Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00661

 

 

 

 

                          

  

                                                                      301/ШШ2025/00661

 

 

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                    

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ...... дугаар баг ......... дугаар байр ........  тоотод оршин суух У овгийн Он У /РД:........./-гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А аймгийн Х сумын ...баг, .......... тоотод оршин суух З овгийн Л Ч /РД:А/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 26,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.У

Хариуцагч Л.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.У нь 26,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.  

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:           

Л.Ч нь надаас 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 28,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. Үүнээс 1,820,000 төгрөгийг өгсөн. Удахгүй банкны зээл аваад үлдэгдэл 26,180,000 төгрөгийг өгнө гэсээр өдий хүрлээ. Иймд хариуцагч Л.Чс 26,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

3. Нэхэмжлэгч О.Ун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг мөнгийг хоёулаа зээлийн гэрээ хийж авсан. Түүнээс хойш хугацаанд 10 дугаар сарын 31-ний өдөр  820,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг өгсөн, огт надад мөнгө өгөхгүй, мөнгө зээлээгүй байсан юм бол яах гэж дээрх мөнгийг надад өгсөн юм бэ, мөн бичээд байгаа мессежнүүдээс харахад өгье гээд бичсэн байгаа, Элэг шилжүүлэн суулгах гээд байгаад би Л.Чгаас мөнгө нэхэмжилж нэхэж гуйгаагүй. Боломж байвал энэ мөнгөө бүгдийг нь өгөөч, болохгүй бол эхний удаа 10,000,000 төгрөг өгөөч гэж бичсэн. Харьцдаг уян зөөлөн харьцаагаар харьцсан нь миний алдаа болсон байна. Эцэст нь би дандаа хүнийг эерэгээр, сайхнаар бодож явсан нь миний алдаа байдаг юм байна. Би далан жилийг үзэх гэж байгаа хүн өнөөдөр өөртөө одоогийн хүүхдүүдэд итгэж болохоо байчихсан юм байна гэдгийг мэдэрч сууна. Ингэж болохгүй. Өгсөн авснаа ярьчихсан, ярьж хэлснээ тохирчихсон, ямар одоо бүгдийг нь гаргаад өг гээд байгаа биш, өгдгөөрөө өгөөд, явдгаараа яваад дуусгая гээд хоёулаа тохирчихсон. Гэтэл одоо ийм би тэр мөнгийг нь аваагүй гээд хэлээд байж болохгүй гэв.   

 

4. Хариуцагч А.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:.. оршин суугч Л.Ч миний бие О.У нэхэмжлэлдээ бичсэн 2024 оны 09 сарын 28-нд 28,000,000 төгрөг хэн нэгнээс зээлж аваагүй бөгөөд тэр тусмаа О.У гэдэг хүнээс аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна. Үнэхээр тэр хүн надад 28 сая төгрөгийн зээл өгсөн бол миний ямар дансанд мөнгийг хийсэн баримт байна уу ...гэжээ.   

 

5. Хариуцагч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хоорондын энэ асуудал 2015 оноос эхлэлтэй асуудал байгаа. 2022 онд болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн, нэхэмжлэлээ нотолсон нотлох баримт нь дэвтрийн цаасан дээр өөрийн гараар бичсэн нотлох баримт байдаг. Тухайн үед би ийм нотох баримтаар шүүх шийдвэр гаргахгүй байлгүй дээ гэж ойлгосон, өмнөх шүүх хуралдаан дээр ирээгүй нь миний алдаа байсан. Дараа нь 60,000,000 төгрөг гаргуулах шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаатай явж байгаад О.У эгчтэй уулзаж, сонгуультай холбоотой асуудлаа хэлж 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрт нь мөнгө шилжүүлж, нэхэмжлэгчийн гэрт нь очсон. Мөнгө шилжүүлсэн тэр өдрөө бид 2 үлдсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулъя гээд би гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Түүнээс биш О.Угаас мөнгө аваагүй, бид 2 хамт гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод тооцоо дууссан гээд хэлээд явцгаасан. Би энэ хүнийг эхнээс нь эхэлж мөнгө зээлээд хохироосон байвал, хохироогоогүй бол тэр авсан 180,000,000 төгрөгөө бүрэн өгөөд тодорхой хэмжээний нь хүүг нь өгчихсөн гэж өөрөө тооцоо гаргаад байгаа юм. Өмнөх шүүх хурал дээр гарсан тайлбар дээрээ ч гэсэн бид 2 тооцоо нийлээгүй байсан гэдэг тайлбарыг бичиж өгч байсан юм. Тооцоо нийлээгүй байгаа. Тийм учраас тооцоо нийлээд хохироосон байвал тэр мөнгийг нь өгнө гэж өмнөх тайлбар дээрээ бичиж өгч байсан. Хэрэгт өгсөн гэрээний он сарыг засварласан байна гэв.

 

6. Нэхэмжлэгчээс:  

- О.Угийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар,

-2024 оны 09 сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ,

-Хариуцагчтай харилцаж байсан мессежний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлгийн үед:

-Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2022/00.... дугаар шийдвэрийн хуулбар хувь,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 129/ШЗ2022/00.... дугаар захирамжийн хуулбар хувь

-Мөнгөн шилжүүлгийн баримтууд

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга

-2022 оны 4 сарын 13-ны өдөр О.Угийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлттэй хавсаргасан баримтын хуулбар хувь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Угийн хариуцагч А.Чгаас 26,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“..Зээлийн гэрээ хийж мөнгө өгсөн, түүнээс 10 дугаар сарын 31-ний өдөр  820,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг өгсөн, мөнгө өгөх талаараа бичсэн мессежүүд нь байгаа...” гэж тодорхойлсон.  

 

3. Хариуцагч Л.Чгаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...би өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөний өгцөөтэй байж байгаад нэхэмжлэгчийн гэрт нь очиж, тухайн өдөр байсан мөнгөө шилжүүлж, тэр өдрөө бид хоёр үлдсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулж би гарын үсэг зурсан, түүнээс О.Угаас мөнгө зээлж аваагүй...” гэжээ.

 

4. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч О.У мөнгө зээлүүлсэн, зээлийн гэрээний дагуу мөнгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хариуцагч Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2022/....... дугаартай шийдвэрийн гүйцэтгэл дээр маргаж байна.

 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч О.У, хариуцагч О.Ч нар 2024 оны 09 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээний дагуу  нэхэмжлэгч тал хариуцагчид 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Чгаас зээлийн гэрээний үүрэг 26,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч

Л.Чгаас 26,180,000 төгрөг гаргуулах тухай О.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР