Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01478

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01478

 

 

 

М.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01474 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Мөнхжаргалд холбогдох

26 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013 оны 7 дугаар сард Ш.Мөнхжаргалаас Форд маркын УНР68-78 улсын дугаартай автомашиныг 49 000 000 төгрөгөөр худалдаж авах, төлбөрийг бэлэн мөнгө болон тоосгоор хийхээр тохиролцож бэлэн мөнгө 5 000 000, тоосго 122 000 ширхэг буюу 122 000*180 төгрөг=21 960 000 төгрөг төлсөн боловч Ш.Мөнхжаргал нь машиныг 2013 оны 10 дугаар сард надад хэлэлгүйгээр гэрийн гадна зогсоолоос шөнийн 01 цагийн үед дураар аашлан машинаар чирч хулгайлан авч явсан. Түүнээс хойш Ш.Мөнхжаргал нь холбоо тасарч явсаар 2018 оны 03 дугаар 14-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрэн сурвалжилснаар олсон. Иймд Ш.Мөнхжаргалд өгсөн 26 960 000 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Эрдэнэбилэгт Порд маркийн F250 машиныг улсын дугаар авахуулан 50 000 000 төгрөгөөр урьдчилгаа мөнгө авалгүй тохиролцож 1 сарын хугацаатай 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлээр хүлээлгэж өгсөн. М.Эрдэнэбилэг нь тухайн үед Баянхонгор аймагт автозамын тендер авсан. Тендрийн ажил хийж байгаа ямар ч асуудалгүй гэж хэлээд 1 сарын хугацаатай зээлээр авч явсан. Тухайн үед байраа тавиад Америкаас оруулж ирсэн машин, өр зээлтэй маш хүнд байгаа шүү найдвартай сарын дараа төлбөрөө төлөөрэй гэж хэлж хүлээлгэж өгсөн. М.Эрдэнэбилэг машин аваад 2 cap гаран алга болсон. Энэ хугацаандаа 5 000 000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. 2 удаа 8 000 ширхэг тоосго сонсмолоор авсан. Мөнгөө төлж чадахгүй байна, тоосго өгье гээд байхаар нь би сарын дараа бэлэн мөнгөө авна, банкны өртэй, тоосго авахгүй, бэлэн мөнгөө авъя гэж хэлээд аваагүй. 3 cap гаран болсний эцэст машинаа гэрийнх нь гаднаас журамлах арга хэмжээ авч Уран ган ломбардад 15 000 000 төгрөгөөр тавьж, ломбардаас машинаа ав гэж М.Эрдэнэбилэгээс шаардсан. Эрдэнэбилэг нь зусангаа машиныг хөдөө унаж явж хэрэгцээгээ хангасан тул машинаа авах ямар ч сонирхолгүй байсан. Танил тал цагдаа шүүхээр явж, өөрөө ямар ч гэм буруугүй хүн шиг Баянгол дүүргийн Цагдаад 263.2-р эрүү үүсгүүлэн шалгаж, прокурорт шилжин Сонгинохайрхан дүүргийн прокурор Энэрэл хүчингүй болгосон. Дараа нь гадаадад гэр бүлээрээ амьдарч байхад Хан-Уул дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулсан. Энэ хүнээс болж байраа хүртэл алдсан. Уран ган автоломбарданд жил гаран 750 000 төгрөгийн хүү төлж М.Эрдэнэбилэгийг машинаа авахыг хүлээсэн. Энэ бүхнээс болж байраа алдаж орон гэргүй болсноос үүдэлтэйгээр эхнэр 3 хүүхдийн хамт гадаадад ажиллаж амьдарсан, орон гэргүй хүнээс эхнэр хүүхэд маань хүртэл зугатаж, амьдралгүй болсон. Энэ хүн 1 сарын дараа хэлэлцэж тохиролцсон ёсоороо 50 000 000 төгрөгөө бэлэн өгсөн бол би байраа алдаж, бизнесээ үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж, эхнэр хүүхдээсээ салж хохирохгүй байсан. Эхнэр 3 хүүхэд маань Солонгос улсад зугтаж алга болсон. Нэхэмжлэлд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ,2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 10 дугаар сарын 02-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тоосго шилжүүлсэн зарлагын баримтуудыг хавсаргаж өгсөн байна. Эдгээр тоосгонуудыг би аваагүй бөгөөд Мөнхсайхан гэдэг хүнд тоосго шилжүүлсэн баримтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрүүдэд тоосго авсан нь үнэн. Энэ баримтуудыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Мөнхжаргалаас 7 880 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 080 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141 030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүргүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Ш.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн тоосгоны зарим баримт нь Ш.Мөнхжаргалын нэрээр биш Мөнхсайхан гэсэн хүний нэрээр гарсан байна гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлүүлэхээс татгалзсан байна. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201301012299 дугаартай хэргийн материалаас тухайн тоосгоны баримттай холбоотой ачсан хүлээн авч буулгасан газар зэргийн талаарх нотлох баримт болон тухайн үед Ш.Мөнхжаргалын тоосгыг бүрэн бүтэн хүлээн авсан зэрэг мэдүүлгийг нотлох баримтаар авч өгнө үү. Эхнээсээ залилан хийх санаа сэдэлтэй хүн хүлээн авч байгаа барааны баримтыг өөрийн нэрээр бичүүлж аваагүй нь илт тодорхой харагдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг нь хариуцагч Ш.Мөнхжаргалд холбогдуулан 26 960 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09:0 0 минутад шүүх хуралдааныг хийхээр товлож, хариуцагчид 2018 оны 04 сарын 25-ны өдөр 96664608 дугаарын утсаар мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан./хх-28/ Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09:04 минутад залгахад 09 00 цагийн шүүх хуралдаанд амжиж очиж чадахгүй болсон, шүүх хуралдааныг 10 00 минут хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн байна. /хх-ийн 34 дүгээр тал/

Хэргийн 28 дугаар талд авагдсан баримтаас дүгнэхэд шүүх хуралдааны товыг хариуцагч Ш.Мөнхжаргалд зохих ёсоор мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1.2-т заасныг зөрчсөн. Хуралдааны товыг оролцогч нарт зөвхөн шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, биечлэн мэдэгдэх боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд утсаар мэдэгдэх учиртай.

Шүүх түүнд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогч хуралдааны товлосон цагт амжиж ирж чадахгүй болсон байдлаа мэдэгдэж, 1 цагийн хугацаагаар хойшлуулахыг хүссэн байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан тухай баримтаас үзвэл хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй байна. /хх-ийн 27 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2-т заасан ... хэргийн матераилтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, мөн зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид бүрэн оролцож, мэтгэлцсэн тохиолдолд Ш.Мөнхсайханд тоосго шилжүүлсэн нөхцөл байдлын талаар талуудын тайлбар ач холбогдолтой байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй ... гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах гомдолд зааж буй хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

Б.НАРМАНДАХ