Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 89

 

2018 оны  5 сарын 09 өдөр              2018/ШЦТ/89                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0106/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам

Улсын яллагч                            Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                          Ц.Б  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1839001020085 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тэмүүжингийн 01-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц.Б  /РД: СЕ84040615/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А01 дүгээр байрны 11-26 тоотод иргэн М.Давааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд

Хохирогч М.Даваагийн: “...шөний 00 цаг болоод паб хаалаа гэхээр нь бид хэд гадаа гараад Эрдэнэжаргал, Сайнхүү хоёр гэр рүүгээ явсан. Амбага, Болдоо, Б  манай нөхөр бид хэд манай гэрт очиж, 0.75 литрийн шилтэй архи ууж байгаад Болдоо, Ариунчимэг хоёр маргалдаад байхаар нь болиулаач гэж Б , Амбага хоёрт хэлсэн. ...намайг элдэв янзаар хэлж, удам судраар минь доромжилсон. Тэгэхээр нь би та хэд гэрээс минь гар гэхэд гарахгүй дайраад шууд намайг унагаагаад 3-4 удаа толгой хэсэг рүү гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Гэрч О.Анхбаярын: “...манай эхнэрийг найз Б  зодсон гээд хамраас нь цус гараад, баруун нүдэнд нь цус хурсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Гэрч Н.Эрдэнэжаргалын: “...Би Даваатай уулзаж байхад Даваагийн нүүрэнд ямар нэг гэмтэл шарх байхгүй байсан. Харин маргааш нь над руу чатаар өөрийнхөө нүүрний зургийг явуулсан. Нүүр нь хавдаад уруул нь хавагнасан, 2 нүд нь улайсан байсан. Би яасан юм бэ гэхэд Б т зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Д.Бямбасүхийн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А01-11 давхарт 26 тоотод найз Анхбаярын гэрт байх үед манай найз Ц.Б , Анхбаярын эхнэр Даваатай маргалдсан. Анхбаярын гэрт бид хэдийг байхад Болдоо, Ариунчимэг хоёр хоорондоо бага зэрэг маргаад гараад явсан. Үүнээс хойш Анхбаяр согтоод унтсан. Гэтэл Даваа та нар Ариунчимэгийг Болдоогоос өмөөрсөнгүй, ийм найзууд байдаг юм уу гээд байсан. Тэгээд тар асуудлаас болж Б тэй маргасан. Б  Давааг үсдээд доош нь дарсан юм гэтэл Даваагийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд би тэр хоёрыг муудаад байхаар нь та нар больцгоо гээд Б ийг аваад явсан. Намайг анх Анхбаярын гэрт ороход Даваагийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин маргааш нь нүүр нь хавдсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Ц.Б ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид хэд зургуулаа Анхбаярынд очиж архи уусан. Ууж дуусаад байж байтал Даваа “Болдбаатар эхнэр Ариунчимэгийн цамцнаас татаад хэрэлдээд байхад салгасангүй, адилхан найз биз дээ” гээд уурласан. Би Анхаа, Даваа хоёр зодолдоод байхаар нь салгах гээд Давааг тэврээд салгасан чинь Даваа намайг гараараа алгадаж, маажсан. Тэгэхээр нь би Давааг баруун гараараа нэг алгадсан. Би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна, миний буруутай үйлдэл байгаа....” гэх мэдүүлэг 

 

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтэд: 

-М.Даваагийн биед баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, баруун гарын бугалга, тохой, шуу, баруун гарын 3, 4-р хурууны үений зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 18 тал/ зэрэг болно.

 

Ц.Б  нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А01 дүгээр байрны 11-26 тоотод иргэн М.Давааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд Ц.Б т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Даваа нь Ц.Б тэй сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй /хх-ийн 44 тал/ гэсэн тул  шүүгдэгч Ц.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА