Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00130

 

Б.Отгонцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2016/0105/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     Б.Отгонцэцэг

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Отгонцэцэгт холбогдох, 201614000224 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Б.Отгонцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975-01-04-нд Булган аймгийн Хангал суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 19-22 А тоотод оршин суудаг, урьд нь 2008 оны 10 сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 сарын 29-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,  ФЖ75010405 регистрийн дугаартай, Боржигон овгийн Бирагийн Отгонцэцэг.

 

Шүүгдэгч Б.Отгонцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 20-03 тоот Э.Оюунтуяагийн гэрээс “ТСЛ” маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйл хулгайлж бусдад 451.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Бирагийн Отгонцэцэгийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар баривчлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1.д зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгт оногдуулсан 3 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түрийтэй хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгээс 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргаж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 20-03 тоотод оршин суух Эрдэнэдалайгийн Оюунтуяад /РД:ФБ89040308, утас:94420693/ олгох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонцэцэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх хэмжээг өөрчлөн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Бира овогтой Отгонцэцэг нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар яллагдаж 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн.

 

Давж заалдах  шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл Б.Отгонцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт оршин суух Э.Оюунтуяагийн гэрээс “ТСЛ” маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний цүнх, үсний индүү, будаа гоймон зэрэг эд зүйл хулгайлж бусдад 451.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 

- Ялтан Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:   

 

...Би хэрэг гардаг өдөр ар талынхаа айлд байж байгаад Нарааг дэлгүүрийн гадаа хүргэж өгчихөөд буцсан..., Би гэм буруугаа мэдэж байна..., гэртээ ганцхан хүүхдээ орхичихоод ирсэн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Тэр орой бага хүү Түмэнбаярын бие өвдөөд эмнэлэг рүү дуудлага өгсөн чинь боломжтой бол өөрсдөө ирээд үзүүл гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр хүүхдээ аваад эмнэлэг рүү 23 цагийн орчимд гарсан..., явахдаа гэрлээ унтраагаагүй..., ...тэгээд буцаад иртэл манай гэрт хулгай орж зурагт болон миний өөрийн хэрэглэж байсан гар цүнх, үсний индүү гал тогооны шүүгээнд байсан будаа, гоймон зэрэг эд  зүйлийг авч явсан байсан..., тухайн үед гэрээсээ гараад гудамжны зүүн талын үзүүр дээр очиж байхад гэр нь манай урд гудамжинд байдаг Отгонцэцэг гэж эмэгтэй нэг эмэгтэй хүний хамт зөрөөд өнгөрөхдөө биднийг эргэж хараад явсан..., Зарим зүйлээ буцааж авсан гэсэн мэдүүлэг..., / х.х.ийн 19.р хуудас / 

 

-Гэрч О.Ууганзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 ...Ээж орой гэртээ ирэхдээ нилээд согтуу байсан. Ярьж чадахгүй болсон байхаар нь би түүнийг нилээд согтуу байна гэж бодсон. ... Ээж гэртээ орж ирээд би хаашаа гарч яваад хэдэн цагт ирсэн бэ гэж надаас хэд хэдэн удаа асуусан. Ээж тэр өдрийн орой цагдаагийн газарт хураалгасан түрийтэй хар өнгийн гуталтай явж байсан..., Маргааш нь ээжийн өмсөж явсан гутлыг нь хурааж авсан…, ээж тэр гуталтайгаа урьд өдөр нь явж байсан... гэсэн мэдүүлэг, / х.х.ийн 27.р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016-04-08-ны өдрийн 59 дугаартай :

 

1. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ.

 

2. Шинжлэгдэж буй хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлж, бэхжүүлсэн гутлын мөрнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Отгонцэцэгийн гэх гутлын улаар үүсгэгдсэн байна.

 

3. Энэ нь гутлын мөр болон гутлын улны хээний хэлбэр, хэмжээ, элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдийн цогцоор батлагдаж байна... гэсэн дүгнэлт, / х.х.ийн  29-31.р хуудас / болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Отгонцэцэгийн гаргасан “...ахуй амьдрал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Отгонцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            Ц.ТУЯА