| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 1740000460020 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хүүхдүүдийн хамт “Цагаан элгэн” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
-Дорноговь аймгийн сум дундын 1-р шүүхийн 2006 оны 03 сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2167500 төгрөгөөр торгох ялаар,
-Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 06-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 3-р багийн нутаг “Төгрөг жаргалант” гэх газраас 2017 оны 09 сарын 15-наас 2017 оны 09 сарын 21-ний өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч М.Б-ын бэлчээрт байсан адуунаас 6 тооны адууг хулгайлж бусдад 4500000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг.Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 3-р багийн нутаг “Төгрөг жаргалант” гэх газраас 2017 оны 09 сарын 15-наас 2017 оны 09 сарын 21-ний өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч М.Б-ын бэлчээрт байсан адуунаас 6 тооны адууг хулгайлж бусдад 4500000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1.Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 3-р багийн нутаг “Төгрөг жаргалант” гэх газраас 2017 оны 09 сарын 15-наас 2017 оны 09 сарын 21-ний өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч М.Б-ын бэлчээрт байсан адуунаас 6 тооны адууг хулгайлж бусдад 4500000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би хохирогч М.Т-т 4500000 төгрөгний хохирлыг төлсөн. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
1.2.Хохирогч М.Б-ын 2017 оны 11 сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн: “Манай гэр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багийн “Төгрөг жаргалант” гэх газарт малтай байдаг. 2017 оны 09 сарын 15-ны өдөр бэлчээрт байсан адууг бүртгэж үзэхэд бүрэн байсан. 2017 оны 09 сарын 21-ний өдөр бэлчээрт байсан адуугаа харахад зүсээр 6 тооны адуу дутсан. Тухайн үед салаад явсан юм болов уу гэж бодоод нилээн олон хоног хайгаад олоогүй. Удаагүй хэд хонож байхад Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс ярьж байна. 6 тооны адуу хулгайд алдсан уу гээд манай бэлчээрээс алдсан адууны содон шинж тэмдгээр нь хэлэхээр нь хулгай авсан талаар мэдсэн. Манай адуу хулгайд алдахад Галшар сумын 3 дугаар багийн “Төгрөг жаргалант” гэх газарт байсан. Миний хулгайд алдсан 6 тооны адуу хүрэн морь 12 настай хоёр гуяндаа нэвт Монгол ба тамгатай, улаан хээр морь 10 настай зөв гуяндаа Монгол ба тамгатай буруу чих сүйх имтэй буруу талын хамар сэтэрхий, хар морь 5 настай Монгол ба тамгатай, бор хээр морь 4 настай ба тамгатай, дэлтэй шарга үрээ 3 настай им тамга байхгүй, хар даага 2 настай буруу чих сүйх хамар сэтэрхий имтэй адуунууд байгаа юм. Би адуунуудаа Галшар сумын ханшаар үнэлэнэ. Би хохирлоо нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
1.3.Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссоос гаргасан малын үнэлгээ /хохирогч М.Б-ын 6 тооны адуу нийт 4500000 төгрөгөөр үнэлэгдсэн / хх-ийн 11/
1.4.Гэрч А.Б-ийн 2018 оны 04 сарын 01-ний өдөр өгсөн “Би Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат хүн. Улаанбаатар хотод 2000 онд шилжиж ирж "Шонхор" зах дээр автомашины зогсоолын талбайн байцаагч хийж байгаад 2005 оноос хойш өнөөг хүртэл Налайх дүүргийн "Цайз" зах дээр мал махны ченж хийж байна. Мал мах худалдан аваад 12 жил болж байна. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Б гэх залуу надад мал мах өгдөг. Б-ыг надад мал мах өгөхөөр ирэхэд М хамт ирдэг байсан юм. Тийм учраас М ыг зүс мэднэ, сайн танихгүй. Үүнээс хойш 2017 оны 09 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 сарын 20-ны хооронд байх яг өдрийг нь нарийн санахгүй байна. Б, М 2 хамт Налайх дүүргийн Алтай чандмань мал нядалгааны газарт 6 тооны адуутай ирээд байна гэхээр нь очиж үзэхэд 51-10 ДГА улсын дугаартай пронтер маркийн автомашинтай 6 тооны адуу ачиж ирсэн байсан. Бас гарал үүслийн бичгийг нь асуухад суманд малын өвчин гарсан, малын бичиг өгөхгүй бичиггүй яваад байгаа, хулгайн мал биш ээ гэж хэлсэн. Тэгээд Б-ын ачиж авчирсан 6 тооны адууг амьдаар нь 2.550.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Б-ын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/
1.5.Гэрч С-ийн 2018 оны 03 сарын 21-ний өдөр өгсөн “Манайх 2017 оны 09 сард Хэнтий аймгийн Галшар сумын 3-р багийн нутаг “Төгрөг жаргалант” гэх газар зуслан дээр байсан. Манай адуу гэрийнхээ ойролцоо худаг дээр байдаг байсан. Худгийнхаа ойролцоо бэлчдэг. Манайх нийт 300 гаран тооны адуутай. 2017 оны 09 сарын 15-наас 2017 оны 09 сарын 21-ний хооронд манай адуунаас 6 тооны адуу хулгайд алдагдсан. Яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө аймгийн төвд байсан юм. Мнай адуунаас хар зүсмийн морь, хээр зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хээр зүсмийн морь, шарга зүсмийн үрээ, хар зүсмийн эр даага зэрэг 6 тооны адуу алдагдсан. Эдгээр 6 тооны адууг уяж хурдалж байгаагүй. Бүгдээрээ уналга эдэлгээний адуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
1.6.Шүүгдэгч Б.Б-ын 2017 оны 11 сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн “Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 09 сарын 10-д гаргаад Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан элгэн” гэх газар байх хөдөө гэрээсээ ганцаараа өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй улаан шардуу өнгийн Даюун маркийн мотоцикльтой Хэнтий аймгийн Галшар сумын нутаг руу гэрээсээ чанх хойшоо гарч хэдэн адуу хулгай хийж ирэх гээд 14 цаг өнгөрч байхад явсан. Гэрээсээ гарч хойшоо явж байгаад 50 км яваад 6 тооны адуу бэлчиж байгаатай таарсан. Тэгэхээр нь тэр 6 тооны адууг урагш нь гэр лүүгээ туугаад явсан. Тууж явсаар байгаад хөдөө гэртээ авчирсан. Миний хулгай хийж туусан 6 тооны адуунуудын зүс нь шарга зүсмийн эр даага, хар зүсмийн эр даага, хүрэн зүсмийн морь, хээр зүсмийн морь, хээр зүсмийн морь, нөгөө хоёрынх нь зүсийг сайн санахгүй байна. Тэгээд хөдөө гэртээ авчираад гэрийн хажуу талын нууранд оруулж хонуулсан. Тэгээд маргааш өдөр нь М руу утсаар яриад машинаа өгөөч Улаанбаатар хот руу яваад ирэх гэсэн юм гэж хэлээд дуудсан. Тэгэхэд М манай хөдөө гэрт өөрийнхөө 51-10 ДГА улсын дугаартай Пронтер маркийн машинаа унаад ганцаараа ирсэн. Тэгээд М ын машин дээр хулгай хийж авчирсан 6 тооны адуугаа барьж ачаад М тай хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэгт очоод Батмөнх гэдэг ченжид 6 тооны адуугаа амьдаар нь борлуулсан. Шарга зүсмийн даагаа 380.000 төгрөгөөр хар зүсмийн даагаа 300.000 төгрөгөөр, 2 морио тус бүрийг нь 550.000 төгрөгөөр, нөгөө 2 тооны адууг тус бүрийг нь 400.000 төгрөгөөр зарж нийт 2.580.000 төгрөг болж өөрийнхөө дансанд хийлгэж авсан. ... Би ганцаараа өөрийнхөө улсын дугааргүй улаан шардуу өнгийн Даюун маркийн мотоцикльтой явж 6 тооны адуу хулгайлж ирсэн. Намайг 6 тооны адуу хулгайлсан гэдгийг мэдсэн хүн байхгүй. Миний 6 тооны адуу хулгайлсан газрын ойр орчимд айл байгаагүй. Би М д хулгайн адуу гэдгээ хэлээгүй. Би Б гэдэг ченжийг 2017 оны 08 дугаар сараас хойш мэддэг болсон. Би мал худалдахдаа малын гарал үүслийн бичиг өгч байгаагүй. Учир нь манай суманд малын өвчин гарсан гээд гарал үүслийн бичиг өгөхгүй байсан юм. Би Б-д хулгайн мал гэж хэлж байгаагүй.
Би 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос 65-05 УНМ улсын дугаартай автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би машинаа худалдаж авахдаа 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тухайн үед машины эзэн болох Б гэх хүний биеийн байдал муу байсан учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр лүүгээ шилжүүлж аваагүй. Дараа нь Улаанбаатар хот руу орохоороо шилжүүлье гэж тохирсон. Тэрнээс хойш тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх гэхэд Б гэдэг хүн нас барсан гэж байсан. Тэгээд одоо болтол машинаа бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байна. Машины мөнгийг бүгдийг нь бэлэн өгсөн учраас одоо 65-05 УНМ улсын дугаартай автомашинтай холбоотой өр төлбөр байхгүй. М машин авахаар Улаанбаатар хот руу явахдаа өөрийнхөө бичиг баримтыг авалгүй явсан байсан. Тэгээд пронтер машин худалдаж аваад бичиг баримт байсан учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ миний нэрээр авсан юм. Тэрнээс биш миний машин биш. М ын өөрийн нь машин, өөрөө бэлэн мөнгөө өгөөд худалдаж авсан машин нь байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
1.7.ХААН банкнаас гаргуулж авсан Б.Б-ын5028299503 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /85-89/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 3-р багийн нутаг “Төгрөг жаргалант” гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 2017 оны 09 сарын 21-ний өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч М.Б-ын бэлчээрт байсан адуунаас 6 тооны адууг хулгайлж бусдад 4500000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын /6 тооны адуу/ малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР.Шүүгдэгч Б.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1.Гэрч М.М-гийн 2018 оны 03 сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн: “Би Б.Б-ын ээжийнх нь дүүтэй 1998 онд гэр бүл болсон. Энэ үеэс Б.Быг мэднэ. Зан байдлын хувьд гайгүй, нийтэч, хүнтэй эвтэй харьцдаг зантай. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Б.Б нь архи уухгүй. Улаанбаатар хотод цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
2.2.Гэрч А.Т-ын 2018 оны 03 сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “Би Б.Бтай 2015 онд гэр бүл болсон. Б.Б бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Зан байдлын хувьд яриа сайтай, найз нөхөд ихтэй. Янз бүрийн этгээд зан байхгүй. Хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Б-ыниргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58-р, 71-р хуудас/
2.4.Хохирогч М.Б-ын гаргасан “Миний бие өөрт учирсан хохирол 4500000 төгрөгийг Б.Б-аар төлүүлж хохиролгүй боллоо. Б.Б нь надаас албан ёсоор уучлалт гуйсан. Иймд би ямар нэгэн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би ажил төрөл ихтэй тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэх хүсэлт, хохиролд 4500000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 135-136-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч М.Т нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 4500000 төгрөгийг Б.Баас авсан” гэх хүсэлтийг, ХААН банкны орлогын мэдүүлгийн хамт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Т-т 4500000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх хуралдааны явцад улсын дугааргүй, бичиг баримтгүй, Б.Б-ынэзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикльд үзлэг хийхэд цаашид ашиглах боломжгүй байх тул уг мотоцикльны үнэ болох Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-иас гаргасан 432500 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ынгэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг Б.Б-ад буцаан олгож, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураасан /Б.Б-ынэзэмшлийн гэх/ Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй 65-05 УНМ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг автомашиныг бичиг баримтын хамт хууль ёсны өмчлөгч Б.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Т-т 4500000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль, Б.Б-тийн өмчлөлийн 65-05 УНМ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльны үнэ 432500 /дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан №00730465 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, 65-05 УНМ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг өмчлөгч Б.Б-д, БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг эзэмшигч Б.Б-ад буцаан олгохыг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ