Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар багт байрлах Булган аймгийн Ц******* газрын хүсэлттэй

М.О*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай **** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ө*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц******* газар нь М.О*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Булган аймгийн Х******* сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлхийсэн Булган аймгийн Х******* сумын **** дугаар багийн М*******ад оршин суух М*******ын О******* /РД:****/-ыг албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Х******* сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлхийсэн Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багийн иргэн М*******ын О*******ийг албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаггүй гэж хэлэхгүй. Би 3 жаахан хүүхэдтэй. Бага насны хүүхдүүдээ орхиод албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.

 

4.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Ц******* газрын даргын *** оны ***дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай тушаалын хуулбар /хх-н 2-р хуудас/,

-М.О*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 3-р хуудас/,

-М.О*******ийн нөхөр Б.Г******* Булган аймгийн Ц******* газарт гаргасан өргөдөл /хх-н 4-р хуудас/,

-Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот тодорхойлолт / хх-н 5-р хуудас/,

-Х******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл / хх-н 6-8-р хуудас/,

-М.О*******ээс тайлбар авсан тэмдэглэл / хх-н 9-10-р хуудас/,

-Б.Гантулгаас тайлбар авсан тэмдэглэл / хх-н 11-12-р хуудас/,

-Ц******* газрын нэгдсэн системийн лавлагаа /хх-н 13-р хуудас/,

-Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-н 18-19-р хуудас/

-Зүрхний бичлэг, шинжилгээний хариу, эрүүл мэндийн бусад баримт / хх-н 14-17, 20-21-р хуудас/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Булган аймгийн Ц******* газар нь гуравдагч этгээд М.Отгонцэцэцэгийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

М.О******* нь байнга архидан согтуурдаг болох нь М.О*******ийн нөхөр Б.Г******* гаргасан ...өөрийн эхнэр М.О*******ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна ... гэх агуулгатай Булган аймгийн Ц******* газарт гаргасан өргөдөл, Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ...М.О******* нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бөгөөд архины эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна. гэсэн 05/299 тоот тодорхойлолт, архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн Х******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, М.О*******ийн нөхөр Б.Гантулгаас авсан: ...Манай эхнэр М.О******* нь 5 жилийн өмнөөс архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Сүүлийн үед бүр их хэрэглэдэг болсон. ...Би архины эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. Манай 2 хүүхэд одоо сургуульд сурч байгаа учраас би хүүхдүүдээ хараад байж байх боломжтой гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэг, зүрхний бичлэг, эмч нарын дүгнэлт, шинжилгээний хариу зэргээр М.О******* нь албадан эмчилгээнд хамрагдахад эрүүл мэндээр тэнцэнэ гэжээ.

Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар М.О*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус заасныг баримтлан Чонос овогт М*******ын О******* /РД:ГМ81021804/-ийг архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц******* газарт даалгасугай.

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.О*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд М.О*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ц******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА