Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

*******од холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Галтогтох

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2421000000444 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1995 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/.

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 7 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг "Завсарын нуур" гэх газарт нутаглах гэртээ хохирогч *******тай маргалдан түүнийг хутгалан нуруунд нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндэд учирсан хохиролд 1485,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3300,000 төгрөг, нийт 4,785,000 төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг ******* ******* гэх газарт  оршин суух ******* /РД: *******/-т олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс ... шүүгдэгч *******оос эрүүл мэндэд учирсан хохиролд 1 485 000 төгрөгийг гаргуулж *******т олгох нь зүйтэй.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Хохирогч ******* нь шүүх хуралдааны явцад *******оос бензин шатахууны зардалд 283 300 төгрөг, эм тарианы зардалд 130 830 төгрөг, мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд 910 000 төгрөг, гоо сайхан, бие махбодийг эрүүл байлгах үйлчилгээний зардалд 126 000 төгрөг, нийт 1 485 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүгдийг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон *******оос гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс дараах зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд 910 000 төгрөг. *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учирсан. Гэтэл дээрх эмнэлэгт хэвтсэн шалтгаанаа хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “нурууны үе дарагдсан” гэж тайлбарладаг. Иймээс эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэхгүй байна.

2.Бензин, шатахууны зардалд 283 300 төгрөг. Энэ нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохирол биш тул иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж хохирогчид олгох хохирлын хэмжээнээс 1 193 300 төгрөгийг хасаж өгнө үү.

3. Шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 3 300 000 төгрөгийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр 2 дугаар зэрэглэлээр тогтоосон болохыг мөрдөгч танилцуулаагүй, шүүгдэгчийн хувьд хэддүгээр зэрэглэлээр тогтоосон болохыг мэдээгүй байхад нь шүүх мөрдөгчийн танилцуулсан маягтаар нөхөн төлбөрийг тооцсон байгааг анхаарч үзнэ үү. ” гэв.

6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* анхан шатны шүүх хуралдаанд нурууны суултын улмаас нуруугаа эмчлүүлсэн гэж хэлсэн. Гэтэл бид түүний нурууг гэмтээхээр дээр доороо орж зодолдоогүй, ******* миний дээр гарч намайг боож унагасан учраас би гарт дайралдсанаа авсан. Энэ нь хутга байж таарсан. Тиймээс миний үйлдэлтэй холбоогүй гэж үзэж байна. Мөн мөрдөгч надад сэтгэцэд учирсан хор уршиг гэсэн баримт огт танилцуулаагүй, би энэ талаар мэдээгүй учраас гомдол гаргаагүй. ...” гэв.

7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******од холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсныг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирлын хэмжээ маргаантай гэж тайлбар гаргаж байна. Эрүүгийн хуульд хохирол хор учралын талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Хохирогчийн хувьд хохирлын баримтуудаа бүрэн гаргаж өгсөн. Хохирол болоод хор уршигт тохирсон хохирлыг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс холбогдолтой гэж үзээд шийдвэрлэснийг дэмжиж байна. Мөн дараагийн дугаарт сэтгэцэд учирсан хохирлын асуудлын талаар тайлбар тавьж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “Завсарын нуур” гэх газарт нутаглах гэртээ хохирогч *******тай  маргалдан, түүний нуруун тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх 58-60, 110/, хохирогчийн мэдүүлэг /хх 21-23 , 111-112/, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Н.Гомбоцэндийн мэдүүлэг /хх 33-35/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн ахлах шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 559 тоот дүгнэлт /хх 49-50/, Яаралтай тусламжийн хуудас /хх 51/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүгдэгч *******ын хохирогч *******ын нуруун тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нь давж заалдах журмаар “ ... хохирогчийн нэхэмжилсэн мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 910 000 төгрөгийн зардал болон бензин шатахууны 283 300 төгрөгийн зардлууд нь тус тус үндэслэлгүй байна, Нурууны суулт буюу үе дарагдсан гэх шалтгаанаар мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн нь шүүгдэгч *******ын буруутай үйл ажиллагаанаас болоогүй, бензин шатахууны зардал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан шууд хохирол биш байна....” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...  Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг шүүгдэгчид танилцуулаагүй, шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй байхад мөрдөгчийн танилцуулсан маягтаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, иргэний журмаар жич нэхэмжлэхээр зааж өгнө үү.” гэжээ.

8. Анхан шатны шүүхээс хохирогчийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн эмчилгээний болон замын зардлын баримтуудыг шинжлэн судалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар хохирогч *******т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1 485 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 3 300 000 төгрөг буюу нийт 4 785 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд, ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн ахлах шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 559 тоот дүгнэлтээр /хх 49-50/ хохирогч *******ын эрүүл мэндэд “нурууны үе дарагдсан” талаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн “Маршал мед” рентген оношлогооны эмнэлэгт 2024 оны 10 сарын 21-ний өдөр үзүүлсэн рентген зургаар бүсэлхий нугалмын их биед ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан талаар тусгаагүй байна. 

Иймд хохирогчийн биед үүссэн нурууны үе дарагдсан гэх байдал нь шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирол, хор уршгийг арилгахад чиглэсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд гарсан зардал 910 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1 485 000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй бөгөөд хохирогчийн уг зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шархыг өдөр бүр боолгохоор өөрийн амьдардаг Чойбалсан сумаас аймгийн төв хүртэл хувийн автомашинаар ирж очиход бензин шатахуун хийх, үүнд тодорхой хэмжээний зардал гаргах нь нийгэмд нэгэнт тогтсон ойлголт бөгөөд бензин шатахуунд зарцуулсан гэх 283 300 төгрөгийг хохирогчид учирсан гэм хорын хохирлоос хасч тооцох боломжгүй тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй. 

10. Хэргийн материалаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон маягтыг хохирогчид танилцуулж, гарын үсэг зуруулан /хх 67/ хэрэгт хавсаргасан боловч шүүгдэгчид уг маягтыг танилцуулаагүй /хх 68 / байх ба уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан, гарын үсэг зуруулах ажиллагааг явуулаагүй, шүүх энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулаагүй байна.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь  хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилготой бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч мөн адил уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, хэн алин маргаагүй тохиолдолд шүүх тухайн гэмт хэрэг нь хүснэгтийн аль зэрэглэлд багтсанаас хамаарч, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хувиар өсгөн нэмэгдүүлэх замаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоон шүүгдэгчээс гаргуулах нь хууль болон журамд нийцэх юм.

Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч дээрх ажиллагааг явуулаагүй, мөн шүүгдэгч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 3 300 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтаас энэ хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

11. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “4. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 575 000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух ******* /РД: *******/-т олгож, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 910 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг тус тус холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.ЭРДЭНЭЗУУ

          ШҮҮГЧИД                                                                  С.ГАНЧИМЭГ                                                                                                                     Г.УРТНАСАН