Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 96

 

2018 оны  5 сарын 21 өдөр               2018/ШЦТ/96                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0112/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга А.Уламбаяр

Улсын яллагч Я.Сансар

Шүүгдэгч Э.Г  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох 1839001900098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, “Худагт” гэх газар нутаглах Э.Г-д  /РД: СЮ86022877/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г  нь 2018 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг “Худагтын овоотын ар” гэх газар нутаглаж байхдаа хонинд нь нийлсэн байсан иргэн П.Өлзийхишигийн 39 тооны алдуул бог малыг завшиж 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд: 

Хохирогч З.Өлзийхишигийн: “...Манайх Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, “Улаан эрэг” гэх газар хаварждаг. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хонио бүртгээд 3 дугаар сарын 21-ний орчимд бүртгэхэд 39 тооны бог мал дутсан. Тэгээд тарсан байх гэж бодоод ойр хавийн айлуудаар хайж явсаар өдийг хүрсэн. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манайхаас зүүн хойшоо “Худагтын эх” гэх газар нутаглаж байгаа Гээгээ гэх залуугийн хонинд манай хонь явж байхыг таниад очиж уулзаад, сайн үзтэл бүх имийг нь өөрчилсөн байсан. Тэгээд манай хонь байна гэхэд нэг бол ууланд тасарчихсан явсан гээд, нэг бол манай хонинд нийлсэн байсан гэх зэргээр зөрүүтэй худал ярьсан. Тэгээд хонио нэг бүрчлэн ялгаж авахад манай 26 хонь байсан. Түүний 14 нь хургалчихсан, одоо 13 хонь дутаад байгаа тул намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

Гэрч Э.Г ын мэдүүлэгт: “...3 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд танихгүй хонь байсан. Г оос асуухад “Хадат” гэх газар 30 орчим хонь манай хоньтой нийлсэн байхаар нь туугаад ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/

Гэрч Б.Чогсомжавын мэдүүлэгт: “...3 дугаар сарын 12, 13-ны орчимд гэртээ очиход Гээгээ манай хонинд хэдэн хонь ирж нийлсэн гэж хэлж байсан. Гэхлээ ямар нэг тоо бол хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Э.Г ын гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын дундуур санагдаж байна, манайх өвөлжөөндөө буюу Мөрөн сумын 2 дугаар баг, “Худагтын овоотын ар” гэх газар нутаглаж байхад манай хонинд 26 тооны хонь нийлсэн байсан. Тэгээд удалгүй хаваржаандаа нүүж ирсэн бөгөөд 4 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд уг хонийг хүн сураглаж ирэхгүй байсан учраас имийг нь өөрчилсөн. Тэгтэл 4 дүгээр сарын 11-ний өдөр манай багийн Өлзийхишиг хонь сураглаж ирээд манай хонь байна гэхээр нь манайд нийлж ирсэн ав гэж хэлсэн... Миний хувьд эзэн нь олдохгүй бол авна гэж бодоод имийг нь өөрчилсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид ийм зүйл хийхгүй сайхан амьдарна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/ зэрэг болно. 

 

Э.Г  нь 2018 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг “Худагтын овоотын ар” гэх газар нутаглаж байхдаа хонинд нь нийлсэн байсан иргэн П.Өлзийхишигийн 39 тооны алдуул бог малыг завшиж 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Э.Г ын гэрч, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Э.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд Э.Г-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Өлзийхишиг нь шүүгдэгч Э.Г оос 13 тооны хонь нэхэмжилж байгаа бөгөөд Үнэлгээний комиссын үнэлгээгээр хонь тус бүрийг 80.000 төгрөгөөр үнэлсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 13 тооны хонины хохиролд 1.040.000 төгрөг хохирогчид төлөхийг шүүгдэгч Э.Г  нь хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Г-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г  нь түүнд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 дугаар сарын 01-ний дотор 300.000 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 300.000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 300.000 төгрөг гэж хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г  нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Г оос 1.040.000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Өлзийхишигт олгосугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА