Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00781

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00781

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Рүнгэ пинкок минарко ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/03878 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Алкали метал Монголиа ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 79 234 207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Чимэдцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Батрагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Монгол Улсын хуулийн этгээд болох "Рүнгэ пинкок минарко" ХХК нь 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, программ хангамж, мэргэжлийн сургалтын үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Бид анх хариуцагч тал болох "Алкали Метал Монголиа" ХХК-тай 2012 оны 6 дугаар сард Литиум хайгуулийн төсөл-геологийн хяналт ба нөөцийн тооцоолол хийх тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр тус компанид Монгол улсын өмнө зүгт байрлах Литиум хайгуулын төсөлд зориулж боломжтой байгаа геологийн хяналт нөөцийн тооцооллыг хянах үйл ажиллагаатай хамааралтайгаар уг төслүүдтэй холбоотой боломж, эрсдлийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, төслүүдийн талбайд байгаа металлыг боломжит түвшинд таамаглаж зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж, ийнхүү ажлын төлбөрт нийт 102 000 ам.долларыг захиалагч тал болох "Алкали метал Монголиа" ХХК нь гүйцэтгэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болно. Гэвч захиалагч тал болох "Алкали метал Монголиа" ХХК нь тухайн гэрээний 2 дугаар үе шатын төлбөр буюу төсвийн 50 хувь болох 40 000 ам.доллар буюу 53 000 000 төгрөг, НӨАТ 5 300 000 төгрөг нийт 58 300 000 төгрөгийг тал буюу эхний нэхэмжлэхийн 29 150 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 8-нд шилжүүлж, 2 дугаар үе шатын ажилын төлбөрийн 50 хувийн үлдэгдэл тал болох 29 150 000 төгрөгийг нь шилжүүлээгүй байна. Учир нь тус компани нь гэрээнд заагдаагүй нэмэлт ажил хийгдэх шаардлагатай байгаа тухайгаа мэдэгдэж талууд хавсралтаар /Variation Letter/ нэртэй 15 000 ам.долларын нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх тухай тохиролцож Монгол банкны ханш 1 874 төгрөгөөр тооцож 52 734 898 төгрөг, нэмэлт ажлын үндсэн төлбөр 2012 оны 12 дугаар сарын 11-нээс 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 19 сарын алдангийг тооцон нийт 14 135 ам доллар тухайн үеийн Монгол банкны ханш 1 873 төгрөгөөр тооцож 26 499 308 төгрөг нийт 79 234 207 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Алкали метал Монголиа ХХК-ийн ерөнхий захирал Л.Дэлгэрдалай болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-ийн хүснэгт 2-т заасан хэсэг нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн. Нэхэмжлэгч компанийг олон улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага гэж сонгож хамтарч ажилласан. Хариуцагч компанийн зүгээс 10 000 000 төгрөгөөр тухайн ордыг санхүүжүүлсэн. Нэхэмжлэгч компанитай тухайн ордын нөөцийн тайланг хийлгэх тухай гэрээ байгуулсан боловч тайлан гэж 40, 50 хуудас шаардлага хангахгүй материал өгсөн. Уг тайлан нь хамгийн багадаа 4-5 боть байх ёстой байдаг. Түүнчлэн тухайн материалаа е-мэйл хаягаар явуулсан байдаг бөгөөд тус тайланг манай байгууллага хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Тус тайлангаар манай ордын нөөцийг бууруулан гаргасан байдаг бөгөөд тайланг ямар аргачлалаар яаж гаргасан нь ойлгомжгүй байдаг. Нэхэмжлэгч Рүнгэ Пинкок Минарко ХХК-иас өгсөн тайланд манай талаас шаардсан зүйлийг тусгаагүй тул хүлээн авахгүй гэсэн хариуг е-мэйл хаягаар явуулсан. Нэхэмжлэгч нь захиалсан ажлыг чанаргүй хийчихээд мөнгө нэхэж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алкали метал Монголиа ХХК-иас 28 402 159 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ар Пи Эм Глобал ХХК-д олгож, нэхэмжлэлээс 50 832 047 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 121 төгрөгийг  улсын орлогод үлдээж, хариуцагч Алкали метал Монголиа ХХК-иас  299 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ар Пи Эм Глобал  ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт талуудын тооцооний үлдэгдлийн баталгаа гэх бичиг авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч, хариуцагч компаниудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг баримтад "төлөгч байгууллага нь 2012 оны 3 дугаар сарын 14-нөөс 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлийн бичгээр нэг бүрчлэн нийлж үзэхэд төлбөр төлөгч Алкали Метал Монголиа ХХК нь нийтдээ 31 914 ам.долларын өртэй гарсныг харилцан батлав" хэмээн бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байхад дээрх баримтыг харгалзан үзэлгүй, огт өөр үндэслэл заан нэгэнт хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг НӨАТ-ыг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцсон нь илт үндэслэл муутай бөгөөд, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Талуудын байгуулсан гэрээний 6.2-т заасан худалдааны онцгой нөхцөлийн 5-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх талаарх зохицуулалт байсаар байхад энэхүү зохицуулалтыг анхааралгүй нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тохиролцоогүй байна гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн гэрээний В хавсралтын Стандарт нөхцөл хэсгийн 2-т алданги шаардах талаарх зохицуулалт байхад алдангийн талаар харилцан тохиролцоогүй байна хэмээн гэрээний дагуу төлөх төлбөрөөс алдангийг хасч шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байна. Уг зохицуулалтын агуулга нь гэрээний дагуу 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуульд заасан хамгийн их эсхүл сарын 1,5 хувийн хэмжээгээр тооцож нэмж алданги төлөх зохицуулалт бөгөөд дээрх зохицуулалтын дагуу хоногийн 0.05 хувиар тооцож алданги шаардаж байхад алданги төлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын байгуулсан гэрээ болон, тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тэдгээрээс илүү ямар нэг төлбөр нэхэмжлээгүй болно. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг манай компаниар ажил гүйцэтгүүлсэн бөгөөд бид зохих журмын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тухайн ажлын үр дүн буюу нөөцийн хэмжээ нь хариуцагч компанийн хүсч байсан хэмжээгээр гараагүй учир гэрээний дагуу төлбөр төлөөгүй, өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаанд манай байгууллагыг хохироож байна. Анх 2014 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэл муутай гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа давж заалдах гомдолдоо:

Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй субъект нэхэмжлэл гаргасан байхад анх иргэний хэрэг үүсгэхдээ ч, хэргийг шүүхээр хянан хэлэлцэхдээ ч энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт үйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна'", 83.6 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна" 83.8 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлага нъ төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн дээрх заалтуудад зааснаар бол нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал Phillippe Baudry-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэрэгт байхгүй тул гүйцэтгэх захирал нь зөвхөн компанийн дүрэмд заасан эрх хэмжээний дотор үйл ажиллагаа явуулахаар байна. Компанийн дүрмийн 11.5гүйцэтгэх захиралд ямар бүрэн эрх, үүрэг хэрэгжүүлэхийг нэг бүрчлэн, үгчилэн зааж өгсөн байна. Харин энэхүү дүрэмд гүйцэтгэх захирлыг компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байдаг. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, эсхүл үнэлэхдээ алдаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэсэн заалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 65.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрээ гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгч 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хариуцагчид ажлын тайланг цахим шуудангаар хүргүүлжээ. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч, 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаагүй байна гэж шүүх тайлбарлан дүгнэсэн байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан 102 000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 250 000 000 гаруй төгрөгийн үнийн дүн бүхий гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын тайлан буюу ажлын үр дүнг цахим шуудангаар хариуцагчид хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцоогүй. Харин ч гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь (1) Хөх дэлийн Литийн ордод геологийн хяналтын тайлан болон (2) нөөцийн тооцооллийн тайланг JORC стандартаар бэлтгэy хариуцагчид хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл эдгээр тайлангуудын аль аль нь өнөөдрийн хүртэл хариуцагчид шилжиж ирээгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн гээд байгаа цахим шуудангаар чанарын шаардлага хангаагүй 3 хуудас материал ирсэн бөгөөд бид энэхүү 3 хуудас материалыг 10 000 ам.доллароор хийж гүйцэтгүүлсэн гэж үзэхгүй байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гээд байгаа цахим шуудангаар ирүүлсэн 3 хуудас материалаас өөр олон хуудас бүхий тайлан байгааг хариуцагч нь анх шүүхэд ирүүлсний дараа танилцсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ажлын үр дүнг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй ба хариуцагч шүүхэд ирүүлсэн ажлын тайланг үзсэний улмаас ажлын тайланд ийм ийм алдаанууд гаргасан байна, үүнд шинжээч томилж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр шинжээч дүгнэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гаргасан ноцтой алдаануудыг хүртэл дурьдаж өгсөн байдаг. Шүүх шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийж баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй материал болох 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн цахим шуудангийн хуулбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний 101/ШШ2017/03878 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК нь хариуцагч Алкали метал Монголиа ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 234 207 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ ...нэхэмжлэгч компанийн тайланд манай ордны баялгийг бууруулж гаргасан, миний захиалсан зүйл байгаагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Ар пи эм глобал ХХК болгон оноосон нэрээ өөрчилсөн нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэргээр тогтоогдож байх тул цаашид нэхэмжлэгчийг Ар пи эм глобал ХХК гэж тодорхойлох нь зүйтэй байна. /3хх-ийн 176-188 тал/

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр литиум хайгуулын төсөл-геологийн хяналт ба нөөцийн тооцоолол төслийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК нь геологийн судалгаа хийх, JORC кодоор нөөцийн тооцооллыг гаргаж түүний үр дүнг хариуцагчид танилцуулах, хариуцагч Алкали метал Монголиа ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна. Талууд уг гэрээг бичгээр байгуулж, гарын гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцэж байгаа бөгөөд уг гэрээ нь хүчин хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК нь хариуцагч Алкали метал Монголиа ХХК-иас уг гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Зохигчид ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн асуудлаар маргаж, хариуцагч байгууллага ажлын тайлан гэж 40,50 хуудас шаардлага хангахгүй материал өгсөн, тухайн материалаа и-мэйл хаягаар явуулсан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заасан бөгөөд захиалагч болох Алкали метал Монголиа ХХК нь ажил хүлээж авснаас хойш хуульд заасан хугацаа болох 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байгаа боловч ажлын үр дүнг хүлээж авснаас хойш нэхэмжлэгч Рүнгэ пинкок минарко ХХК-д гомдлын шаардлага гаргаагүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 98 дугаар талд талуудын хооронд хийгдсэн тооцооны баримтын жагсаалт авагдсан байх бөгөөд уг баримтаар хариуцагч Алкали метал Монголиа ХХК-ийн НӨАТ багтсан нийт өр төлбөр 31 914,07 ам.доллар болох талаар тооцоо нийлж, байгууллагуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын нийт төлбөр /НӨАТ багтсан/ 128 700 ам.доллар байснаас хариуцагч байгууллага 96 785,93 ам долларыг төлсөн, үлдэгдэл 31 914,07 ам.долларыг төлөөгүй гэж мэдүүлсэн ба зохигчид уг асуудлаар маргаагүй болно.

 

Гэрээний 6.2-ийн 5 дахь хэсэгт Энэхүү гэрээг гүйцэтгэх үед, эсхүл гэрээг гүйцэтгэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас оногдуулсан бүхий л татвар, хураамж /нэмүү өртгийн албан татвар, орлогын албан татвар зэргийг хязгаарлалтгүйгээр хамруулна/-ийг үйлчилгээг худалдан авагч Алкали метал Монголиа ХХК хариуцан төлөх бөгөөд ингэхдээ үйлчилгээг борлуулагч /RAL/-д энэхүү гэрээнд зааж тохиролцсоноор үйлчилгээтэй холбоотой бүх төлбөр, зардлыг цаг тухайд нь төлж барагдуулсан эсэхийг баталгаажуулна гэж тохирсон, тооцооны баримтын жагсаалтад НӨАТ орсон дүнгээр тооцоо нийлсэн зэргээс үзэхэд талууд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх талууд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тохиролцоогүй тул нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь гэрээний 6.2-ийн 5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд гэрээний В хавсралтын 2-ийн 3 дахь хэсэгт ... төлөгдөөгүй үнийн дүн дээр хуулинд заасан хамгийн өндөр хувь , эсхүл сарын 1,5 хувийн аль бага хувиар хүү тооцож нэмнэ гэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул алданги шаардах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үнийн дүн 117 000 ам.доллараас алдангид нэхэмжилсэн 10 350 ам.долларыг хасч шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Учир нь Иргэний хуульд зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд үндсэн үүргийг хугацаанд нь гүйцэтгэх хариуцлага болдог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн ажлын хөлс буюу гэрээний үнийн дүнгээс алдангийг хасч тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ болох 128 700 ам.доллараас хариуцагч байгууллагын төлсөн 96 785,93 ам.долларыг хасч, үлдэх 31 914,07 ам.долларыг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Алкали метал Монголиа ХХК-иас 31 914 ам.доллар буюу 59 830 133 төгрөгийг /31 914 *1874,73=59 830 133 нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшийн мэдээний лавлагаагаар 1 ам.доллар=1874,73 төгрөг/ гаргуулан нэхэжлэгч Ар пи эм глобал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 404 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батрагчаа нь хэргийн 2 дугаар хавтасны 134-149 дүгээр талд авагдсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологийн албаны ЭБСТ-ийн мэргэжилтэн А.Тамираагийн Хөх дэлийн литийн ордын Геологийн хяналт болон Ашигт малтмалын нөөцийн үнэлгээ тайлангуудад хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/03878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 28 402 159 төгрөг гэснийг ...59 830 133 төгрөг гэж, ...50 832 047 төгрөг гэснийг ...19 404 074 төгрөг гэж,

2 дахь заалтын ...299 960 гэснийг ...457 101 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ар пи эм глобал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 120 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Алкали метал Монголиа ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.МӨНХЗУЛ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО