| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06592/И |
| Дугаар | 192/ШШ2025/06959 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг журам зөрчсөн , Компанийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/06959
2025 09 09 192/ШШ2025/06959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Ц-ын С /РД:ХК********9/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг **-р хороо, ** тоотод байрлах Ш ХХК /РД:5****/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Б-н Ч /РД:УВ****5/ нарт холбогдох,
Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Б овогтой Ч-ын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тоггоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн 01 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Б.Ч-ыг Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ц овогтой Ба-ийг гүйцэтгэх захирлаар томилсоныг тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга/Т***6/, компанийн М***1 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц овогтой С миний бие Ш ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. Харин хариуцагч Б.Ч нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд буюу 2021 оноос эхлэн иргэн Д.И-той үгсэн хуйвалдан компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашиглах, компанийн тамгыг өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж өөрийн хувийн эзэмшилдээ байлгасаар байсан тул компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар гүйцэтгэх захиралыг солих тухай, мөн компанийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулахыг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гүйцэтгэх удирдлагыг солихгүйгээр хууль бус үйлдлээ хийсээр байгаа нь компани болон хувьцаа эзэмшигч надад хохирол учруулсаар байна. Учир нь Б.Ч-ыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа энэхүү цаг хугацаа буюу ялангуяа 2021 оноос компанийн уурхайгаас их хэмжээний нүүрс экспорт хийсэн боловч компанийн татварын өр болон бусдад төлөх өр улам нэмэгдсэнээс тул компанийн хувьцаа эзэмшигч намайг хууль хяналтын байгууллагаас дуудах, улсын хилээр зорчих эрхийг хязгаарлах зэргээр миний эрхийг хязгаарлаж байна. Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна." гэж заасан байдаг бөгөөд хариуцагч Б.Ч нь компанийн гүйцэтгэх удирдлагийн хувьд 2022, 2023, 2024 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж компанийн санхүүгийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид танилцуулах, батлуулах үүрэгтэй байсан байсан боловч огт хэрэгжүүлээгүй тул компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно. гэж заасны дагуу хариуцагч Б.Ч-ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон. Хариуцагч Б.Ч-ын бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ц овогтой С миний бие Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт ...төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан... гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ш ХХК-д гаргасан боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. гэж заасан хугацаанд хариуцагч тал шийдвэр гаргаагүй. Шийдвэр гараагүй тул нэхэмжлэгч Ц.С миний бие гүйцэтгэх удирдлагыг чөлөөлж шинээр гүйцэтгэх удирдлага томилох, компанийн дүрмийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн батлуулахаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг компанийн тухай хуулийн 61.7 дахь хэсэгт зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэж шийдвэрийн дагуу хуульд заасан мэдэгдлийг хариуцагч Б.Ч-д хүргүүлсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй учир компанийн тухай хуулийн 69.3, 69.6 дахь хэсэгт заасныгтустус үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Компанийн тухай хуульд зааснаар хойшлогдсон хурал нь хүчин төгөлдөр болж тухайн хойшлуулсан хурлаар гүйцэтгэх захирал Б овогтой Ч-ыг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж хувьцаа эзэмшигчийн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд шийдвэр тогтоол гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн материалыг компанийн тамга дарагдаагүй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ш ХХК/РД:5******/-ийн гүйцэтгэх захирал Б овогтой Ч-ын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн 01 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Б овогтой Ч-ыг Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсоныг тогтоолгох, хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга/Т*****/, компанийн М***1 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2021 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал огт хийгээгүй, хуулин дээр бүр тодорхой заачихсан байгаа шүү дээ. Хариуцагч Б.Ч нь 2022, 2023, 2024 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж компанийн санхүүгийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид танилцуулах, батлуулах үүрэгтэй байсан байсан боловч огт хэрэгжүүлээгүй тул компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно. гэж заасны дагуу хариуцагч Б.Ч-ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон. С миний бие Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт ...төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан... гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ш ХХК-д гаргасан боловч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасан хугацаанд хариуцагч тал шийдвэр гаргаагүй. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан хурал нь хүчин төгөлдөр болж тухайн хойшлуулсан хурлаар гүйцэтгэх захирал Б овогтой Ч-ыг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж хувьцаа эзэмшигчийн хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга/Т*****6/, компанийн М****1 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. Би хууль хэрэгжүүлэхийг л хүсэж байгаа гэдгийг хэлмээр байна гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой Ч-ын хүвьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүралдүүлахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгохшаардлага үндэслэлгүй түхайд:
I. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагаАийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тухайд нэг талаас, уг хурлыг тогтмол хуралдуулахаас гадна хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1,9-т заасан компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар үнэн, зөв мэдээлэл өгөх үүргийг гүйцэтгэх захирал хүлээдэг. Нөгөө талаас, хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцох, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой тэнцүүлэн санал өгөх эрхтэйг Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 -т хуульчилж өгсөн. Гэвч Ш ХХК-ийн хоёр хувьцаа эзэмшигчийн нэг болох Б.Ч нь 2021 оны 01 сарын 19-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Д.И-д өөрийн эзэмшлийн тавин хувийн хувьцааг худалдсан боловч уг хувьцаа шилжсэнтэй холбоотой маргаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, 2024 оны 07 сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Мөн хувьцаа худалдсантай холбоотой иргэний хэргийн маргаан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2024 оны 2 сарын 14-ний өдөр хянан хэлэлцэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй нь уг хуралд оролцох эрх бүхий этгээд буюу Ш ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч хэн болох нь шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй байсантай холбоотой. Ингээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий этгээд нь тодорхойгүй байсан тул энэ маргаан үргэлжлэх хугацаанд буюу 2021 оноос 2024 оны 08 сарыг хүртэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй байдалд хүрсэн.
II. Дээрхээс гадна нэхэмжлэгч Ц.С болон хариуцагч Б.Ч нарын хооронд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн ногдол ашигтай холбоотой эрүүгийн болон иргэний хэрэг 2022 онд үүсээд, одоог хүртэл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар зайлшгүй хэлэлцэгдэх асуудлууд нь маргаантай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа учир шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх боломжгүй байсан.
III. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлууд шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан хэдий ч Ш ХХК-ийн Б.Ч-ын нэр дээрх хувьцааг худалдаж авсан талаар маргаантай байсан Д.И нь уг хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгэл хийлгэхдээ хуурамч баримт, бичиг үйлдэж, ашигласан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр 2024 оны 07 сарын 23-ны өдөр гарсан. Ингээд Ш ХХК-ийн тавин хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч тогтоогдсоны дараагаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль, журмын дагуу зарлан хуралдуулсан. Эндээс үзвэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг боломжгүй нөхцөл байдал 2021-2024 оныг хүртэл хугацаанд үүссэн бөгөөд хууль ёсны хувьцаа эзэмшигч тодорхой болмогц гүйцэтгэх удирдлага Б.Ч нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулсан байна. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 хэсэгг үндэслэн Б.Ч-ын бүрэн эрх дуусгавар болсон гэж дүгнэх нь дээрх үндэслэлүүдээр хуульд нийцэхгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн 01 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Б овогтой Ч-ыг Ш ХХК-ийн гуйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох шаардлага үндэслэлгүй тухайд: I. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 сарын 27-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг Ш ХХК-д гаргасан боловч, гүйцэтгэх удирдлага болох Б.Ч нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. гэж тогтоосон байхад тус хугацаанд шийдвэр гаргаагүй тул, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно. гэж зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан тухай тайлбарлажээ. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт Энэ хуулийн 61,4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно., мөн хуулийн 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана. гэж зохицуулсан байна. Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл компанийн гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй буюу хариу мэдэгдээгүй тохиолдолд санал гаргасан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсгийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ц.С нь 2023 оны 11 сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Ч-ад хүргүүлсэн. Уг шаардлагыг хүлээн аваад 2023 оны 11 сарын 29-ний өдөр тус хурлыг хуралдуулах эсэх тухай шийдвэрийг Ц.С-т хүргүүлсэн байдаг. Тодруулбал, 2023 оны 11 сарын 29-нд Ц.С-т хүргүүлсэн хариу бичгээрээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуул'ахын тулд зайлшгүй зөвшилцөх шаардлагатай асуудлууд байгаа, шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул энэ удаагийн шаардлагаар хуралдуулах боломжгүй тухай тайлбарласан буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хувьцаа эзэмшигч Ц.С нь дээрх татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт Энэ хуулийн 61,2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд санал, шаардлага гаргасан этгээд энэхүү татгалзлын талаар шүүхэд гомдол гаргах замаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл Ц.С нь уг татгалзсан хариуг хүлээн авсан атлаа гүйцэтгэх удирдлага Б.Ч-ыг огт хариу өгөөгүй, шийдвэр гаргаагүй мэтээр тайлбарлаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дэх хэсэгт нийцэхгүй байна. Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулахтай холбоотой Компанийн тухай хуулиас өөрөөр зохицуулсан заалт байхгүй. Тиймээс Компанийн тухай хуулийн дагуу хурал хуралдуулах асуудлыг зохицуулна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.С-т компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.3, 69.6 дахь хэсэгт заасан эрх үүсээгүй, хууль зөрчиж зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн эзэмшлээс компанийн тамга /Т******/ компанийн М******1 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага үндэслэлгүй тухайд:
I. Хариуцагч Б.Ч-ыг компанийн тамга тэмдгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан, мөн компанийн Гүйцэтгэх удирдлагаар өөр этгээд томилогдсон тул Ш ХХК-ийн тамга /Т***6/, компанийн М******81 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг шаарджээ. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болно. Энэхүү үйл ажиллагаа нь албан ёсны байх, мөн энэ үйл ажиллагааг өөр этгээд хэрэгжүүлэхээс сэргийлэх буюу хэлцэл хийгч гуравдагч этгээдийг хамгаалах үүднээс компанийн тамга тэмдэг, холбогдох баримт бичиг, гэрчилгээ нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний хүрээнд, түүний эзэмшилд байх нь зүйд нийцнэ. Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд уг тамга тэмдэг болон шаардлагатай бичиг баримтыг дараагийн албан ёсны гүйцэтгэх удирдлагад шилжүүлэх ёстой. Гэвч Ш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч-ын бүрэн эрх дуусгавар болоогүй мөн хуулийн дагуу шинээр гүйцэтгэх захирал томилогдоогүй байгаа тул компанийн тамга, тэмдэг болон бусад чухал бичиг баримт, тухайлбал, компанийн МV-***81 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гүйцэтгэх удирдлагын эрхгүй, хувьцаа эзэмшигч этгээдэд шилжүүлэх боломжгүй юм.
II. Мөн Б.Ч нь Ш ХХК-ийн тамга, тэмдгийг хувийн хэрэгцээнд ашиглаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Ч-ыг компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашигласан буюу компанийн тамга, тэмдгийг хувийн хэрэгцээнд ашигласан гэх үндэслэлээр тамга, тэмдэг болон холбогдох бичиг баримт болох М*****81 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэв Б.Ч-ыг компанийн тухай хуулийг зөрчсөн, өөрийн эрх мэдлийг ашиглан компанийн эдийн болон эдийн бус хөрөнгийг хувьдаа ашигласан гэж үзэж байгаа тохиолдолд тус хууль бус үйлдлээс учирсан хохирлыг нотлох үүрэгтэй бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 84.7 дахь хэсэг, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна. Гүйцэтгэх захирал Б.Ч-ын хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдсон тохиолдолд Компанийн тухай хуулиар зохицуулсны дагуу компанид учирсан хохирлыг шүүхийн журмаар шаардах эрхтэй ч, уг үйлдлээс шалтгаалан гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх, гүйцэтгэх удирдлагын төлөөллийг илтгэх тамга, тэмдэг, бусад бичиг баримт зэргийг дараагийн гүйцэтгэх удирдлагад шилжүүлэх тухай асуудал нь Штайнколе ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой асуудал байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний ээлжит бус хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болох дээр тайлбар хэлэхэд : Ер нь компанийн тухай хуульд энэ талаар эрх үүрэг маш тодорхой, эрүү иргэний маргаан ихтэй байсан талаарх шүүхийн шийдвэрүүд хангалттай авагдсан байгаа. С компанийн 50 хувийг эзэмшдэг, Ч нь үлдэх хэсгийг ба И гэж хүн хуурамч баримт бичиг үйлдээд энэ хугацаанд хурал хуралдуулах ямар ч боломж байгаагүй, 2021-2024 оны хооронд энэ маргаанууд явсан. Дараагийн өөр захирал томилогдсон тухай тайлбарлахад энэ компанийн тухай хуулийн 2023-11-27 нд эднийх санал гаргахад манайх 11-29 ний өдөр мэдэгдсэн шүү дээ. Тодруулбал шүүх дээр маргаан байгаа учраас хийх боломжгүй татгалзсан хариу өгсөн, энэ хариуг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргах талаар хуулийн 61.7 д байгаа , иймээс энэ шаардлага үндэслэлгүй . Тамга тэмдэг өгөхийг даалга гэдэг нь үндэслэлгүй, удирдлагад энэ бүхэн байх ёстой ба гэрчилгээ гараагүй, үүнийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Ашигт малтмалын ашиглалтын М***1 дугаартай зөвшөөрөл, Ц.С-ийн 2023.11.27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай хүсэлт, монгол шуудангийн баримт, Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.29-ний өдрийн №23/05-2 дугаартай албан бичиг, Ц.С-ийн 2023.12.18-ны өдрийн 02 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2023.12.18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл, шуудангийн баримт, Ц.С-ийн 2024.01.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын даргыг өөрчлөн томилуулах тухай мэдэгдэл, Тооллогын комиссын 2024.01.26-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ш ХХК-ийн 2024.01.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Ц.С-гийн 2024.01.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулах тухай мэдэгдэл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлын мэдэгдэл, Б.Ч-ын 2024.02.13-ны өдрийн хариу мэдэгдэл, Тооллогын комиссын 2024.02.23-ны өдрийн 01, 02, 03 дугаартай тогтоол, 2024.02.23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2024.02.23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Ц.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.30-ны өдрийн 4/5726 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.10-ны өдрийн 183/ШЗ2024/08180 дугаартай, 2024.05.15-ны өдрийн 183/ШЗ2024/11128 дугаартай захирамжууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өдрийн сонины 2023.12.20, 2024.02.01-ний өдрийн сонин зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Б.М-д олгосон итгэмжлэл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.14-ний өдрийн 210/МА2024/00306 дугаартай магадлал, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024.09.06-ны өдрийн хурлын үйл явцыг буулгасан СД-нд үзлэг хийж баталгаажуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Б.Ч нь компанийн гүйцэтгэх удирдлагийн хувьд 2022, 2023, 2024 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж компанийн санхүүгийн тайлан, төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид танилцуулах, батлуулах үүрэгтэй байсан боловч огт хэрэгжүүлээгүй тул Б.Ч-ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон....хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ш ХХК-д гаргасан боловч шийдвэр гаргаагүй тул миний бие 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулж, энэ хурлаараа Ц овогтой Б-ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилсон тул компанийн тамга, ашигт малтмалын гэрчилгээг гаргуулах ... гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий этгээд нь тодорхойгүй байсан тул энэ маргаан үргэлжлэх хугацаанд буюу 2021 оноос 2024 оны 08 сарыг хүртэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй байдалд хүрсэн... гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд санал, шаардлага гаргасан этгээд энэхүү татгалзлын талаар шүүхэд гомдол гаргах замаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан... Ш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч-ын бүрэн эрх дуусгавар болоогүй мөн хуулийн дагуу шинээр гүйцэтгэх захирал томилогдоогүй байгаа тул тамга тэмдэг өгөхгүй ...гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ш ХХК-н үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь Б.Ч, Ц.С нар байх бөгөөд тэд 20 ширхэг хувьцааг 10,10 ширхэгээр буюу 50,50 хувиар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан компанийн дүрмээр тогтоогдох ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр Б.Ч нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байна.
2021 оноос 2024 онуудад компанийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдаагүй байна.
Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 1040 дүгээр зөвшөөрлөөр Ш ХХК-н хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан болох нь Улсын бүртгэлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийгн 4/5726 дугаар албан бичгээр тогтоогдоно.
Хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА 2024/00306 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Д.И, хариуцагч Б.Ч нарын хооронд үүссэн Ш ХХК-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий хэргийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.
2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 2024/ШЦТ/472 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, шүүгдэгчээр Д.И, хохирогчоор Ц.С нар оролцсон шүүх хуралдаанаар ...шүүгчдэгч Д.И нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ..тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С-ийн гарын үсгийг хуурамчаар зурж хуурамч баримт бичиг үйлдэн Ш ХХК-н 50 хувийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирал зэргийг өөрчлүүлэн бүртгүүлсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгүүлсэн байна. Улмаар хохирогч уг шийтгэх тогтоолд гомдол гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 2024/ДШМ/855 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, уг магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
5. Талууд гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд Б.Ч нь бүртгэгдсэн, 2021 оноос хойш компанийн ээлжит хурал хуралдаагүй талаар маргахгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор ээлжит хурал зарлан хуралдуулаагүй учраас мөн хуулийн 59.5 дах хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон ... гэж нэхэмжлэлээ дэмждэг бол хариуцагч нь 2021 оноос 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага нь маргаантай буюу Д.И гэх хүний үйлдлээс шалтгаалан тодорхойгүй байсан учир энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж татгалздаг.
5.1 Б. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Ч-ын хүвьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүралдүүлахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын тухайд:
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүрэгтэй юм. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч Б.Ч-ын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болох учиртай.
2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 2024/ШЦТ/472 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулгаас үзэхэд : 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр Б.Ч нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.И-д 284,000,000 төгрөгөөр худалдаж, хувьцаагаа эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, Д.И нь хуурамч баримт бичиг бүрдүүлж Ш ХХК-н гүйцэтгэх захирлаар томилогдсон бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тодруулбал Д.И-ыг гүйцэтгэх захирлаар томилсон тухай Б.Ч, Ц.С нарын гарын үсэг бүхий тогтоолыг үйлдэн, 2021 оны 01 сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх өргөдөл гаргасныг, 2022 оны 01 дүгээр сарын 24-нд бүртгэл хийгдсэн байх ба энэ үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдөр гарч, улмаар давж заалдах шатны шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Үүний сацуу Д.И, Б.Ч нарын байгуулсан дээрх хувьцаа худалдах худалдан авах авах гэрээний үүрэгт хувьцаагаа шилжүүлэн авах шаардлагыг Д.И гаргасныг шүүх тухайн гэрээ нь хувьцаа эзэмшигч Ц.С-ийн эрхийг зөрчсөн буюу хувьцаа эзэмшигч Б.Ч бусдад хувьцаагаа худалдах талаар нөгөө хувьцаа эзэмшигчдээ мэдэгдээгүй гэх агуулгаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байжээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээс үзвэл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Ч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. Тодруулбал тэрээр өөрийн эзэмшдэг 50 хувийн хувьцааг иргэн Д.И-д 2019 онд худалдснаас үүдэлтэйгээр, энэхүү гэрээний үүргийг буюу хувьцааг шилжүүлэн авах шаардлагыг иргэний хэргийн шүүх, хувьцааг Д.И өөртөө шилжүүлэн авахын хамт гүйцэтгэх захирлаар өөрийгөө хуурамч баримт бичиг ашиглан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэх асуудал 2024 оны 07 дугаар сард эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул Б.Ч-ыг хурал зарлаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэрэгт 2024 оны 09 сарын 06-ны өдрийн талуудын уулзалтын бичлэгийг үзлэгээр бэхжүүлсэн ба тухайн уулзалтад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн өмгөөлөгчөөр оролцсон байх ба уг уулзалтыг хариуцагч талын тайлбарласан шиг хурал гэж үзэх боломжгүй ч, тухайн уулзалтын агуулгаар нэхэмжлэгч Ц.С-гийн төлөөлөгч нь ...хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байгаа талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, талууд хувьцаагаа худалдах, худалдан авах талаар харилцан ярилцсан ... байх тул шүүх уг шаардлагыг үндэслэлтэй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэхээс өмнөх энэхүү уулзалтад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага гаргаж байгаагүй, мөн шүүхийн дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор хурал зарлах боломжгүй байсныг харгалзан гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд Ш ХХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх удирдлагад даалгах шаардлага гаргах боломжтой, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
5.2 Компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн 01 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Б овогтой Ч-ыг Ш ХХК-ийн гуйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох шаардлагын тухайд :
Нэхэмжлэгч Ц.С нь 2024 оны 11 сарын 27-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай шаардлагыг Ш ХХК-д гаргасан байх ба тус шаардлагын хариуг Б.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр илгээснийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд ирүүлсэн. Тус хариу хүргүүлэх бичигт ... шаардлагыг хүлээн авч танилцлаа...шаардлагад нийцсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах асуудлаар уулзалт зохион байгуулах саналтай гээд... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудал болох тул хүлээх, ...иргэн Д.И-той гэрээ байгуулснаас хойшхи өр авлагыг хэрхэх, компанийн сүүлийн 5 жилийн ажлын явц байдлыг дүгнэх ...харилцан санал солилцож зөвшилцөлд хүрснээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ. Уг бичгийн агуулгаас үзвэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хурал хуралдуулахгүй байх санаа зорилгоо илэрхийлсэн байх учраас хуралдуулахгүй, хойшлуулах шийдвэрийг Б.Ч гаргасан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.С нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй байна. Улмаар шүүхэд гомдол гаргасан бол үндэслэлгүйгээр хурал зарлахаас татгалзсан эсэх асуудлыг дүгнэх байсан ба гүйцэтгэх удирдлага Б.Ч-ыг огт хариу өгөөгүй гэж үзээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргасан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дэх хэсэгт нийцэхгүй байна.
5.3 Хариуцагч Б.Ч-ыг Ш ХХК-ийн тамга /Т****6/, компанийн М***1 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг шаардсан шаардлагын тухайд:
Шүүх Ц овогтой Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Ш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч-ын бүрэн эрх дуусгавар болоогүй буюу тул компанийн тамга, тэмдэг болон компанийн М***1 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гүйцэтгэх удирдлага бус этгээдэд шилжүүлэн өгөх нь компанийн эрх ашигт нийцэхгүй юм.
Ц.С нь Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд тус компанийн эрх бүхий этгээд болохоо нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилоогүй байхад тэрээр компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг шаардах эрхгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 61 дүгээр зүйлийн 61.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагч Ш ХХК, Б.Ч нарт холбогдуулан гаргасан Ч-тын хүвьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүралдүүлахаас бусад эрх дуусгавар болсныг тогтоолгох, Компанийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн 01 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Б овогтой Ч-ыг Ш ХХК-ийн гуйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж Ц овогтой Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг тогтоолгох, Хариуцагч Б.Ч-ыг Ш ХХК-ийн тамга /Т***6/, компанийн М****1 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гаргуулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ