| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/04152/И |
| Дугаар | 192/ШШ2025/07474 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/07474
2025 09 23 192/ШШ2025/07474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **1 тоотод оршин суух, Б ургийн овогтой Д-ийн Т,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** өөрийн байранд байрлах, Н ХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух, Ө ургийн овогтой Б-ны Б,
Өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,
Хариуцагч Н ХК-ийн төлөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Д.Т нь Н ХК-тай 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, тус компанийн барьж гүйцэтгэж байсан Баянзүрх дуүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрнаас дараах эд хөрөнгүүдийг захиалсан байдаг. Үүнд:
2 давхарт байрлалтай, 41,33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц;
2 давхарт байрлалтай 50,3 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц;
№59 тоот автозогсоол;
№60 тоот автозогсоол.
Ингээд тус компанитай байгуулсан гэрээний нийт үнэ болох 100,000,000 төгрөгийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Барилгын ажлын явцад захиалсан орон сууц, автозогсоолд талууд өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийг үндсэн гэрээнд тэмдэглэж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** тоот 2 өрөө, 28 тоот 2 өрөө орон сууц, мөн №29, №30 тоот автозогсоолуудыг иргэн Д.Т хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Н ХК нь уг барилгын төслөө иргэн Б.Б-ад 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн ба тэрээр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрыг Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд албан ёсоор оруулан, Н ХК-иас иргэн Д.Т-тай хийсэн гэрээ, төлбөр тооцоо дууссан тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Д.Т-т дээрх орон сууцуудыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч оруулсан хэрнээ өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа юм. Иргэн Д.Т-ын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн захиалан бариулсан орон сууц, автозогсоолуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулахаар эрх бүхий байгууллагад хандсан боловч уг барилга нь 20 хувийн гүйцэтгэлтэйгээр бүхэлдээ иргэн Б.Б-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2*******7 дугаарт бүртгэгдсэн байгаа тул иргэн Д.Т-ын өмчлөлд ** тоот болон 28 тоот орон сууцууд, №29, №30 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй гэх хариуг өгсөн байдаг. Харин К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №279 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт маргаан бүхий Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** байр нь банкны зээлийн барьцаанд бүртгэлгүй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн байдаг болно. Гэтэл Б.Б нь **-р байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууц, автозогсоолууд тус бүр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандаад байгаа бөгөөд үүнд иргэн Д.Т-ын эзэмшлийн орон сууц, автозогсоолууд байгаа нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөх үр дагаврыг үүсгээд байна. Ийнхүү Б.Б нь Н ХК-иас тус барилгыг шилжүүлэн авахдаа төлбөр тооцоо бүрэн дууссан захиалагч, худалдан авагч нарын материалуудыг хүлээн авсан, улмаар тухайн айлуудад түлхүүрийг нь хүлээлгэн өгч, орон сууцанд нь оруулсан атлаа иргэдийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарлаж, чирэгдэл учруулсаар өдийг хүрлээ. Иргэдийн зүгээс өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Б.Б-аас шаардахад тэрээр би та нартай гэрээ байгуулаагүй, гэрээ хийсэн Н ХК-иас гаргуулж аарай гэх хариуг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргээ биелүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Н ХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийг Н ХК-иас шаардахаар тус компани тус гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Б.Б-ад шилжүүлэн өгсөн гэдэг бол Б.Б нь иргэдтэй гэрээ хэлцэл байгуулаагүй тул Н ХК-тай учраа ол гэж марган, иргэдийг хохироосоор ирлээ. Эцэст нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана. гэж заасны дагуу хариуцагч Н ХК-ийн оршин байгаа газрын шүүхэд хандаж байгаа болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлагаа дэмжиж байна. Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** тоот 2 өрөө орон сууц, 28 тоот 2 өрөө орон сууц, ** тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Д.Т-ыг тогтоолгох тухай шаардлага байгаа. Иргэн Д.Т нь Н ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалагчийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус компанийн барьж гүйцэтгэж буй Баянзүрх дүүрэг, **-р хороо, ** орон сууц, 2 автозогсоолыг бариулж төлбөрийг бүрэн төлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 орон сууц болон 2 автозогсоолоо Б-аас хүлээж авсан. 10 жилийн хугацаанд удаа дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хариуцагч нарт хандаж шаардлага тавьж, уулзалт хийж байсан. Уг шүүх дээр Д.М шүүгч дээр хянагдсан Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэн Б-ад холбогдох хэрэгт 59-р байрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 59-р байр нь барьцаанд байхгүй гэдэг нь баттай болсон учраас.29 тоот зогсоолыг ** тоот зогсоолыг 15 тоот болгож шинээр дугаарласан байх тул энэ дугаараар шийдвэр гаргаж өгнө үү, хөөн хэлэлцэх хугацааны хувьд нөгөө тал шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг анхаарч өгнө үү гэв.
Хариуцагч Н ХК-ийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өргөө хотхон барилгыг 2007 оноос барьж эхлээд 2009 онд уг барилгыг 20 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг авсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манайх уг байраа иргэн Б гэх хүнд К банкны шаардлагаар шилжүүлж өгсөн. Гэхдээ тухайн барилга ямар байсан бэ гэхээр бариад дуусчихсан, зөвхөн дотоод засал дутуу байсан. Тодруулбал бүрэн дуусчихсан барилгыг дотоод засал хийгээд хүлээлгэж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлээд миний энэ талаар ямар нэг үйлдэл хийх эрх хязгаарлагдмал болсон. Нэгэнт нэхэмжлээд орж ирээд би хүрээд ирсэн учир тайлбар өгөхөөс өөр аргагүй. Би гэрээгээ өгөөд хүмүүс байрандаа ороод 10 жил болсон. Ордер нь яагаад өгөхгүй байгаа вэ гэхээр энэ бол миний хариуцах зүйл биш болоод байгаа юм. Надаас Б авсан, тэгсэн атлаа би Г-оос аваагүй, өгөхгүй гэж байж болохгүй. Үүний эсрэг бүх нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Уг барилгыг Т гэж хүн манай дээр гэрээ хийсэн, 100 хувь төлбөрөө төлсөн. **-р байрыг авсан, одоо ч амьдарч байгаа байх. Яагаад ордерийг гаргаж өгөөгүй вэ гэхээр барилга дутуу байж байгаад улсын комисс авсан. Улсын комисс авчхаад хүмүүст өгөхдөө Б өөрийн нэр дээр ганц хүний өмч гэж авсан. Саяхан уг шүүх дээр байраараа шахуу нэлээн олон хүн зарга хийж, гэрчилгээг нь гарга гэж шийдсэн байгаа. Миний зүгээс энэ хүмүүст ордер гаргаж өгөх тал дээр дэмжиж байна. Манай зүгээс хийх ажлаа хийсэн. Хариуцагчаар татсаны хувьд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б бүх зүйлийг авсан, эдний талд байрны ордерыг гаргаж өгөхийг Б-ад даалгаж өгнө үү. Надад даалгалаа гэхэд би гаргаж өгөх ямар ч эрх зүйн үндэсгүй болчихоод байгаа юм. Тухайн үед хүмүүс хэдэн төгрөгийн тооцоотой байсан гэх тодорхойлолт л гаргаж өгнө. Үүнээс илүү гаргаж өгөх зүйл байхгүй. Байрыг 2015 оны 11 дүгээр сард Бишрэлт пропертийз дуудаад оруулсан гэж хэлж байна. Юун дээр үндэслэсэн бэ гэхээр манайхтай байгуулсан гэрээнд үндэслэж оруулсан байна. Мнайх байраа бариад хүмүүс нь орчихсон байгаа гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2013.10.20-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүрэг, ** байр, 6 давхар, өргөө хотхон, ** тоотыг хүлээлгэж өгсөн баримт, план зураг, Н ХК-ийн 2018.12.10-ны өдрийн төлбөр тооцоо дууссан тодорхойлолт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.19-ний өдрийн 102/ШЗ2024/12696 дугаартай захирамж, К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023.03.28-ны өдрийн 279 дугаартай албан бичиг, Т СӨХ-ны 2023.06.19-ний өдрийн 23/08 дугаартай албан бичиг, Д ХХК-ийн 2023.06.12-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолт, Г.Э, Б.Г нарын дансны дэлгэрэнгүй тайлан, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.11.14-ний өдрийн 30к1-3/8373 дугаартай албан бичиг, Ө хотхон-ы Б блок орон сууцны барилгын техникийн баримт бичиг /ХХ80-108/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /6ХХ141-154/, Т СӨХ-ны 2025.04.24-ний өдрийн 25/03 дугаартай албан бичиг, н.Г-ийн 0***0 дугаартай хэрэглэгчийн баримт, Б.Г-ийн дансны дэлгэрэнгүй тайлан, Т СӨХ-ны 2025.04.24-ний өдрийн 25/03 дугаартай албан бичиг, Д.Т-ын 04***8 дугаартай хэрэглэгчийн баримт, Г.Э-ын дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, Б.Б-аас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2***7 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байрны хувийн хэргийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Б-ад холбогдох иргэний хэргээс 2024 оны 07 сарын 30-ны өдрийн гэрч Н.Б-ийн мэдүүлэг зэргийг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Д.Т нь Н ХК-тай 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, тус компанийн барьж гүйцэтгэж байсан Баянзүрх дуүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрнаас 2 давхарт байрлалтай, 41,33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 2 давхарт байрлалтай 50,3 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц, №59 тоот автозогсоол, №60 тоот автозогсоолыг тус тус захиалсан. Ингээд тус компанитай байгуулсан гэрээний нийт үнэ болох 100,000,000 төгрөгийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эдгээр хөрөнгөнүүдийг иргэн Д.Т хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл Б.Б нь Н ХК-иас тус барилгыг шилжүүлэн авахдаа төлбөр тооцоо бүрэн дууссан захиалагч, худалдан авагч нарын материалуудыг хүлээн авсан, улмаар тухайн айлуудад түлхүүрийг нь хүлээлгэн өгч, орон сууцанд нь оруулсан атлаа иргэдийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарлаж, чирэгдэл учруулсаар өдийг хүрлээ, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар байдлаар үгүйсгэдэг. Үүнд: Н ХК нь маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Бэлэглэлийн гэрээний дагуу Б.Б-ад шилжүүлсэн бөгөөд Б.Б нь дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг К банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан ба ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах үед Б.Б-ын зүгээс ямар ч орон сууцыг бусдад худалдан борлуулаагүй, бусадтай орон сууц худалдах-худалдан авах эрх зүйн харилцаанд ороогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг боловч хариуцагч биш талаар маргадаг. Үүнд: ...Уг барилгыг Т гэж хүн манай дээр гэрээ хийсэн, 100 хувь төлбөрөө төлсөн. 59-р байрыг авсан, одоо ч амьдарч байгаа байх. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манайх уг байраа иргэн Б гэх хүнд К банкны шаардлагаар шилжүүлж өгсөн. Гэхдээ тухайн барилга ямар байсан бэ гэхээр бариад дуусчихсан, зөвхөн дотоод засал дутуу байсан. Тодруулбал бүрэн дуусчихсан барилгыг дотоод засал хийгээд хүлээлгэж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлээд миний энэ талаар ямар нэг үйлдэл хийх эрх хязгаарлагдмал болсон... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Т болон Н ХК нар нь 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тус гэрээгээр Баянзүрх дүүргийн ** дугаар хороолол ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Ө хотхон орон сууцны барилгын Б блокод 2 давхарт 41,33 м кв болон 50,3 м кв талбай бүхий орон сууцыг, мөн 59, 60 тоот автозогсоолын хамт 100,000,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцжээ. Улмаар гэрээний үнэ 100,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн талаар хариуцагч Н ХК-н 2018-12-10 ний өдөр иргэн Д.Т-т илгээсэн албан бичигт ...Д.Т нь тус гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба үлдэгдэл төлбөрийн тооцоогүй болохыг тодорхойлж байна .. гэсэн байх ба ** дүгээр байрны **6 тоот , ** тоот орон сууц, мөн 29,30 тоот автозогсоолуудыг / байршил өөрчлөгдсөн/ 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Д.Т-т хүлээлгэн өгснийг дурдаж, энэхүү нөхцөл байдал нь 1 дүгээр хавтаст хэргийн ** дүгээр талд авагдсан орон сууц, автозогсоолыг хүлээлцсэн 2015-11-02 ны өдрийн актаар тогтоогдоно. Уг актад хүлээлгэн өгсөн гэх хэсэгт реалтор А, хүлээн авсан гэх хэсэгт Д.Д нар гарын үсэг зурсан байхаас гадна актын баруун доод буланд Б 8****45 гэх дугаар тэмдэглэсэн байна.
2015 оноос хойш захиалгын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг нэхэмжлэгч Д.Т эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгаан, байрны төлбөрийг төлж байсан баримтуудаар давхар нотлогдож байна.
Маргаж буй орон сууц бүхэлдээ буюу Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байр нь 650,5 м кв 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь Н ХК-н өмчлөлд бүртгэгдэж 2008-03-04 ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч байжээ. / 1 дүгээр хавтас 168 дах тал/
2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Н ХК нь иргэн Б.Б-ад тус үл хөдлөх эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгт үнэлж, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. / 2 дугаар хавтас 88 дах тал/ Шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд мөн хавтаст хэргийн 89 дах талд Н ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2014-10-257 ний өдрийн хурлын тогтоолд дурдсанаар: тус хуулийн этгээд нь ОХУ-н Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан Б ХХК-д 13 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцон маргаан бүхий орон сууцны хороололыг холбогдох газрын хамт шилжүүлэхээр болсон байна.
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байр 650,5 м кв 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ хариуцагч Б.Б дээр шилжиж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гарсан / 2 дугаар хавтас 131 дах тал/ байна. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин дээрх байдлаар шинээр гэрчилгээ гарсан байхаас гадна 3 хоногийн дараа буюу 2023-12-04 ний өдөр Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байр 2926 м кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б нь 00***5 дугаартай гэрчилгээ авчээ. /5 дугаар хавтас 50 дах тал/. Энэхүү хөрөнгөд Д.Т болон Н ХК-н хүсэлтээр байрны өмчлөгчид өөрчлөлт оруулахгүй байхаар урьдчилсан тэмдэглэгээ улсын бүртгэлд хийгдсэн байна.
4 дүгээр хавтасны 67 дах талд Н ХК-аас орон сууц худалдаж авсан айлуудын жагсаалтын 1 дэх дугаарлалтад Д.Т бичигдсэн байх ба энэхүү баримт нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хадгалагдаж байсан болно. / 6 дугаар хавтас 135 дах тал/.
Маргаан бүхий барилга анх 2007-10-10 ны өдрөөс баригдаж эхэлсэн байх ба 6 дугаар хавтаст Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхэлдээ нотлох баримтаар авагдсан байх ба хамгийн сүүлийн өдөр 2014-11-14 гэж тэмдэглэгдсэн, тухайн өдөр Узелийн өрөөний шалыг плитадаж байна.Цахилгаан монтаж хийгдэж байна гэсэн байна. 1 дүгээр хавтасны 80 дах талаас эхлэн Ө хотхоны Б блокны техникийн баримт бичиг авагдсан ба Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн Ерөнхий газрын Googlr Earth pro программаас гарсан 2007, 2009, 2010, 2011, 2013 онуудын зураг хавсралтаар байх ба барилга гаднаасаа бүрэн боссон байдалтай байна. Энэхүү байдал нь 2 дугаар хавтасны 98 дах талд авагдсан Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сургуулийн 2012-11-05 ны өдрийн Төмөр бетон бүтээцийн бат бэхийг шалгасан тухай дүгнэлтээр давхар тогтоогдоно. Уг хавтасны 104 дүгээр талд тус барилгын үлдэгдэл ажилд орох төсвийн тооцоог Н ХК тооцоолсон баримт авагдсан байх ба нийт 658,755,143 төгрөгийн үлдэгдэл ажил байгаа талаар дурджээ.
5. Нэхэмжлэгч Д.Т тус орон сууцыг бодитойгоор ашиглаж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа шалтгаанаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан ба нэг хариуцагч болох Н ХК нь түүнийг өмчлөгч мөн гэж үзэх боловч одоо тухайн барилга Б.Б-нх, 2014 онд шилжүүлээд өгчихсөн гэж тайлбардаг бол нөгөө хариуцагч Б.Б нь ...би нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, би барилгыг өөрөө дуусгаж гүйцээн барьсан гэх агуулгаар нь.. шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй ...орон сууцыг автозогсоолын хамт нийт 100,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцжээ. Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн, гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг ба худалдах худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө,... байх ба тэрхүү хөрөнгө нь ирээдүйд худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох хөрөнгө байдаг. Тодруулбал нэг талаас сууц сонгон өмчлөхийг зорьсон иргэн, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүссэн харилцаа нь ирээдүйд бий болох хөрөнгийг өмчлөх зорилго бүхий худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч Н ХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Учир нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.
Түүнчлэн хариуцагч Н ХК нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Д.Т-ыг Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байрны ** тоот 2 өрөө, ** тоот 2 өрөө орон сууцнуудын, мөн 14 болон 15 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улмаар Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байрыг бүхэлд нь хариуцагч Б.Б нь өмчилж байх ба тухайн барилгын 06 тоот 2 өрөө, ** тоот 2 өрөө орон сууцнууд, мөн 14 болон 15 тоот авто зогсоолууд нь иргэн Д.Т-ын өмч болохыг шүүх тогтоосон болно. Тодруулбал тэрээр нэр дурдсан дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Н ХК -тэй байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу олж авсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд бэлэглэлийн гэрээний нэг тал болох Н ХК нь анх барилгыг түүнд шилжүүлэн өгөхдөө нэр бүхий захиалагч нарын нэрсийг хүлээлгэн өгч байсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь тэдгээр захиалгын гэрээнүүдийн захиалгын үнийг талууд тооцооноос хасаж, улмаар үлдэх айлуудын буюу тоотуудын төлбөрийг Б.Б нь авах эрхийг үүсгэх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хөрөнгөнүүдийг өмчлөх эрхгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл учраас бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд шүүх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгч буцаан тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-ыг Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дугаар хороолол -2 Энхтайвны өргөн чөлөө ** дүгээр байрыг бүхэлд нь хариуцагч Б.Б нь өмчилж байх ба тухайн барилгын ** тоот 2 өрөө, ** тоот 2 өрөө орон сууцнууд, мөн 14 болон 15 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын 728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХК-аас 364,075 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас 364,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ