Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00953

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00953

 

 

Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00449 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнхцогтод холбогдох

 

Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, алдангид нийт 5 028 278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхцогт бидний хооронд 2015 оны 08 дугаар сард Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Ц.Эрдэнэ-Отгонд, Б.Алтанхуягт, С.Туулд холбогдох хэрэгт тус тус Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээний дагуу дараах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг шүүх дор зааснаар шийдвэрлэсэн байна.

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Ц.Эрдэнэ-Отгонд холбогдох иргэний хэрэгт анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэр гарсан. Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Б.Алтанхуягт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж тус шүүхийн шүүгч 7493 дугаартай захирамж гарсан. Мөн Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, С.Туулд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадлал гарсан. Шүүхийн дээрх актын дагуу хариуцагч нараас төлбөрийг албадан гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчээс Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 06 сарын 16-ны өдөр 1 250 000 төгрөгийг Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй С.Туулд холбогдох иргэний хэргийн талаар байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний хөлс төлсөн тул талуудын хоорондын байгуулагдсан тус гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн. Иймд дараах хөлс, алдангийг гаргуулахаар шаардаж байна. Үүнд: Ц.Эрдэнэ-Отгонд холбогдох иргэний хэргийн талаар байгуулагдсан гэрээний хөлсөнд 2 400 000 төгрөгийг, Б.Алтанхуягт холбогдох иргэний хэргийн талаар байгуулагдсан гэрээний хөлсөнд 534 852 төгрөг, алданги 267 426 төгрөгийг, С.Туулд холбогдох иргэний хэргийн хэрэгт оролцохоор байгуулагдсан гэрээний алданги 625 000 төгрөг. Иймд гэрээний үүрэгт нийт 2 934 852 төгрөг, алданги 2 092 426 төгрөг, иргэний үнэмлэхийн лавлагааны хураамжийн төлбөрт 1 000 төгрөг, нийт 5 028 278 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Мөнхцогт нь өмгөөлөгч Б.Батмөнхтэй хамтарч ажилласан. Шүүхээс шийдвэрүүд гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж одоо 3 асуудлаас 2 асуудал нь дуусаагүй бөгөөд дууссан асуудлынхаа төлбөрийг Б.Батмөнхөд төлсөн байгаа. Санхүүгийн асуудал хүнд байна гэдгээ өмгөөлөгчид хэлж байсан. Шийдвэр гүйцэтгэлээс мөнгө орж ирэхээр төлбөрүүдийг хийнэ гэдгээ хэлж байсан. Иймээс Б.Батмөнхийн нэхэмжилж байгаа төлбөрийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийг яаралтай хугацаанд Д.Уранчимэгтэй ярилцаж байгаад төлөх тал дээр ажиллаж байна. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй шийдэгдэнэ. Б.Батмөнхтэй тохиролцох саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасны дагуу хариуцагч Б.Мөнхцогтоос 3,981,065 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,046,213 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,403 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцогтоос 78,647 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Төлбөр төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тул Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т зааснаар алданги ногдуулах үндэслэл бүрдсэн бөгөөд 3 гэрээ тус бүрээр тухайн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон. Ийнхүү нэхэмжилсэн алдангийн хэмжээ Иргэний Хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зөвшөөрөгдсөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн хэмжээтэй тэнцүү байтал алдангийн хэмжээг 50 хувиар бууруулсан нь үндэслэлгүй. Үүнийг тайлбарлавал, нэг гэрээний үүргийг 161 хоног хэтрүүлж гүйцэтгэсэн тул үүргийн зөрчилд ногдох алданги шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын бүтцийн харьцааг ажлын хөлс 2 934 852 төгрөг гаргуулах шаардлагад алданги 2 092 426 төгрөг нэхэмжилсэн нь үндсэн төлбөртэй харьцуулахад анзын хэмжээ хэт их гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг задалбал тус бүртээ байгуулагдсан 3 бие даасан гэрээний үүрэгт хамаарах төлбөр болон алдангид хуваагдах бөгөөд гэрээ тус бүрийн үүрэгт хамаарах алдангийн хэмжээ илт их бус хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд нийцэж байна. Алдангийн нийт хэмжээг нэхэмжлэлийн шаардлага дах үндсэн үүргийн нийт хэмжээ буюу бие даасан 3 үүрэгт хамаарах алдангийн хэмжээг 2 үүргийн хэмжээтэй харьцуулан илт их гэж дүгнэсэн нь ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг зөрчиж байна.

Хариуцагч өмгөөллийн хөлс төлөх үүргийг тухай бүрт нь зохих ёсоор гүйцэтгэх эдийн засгийн чадвартай байсан бөгөөд нэхэмжлэл гаргах хүртэл болон нэхэмжлэл гаргаснаас хойш эсвэл шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи хугацаанд ч үүрэг гүйцэтгэх боломжтой байсан. Өмгөөллийн хөлсийг өөрийн хөрөнгөөс төлөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлөгдсөн төлбөрөөс төлнө гэж үүрэг гүйцэтгэхээс татгалзаж буй хариуцагч татгалзал үндэслэлгүй бөгөөд алдангийг төлөх хариуцагчийн чадвар, эдийн засгийн боломж, нөхцөл хангалттай байсан.

...ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээ болох 50 хувьтай тооцож шаардсан алдангийг илт их гэж үзэж, бууруулбал үүрэг зөрчсөн этгээдийг хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөх бөгөөд үр дагавар нь тус зүйлийн 232.1, 232.4, 232.6-т зааснаар алданги ногдуулах боломжгүй болсноор ИХ-ийн 1.1-т заасан эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах зорилтын анзад хамаарах хэсэг биелэх боломжгүйд хүрнэ. "Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай" гэрээний нөхцөлийг оролцогчдын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг үндэслэн чөлөөтэй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож тодорхойлсон бөгөөд энэхүү тохиролцоогоор тус гэрээний үүрэгт ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар анз ногдуулахаар талууд хэлэлцэж тохиролцсон. ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар гэрээний үүрэгт анз ногдуулахыг зөвшөөрсөн бөгөөд тус зүйлийн 232.3-т зааснаар анзын тохиролцоог бичгээр үйлдэх хэлбэрийн шаардлагыг гэрээний 7.3-т заасан нөхцөл бүрэн хангаж байна. ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасан нөхцөл нийцэх тул гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги ногдуулж, түүнийг төлөхийг үүрэг зөрчсөн этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээх үүрэг тус гэрээний 1.1-т зааснаар тус гэрээний 2.1.1-т заасан анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд тус гэрээний 7.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй гэж хэлэлцэн тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ өмгөөлөгч зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, дуусгавар болгосон бөгөөд өмгөөллийн хөлсийг төлөх үүрэг үйлчлүүлэгчид үүссэн боловч үүргээ дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Ц.Эрдэнэ-Отгонд холбогдох иргэний хэрэгт өмгөөллийн хөлсөнд 2 400 000 төгрөг төлөх үүрэг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үүссэн боловч төлбөрийг огт төлөөгүй;

Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Алтанхуягт холбогдох иргэний хэрэгт өмгөөллийн хөлсөнд 534 852 төгрөг төлөх үүрэг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр үүссэн боловч төлбөрийг огт төлөөгүй;

Д.Уранчимэгээс нэхэмжлэлтэй С.Туулд холбогдох иргэний хэрэгт өмгөөллийн хөлсөнд 1 250 000 төгрөг төлөх үүрэг 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр үүссэн боловч төлбөр төлөх үүргийн хугацааг 161 хоног хэтрүүлж 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлж, өмгөөллийн хөлсийг төлөхөд саад болох зүйлгүй байтал гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй байгаагаас үзвэл нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг цаашид ч төлөхгүй бөгөөд төлбөрийг хариуцагчаас албадан гаргуулахаар шаардлага үүсэж болзошгүйг илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тохиолдолд тус ажиллагааны зардал болон шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд нэхэмжлэгчээс дахин зардал гарах бөгөөд тус ажиллагаа явагдаж дуусах хүртэл хүлээх шаардлага үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Б.Мөнхцогтод холбогдуулан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний үүрэгт 2 934 852 төгрөг, алданги 2 092 426 төгрөг, хохирол 1 000 төгрөг, нийт 5 028 278 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 3 удаагийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр өмгөөлөгч Б.Батмөнх нь Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Б.Алтанхуягт холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч Б.Мөнхцогт нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээний үнийн дүнгийн 30 хувиар тооцож хөлс төлөхөөр, мөн өмгөөлөгч Б.Батмөнх нь Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Ц.Эрдэнэ-Отгонд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч Б.Мөнхцогт нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээний үнийн дүнгийн 30 хувиар тооцож хөлс төлөхөөр, түүнчлэн өмгөөлөгч Б.Батмөнх нь Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй С.Туулд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч Б.Мөнхцогт нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээний үнийн дүнгийн 25 хувиар тооцож хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /Хх 6-8, 9-11, 13-15/

 

Зохигч гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээ хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй байхаас гадна анхан шатны шүүх зохигчдын хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06409 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, ЧИнгэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 8405 дугаар шийдвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Б.Мөнхцогттой байгуулсан дээрх гэрээ тус бүрээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хөлс төлөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Эрдэнэ-Отгонд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2 400 000 төгрөг, Б.Алтанхуягт холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 534 852 төгрөг, алдангид 267 426 төгрөг, С.Туулд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний алдангид 625 000 төгрөг төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Шийдвэр гүйцэтгэлээс мөнгө орж ирэхээр төлбөрийг хийнэ гэдгээ хэлж байсан, шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Мөнхцогт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ тус бүрийн 4.2-т зааснаар нь гэрээний 4.1-т заасан хөлсийг шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн гаргасан дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас дээрх гурван гэрээний үүрэгт 2 934 852 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын 1 000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд тус тусдаа 3 хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байхад эдгээрийг нэгтгэж нийт гэрээний үүрэг гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох шаардлагын талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ тус бүрийн 7.3-т үйлчлүүлэгч төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн 1 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна уг тохиролцоо нь дээрх 3 гэрээний нийт үүргээс алданги тооцох агуулгагүй буюу тус тусдаа хөлс төлөх гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдол тус бүрт алданги тооцох агуулгатай байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлс болох 2 934 852 төгрөгөөс алданги тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн алдангийг багасгах нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнхцогтоос 5 028 278 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтад 78 647 гэснийг 95 403 гэж өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 660 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ