Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2018/0040/З |
Дугаар | 41 |
Огноо | 2020-01-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 41
Б.О-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар
багийн иргэдийн Нийтийн Хурал, тус Хурлын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Хайлааст багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагч Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, С., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Л, Б.Э нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Б.О-ын Төв аймгийн Хайлааст багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “ ... Э ХХК-н ажлыг дэмжихээр санал хураахад 178 иргэн оролцоод, 113 хүн дэмжиж, 68 эсэргүүцсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасныг үндэслэвэл тухайн санал дэмжигдээгүй гэж ойлгогдож байна. /Талууд маргахгүй байгаа, хуралдаанд анх ирж ирцээ бүртгүүлсэн 315 хүнээс тооцон үзвэл/. Үүний дараа дахин санал хураалт явагдсан гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд 178 хүн дэмжсэн, 45 хүн татгалзсан гэж тэмдэглэгдсэн байна” гэжээ. Үүнээс үзвэл 178 хүн дэмжсэн байгаа нь 315 хүний олонхи буюу 50%-с дээш хувийн саналаар дэмжигдсэн гэж харагдахаар байна. Гэвч шүүхийн тогтоолд тусгагдсан дээрх зөрүүтэй тоон мэдээлэл нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй хурлын тэмдэглэлүүдэд янз бүрээр тусгагдсан байдаг бөгөөд шүүх давж заалдах журмаар хэргийг хянахдаа аль хурлын тэмдэглэл үнэн бодитой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр дээрх тоон мэдээллийг удирдлага болгон хурлын ирц хүчинтэй эсэх асуудлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
4. Анх хурал эхлэхэд 315 бус 310 хүний ирцтэйгээр эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр өгсөн тайлбарт 310 хүний ирцтэйгээр хурал эхэлсэн талаар тусгагдсан байдаг. Үүнээс “Э” ХХК-ийн асуудлыг хэлэлцэх үед тухайн асуудлаар нийт 203 иргэн оролцсоноос 158 иргэдийн саналаар төслийн үйл ажиллагаа дэмжигдсэн болох нь тооллогын комиссын тогтоол болон тооллогын гишүүдийн шүүхэд өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогддог. Энэ тохиолдолд мөн адил 50+1 зарчмын хувьд олонхийн саналаар дэмжигдсэн юм. Мөн 2019.10.01-ний өдрийн багийн иргэдийн нийтийн хурлаар “Э” ХХК-ийн БОНҮ-г хэлэлцэх эсэх асуудал дээр хурал эхлэхээс өмнө хуралд ирсэн нийт 310 иргэдээс санал хурааж иргэдийн олонхийн саналаар буюу 178 иргэдийн саналаар “Э” ХХК-ийн асуудлыг тус хурлаар хэлэлцэхээр болж хурал цааш үргэлжилсэн байдаг. Энэ талаар Багийн засаг дарга, хурлын тооллогын комиссын гишүүд, гэрчээр асуугдсан бусад этгээдүүд тус тусын мэдүүлгээр нотолдог.
5. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.8-т “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гээд 23.9-т “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан байна. Үүнээс үзвэл 23.9 дэх заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарах заалт буюу Багийн иргэдийн нийтийн хуралд хамаарахгүй заалт юм. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар оролцдог бол иргэдийн нийтийн хуралд хурлын төлөөлөгч нар бус иргэд өөрсдөө нийтээрээ оролцдог. Иймд давж заалдах шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж харагдаж байна.
6. Мөн “ХЯНАВАЛ” хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд аж ахуйн нэгжийн танилцуулга хийсэн гэдгийг хэлэлцсэн гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцох, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй ” гэж заасанд дүгнэлт өгөөгүй байна.
7. Өөрөөр хэлбэл тухайн асуудал уг хуралдаан дээр гэнэт танилцуулагдсан болох нь тухайн асуудлыг хэлэлцэх эсэх талаар маргаан гарч улмаар санал хурааснаар илэрч байна гэжээ. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Багийн иргэдийн нийтийн хурлын товыг тухайн хурал болохоос 3 хоногийн өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тэргүүлэгчдийн хурлаар товлож, тухайн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын зарыг иргэдэд зарласан, хурлын зар, тов дээр Э ХХК-ний асуудлыг хэлэлцэхээр оруулсан байсан болохыг шүүх хуралдаан дээр Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Хулан өөрийн тайлбар мэдүүлгээр нотолдог. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл шүүх уг нотлох баримт буюу тайлбар, мэдүүлгийг анзааралгүй орхигдуулж, үндэслэл муутай дүгнэлт гаргасан байна.
8. Мөн “ХЯНАВАЛ” хэсэгт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байх бөгөөд хуралдааны дэг баталсан тогтоолыг зайлшгүй гаргуулан авч дүгнэлт хийх шаардлагатай байна. Уг дэгээр яаралтай горимоор асуудал оруулж хэлэлцүүлж болох эсэх, энэ тохиолдолд иргэдийн олонхи дэмжвэл тухайн хурлаар хэлэлцэхээр төлөвлөөгүй ямар ч асуудлыг хэлэлцэж болдог эсэх, энэ талаар хэрхэн зохицуулсан эсэх талаар дүгнэх боломжтой.” гэжээ. Гэтэл энэ асуудал нь дээр дурдсанчилан яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудал биш хурлын товд урьдчилан орсон, хурлын зард тэмдэглэгдэж тусгагдсан байсан асуудал гэдгийг дахин дурдах нь зүйтэй.
9. Мөн “ХЯНАВАЛ” хэсэгт “Түүнчлэн анхан шатны шүүх Шүүх хуралдаан товлон зарлах тухай 2019.01.17-ний өдрийн 12/Ш32019/0002 дугаартай шүүгчийн захирамж, Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгах тухай 2019.02.11-ний өдрийн 123/ШТ2019/0010 Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Шүүх хуралдаан хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай 2019.02.28-ний өдрийн 123/Ш32019/0064 дүгээр шүүгчийн захирамж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2019.05.21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт шүүгч гарын үсэг зурах, шүүхийн тамга дарах зэргээр ёсчлох шаардлагатай байна” гэжээ. Гэтэл энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь энэхүү нөхцөл байдал нь ЗХШХШТХ-н 121.3-т заасан үндэслэлүүдийн аль ч заалтад хамаарахгүй байна.
10. Энэхүү магадлалаар ЗХШХШТХ-н 119.2, 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. ЗХШХШТХ-н 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг тодорхойлсон байна. Гэтэл анхан шатны шүүх ЗХШХШТХ-н ямар заалтыг зөрчсөн, хэрэв зөрчсөн бол энэ нь шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлсөн талаар ямар нэгэн дүгнэлт байхгүйгээр 121.1.4-т зааснаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
11. Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “хууль бусаар улайран гаргасан уг маргаан бүхий тогтоолын улмаас миний оршин суудаг орон нутгийн байгаль орчин, усан хангамж бохирдож, байгалийн тэнцэл алдагдаж Хайлааст багт оршин суугч миний баталгаатай эдлэх ёстой Монгол улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх минь зөрчигдөж байна” гэсэн байдаг. Тухайн багийн иргэдийн нийтийн хурлаар Э ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээн дэх байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг хэлэлцсэн бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар БОНҮ гэж ... төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах арга хэмжээ тогтоохыг” ойлгоно гэжээ.
12. Гэтэл төслийн улмаас байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутаг дахь үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уг БОНҮ-г дэмжсэн эсэх иргэдийн саналыг тодорхойлсон уг маргаан бүхий тогтоол батлагдсанаар хэрхэн яаж иргэн Б.О-ын Үндсэн хуульд заасан субьектив эрх зөрчигдөх нөхцөл болж байгаа нь ойлгомжгүй байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө ч энэ талаар тайлбар хэлж чаддаггүй. Хэрэв эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь уг маргаан бүхий тогтоолын улмаас зөрчигдөж байгаа юм бол уг тогтоол хүчингүй болсоноор иргэн Б.О-ын уг зөрчигдөөд байгаа эсхүл зөрчигдөж болзошгүй эрх нь хэрхэн сэргээгдэх вэ гэдэг асуултанд нэхэмжлэгч мөн адил хариулж чаддаггүй. Үүнээс үзвэл иргэн Б.О нь ЗХШХШТХ-н 17.3-т заасан нэхэмжлэгч буюу захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж байгаа этгээд биш байна. Өөрөөр хэлбэл маргааны бүхий актын улмаас нэхэмжлэгч гэх Б.О-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь илэрхий байна.
13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
15. Нэхэмжлэгч Б.О нь Төв аймгийн Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...нутгийн иргэдийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрх хөндөгдсөн, ...багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь хууль бус, өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар тогтоол гаргаж хууль зөрчсөн, хурлын дарга Д.Б нь хурлаар хэлэлцэх асуудлыг дур мэдэн жагсааж хуралд оруулсан, санал хураахад 110 хүн дэмжиж, дийлэнх олонх нь буюу 200 хүн дэмжээгүй, гэтэл хууль зөрчиж, тухайн компанийг дэмжсэн тухай тогтоол гаргасан, тогтоолд Хурлын тэргүүлэгчид гарын үсэг зураагүй байдаг. ...Д.Б-ийн энэ үйлдэл нь багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх ашгийг хөндсөн” гэсэн үндэслэлээр маргасан байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор тус тус заасан.
17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 дугаар хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “Төсөл дэмжих тухай” 17 дугаар тогтоолыг баталжээ. Уг маргаан бүхий тогтоолоор, ...“Э” ХХК-ийн МҮ 007712, МҮ 007713, МҮ 020579, МҮ 018995, МҮ 021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баянгол, Их тохойрол, Говь металл” нэртэй талбайн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг дэмжиж шийдвэрлэсэн байх бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгч Б.О оролцоогүй зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.О тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 дугаар хуралдаанд оролцоогүй, түүнд Заамар сумын Хайлааст багийн иргэдээс болон тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас, тэднийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байхад тэрээр “...нутгийн иргэдийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрх, ...багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх ашиг хөндөгдсөн” гэх үндэслэлээр иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
19. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан тул нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулалгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
20. Дээрх байдлаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
21. Харин маргаан бүхий захиргааны актын улмаас бусад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй бол тэдгээрээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ын “Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА