Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01419

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01419

 

 

 

 

 

 

П.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01576 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Н хариуцагч Т.А холбогдох 16 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.А, хариуцагчийн өмгөөлөгчГ.Бд хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбарт: Би 2020 оны 1 сард хариуцагч Т.Атай анх уулзаж, танилцсан. 2020 оны 2 сарын 20-ны өдөр намайг болон миний дүү н.Нандин-Эрдэнэ, найз н.Цэвээнжаргал, н.Мягмарбаатар нарыг түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж хариуцагч Т.Аын Хаан банк дахь дансанд 11 100 000 төгрөг, бэлнээр 3 300 00 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн П.Н, н.Цэвээнжаргал нарын бүртгэлийн хураамж гэх агуулгаар хүн тус бүрийн 1 070 000 төгрөг буюу 2 140 000 төгрөг, нийт 16 540 000 төгрөгийг авсан. Хариуцагч надад НОСК-д таньдаг хүн бий, түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлсэн. Өөрийн дүү болон найз нараасаа мөнгийг нь авч дансаар болон бэлнээр хариуцагчид өгч байсан. Дүү болон найз нар маань Т.Атай ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Надад мөнгө өгсөн учир миний дүү болон найз нар маань надаас мөнгөө нэхэмжлэхээс биш хариуцагчаас нэхэмжлэхгүй. С.Батхишиг гэх хүнийг би танихгүй, энэ хүний талаар надад яриагүй, өөрөө чадна, өнөө маргааш бүтнэ гэж хуурсаар 2020 оны 2 сарын 18-ны өдөр түрээсийн байранд оруулж чадахгүй боллоо, та нарын мөнгийг өөр хүнд өгч залилуулсан гэх асуудал ярьсан. Иймд Т.Ааас 16 540 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг би аваагүй, орон сууцанд оруулж өгнө гээд С.Батхишигт шилжүүлэн өгсөн. Мөн би өөрөө түрээсийн орон сууцанд орохын тулд 6 810 000 төгрөг, аав Б.Түвшинжаргалын 1 070 000 төгрөг, ах Т.Насандэлгэрийн 1 070 000 төгрөг, бэр дүү Б.Нямгэрэлийн 1 070 000 төгрөг, нийт 10 020 000 төгрөгийг С.Батхишигт өгсөн. С.Батхишиг 2020 оны 02 сарын 14-ний өдөр утсаа авахгүй, алга болсон бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч П.Н, намайг буруугаар ойлгож байна. Би П.Н орон сууцанд орох зорилгоор шилжүүлсэн мөнгийг ямар нэг байдлаар өөртөө ашиглаагүй. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд би хохирогчоор мэдүүлэг өгсөн. С.Батхишигт залилуулсан, Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч нь өөр этгээдийн мөнгийг давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд П.Н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 16 540 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.А, түүний өмгөөлөгчГ.Бд нарын давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн орон сууц корпорацийн мэдээллийн санд гаднаас бүртгүүлдэг хэсэгт өөрийн мэдээллийг оруулж, түрээсийн орон сууцад орохоор бүртгүүлсэн үедээ өөрийн таних н.Батболдоос НОСК-д таньдаг хүн байна уу гэхэ н.Батхишигийн утасны дугаарыг өгсөн. н.Батхишигтэй холбогдоод өөрийн мэдээллээ явуулсан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 18:00 цагийн үед очиж уулзахад чиний мэдээлэл болно гээд орон сууцанд орох өргөдлийн маягт, анкет бөглүүлсэн. Өөрийгөө НОСК-д ажилладаг. Манай байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж хүн бүрт нэг байрны квот өгсөн. Энэ квотыг зүгээр орхиж байхаар хэрэгтэй хүнд нь өгөөд хэдэн төгрөг болгоё гэж бодсон учраас чамд өгье. Бүртгэлийн хураамж 1 050 000 төгрөг тушаана гээд надаас 1 050 000 төгрөг бэлэн авч бэлэн мөнгөний баримт бичиж өгсөн. Дараа нь гэрээний 50 000 төгрөг, шагналд 2 000 000 төгрөг, гаражийн 3 500 000 төгрөг өгөх хэрэгтэй гэсний дагуу бэлнээр өгсөн. н.Батхишиг надтай уулзахдаа НОСК-д Маркетинг судалгааны албаны мэргэжилтэн гэсэн зурагтай үнэмлэх, ажлын дүрэмт хувцастай Хангарьд ордон руу ордог байсан. Энэ бүгдээс би н.Батхишигт бүрэн итгэсэн. Хэд хоногийн дараа чи өөрийнхөө материалыг бүрдүүлээд, мөнгөө ч өгчих гэсний дагуу аав, ах, бэр дүү гуравын тус бүр 1 070 000 төгрөгийг н.Батхишигт бэлнээр өгсөн. Өөрийн болон ах дүүгийн нийт 10 020 000 төгрөгийг н.Батхишигт өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үед н.Батхишиг эгч надруу утасдаж Буянт-Ухаа-2 хорооллоос хүмүүс шалгуур хангахгүй нилээд хасагдаж байна. Найдвартай хүн байвал оронд нь оруулж болохоор байна гэхээр нь хамт ажилладаг н.Чимэдчанцалд хэлсэн. П.Н нь н.Чимэдчанцалаас НОСК-ийн байранд орох боломж байгаа талаар асуусан. н.Батхишиг эгчээс асуухад 4-5 хүний тухайд болно гэсэн. Ингээд 4 хүний мөнгө, мэдээлэл болон материал, цээж зургийг бүрдүүлж, дансаар 11 100 000 төгрөг, бэлнээр 5 440 000 төгрөг авч Батхишигийн Хаан банкны 5079002284 тоот дансанд 13 090 000 төгрөг шилжүүлж, 3 450 000 төгрөг бэлнээр өгсөн. Би П.Н миний данс руу шилжүүлсэн, мөн бэлнээр өгсөн мөнгийг ямар нэг байдлаар өөртөө ашигласан зүйлгүй. Миний гаргасан гомдлоор энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа бөгөөд би гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн бөгөөд уг хэрэг одоо шалгагдаж байгаа. Сүхбаатар дүүргийн Прокурорын гарын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/1924 тоот албан бичгийг шүүх үнэлээгүй гэж үзэж байна. Мөн П.Н өгсөн 13 090 000 төгрөгийг н.Батхишигт шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Уг мөнгө нь миний, аав, ах, бэр дүүгийн төлсөн 10 020 000 төгрөг нь 13 090 000 төгрөгтэй ямар ч хамааралгүй н.Батхишигт бэлнээр өгсөн мөнгө байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Т.А холбогдуулан 16 540 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж шаардлагын үндэслэлээ хариуцагч нь түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэж дансаар болон бэлнээр 16 540 000 төгрөг авсан боловч одоог хүртэл байранд оруулаагүй, мөнгийг өөр хүнд өгч залилуулсан гэсэн тул мөнгөө буцааж авна гэжээ.

Хариуцагч Т.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нэхэмжлэгч П.Н болон түүний дүү н.Нандин-Эрдэнэ, найз н.Цэвээнжаргал, н.Мягмарбаатар нарыг түрээсийн орон сууцанд оруулж өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцож, түрээсийн төлбөрт бэлнээр 3 300 000 төгрөг, дансаар 11 100 000 төгрөг, нийт 16 540 000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх3-6, 45-46, 50/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс авсан 16 540 000 төгрөгийг ашиглаагүй, С.Батхишигт цааш нь дамжуулсан, өөрөө ч мөн адил С.Батхишигт залилуулсан, энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж тайлбарлаж байна. /хх18/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй, уг үүргийг тайлбарлах талаар шүүх хуульд заасан ажиллагааг явуулсан байна.

Хэрэгт хариуцагч Т.Ааас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 50 79 00 22 84 тоот данс руу нийт 13 090 000 төгрөгийг дүү гэх утгаар шилжүүлсэн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 1/1924 тоот С.Батхишиг нь Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацийн ажилтан гэж өөрийгөө танилцуулан бусдыг хууран мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй хэрэг бүртгэлтийн хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна гэх албан бичиг авагдсан. /хх43, 45-46/

Нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Бусдаас хөрөнгө шилжүүлэн авсан этгээд уг мөнгийг шилжүүлэн авсан үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь С.Батхишигтэй аливаа эрх зүйн харилцаанд ороогүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөө цааш нь С.Батхишигт шилжүүлсэн байх нь нэхэмжлэгчид хамаарахгүй тул дээрх баримтуудыг энэхүү иргэний хэрэгт хамааралтай, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт гэж үзэх боломжгүй. /хх43, 45-46/

Хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчид бэлнээр болон дансаар шилжүүлсэн 16 540 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. Шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагч тухайн маргаантай асуудлаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нэхэмжлэлтэй уг хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ