Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 98

 

2018 оны  5 сарын 30 өдөр               2018/ШЦТ/98                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0109/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга А.Уламбаяр

Улсын яллагч Д.Отгонтуяа

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч С.Ч  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Отгонтуяа Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч-д холбогдох 1839000000003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн уурхайн 1-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Ч  /НХ78072118/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ч  нь  согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг “Улаан өндөр нисэх” гэх газарт нутаглах иргэн Я.Энх-Отгоны гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Я.Энх-Отгоноос хутгыг нь авах зорилгоор түүний хутгатай гарыг нь бариад зууралдаж байхдаа зүүн гуян тус газар нь болгоомжгүйгээр хутгалж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой согтуугаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг “Улаан өндөр нисэх” гэх газарт нутаглах иргэн Я.Энх-Отгоны гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Я.Энх-Отгоны хутгатай гарыг нь барьж зууралдаж байхдаа зүүн гуян тус газар нь хутгалж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

Хохирогч Я.Эрдэнэцогтын: “...2017.12.24-ний орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ортол Нямсүрэн ярихдаа “Ч ын эхнэр Амаржаргал утсаар ярьлаа танай нөхрийн дүү Энх-Отгон өнгөрчихлөө, нас барсан гэнэ хэдэн хүнтэй архи ууж байгаад хутгалуулсан юм шиг байна” гэж хэлсэн юм байна. Миний хувьд болсон асуудлын талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-60 тал/

Гэрч Оюун-Эрдэнийн: “...Намайг 2017 оны 12 сарын 24-ний өдөр Хэрлэнбаян- Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажлаа хийж байхад 20 цаг 06 минутанд 88403522 гэсэн дугаараас “...ухаангүй амьсгалахгүй болчихлоо, энэ хүнийг Янсангийн Энх-Отгон, 40 настай, эрэгтэй хүн. Хэрлэнбаян- Улаан тосгоны Улаан-Өндөрийн нисэх гэдэг газар...” гэж Ч  гэдэг хүн дуудлага өгсөн. Дуудлагыг хүлээн аваад цаг алдалгүй эмч Т.Амаржаргал, Ц.Цогтгэрэл нар нь хөдөө дуудлаганд явж байсан тул 96058035 дугаар луу нь залгаад дуудлагыг хэлж, Ч ын дуудлаганд явуулсан. Эмч жолооч нар 20 цаг 20 минутанд дуудлага өгсөн айлд очоод 20 цаг 40 минут гэхэд ухаангүй, амьгалахгүй хүнийг үзээд нас барсан гэж хэлж эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 61 тал/

Гэрч Ц.Цогтгэрэлийн: “...Би 2017 оны 12 сарын 24-ний өдөр Хэрлэнбаян-Улаан тосгоноос зүүн тийш Улаан-Өндөр гэх газрын баруун хэсэгт эмч Амаржаргалын хамт дуудлаганд очоод тосгон руу буцаж явахад 20 цаг 10 минутын үед сувилагч Оюун-Эрдэнэ над руу гар утсаар залгахад нь эмчид өгч яриулаад Улаан- Өндөрийн нисэх гэх газарт очиход дуудлага өгсөн гэх ногоон дээлтэй Ч  гэх эрэгтэй хүн, айлаас гарч ирээд гэрээ заахаар машинд суухад архи их үнэртсэн. Замд нь эмч юу болсон талаар асуухад ухаангүй байгаа гэх хүнээ малын наймаа хийж байгаа гээд архи уусан зодолдсон гэж хэлсэн. ...Ч  баруун гэрт дагуулж ороход зүүн оронд дээр 2 хөлөө доош унжуулсан, баруун гарыг орноос доош унжуулсан, зүүн гарыг дэлгэж тавьсан, дээш харж амаа ангайсан, цээжээрээ саарал алаг фудволктой, түрийтэй үстэй гуталтай 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Өмдөндөө шээчихсэн юм уу гэхэд Ч  наадах чинь зүүн талын цавьнаас нь цус гарсан байна лээ би үзсэн гэж хэлсэн. Гэр дотор зүүн урд 2 унь газар унасан, ширээний зүүн урд цагаан өнгөтэй давс шиг зүйл газар асгарсан, ширээний хойно архины 2-3 хоосон шил газар унасан байдалтай, сандал хажуугаараа харсан байсан. Гэрийн гэрэл их бүдэг харанхуй байсан бөгөөд энэ хүн нас барсан учир чамайг энд байлгахгүй, сүлжээ барьдаг газар очиж цагдаад мэдэгдэнэ, чи цуг яв гэхэд Ч  машинд суугаад багш Сэргэлэн, Гонгоржав нартай малын наймаа хийнэ гээд талийгаач архи ууж зодолдсон. Би хониндоо явсан, гэхдээ би 2-3 удаа архи уусан. Тэр 2-ыг явуулаад гэрт ороход талийгаач зүүн орон дээр хурхираад байсан. Ороо засаад унт гээд 2-3 алгадахад амьсгалахгүй, сэрэхгүй байхаар нь түргэн дуудах гээд хажуу айл руугаа гүйсэн гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 тал/

Гэрч Т.Амаржаргалын: “...Намайг эмнэлгийн жолооч Цогтгэрэлийн хамт хөдөө дуудлаганд тосгоны төвөөс зүүн хойно явж байхад 20 цаг 10 минутынд үед Эрүүл мэндийн төвийн сувилагч Оюун-Эрдэнэ утсаар ухаангүй амьсгалахгүй хүн байна гээд нэг эрэгтэй хүн утсаар орилоод байна гэсэн дуудлага ирлээ гэхээр нь би хаана юм юм бэ гэж асуухад Улаан-Өндөрийн нисэх гэдэг газар байдаг гэнэ гэсэн. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнээс дуудлага өгсөн утасны дугаарыг авахад 88403522 гэсэн дугаарыг өгөхөөр нь залгахад хаана вэ гэхэд амьсгалахгүй хүн байна гэж эрэгтэй хүн хэлсэн, хаана вэ гэхэд Улаан-Өндөрийн нисэх гэдэг газар гэсэн. Тэгэхээр нь наад газартай чинь их ойрхон явж байна, би 5-10 минутын дараа очно, ойрхон явж байна гэрэл гаргаарай гээд тэр газар руу очиход дуудлага өгсөн ногоон дээлтэй залуу байсан. Тэр ногоон дээлтэй залууг би нэр нь хэн бэ гэхэд өөрийгөө Ч  гэдэг гэсэн. Ухаангүй хүн нь хаана байна вэ гэхэд зүүн тийш зааж гэрт байгаа гэсэн. Машинд суу гээд арын суудалд суулгахад кабин дотор архи үнэртсэн, би юу болсон юм бэ гэхэд хүнтэй муудалцаж зодолдсон гэсэн....Ч  баруун гэрт дагуулж орсон. Тэгээд баруун гэрт ороход зүүн орон дээр дээш харж хэвтсэн, хоёр хөл нь орноос газар унжсан, хоёр хөлдөө түрийтэй гуталтай, баруун гар нь газар унжсан, зүүн гар гэрийн хана руу дэлгэж тавигдсан, амаа ангайсан, 2 нүдээ аньсан цээжээрээ саарал алаг фудволктой, бараан гадна өмдтэй, өмдний тэлээ тайлж үл ялиг доош болгож урд товч цахилгааныг тайлсан байдалтай, 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би гүрээний судасны цохилт, зүрхний цохилт, шууны пульсийг үзэхэд ямар цохилт байхгүй нас барсан байсан.Тэгээд энэ хүн чинь нас барсан байна гэхэд Ч  цавьнаас нь цус гараад байна лээ, энэ рүү нь бараг хутгалчихсан байна гэж хэлсэн. Талийгаачийн өмд нь нойтон юм шиг байхаар нь зүүн цавь орчимд нь гараа хүргэхэд л шууд гар цус болж байсан учир явцгаая, одоо дараагийнхаа арга хэмжээг авъя, цагдаад хэлье гээд Ч ыг машинд суу гэхэд машинд суусан. Ч  машинд суусан хойноо 2017.12.24-ний өдөр буюу өнөөдөр Сэргэлэн багш, Гонгоржав 2 малын наймаа хийе гэж ирсэн. Би хониндоо явсан, тэгээд ирэхэд Сэргэлэн багш талийгаач 2 зодолдсон байсан. Тэгээд Гонгоржавын машинд Сэргэлэн багшийг суулгаад явуулсан. Ороход талийгаач зүүн орон дээрээ хурхираад унтаад байх шиг байсан. Тэгээд ороо засаад унт гэхэд хариулахгүй байхаар нь сэрээх гээд 2-3 алгадсан, тэгээд чагнасан чинь ямар ч амьсгал байхгүй болохоор нь хажуу талынхаа айл руу явган гүйсэн, очоод эмнэлэг рүү дуудлага өгсөн гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-70 тал/

Гэрч Б.Түмэнцэцэгийн: “...Орой 20 цаг өнгөрч байхад Отгоотой хамт байдаг ногоон дээлтэй залуу гаднаас орж ирээд баларсаан гэж хэлсэн, яасан юм бэ гэхэд архи уугаад хоорондоо зодолдоод Отгоогийн бие нь тааруу байна эмнэлэг дуудаад өгөөч гэхээр... урд байдаг айл Доржханд эгч рүү залгаж Хэрлэнбаян-Улаан тосгоны эмнэлгийн утсыг авч манай нөхөр энд хүний бие муу байна гээд дуудлага өгсөн. Ногоон дээлтэй залуугаас архи үнэртэж байсан. Дуудлага өгснөөс хойш их удаагүй 10 орчим минутын дараа манай 88403522 утас руу дуудлага ирээд манай эмч наана чинь ойрхон явж байгаа гэж хэлсэн. Удалгүй УАЗ-469 машин ирэхэд нөхөр маань гарч оруулахад эмч жолоочтойгоо орж ирээд ногоон дээлтэй залуутай гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн тал/

Гэрч С.Отгонпүрэвийн: “... Орой 20 цаг өнгөрч байхад Отгоотой хамт нэг гэрт байдаг ногоон дээлтэй хонио хариулдаг залуу нь манайд явган орж ирсэн. Жаахан халамцуу байсан бөгөөд баларсан, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Эхнэр яасан юм гэхэд зодолдсон гэсэн. Отгоогийн биеийг маш муу байна, түргэн дуудаад өгөө гээд байсан тул 88403522 дугаараар Хэрлэнбаян-Улаан тосгоны эмнэлэг рүү хүн муудаад байна, түргэн дуудъя гэж хэлсэн. Ногоон дээлтэй залуу манайд цай уугаад суугаад байсан. Тэр хүний нэрийг нь бол мэдэхгүй, түргэн дуудаад байж байтал түргэний жолооч нь залгаад тэгээд машин манай гадаа ирэхээр нь нохой хорьж өгсөн. Ногоон дээлтэй залууг түргэний машин аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72 тал/

Гэрч Б.Гонгоржавын: “...Би 2017.12.24-ний 10 цаг болж байхад хөдөөгүүр явж мал худалдаж авах ажлаар гэрээс нь ирж өөрийн цагаан өнгийн портер маркийн 51- 68 ХЭА машинаар Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд байдаг хөдөлмөрийн багш Сэргэлэнг аваад тосгоны төвөөс зүүн тийшээ Улаан-Өндөрийн урд адуу авах Отгоо гэх залуугийнд очсон. 10 гаруй км явж 12 цагийн үед очиход Отгоо ганцаараа байсан... Мөн надад Сэргэлэн багш 2 шил архи захисан тул хар экс 0,75 грамын архи авч очсон. Архийг нь оруулж өгөхөд Сэргэлэн багш Отгоо нар эрүүл байсан ...Сэргэлэнг авахаар Отгоогийнд 17 цаг өнгөрч байхад очиход ...Ч  Сэргэлэн нар хоорондоо маргалдаж баруун орны өмнө газар Сэргэлэн багш доор нь дээшээ харсан Ч  дээр нь гарсан заамдалцсан байхаар нь би юу болж байгаа юм яаж байгаа юм гэхэд зүүн орон дээр сууж байсан Отгоо нь Ч  бид 3 хонь хашсан, тэгэхэд Ч  хонь цөөхөн харагдаад байна гэсэн. Сэргэлэн би ямар чиний хонийг дутаасан юм уу гээд л маргалдсан гэсэн. Отгоо бол ямар ч гэмтэж шархдсан цус гойжиж байгаа шинж тэмдэг байхгүй зүв зүгээр байсан. Гэрт Ч  Отгоо нар үлдсэн, яг ийм л асуудал болсон. Би бүр Отгоо ахаас та энэ 2 муудалцаж байхад яагаад ингээд зүгээр хараад байж байгаа юм бэ гэхэд дөнгөж заамдалцаад л сууж байна гэсэн. Отгоо гэх хүн ямар нэг гэмтэлгүй зүгээр үлдсэн. Хэрэв нас барсан бол гэрт Ч  гэх ногоон дээлтэй халамцуу залуу хамт үлдсэн. Ч тай л маргалдаагүй бол зүв зүгээр үлдсэн, би үүнийг гэрчилнэ. Отгоотой Сэргэлэн огт маргаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 73-78 тал/

Гэрч Батбэхийн мэдүүлэг: “...нар жаргаад харуй бүрий болчихсон, гэхдээ бүр гэгээ тасраагүй байсан үе гэж бодохоор 18 цаг дөнгөж л өнгөрч байсан гэж бодож байна. Энэ үед гаднаас Гонгоржав, Сэргэлэн нар манайхаар хамт орж ирсэн. Тэр үед Сэргэлэн архи уучихсан, нилээн согтолттой хамраас нь цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон байсан. Харин хамт явсан Гонгоржав нь эрүүл, зүгээр байсан. Тэр хоёроос яаж явааг нь асуухад Гонгоржав нь “Сэргэлэн багш хүнтэй муудаад” гэж л хэлсэн би ч асууж шалгаагүй, Сэргэлэн ч ингэсэн тэгсэн гэж юм яриагүй. Тэгээд манайд нүүр гараа угаачихаад тэр 2 хамт гараад явсан, эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80 тал/

Гэрч О.Сэргэлэнгийн мэдүүлэг/1хх-ийн 85-91 тал/

Гэрч Түвшингийн мэдүүлэг/1хх-ийн 39-40 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт -07, 005 /1хх- ийн 154- 156 тал/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн нэмэлтээр гаргасан дүгнэлт /1хх-ийн 158 тал/,

Яллагдагч С.Ч ын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед 2017 оны 12 сарын 23-ны өдөр талийгаач адуунд яваад 2 хоног болоод ирсэн. ...Намайг хониндоо яваад гэрт ирэхэд талийгаач нь Сэргэлэн гэх залуутай архи уугаад сууж байсан. Би гэрт ороод хэсэг сууж байхад надад архи хийж өгсөн. Шилтэй архи уугаад дуусч байтал зүүн айлын өвгөн орж ирсэн. Талийгаач наймаа хийсэн гээд ширээн доороос нэг шил архи гаргаж ирээд, тэрнээс уусан. Хэсэг байж байгаад намайг хонинд яваад ирэхэд талийгаач, Сэргэлэн хоёр муудалцсан бололтой гэрийн унь унасан байсан. ...Талийгаач, бид хоёр хүмүүс явсны дараа маргалдсан. Бид хоёр заамдалцаж аваад, гадаа гарч хэсэг ноцолдоод, гэрт орсон. Гэрт орсны дараа талийгаач намайг гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад зайлах ёстой юм бэ гээд бас маргалдахад талийгаач над руу хутга аваад дайрсан. Би хутгыг нь булааж авах санаатай зууралдаж байтал талийгаач яаяа, хатгачихлаа гэж байснаа би унтлаа гээд орон дээр хэвтсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гараад малаа хотлуулчихаад орж ирэхэд талийгаач яг хэвтсэн байдлаараа орон дээр хурхираад унтаж байсан. талийгаачийг орондоо ороод унт гэхэд яг л тасарчихсан юм шиг ямар ч ухаангүй байсан. Тэгж байснаа хурхирахаа болиод чимээгүй болчихоор нь сэрээх гээд хэд, хэд алгадаад сэрэхгүй болохоор нь зүрхийг нь чагнасан чинь талийгаач амьсгалахгүй байсан. Тэр үед зүүн гуяыг нь тэмтэрч үзэхэд нойтон байсан. Өмдөндөө шээчихсэн юм уу гэж бодсон ч цус болсон байсан... Миний буруутай үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна. Би насанд хүрээгүй 3 хүүхэдтэй. Би маш их гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-219 тал/

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн: “...Хааяа архи дарс уучихдаг нь миний дүүгийн буруу байх. Гэхдээ энэ хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай, санаатай үйлдэл байгаа байх гэж бодож байна. Хохирлын хувьд бүрэн барагдсан. Гэхдээ Ч ад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Ч ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг мөн байна. Талууд хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, прокурор Д.Отгонтуяа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Иймд С.Ч ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ч  нь хохирогч Я.Эрдэнэцогтод хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь хохирол бүрэн барагдсан тул ямар нэг гомдол саналгүй болно /2хх-ийн 29 тал/ гэсэн тул түүнийг хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид хорих ял оногдуулах болон хорих байгууллагын дэглэмийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Ч-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д 03 /гурав/ жилийн хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн  цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ч-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

6. Ялтан С.Ч  нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэг, АРКНI гэсэн бичвэртэй хар бараан өнгөтэй архины шил 3 ширхэг, унины тайрсан хэсэг 1 ширхэг, улаан өнгийн хивс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн гудас 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, хүрэн өнгийн даавуун цамц 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, дотортой хар өнгийн өмд 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, марлиар арчсан арчдас, бор хүрэн өнгийн урт куртик 1 ширхэг, шоотой даавуун өмд 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, улбар шар өнгийн бүс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

              

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА