Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

*******, *******  нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Урансувд

Шүүгдэгч, хохирогч                                                *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2421000000058 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Гэрүүд овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ны газрын тосны 21-р талбайд операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

******* овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч, хохирогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт согтуурсан үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун бугалган тус газар нь хазаж, сандал шидэж, толгойн тус газарт нь мөнгөн аяга бүхий зүйлийг шидэж эрүүл мэндэд нь “зулай орой хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч, хохирогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт согтуурсан үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч  *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч, хохирогч ******* овогт гийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч, хохирогч Гэрүүд овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч П.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч *******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, шүүгдэгч-хохирогч *******гээс эрүүл мэндэд учирсан хохиролд 930,688 төгрөгийг гаргуулж, ******* овогт гийн /РД: /-д олгож,

Шүүгдэгч, хохирогч ******* нь чих хийлгэх, болон сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа, шүүгдэгч, хохирогч ******* сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч ******* нь бусдын эрүүл мэндэд учирсан хохирол төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн маргаж, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж байсан. Гэвч намайг гэм буруутайд тооцож, 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Шийтгэх тоглоолын тогтоох хэсгийн 5-д сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэжээ. Дээрх 2 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.

… Би Бат-Эрдэнийн чихэнд гэмтэл учруулсан нь үнэн үүнийг би огт үгүйсгээгүй. Харин яагаад гэмтэл учруулсан шалтгаан нөхцлөө анхнаас нь би үнэн зөвөөр нь мэдүүлж тайлбарладаг. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо хохирогчоор өгсөн Бат-Эрдэнийн мэдүүлгийг л зөвхөн үнэлж намайг буруутгаж байна. Бат-Эрдэнийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтын эх сурвалжтай давхар нотлогдоогүй түүний мэдүүлгийн эх сурвалж зөрүүтэй байхад шууд үнэлээд намайг гэм буруутай гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Би Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зааснаар өөрийгөө гэмт халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ эрхээ эдлэхдээ миний эсрэг довтолсон довтолгооны эсрэг би аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн. Гэтэл үүнийг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Шүүхээс аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн. Гэвч энэ нь гэмт хэрэг гарсан үйл баримтыг шүүхээс зөв дүгнэлт хийж чадаагүй нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, түүнчлэн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж зөрүүтэй байхад аль нэгнийг нь үгүйсгэсэн эсвэл гэм буруутайд тооцох үндэслэл болгосон гэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

намайг эхлээд сандлаар цохьсон, … мөнгөн аяга толгой руу шидэж, … толгойноос цус гарч байхад шанааны хавьцаа 3-4 удаа зангидсан гараараа цохьсон. Би дахин дахин зодуулахгүйн тулд хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авч хүзүүнээс нь уургалан барьж цээжиндээ нааж дарсан. Энэ нь миний эхний өөрийгөө хамгаалах үйлдэл байсан. Ингээд хөдөлгөөнийг нь хязгаарлаад цээжрүүгээ шахаад дарж байхад миний суга руу гэнэт хазсан. Тэгэхэд нь өвдсөндөө гар маань суларсан. Энэ үед толгойгоо дээшлүүлэхэд дахин зодуулахаас хамгаалж чихийг нь хазаж авсан. Үүнээс хойш надад дахин нэг ч удаа гар хүрээгүй.

Би тэр хүний чихийг хазаж өөртөө туслан аргагүй хамгаалалт хийж хамгаалсан гэж бодож байдаг юм. Хүн заавал алах хэмжээнд буюу их хэмжээний хүнд хэлбэрийн гэмтэл авах нөхцөлд өөрийгөө хамгаалах үйлдэл хийдэг гэж үзэхгүй байх. Хэрэв тодорхой хэмжээнд би тэр хүний хүч, хөдөлгөөн зодолтыг хязгаарлаж хамгаалж байгаагүй бол юу ч болоо билээ. Шүүхийн дүгнэлтээр довтолгоон төгссөн үед гэж яг ямар үеийг ойлгож тайлбарласан болохыг би ойлгохгүй байна. Ингэснээр хуулиар зохицуулсан хүн өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалсан үйлдлийг хийхийг хориглох мэтээр хязгаарлан надад ял халдаасан нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоож чадахгүйгээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байгаа тул миний гэм буруутай үйлдэл нь өөрийгөө хамгаалсан үйлдэл болохыг шүүхээс тогтоож гэм буруутайд тооцсон, ял халдаасныг хүчингүй болгож өгнө үү.

Иргэний нэхэмжлэл болон гэм хортой холбоотой эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 930 688 төгрөг гаргуулах гэсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ талаар шүүхэд дэлгэрэнгүй тайлбар гаргана. Сэтгэцэд учирсан хохирол тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэтэл шүүхээс өөр өөр гэмтэлд өөр өөр дүгнэлт гаргалаа гэсэн ойлголтоор эрүүгийн хэрэгтэй хамт шийдсэнгүй. Шүүх шинжилгээний шинжээч хуралдаанд оролцон маш сайн тайлбар хэлсэн. Гэтэл яагаад үгүйсгэж байгаа нь тодорхойгүй хэт үндэслэлгүй шийдвэр болсон. Тиймээс би өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролоо эрүүгийн хэрэгтэй хамт шийдүүлэх нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго хангагдана гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ******* намайг гэм буруутайд тооцсоныг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

6. Прокурор М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аргагүй хамгаалалт гэдгийг хуулинд маш ойлгомжтойгоор тайлбарлаж хэлсэн байгаа. Аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй шалтгааныг хүртэл тайлбарласан байдаг. Шүүгдэгч нарын хувьд хэн алиныхаа биед гэмтэл учруулсан буюу харилцан зодолдсон. Аргагүй хамгаалалт нь амь биед нь халдах, аргагүй нөхцөл байдал бүрдэхийг ойлгоно. Жишээ нь удаан хугацаагаар усанд байлгах, толгойд нь уут углах, хүйтэн газар байлгах гэх мэт шинж байхыг аргагүй хамгаалалт гэж үзэхээр Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсан байдаг. Дээрх дурдсан шинж байхгүй бол аргагүй хамгаалалт гэж үзэхгүй юм. Толгойг нь дээшээ болгох юм бол намайг дахиад зодох юм байна гэж хийсвэрээр бодож байгаа нь өөрөө аргагүй хамгаалалт хийх шалтгаан болохгүй. Нэг нэгийгээ цохьсон, хараалын үг хэлж байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Энэ хүмүүс нь харилцан зодолдох явцад бие биедээ хохирол учруулсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын хэм хэмжээ нь тохирсон байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь намайг алчихъя гээд дайраад байсан. Номин-Эрдэнэ яаж ч оролдоод салгаж чадахгүй байсан. Миний дээр гараад намайг цохиж байхад би болиулж чадахгүй байсан. Толгойгоо доош оруулаад миний суга хэсгээс хазах үед нь би чихнээс нь хазсан. Үүнээс хойш надад халдаагүй. Ер нь бол “гаргаад алчихъя” гээд л улаан галзуу дайраад байсан. Би өөрийгөө хамгаалсан гэж үзэж байна гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Урьд нь гаргасан саналаа бүрэн дэмжиж байна. Прокурорын гаргаж байгаа саналын хувьд “харилцан зодолдсон” гэж тайлбарлаад байдаг. Гол нь хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан уу, энэ нь үргэлжилсээр байсан уу, дууссаных нь дараа довтолсон уу гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Сэдэл зорилгын хувьд зөвхөн өөрийгөө л хамгаалах гэж хичээсэн. Шүүгдэгч П.Бат-Эрдэнийн хувьд том биетэй, бөх барилддаг, залуу хүн байсан. Адил авир гаргаад зодолдсон бол илүү ч гэмтэл учрах боломжтой байсан. Гэрч Отгондэлгэр, Номин-Эрдэнэ нар энэ маргалдааныг зогсоох боломжтой байсан бол тэр хүртэл асуудал үүсэхгүй байсан. Үнэхээр зогсоож чадахгүй байсан учраас тийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгож өгөөч гэж хүсч байна гэв.                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун бугалган тус газар нь хазаж, сандал шидэж, толгойн тус газарт нь мөнгөн аяга бүхий зүйлийг шидэж эрүүл мэндэд нь “зулай орой хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч П.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31х/, шүүгдэгч, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-35-36х/, гэрч П.Отгондэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-41-42х/, гэрч С.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-44-45х/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №80 дугаартай дүгнэлт /хх48-49х/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №82 дугаартай дүгнэлт /хх-54-55х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-22х/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-28х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

7. Шүүгдэгч, хохирогч ******* давж заалдах журмаар “ ...Би Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зааснаар өөрийгөө гэмт халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ эрхээ эдлэхдээ миний эсрэг довтолсон довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн. Хуулиар зохицуулсан хүн өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалсан үйлдэл хийхийг хориглох мэтээр хязгаарлан надад ял халдаасан нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоож чадахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.  Мөн хохирогч миний сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэхгүйгээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй шийдвэр болсон. Тиймээс би өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо эрүүгийн хэрэгтэй хамт шийдүүлэх нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго хангагдана гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг гэм буруутайд тооцсоныг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

8. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн ухаан балартсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч П.Бат-Эрдэнийн цохих, хазах, дээрээс дарах зэрэг довтолсон үйлдлийг эсэргүүцэж, таслан зогсоосны дараа буюу довтолгоо төгссөн үед чихнээс нь хазсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 930,688 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заажээ.

Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар, үүнээс доогуур тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар зохицуулсан

Хэргийн материалаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг шүүгдэгч болон хохирогч нарт танилцуулсан байх ба тэд хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан /хх-95х/, шүүгдэгч, хохирогч нар энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.эс гаргуулж шийдвэрлээгүй нь буруу байна.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгтэд заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг /гурван сая гурван зуун мянга/-өөр тооцон шүүгдэгч *******эс гаргуулан хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

9. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

10. Дээрх үндэслэлээр шүүгдэгч, хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “*******д” гэсний дараа “шүүгдэгч *******эс хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д тус тус олгосугай.” гэж нэмж, 5 дахь заалтаас “шүүгдэгч-хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ГАНЧИМЭГ 

                         

          ШҮҮГЧИД                                              Г.УРТНАСАН                                                                                                                         

               Ц.ЭРДЭНЭЗУУ