| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0113/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 95
2018 оны 5 сарын 15 өдөр 2018/ШЦТ/95 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0113/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох 1839000000097 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5-р баг, Саригийн 16-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сар баривчлах ялаар, 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх С.А /РД:СЖ85021835/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 16-0 тоотод иргэн З.Үүрдмандахыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч З.Үүрдмандахын: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн гэртээ найз Луубаатар, Гэрлээ нартай 0.5 литрийн “Соёрхолт” нэртэй архи уугаад байж байхад манай хамаатан Хуягаа гэх залуу гаднаас орж ирсэн. Тухайн үед Луубаатар, Гэрлээ нар гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би Хуягаатай манай гэрт байсан 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хувааж уугаад согтсон байсан учраас хоорондоо зодолдсон юм шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд миний хамраас цус гарсан, нүүр ам хавдсан гэртээ охинтойгоо байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 тал/,
Гэрч М.Нармандахын: “...Би 15 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр З.Үүрдмандахыг маань зодоод нүүр ам нь их цус болоод нүүрээ угаагаад нилээн согтуу байсан. Цусыг угаагаад нүүрийг нь харсан чинь баруун шанаа нь нэлэнхүйдээ хавдаж, нүдний доод хэсэгт язарсан байдалтай байсан. Мөн толгойн зүүн ар талд нь хагарч цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Шүүх эмнэлгийн №176 дугаартай дүгнэлтэд:
-З.Үүрдмандахын биед дагзанд шарх, баруну нүдний дээд зовхи, хацар, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 18 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 16-00 тоотод хамаатан Үүрдмандахын гэрээр ороход согтуу байж байсан. ...Миний хүзүүнд зүүсэн байсан сахиусыг Үүрдмандах хараад чи юу хүзүүндээ зүүгээд байгаа юм бэ гэхээр нь бөөгийн сахиус байгаа юм, би бөө болох гэж байгаа, багш маань өгсөн юм гэж хэлэхэд Үүрдмандах бөө гэж юу байдаг юм бэ гээд сахиуснаас маань татаж чангаагаад байхаар нь гэнэт миний уур хүрээд 2 удаа нүүрэнд нь цохьсон. Газар унахаар нь толгой руу нь 1 удаа өшиглөсөн. Уураа барьж чадалгүй ийм зүйл хийсэндээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.
С.А нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 16-0 тоотод иргэн З.Үүрдмандахыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.А ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд С.А т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч З.Үүрдмандах нь С.А тай сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй /хх-ийн 54 тал/ гэсэн тул шүүгдэгч С.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 100.000 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 100.000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 100.000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 100.000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 100.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА