаар нь өөрийн ****  дугаарын утаснаас И ын ****  дугаарын утас руу залгаад яасан бэ ажил чинь дуусаагүй байгаа юм уу хоол идэхгүй юм уу гэж асуухад ажил сая дууслаа яваад очъё гэж хэлж утсаа салгасан. Ингээд И  нь манай гэр болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо 10 дугаар байрны 37 тоотод ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ эрүүл саруул орж ирсэн бөгөөд манай гэрт орж ирээд хуушуур идсэн ба манай хадам эгч Америкаас надад 750 грамм хэмжээтэй SIXTON нэртэй вискиг гаргаж ирээд И ын хамт уусан. Вискигээ ууж дуусгаад цаг анзаарахад 23 цаг өнгөрсөн, нэлээн орой болсон байсан учраас И ыг амраад яв гэхэд за хэлээд ор засаад унтуулсан. Ингээд унтаж амраад 06 цаг өнгөрч сэрээд босоод хувцсаа бэлдээд байж байхад И  нь 07 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд гарсан. Түүнээс хойш холбогдоогүй ба 2023 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд И  руу өөрийн ****  дугаарын утаснаас залгасан боловч утсаа аваагүй ба 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр утсаар холбогдоход Хан- Уул дүүргийн Цагдаагийн газар байна чи нэг өвчин намдаах эм байвал аваад ирээч гэхээр нь тухайн эмийг өөрт нь өгчхөөд түүнээс хойш уулзаж утсаар холбогдоогүй. ...” / 1хх 69-70/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...А.С ийн биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, зүүн хацар, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 72-73/,

шүүгдэгч С.И  яллагдагчаар өгсөн Би энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг Сансарт байрлах найз Б  /**** /-н гэрт 20 цагийн үед очсон. Б ын гэрт очоод Америк улсаас Б ын эгч явуулсан гэх 1 шил вискиг хувааж уугаад ойр зуурын зүйл ярьж байгаад орой 23 цагийн үед амарсан. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад босоод Б ын гэрээс ганцаараа гэр болох Хан-Уул дүүргийн Ривер Гарден руу таксигаар үйлчлүүлж явсан. Гэрт ирэхэд ээж Бумдай, төрсөн ах А  /**** / нар байсан бөгөөд шартаад байгаа мэдрэмж төрөхөөр нь гэрт байсан тал шил вискиг А  ахтай хувааж уугаад сууж байхад 08 цаг 14 минутад Г ийн эхнэр Золзаяа над руу өөрийн ****  дугаарын утаснаас залгаж "Хүрээд ирээрэй" гэж хэлсэн. Ингээд З хүрээд ирээч гэхээр нь А  ахын хамт гэрээс гараад “Номин” худалдааны төвийн хойд зам дээрээс такси аваад А  ах ганцаараа цааш яваад миний хувьд "Ж " хотхоны СЗ дугаар блокны урд буусан. Таксинаас буугаад шууд СЗ дугаар блок руу ороод лифтэнд суугаад 7 дугаар давхарт буугаад Г , Золзаяа нарын гэрт орсон. Намайг гэрт ороход Г , Г ийн эхнэр З, Г  З нарын охин О  нар байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас яг юу гэж хэлсэн гэдгээ тодорхой санахгүй байна ямар ч байсан хоорондоо үл ойлголцол үүссэн. Миний хувьд санаж байгаа бүх зүйлийг мэдүүлэг дээр дурдлаа. Би ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна ...” /1хх 107-110/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны  өдрийн 984 дугаартай “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11623 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. А.С ийн биед баруун гарын алганы 5-р ясны хугарал, зүүн хацар баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...” /1хх 97-99/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны  өдрийн 771 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11623 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.С ийн баруун чигчий хурууны 1-р үений тэнийлгэгч шөрмөсний гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн хохирол тогтоогдлоо. А.С ийн баруун чигчий хурууны шөрмөс гэмтсэн нь гарт тавьсан гипс авсны дараа нэмж илрэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой...” / 2хх 14-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монгол “...хэргийн гол зохион байгуулагч, хатгагч, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон этгээд нь Н  буюу С.Ц  гэж үзэж байна. ...Шүүх өөрийн захирамжаар Н  буюу С.Ц ийг гэрчээр асуух талаар даалгасан атлаа тухайн нотлох баримтыг харьцуулж, эргэлзээгүй байх үүднээс хянаагүй, үнэлээгүй, шинжлэн судлаагүй нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна. Ц ийг цагдаа ирж мэдүүлэг өгөөгүй, гарын үсэг нь биш, эргэлзээтэй гэж үзэж байна. Тиймээс энэ мэдүүлгийг залруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтын шат руу буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд гэрч С.Ц  гэх хүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцооны аль нэг хэлбэрээр тухайн хэрэгт оролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлгийг хууль бус, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн шүүгдэгч С.И ын үйлдэлд хохирогч А.С ийг алах санаа, зорилго, сэдэлт агуулсан эсхүл орон байранд нь хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрч П.З гийн залгаснаар шүүгдэгч С.И  нь хохирогчийн гэрт очсон, ингэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотойгоор биеэ хянах чадвараа алдаж, үл ойлголцол үүсгэн хохирогч А.С ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн ална гэж орилж хашхирсан нөхцөл байдал нь хэргийн үйл баримт, зүйчлэлд нөлөөлөхөөргүй, хүнийг алахыг завдах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг агуулаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд, хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.С ийн өмгөөлөгч Ц.Монголын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА