Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01708

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК -ийн хариуцагч Х ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол, доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал, олох ёстой байсан ашиг, өмгөөлөгчийн зардал нийт 107 437 773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 22-ны өдрийн зөгийн байрны дотор халаалт, цэвэр усны засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 05 сарын 27-ны өдрийн зөгийн балын үйлдвэрийн халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах зөгийн бал савлагааны үйлдвэрийн дотор сантехникийн засварын ажлыг гүйцэтгэсэн. Талууд 2019 оны 09 сарын 22-ны өдөр дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2019 оны 09 сарын 23-ны өдөр дотор халаалтын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт гэх нэртэй баримтаар ажлын явцыг баталгаажуулж, 2019 оны 10 сарын 23-ны өдөр ажлыг бодитоор хүлээлцсэн. Нам даралтын зуухыг галласнаар ажил хүлээлцсэн боловч 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 10 цагийн үед нөөцийн сав задарч, их хэмжээний тосол асгарсан байдалтай байсан. Тэр даруй хариуцагчтай холбогдсоны дагуу инженер С.Нэмэхбаяр үйлдвэр дээр ирж насос ажиллахгүй байгаа тул засварлах эсхүл солиул гэж зөвлөсний дагуу Улан-үдэ хот руу очиж үзүүлэхэд үйлдвэрлэгчийн дүгнэлтээр аливаа доголдолгүй болох нь тогтоогдсон.

Улмаар гүйцэтгэгч гэрээт ажлын доголдлыг нэн даруй засварлаж хэвийн байдалд оруулах үүргээ хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн байгууллага Кингсий инженер энд констракшн ХХК-аар газар дээр нь судалгаа хийлгэж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахад шаардлагатай ажил, зөвлөгөөг тодруулах зорилгоор дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүдэд халаалтын шугам хоолой болон халаалтын тогоог сольж шинэчилсэн боловч халахгүй байгаа шалтгааныг жагсааснаас харвал гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үндсэн үүргүүдээ ноцтой зөрчиж биет байдлын доголдолтой ажил нийлүүлсэн болох нь илэрхий болсон. Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг үйл ажиллагааны чанар, гэрээнүүдээр хүлээсэн үндсэн үүргүүдийг шударгаар гүйцэтгэнэ гэх итгэлд үндэслэж ажил гүйцэтгүүлж, холбоотой зардлуудыг гаргасан. Учир нь, гүйцэтгэгч ажлын доголдлыг хүлээн зөвшөөрөөгүйгээс нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоох нь үр дүнд хүрэхгүй, үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссоны улмаас хүлээх хохирол нэмэгдэх байсан.

Иймд гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, ажлын доголдлын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 107 437 773 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд, 2019 оны 04 сарын 22-ны өдрийн гэрээний төлбөр 17 482 850 төгрөг, 2019 оны 05 сарын 27-ны өдрийн гэрээний төлбөр 4 170 100 төгрөг, Улан-Үдэ хотод насосын дүгнэлт гаргуулсан зардал 533 674 төгрөг, Кингсий инженер энд констракшн ХХК-аар дүгнэлт гаргуулсан зардал 1 500 000 төгрөг, шинэчлэн засварлуулахтай холбоотой зардал 13 424 391 төгрөг, Эм энд Пи и Эс ХХК-ийн ажлын хөлс 12 800 000 төгрөг, өмгөөллийн ажлын хөлс 3 500 000 төгрөг, олох байсан орлогод үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон 2019 оны 11 сарын 14 112 484 төгрөг, 2019 оны 12 сарын 39 914 273 төгрөг, нийт 107 437 773 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: М ХХК -аас Х ХХК -д хуучин сантехникийн шугам хоолойг шинэчлэн засварлуулах санал гаргасны дагуу 2019 оны 04 сарын 22-ны өдрийн гэрээг байгуулж, ажлыг гүйцэтгэсэн. 2019 оны 05 сарын 27-ны өдрийн гэрээгээр цэвэр усны шугам хийх байсан. Захиалагчийн зүгээс уг ажлыг хийж байгаа тул өөрсдийн ОХУ-аас авч ирсэн зуухны холболтыг хийгээд өг гэснийх нь зуухны холболтын ажлыг хийж гэрээний төсвийн задаргаанд зуух угсралт гэсэн төлбөр оруулсан. Халаалт эхэлдэг тул намар халаалтын системийг дахин шалгаад зуухыг галлахад систем нь эргэж халсан. Нийт 24 ширхэг паар угсарсан. М.Барсаагийн мэдүүлэг, тайлбараар эцсийн цэг халж эхэлсэн гэсэн, энэ нь 23 халаах хэрэгслийг халаагаад эцсийн цэг халж, систем өөрөө ажиллаж эхэлсэн гэсэн үг. Тухайн өдөр 7-22 цаг хүртэл ажиглаад шөнийн галлагааг мэргэжлийн хүнээр хийлгээрэй гээд хүлээлгэж өгснөөр хот руу буцсан. Үүнийг М.Барсаа нотолно. Маргааш нь М ХХК -аас тосол асгарчихлаа гэсэн учраас талууд байлцаж онош гаргасан. Халаалтын системийг эргүүлэх гол хүчин зүйл болох насос эргэхгүй бол зууханд хэт халалт үүсээд аль нэг газраар тос тургих магадлалтай учир М ХХК -ийн инженерүүдийг байлцуулаад бөглөрсөн эсэхийг үзэхэд насост даралт гаргахгүй байсан. Ингээд орон нутгийн мэргэжлийн байгууллагын 2 хүнээр үзүүлэхэд насос даралт гаргахгүй байна, насосоо солих юм уу, ямар нэгэн байдлаар арга хэмжээ аваарай гэсэн. Захиалагч буюу нэхэмжлэгчийн зүгээс насос баталгаат хугацаатай учир авсан газраар шалгуулъя гээд манай зүгээс шалгуулаад зүгээр байвал угсраад дахиад ажиллуулаад үзье гэж тохирсон.

Үүнээс хойш сураггүй болсон, холбогдох гэсэн боловч чадаагүй. Гэтэл гэнэт Кингсий инженер энд констракшн ХХК-ийн дүгнэлт ирүүлсэн. Үүнд нь хийсэн ажлаасаа татгалзахгүй, тоног төхөөрөмж хариуцахгүй учраас бидний буруу биш гэсэн хариу илгээсэн. Хэрэгт авагдсан насос шалгасан гэсэн дүгнэлтийг бидэнд үзүүлээгүй. Энэ дүгнэлтүүдэд тухайн системд тосол асгарлаа гэх зүйл байгаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК -аас 18 624 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 88 813 173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695 138 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 251 073 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, хариуцагчийн үүргийн зөрчлийн талаар хууль зүйн болон үйл баримтын үндэслэлтэй дүгнэлтүүд хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Х ХХК -ийн ажилд ашигласан материалаас дахин ашиглаагүй материалын зардал 17 482 850 төгрөгт холбогдох хэсгийг нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Хариуцагч талуудын хооронд байгуулсан 2 гэрээний дагуу ажлыг нийт 38 626 390 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж, 3 жилийн баталгаат хугацааны барьцаа 500 000 төгрөгөөс бусад 38 126 390 төгрөгийг хүлээн авсан. Нэхэмжлэгч ажлын доголдлыг Эм Энд Пи И Эс ХХК-аар арилгуулж, ажлыг дахин гүйцэтгүүлэхдээ хариуцагчийн төсөвт өртөгт багтсан материалаас ашиглах боломжтой материалыг ажилд эргүүлэн ашигласан. Харин нийт 21 652 950 төгрөгийн материал чанарын шаардлага хангахгүй, анхнаасаа хэт хямд материал байснаас хагарч, эвдрэх зэргээр дахин ашиглах боломжгүй болсон, мөн хэмжээ /диаметр/ таарахгүй нь тогтоогдсон тул нийт төсөвт өртөг /ажлын хөлс/-өөс доголдлыг арилгаж, ажлыг дахин гүйцэтгэхэд ашиглагдаагүй буюу үйлдвэрт угсрагдаж, хөрөнгө болж үлдээгүй материалын зардал 21 652 950 төгрөг нь нэхэмжлэгчийн шууд хохирол болсон. Тиймээс, тус хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт талууд гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх хуулийн үр дагаврын зохицуулалтад нийцнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын үндэслэлээ нотлох зорилгоор гаргасан хэргийн 141-142 дахь талд авагдсан жагсаалтыг шүүх үндэслэх боломжгүй гэсэн нь хуульд нийцэхгүй. Тодруулбал, 2019 оны 04 сарын 22-ны өдрийн гэрээний хавсралтад тусгагдсан 1 123 500 төгрөгийн ган хоолой ф50, 108 000 төгрөгийн ган хоолой ф20, 56 000 төгрөгийн отфод ф50, 156 000 төгрөгийн тройник ф50*20, 400 000 төгрөгийн бөмбөлөг хаалт ф20, 1 400 000 төгрөгийн 160 литрийн бойлер, 2 750 000 төгрөгийн ахуйн тосол, ажлын хөлс 5 500 000 төгрөг, тээвэр 1 400 000 төгрөг, ашиг 3 000 000 төгрөг, 10 хувийн нөат 1 589 350 төгрөг, нийт 17 482 350 төгрөгийг хэргийн 1 дүгээр хавтас 46-47, 52-67, 71-86 дахь талд авагдсан баримтуудаар нотолсон. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 4 170 100 төгрөгийг хангаж, 17 482 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар хууль хэрэглэж, ямар үйл баримтыг ямар байдлаар ялгамжтай дүгнэсэн нь ойлгомжгүй. Нөгөөтээгүүр, шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэйг дүгнэсэн атлаа ажлын доголдлыг арилгасан зардал болон хохирлын хэмжээг үнэлэхдээ хуулийн үр дагаврыг буруу тодорхойлж, мөн нэхэмжлэгчийн шударгаар хуваарилсан зардал /ажлын доголдлыг арилгаж, ажлыг дахин гүйцэтгэхэд ашиглагдаагүй материалын зардал/-ыг зөвхөн санхүүгийн тамга бүхий жагсаалтаар нотолсон мэтээр ташаа тайлбарлаж, шаардлагын үндэслэлийг нотолсон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

Мөн Улан-Үдэ хотод насосын дүгнэлт гаргуулсан 533 674.35 төгрөгийн зардал нь хариуцагчийн үүргийн зөрчлийн үр дагаврыг арилгах хүрээнд, түүний буруу зөвлөгөөний дагуу үүссэн. Гэтэл шүүх хэргийн 1 дүгээр хавтас 129 дэх талд авагдсан 2019 оны 10 сарын 27-ны өдрийн гүйлгээний мэдээллийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэхдээ хэргийн 1 дүгээр хавтаст 138-140 дэх талуудад авагдсан Э.Цолмон, Д.Оч-Эрдэнэ, Б.Билгүүн нарын ажилтнуудын гадаад паспортод Алтанбулаг боомтоор 2019 оны 10 сарын 27-ны өдөр гарч 2019 оны 10 сарын 28-ны өдөр орсон нотлох баримттай бодитойгоор харьцуулах замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Учир нь, хариуцагч өөрийн ажлын үр дүнг доголдолгүй, зөвхөн нэхэмжлэгчийн насосын доголдлоос шалтгаалсан гэж, насосыг засварлуулаад ирэхийг зөвлөсөн нь талуудын тайлбараар нотлогдож, нэхэмжлэгч зөвлөгөөний дагуу Улан-Үдэ явсан, ирсэн асуудлаар талууд маргаагүй, тийнхүү ирсэн, явсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байхад шүүх тээврийн зардал гарсныг няцаах баримтгүйгээр үгүйсгэсэн. Буриад улсад хоол, шуудан холбоо, оношилгоо дүгнэлт гаргуулахад төлсөн зардлыг нотлох хэргийн 1 дүгээр хавтас, 130-131 дэх талд авагдсан баримт тус бүрд байгууллага, зардлын утга, огноо байх бөгөөд тэдгээрт хийсэн баталгаат орчуулга мөн хавтасны 132-137 дахь талуудад авагдсан, мөн дээр дурдсан ажилтнуудын баримтын огноотой давхацдаг. Гүйцэтгэгч гэрээт ажлын доголдлыг нэн даруй засварлаж хэвийн байдалд оруулах үүргээ хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн байгууллага болох Кингсий инженер энд констракшн ХХК-аар газар дээр нь үзлэг, судалгаа хийлгэж, доголдол үүссэн шалтгаан тогтоолгох, хэвийн ажиллуулахад хийгдэх ажлыг тодорхойлуулах зорилгоор дүгнэлт гаргуулсан. Хариуцагчийн тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн халаалтын шугам хоолой болон халаалтын тогоог сольж шинэчилсэн ажлын доголдлыг илрүүлэх, завсарлахад тусгай мэдлэг шаардах тул дүгнэлт гаргуулсны нийт төлбөр 1 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар компанийн шууд хохиролд тооцон нэхэмжилж, холбогдох гүйлгээг дансны хуулгаар нотолсон. Гэтэл шүүх хэргийн 117 дахь талд авагдсан баримтыг дурдаж 750 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг баримтаар нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Тодруулбал, М ХХК -ийн Голомт банк ХХК дахь 1605105153 тоот төгрөгийн дансны хуулгаар 2019 оны 10 сарын 31-ний өдөр 750 000 төгрөгийн зарлагын гүйлгээ ХЯНАЛТ ТӨЛБӨР, БААСАНХҮҮ, ХААН ТӨВ БАНК гэх утгаар, 2019 оны 11 сарын 04-ний өдөр 750 000 төгрөгийн зарлагын гүйлгээ DUGNELT, БААСАНХҮҮ, ХААН ТӨВ БАНК гэх утгаар гарсан нь нотлогдох бөгөөд гүйлгээний утгад дурдагдах н.Баасанхүү нь Кингсий инженер энд констракшн ХХК-ийн захирал болох нь хэргийн 1 дүгээр хавтас, 47, 48 дахь талд авагдсан тус компанийн Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгүүдийг баталгаажуулж гарын үсэг зурсан, мөн дүгнэлтүүдэд ... ажиллагааг хэвийн болгох талаар судалгаа хийж инженер Б.Баяр-Эрдэнэ, Л.Баасанхүү нар уг зөвлөмж дүгнэлтийг хүргүүлж байна гэж дурдсан үйл баримтаар нотлогддог. Эдгээр гүйлгээг хариуцагч үгүйсгээгүй, талууд тус асуудлаар маргаагүй байхад шүүх аль нэг гүйлгээг нотлох баримтаар үнэлж, нөгөөг нь орхигдуулсан байна. Тус алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Шинэчлэн засварлуулахтай холбоотой 13 424 391.80 төгрөгөөс 6 119 891.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Эм Энд Пи И Эс ХХК-аар ажлын доголдлыг арилгуулж, дахин гүйцэтгүүлэхэд материалын зардалд 9 096 500 төгрөг, үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбоотой буюу ажил хүлээлцэхэд гарсан зардал 4 327 091.80 төгрөг, нийт 13 424 391.80 төгрөгийн зардлыг санхүүгийн анхан шатны баримтаар нотлон нэхэмжилсэн. Тодруулбал, хэргийн 1 дүгээр хавтас 123 дахь талд авагдсан 44 800 төгрөгийн үнэ бүхий багаж, товуд авсан 8 000 төгрөг, мөн хавтасны 124 дэх талд авагдсан 600 литр тосол авсан 1 740 000 төгрөг, нийт 1 792 800 төгрөгийн баримт авагдсан байхад шүүх үнэлээгүй нь буруу.

Мөн 121-122 дахь талд зүүж өгсөн зардлын задаргаанд дурдсан үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбоотой буюу ажил хүлээлцэхэд нийт 4 327 091.80 төгрөгийн зардлыг баримтаар нотлогдохгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хэргийн 1 дүгээр хавтас, 89-99 дэх талд авагдсан. Энэхүү баримтууд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангасан. Төлбөрийн баримт, И-баримт, посын баримт зэрэг бүх баримтын огноо нь 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд байгаа. Тус үйл баримт нь нэхэмжлэгч 2019 оны 12 сарын 18-ны өдөр Эм Энд Пи И Эс ХХК-тай гэрээ байгуулж, 2020 оны 01 сарын 08-ны өдөр Тайлбар хийх тухай 01/2020 тоот албан бичгийн хавсралтаар Халаалтын системийн угсралтын акт нэртэй ажлын тайлан ирүүлэх хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн хугацаатай давхацна. Мөн бараа материал, үйлчилгээг борлуулагч и-баримт олгосон үйл баримт нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан баримт юм. Эргээд 2 талын татвар ногдуулалт, төлөлтийг тодорхойлох цахим сангийн мэдээллийг бүрдүүлж хуульчлагдсан үйл ажиллагаа. Тиймээс борлуулагчийн олгосон төлбөрийн баримт, И-баримт, посын баримт зэргийг үнэн зөв олгосон эсэхийг дүгнэх нь иргэний шүүхийн харьяалах асуудал биш тул хуульд заасан дагуу олгосон үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх учиртай. И-баримтыг Сангийн сайдын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтаар Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын 5-д төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтад борлуулагч, худалдан авагчийг таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүнг тусгана. Төлбөрийн баримтыг цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын Стандарт MNS 6529:2015 Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлагад заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэнэ гэж тодорхойлсон. Эдгээр мэдээлэл бүрэн туссан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх, мэдээлэл бүрэн бус тодорхойгүй гэж дүгнэх боломжгүй.

Эм Энд Пи И Эс ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 6 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухайд, Хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ямар нэг доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон тул доголдлыг Эм Энд Пи И Эс ХХК-аар засварлуулж, ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 12 800 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар компанийн шууд хохиролд тооцон нэхэмжилж, холбогдох гүйлгээг дансны хуулга, бусад үйл баримтаар нотолсон. Шүүхийн үнэлсэн М ХХК -ийн Голомт банк ХХК дахь 1605105153 тоот төгрөгийн дансны хуулганаас үзвэл, 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 6 400 000 төгрөгийн зарлагын гүйлгээ МИХАЧИ ГЭРЭЭ 5952913 гэх утгаар гарсан ба гүйлгээний утгад дурдагдах гэрээ нь хэргийн 1 дүгээр хавтас, 68-70 дахь талуудад авагдсан 2019 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан Халаалтын хатуу түлшний зуухны узель, дотор шугам сүлжээ өөрчлөн шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээ юм. Тус гэрээний 3.1-д гэрээт ажлын нийт үнэ 12 800 000 төгрөг гэж, 3.3-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Талууд хэргийн 1 дүгээр хавтас 77-48 дахь талд авагдсан ажил хүлээлцэх Дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан акт-ыг 2019 оны 12 сарын 23-ны өдөр үйлдэж, Эм Энд Пи И Эс ХХК хэргийн 1 дүгээр 73-86 дахь талд авагдсан Халаалтын системийн угсралтын акт нэртэй ажлын тайланг 2020 оны 01 сарын 08-ны өдөр Тайлбар хийх тухай 01/2020 тоот албан бичиг / хэргийн 1 дүгээр хавтас, 72 дахь тал/-ийн хавсралтаар ирүүлснээр гэрээнд заасан төлбөр шилжүүлэх нөхцөл хангагдсан. Гэрээний 2.6-д Гэрээт ажлын туршилт тохируулга хийж халаалтын систем хэвийн горимтойгоор зүгширч хүлээлгэн өгсөн өдрийг ажил дууссан өдөр гэж үзнэ. Энэ нь төлбөрийн эцсийн тооцоог хийх эрх нээгдсэн өдөр болно гэж заасан. М ХХК -ийн Голомт банк ХХК дахь 1605105153 тоот төгрөгийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 102-120 дахь талууд/-ын хамрах хугацаа 2019 оны 01 сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд байх ба гэрээний үлдэгдэл төлбөрийн гүйлгээ тус хугацаанд багтаагүй, нэхэмжлэл гаргаснаас хойш хийгдсэн гүйлгээний баримт хэрэгт авагдаагүй зэрэг нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар нотлогдох нэхэмжлэгчийн төлбөрийн үүргийг үгүйсгэхгүй. Мөн шүүх зөвхөн маргаан бүхий үйл баримтад хамаатай, хэргийн оролцогчид хамааралтай дүгнэлт хийх учиртай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн сонголт, эрхийн асуудал хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийн үр дагаварт тийнхүү хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ авахаас өөр аргагүй болсныг шүүх анхаарах шаардлагатай. Тодруулбал, гэрээнүүдийн үүргийн зөрчлийг шүүхийн журмаар тогтоолгох маргаанд оролцуулах өмгөөлөгчийн ажлын хөлсний урьдчилгаанд 3 500 000.00 төгрөгийн зардал гаргасан үйл баримт нь хэргийн 1 дүгээр хавтас 119 дэх талын ард байх М ХХК -ийн дансны хуулгаар нотлогдож байхад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан шалтгаант холбоог тогтоож, хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах эрх хуульд зааснаар үүссэнийг шүүх дүгнээгүй.

Үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хугацаанд олох байсан 54 026 757.75 төгрөгийн орлогыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үнэлэн хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Компани 2016, 2017, 2018 онуудын баталгаажсан санхүүгийн тайлангийн борлуулалтын орлогыг 12 сараар задлан харьцуулахад 2019 оны эхний 10 сард өсөлт тогтвортой хадгалагдсан. Гэвч, ажлын доголдлын улмаас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан хугацаанд буюу 11 сард 28 969 213.97 төгрөгийн борлуулалтын орлого төлөвлөснөөс гүйцэтгэлээр 14 856 729.94 төгрөг, 12 сард 49 660 496.58 төгрөгийн борлуулалтын орлого төлөвлөснөөс гүйцэтгэлээр 9 746 223.42 төгрөг байсан. Тиймээс, өөрийн борлуулалтын орлогын төлөвлөгөө, мөнгөн урсгалын төсөөлөлд ашигласан өмнөх онуудын гүйцэтгэлийн дүнг нотлох зорилгоор 2016, 2017, 2018 онуудын баталгаажсан санхүүгийн тайланг нотлох баримтаар өгсөн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй. Тодруулбал, 1-р хавтаст хэргийн 143 дугаар талд авагдсан тооцоолол нь нэхэмжлэгч 2019 оны мөнгөн урсгал, борлуулалтын төлөвлөгөөг гаргахдаа 2016, 2017, 2018 онуудын баталгаажсан санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн мэдээлэл ашигласныг харуулах, гүйцэтгэлийн дүнг нотлох зорилготой. Тухайн оны мөнгөн урсгалын тооцоолол, борлуулалтын төлөвлөгөөг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж зааснаар үнэн зөвийг баталгаажуулсан, татвар төлж тайлагнасан тайланд үндэслэж гаргах нь бизнесийн харилцаанд тогтсон үйл баримт юм. Мөн хэргийн 1 дүгээр хавтас 144-148 дахь талд авагдсан 2016 оны санхүүгийн цахим тайлан, 149-153 дахь талуудад авагдсан 2017 оны санхүүгийн цахим тайлан, 154-159 дэх талуудад авагдсан 2018 оны жилийн санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хувь зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангасан. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна гэж зааснаар хүргүүлж, баталгаажуулсан тайланг мөн зүйлийн 9.6-т Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж нэмэлт нотолгоо шаардахгүйгээр ашиглахаар хуульчилсан. Ийнхүү нэгдсэн цахим сангаас хэвлэсэн 2016, 2017 онуудын цахим, 2018 оны цаасан тайланг адил баталгаажсан тайлан болохыг хуульчилсан байх тул тэдгээрт тусгасан борлуулалтын орлогын хэмжээ буюу бодит гүйцэтгэлийн дүнг мөнгөн урсгалын тооцоолол, борлуулалтын орлогын төлөвлөгөөндөө үндэслэх нь үндэслэлгүй, баримт судалгаагүй тооцоолол болохгүй. 1-р хавтаст хэргийн 160-162 дахь талуудад авагдсан борлуулагч дэлгүүрүүдэд хандсан албан хүсэлтүүдэд Сэлэнгэ аймагт байрлах савлагааны үйлдвэрийн үйл ажиллагаанд түр саатал гарсныг дурдаад, өөрийн нийлүүлдэг бүтээгдэхүүнийг түр хугацаанд захиалгад оруулахгүй байхыг хүссэн. Эдгээр албан бичгийг 2019 оны 11, 12 дугаар саруудад олох байсан орлогыг нотлох бус орлого буурсан шалтгаан, хариуцагчийн үүргийн зөрчлийн шалтгаант холбоог нотлох зорилгоор хэрэгт өгсөн. Мөн нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж зааснаар ашиг олох үндсэн зорилготой, зөвхөн зөгийн бал үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг атлаа гол борлуулагчдаасаа өөрийн бүтээгдэхүүнийг захиалахгүй байхыг хүсэх шалтгаан, бодит үйл баримт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсан явдал байсан. Тиймээс, шүүх эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн гэрээний үүргийн зөрчлийн үр дагаврыг тогтоох учиртай.

Ийнхүү, шүүх хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан хугацаанд олох байсан борлуулалтын орлогыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхдээ олоогүй орлогыг бодит баримтаар нотлох боломжгүйг харгалзаагүй. Мөн нэхэмжилж буй орлогын дүнг тооцсон арга, аргачлал бодитой эсэх, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайлбал, компанийн тухайн жилийн борлуулалтын орлого, мөнгөн урсгалыг урьдчилан тооцоолох нь тусгай мэдлэг шаардсан санхүүгийн шинжээч, мэргэшсэн нягтлан бодогчийн тооцоолох боломжтой асуудал байхад тийнхүү тооцоолсныг хэрэгсэхгүй болгохдоо тухайлсан дүгнэлт өгөөгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй байх зохицуулалтыг удирдлага болгон нотлох баримтыг үнэлээгүй. Нөгөөтээгүүр, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох харьцуулан дүгнэх баримт гаргаж өгөөгүй, хэргийн материалд тухайлсан үйл баримтыг харьцуулан дүгнэх' баримт авагдаагүй тохиолдолд шүүх дүгнэлт өгөх боломж бүрдэхгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, давж заалдах шатны шүүхээс зайлшгүй залруулах шаардлагатай алдаанууд, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ. Тиймээс, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсныг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага тодорхойлсныг тус тус шүүхийн шийдвэрт баримтлах ёстой. Ийнхүү баримтлаагүйн улмаас хариуцагчтай байгуулсан 2 гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг нотлогдсон хэмжээгээр буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ ялгаатай дүгнэж, тэрхүү дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон. Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлээс хамаарч гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх нь хамаардаг тул давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний уг алдааг засварлах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг бодитоор учирсан хохирол болон олох ёстой байсан орлогоор тодорхойлж, үүнийгээ нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгээр нэхэмжлэгчид хуваарилагддаг. Эдгээр зохицуулалт нь хариуцагчийг татгалзал, тайлбараа нотлох үүргээс чөлөөлөхгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай. Тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхзул 2020 оны 04 сарын 27-ны өдөр Мобиком корпораци ХХК-аас М.Барасын 99089000, Скайтел ХХК-аас С.Нэмэхбаярын 91921064 утасны хоорондоо харилцсан зурвасыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт /1-р хавтаст хэргийн 239-241 дэх талууд/ гаргаж, баримтыг хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох гол нотлох баримт гэж тайлбарласан. Тус хүсэлтийг Шүүгчийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай 06498 дугаар захирамж /2-р хавтаст хэргийн 1-4 дэх талууд/-аар хангаж шийдвэрлэсэн боловч Мобиком корпораци ХХК /2-р хавтаст хэргийн 9 дэх тал/, Скайтел ХХК /2-р хавтаст хэргийн 11 дэх тал/ дурдсан баримтыг гаргаж өгөхөөс татгалзсан. Улмаар хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох гол баримт хэрэгт авагдаагүй гэх үйл баримт арилаагүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг баримтаар няцаагаагүйгээс гадна өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ огт хэрэгжүүлээгүй, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох ямар ч баримт байхгүй талаар хууль зүйн болон үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Ийнхүү, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтуудад дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн татгалзлын үндэслэл, тайлбар нотлогдож байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Шийдвэрийг хуульд нийцүүлэн албажуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүгчийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай 06498 дугаар захирамж /2-р хавтаст хэргийн 1-4 дэх талууд/-аар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрчээр Ж.Ганзориг, Б.Эрхэмбаяр нарыг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж хууль тайлбарласан тухай №10 баримт /2-р хавтаст хэргийн 51 дэх тал/ үйлдсэн боловч шийдвэрийн удиртгал хэсэгт гэрчүүд оролцуулснаар тэмдэглээгүй байгааг мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн эсэхэд эргэлзэх, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Хурал товлосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т,зааснаар шүүх хуралдааныг товлоогүй. Шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 03517 дугаар захирамж /1-р хавтаст хэргийн 184 дэх тал/-д дурдсан үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй нь шүүхээс хэрэгт цугласан нотлох баримтад хийсэн дүгнэлтүүдэд холбогдуулж гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна.

Хохирол олгоход чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд нь юун түрүүн эрхийг өмнөх байдалд нөхөн сэргээх, талуудын эрх ашгийг тэнцэтгэх болон хохирол учруулсан үйлдлээс гарах үр дагаврыг арилгахад чиглэдэг. Тиймээс, Компанийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, нийт 107 437 773.9 төгрөгийн зардал гарсныг хохирол гэж үзэж нэхэмжилсэн. Тус хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан хүрээнд Х ХХК ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн бол компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдах байсан тэр байдалтай харьцуулах аргыг хэрэглэх замаар тодорхойлж, түүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолсон.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварлахад гарсан зардал, 49 911 016.15 төгрөг, олох ёстой байсан ашиг 54 026 757.75 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3 500 000 төгрөг, нийт 107 437 773.90 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-12, 177-181/

 

Хэрэгт авагдсан баримт /1хх 28-31, 34-36/, зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2019 оны 04 сарын 22-ны өдөр Зөгийн байрны дотор халаалт, цэвэр усны засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 05 сарын 27-ны өдөр Зөгийн балны үйлдвэрийн халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж, уг гэрээнүүдээр хариуцагч Х ХХК 25 609 760 төгрөгийн болон 13 016 630 төгрөгийн төсөвт өртөг бүхий зөгийн байрны халаалт, цэвэр ус, бохирын угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч М ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх болон ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй харин дээрх гэрээний ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, улмаар уг доголдлын улмаас нэхэмжлэгч буюу захиалагч талд нэхэмжлэлд дурдсан хохирол учирсан эсэх нь маргааны гол зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Захиалагч болон ажил гүйцэтгэгч талууд 2019 оны 09 сарын 22-ны өдөр, 2019 оны 09 сарын 23-ны өдөр тус тус акт үйлдэж захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан байх ба уг актад системийн угсралтыг сайн чанартай хэмээн үнэлжээ. /хх 37, 38-39/ Улмаар талууд 2019 оны 10 сарын 23-ны өдөр халаалт, цэвэр ус, бохирын системийг ажиллуулж хүлээн авсны дараа 2019 оны 10 сарын 24-ний өдөр халаалтын системийн нөөцийн сав задарч тосол асгарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол бий болоход зохигчдын хэн аль нь буруутай гэж дүгнэхээр байна. Тодруулбал:

а/. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч тал барилгын ажлын зураг төсөлд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр зохицуулсан боловч уг зураг төсөл байхгүй буюу Х ХХК хуучин байсан системийг шинэчлэх, засварлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

б/. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэл болгосон Кингсий инженер энд констракшн ХХК-ийн дүгнэлтэд халаалтын системийн ажлыг мэргэжлийн байгууллагын ажлын зураг төсөлгүй хийсэн, үүний улмаас угсралтууд буруу хийгдсэн, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал хоорондоо уялдаагүй, зуухны насос, халаалтын тогоог зууханд тохируулж сонгоогүйн улмаас халаалтын шугам халахгүй байгаа гэсэн агуулгыг дурджээ. /хх 45-46/

в/. Зуухны насос, зуух зэрэг тоног төхөөрөмжийг захиалагч М ХХК -ийн зүгээс нийлүүлж, ажил гүйцэтгэгч Х ХХК угсарчээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Х ХХК бусдын зураг төслөөр, захиалагчийн хүсэлтээр түүний нийлүүлсэн тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул ажлын үр дүнгийн доголдолд түүнийг шууд буруутай гэж үзэх боломжгүй, харин барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хувьд эрсдэлийг урьдчилан тооцож ажлыг гүйцэтгэхгүй байх боломжтой байтал хийж гүйцэтгэсний хувьд буруутай байна. /хх 33, 33-арын нүүр/ Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Харин М ХХК барилгын ажлын зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байхад ажлын зураг төсөл гаргаж өгөөгүй, ажлын зураг төсөл хийлгээгүй, хоорондоо хүчин чадлын хувьд уялдаатай ажиллах боломжгүй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн буруутай байна. Өөрөөр хэлбэл, зуухны насос хэвийн ажиллагаатай болох нь баримтаар нотлогдож байх боловч тухайн насосын хүчин чадал нь нийлүүлсэн зуухны хүчин чадалтай зохицож ажиллаж чадахгүй тохиолдолд зуухны насос хэвийн ажиллагаатай эсэх нь ач холбогдолгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр заасан тул гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой зардал, хохирлыг ажил гүйцэтгэгч Х ХХК -д дангаар хариуцуулах үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан баримтыг хэргийн нөхцөл байдал, үйл явдал, цаг хугацаа зэрэгтэй харьцуулан үзээд ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой нэхэмжлэгчийн зүгээс гарсан дараах зардлуудыг хохиролд тооцох боломжтой. Үүнд: Шатахууны зардал 162 000 төгрөг /хх 88/, 199 792 төгрөг /хх 95/, 120 000 төгрөг /хх 98/, 52 000 төгрөг /хх 122/, зочид буудлын зардал 644 000 төгрөг /хх 96/, дүгнэлт гаргуулсны төлбөр 750 000 + 750 000 = 1 500 000 төгрөг /хх 116/, доголдол арилгуулсны ажлын хөлс 6 400 000 төгрөг /хх 118/, барилгын материал 16 000 төгрөг /хх 122/, 756 000 төгрөг /хх124/, 249 500 төгрөг /хх 124/, ахуйн тосол 6 231 000 төгрөг /хх 125/, бүгд 16 330 292 төгрөг.

 

Харин дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах боломжгүй байна. Үүнд:

а/. Цахимаас хэвлэсэн боловч үзлэг хийж бэхжүүлээгүй байх тул олох ёстой байсан ашиг, томилолтын замын зардал.

б/. Нотлох баримтын шаардлага хангаж байх боловч юу авсан нь тодорхойгүй baraa гэх утгатай кассын QR код бүхий баримтуудаар барилгын материал авсан гэж үзэх боломжгүй.

в/. Нотлох баримтын шаардлага хангаж байх боловч рублиэр хийсэн тооцоонуудыг холбогдох валютын ханшны мэдээлэл авагдаагүй байх тул нэхэмжлэлд дурдсан дүн нотлогдохгүй гэж үзнэ.

г/. Нэхэмжлэгч талын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан зардал байх тул өмгөөлөгчийн ажлын хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х ХХК -аас 16 330 292 : 2 = 8 165 146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр 18 624 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байх тул /диспозитив/ талуудын зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 016 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР