| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 168/2024/0247/Э |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат Д.Урансувд
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421000000021 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******йн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1978 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, төслийн зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, *******ийн *******б тоотод буюу өөрийн гэртээ хохирогч *******той үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2018-2020 оны хооронд иргэн *******гаас мал мах, ноос ноолуур худалдан авахуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн 716,445,000 төгрөгөөс 251,578,200 төгрөгийг дутааж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******йн *******т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч ******* овогт *******йн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар *******йн *******ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийвэрлэжээ.
5. Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “... ******* бид нэг нутаг усны багын найзууд бөгөөд тухайн өдөр миний хувьд ч тоглоомоор найзынхаа ахтай холбоотой зохисгүй үг, үйлдэл гаргасан нь энэ асуудал болоход бас нөлөөлсөн юм. Тиймээс миний хувьд ч энэ гэмт хэрэг гарахад өөрийн гэсэн буруутай тул *******т өгсөн 5 жилийн ялыг бууруулж өгнө үү.
******* анхнаасаа надтай муудаж зодолдсон асуудал байхгүй гэмтэл учруулаад шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэж байхад хагалгаанд орох зардлыг бүрэн төлсөн, нэмж эмчилгээнд 3 сая төгрөг төлсөн ба өөрийн буруутай үйлдлийнхээ төлөө надаас болон манай гэр бүлээс удаа дараа уучлал гуйсан болно.
*******ын гэр бүлийн хүн нь уушигны хүнд өвчтэй ар гэр нь хүндхэн байдалтай байгаа. Хохирогчийн хувьд надаас уучлал гуйсан, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх арай л олон жилийн ял өгсөн гэж үзэж байгаа тул *******т хуулиар зөвшөөрсөн хамгийн доод хэмжээгээр ял өгч өөрчлөлт оруулж өгнө үү.
Миний хувьд давж заалдах шатны шүүхээс *******ын ялыг бууруулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар давж заалдахгүй бөгөөд өөрөө биечлэн давж заалдах шатны шүүх хуралд оролцох боломжгүй учраас намайг эзгүйд миний гомдлыг хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.
6. Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гомдолтой байна.
******* нь анхнаасаа залилангийн шинжтэй мөнгөө өөрийн дансаар аваагүй эхнэрийнхээ дансаар авч, тооцоо нийлье гэхээр худлаа үнэн шалтаг хэлж зугтаасаар сүүлд эхнэртэй нь очиж хэдэн мал олж авсан.
Шүүх хурал дээр миний мөнгийг дутаагаагүй, залилаагүй юм ярьж байсан, мөн хэд хэдэн удаагийн үйлдлээр Улаанбаатар луу мал мах тээвэрлэсэн нь нотлогдоод байхад хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.” гэжээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...*******т 5 жилийн хорих ял оногдуулсан. Хэргийн нөхцөл байдал тухайлбал хохирогч нь шүүгдэгчийн хувийн нууц бүхий асуудлыг хэлж өдөх байдалтай хандсан явдал, аль аль нь маргаж муудалцаж байгаагүй тоглоом тохуу болгож хэлсэн үг эмзэг тусч хутгаар чичсэн.
*******ын хувьд ийм хор уршигт хүргэнэ гэж бодоогүй, хүсээгүй. Гэвч болгоомжлох ёстой байсан, болгоомжлоогүйгээс ийм хор хохирол бий болсон. Хохирлоо төлсөн, хутгалсан даруйдаа сандарч эмнэлгийн тусламж үзүүлж эмчилгээний бүх зардал, ажил төрлөө алдсаныг бодож хохирол төлсөн.
Хохирогч гомдолгүй, хөнгөрүүлж өгөөч гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
8. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ялын хугацаанд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээж буй дээрх шинжүүд үгүйсгэгдэх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан тул ... шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна.
Миний бие мөрдөн байцаалтын шатанд Д.ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шууд маргаж зодолдоогүй, тоглох явцдаа хутгалсан гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Сэтгэл санааны хувьд ямар нэг сэдэлгүй гэдгээ тогтоолгох гэж хүсэлт гаргасан өмгөөлөгчийн байр суурийг шууд шүүгдэгч ******* надад хамаатуулан дүгнэж байгааг давж заалдах шатны шүүх бодитой хянаж өгнө үү.
Миний бие өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч байсан бөгөөд өөрийн үйлдлийнхээ хор уршгийг арилгах талаар санаачлагатай байсан. Өмгөөлөгч хэргийн хувьд санаатай, болгоомжгүй эсэх дээр санал хүсэлт гаргасан нь эрх зүйн байдалд нөлөөлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байгааг харгалзаж үзнэ үү.
Хохирогч *******од гэмтэл учруулсан даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авсан, шаардлагатай зардлуудыг цаг тухай бүрт төлж, мөн 3 000 000 төгрөгийг хагалгааны дараах зардалд төлсөн нь учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах гэсэн шаардлагатай нийцэж байхад анхан шатны шүүхээс дээрх үйлдлийг зөвхөн өөрийн ялыг багасгах санаа зорилготой гэж дүгнэж байгаа нь эрүүгийн хариуцлагын хор уршгийг нөхөн төлүүлэх гэсэн зарчимтай зөрчилдөж, хуулийг ялгамжтай байдлаар хэрэглэсэн гэж үзэж байна.
Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээж байгаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн эргэн харж надад оногдуулсан ялыг бууруулж өгнө үү.
Ар гэрийн хувьд надас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй, эхнэр М.Энхцэцэг хүчилтөрөгчийн дутагдал, мөгөөрсөн хоолойн багтраа өвчтэй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнга гэртээ асаргаа шаардлагатай байдаг.
Хохирогч *******од хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс өөрийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хохирлыг бүрэн барагдуулсан, мөн эрүүл мэндийн даатгалын санд ямар нэгэн төлөх төлбөр, хохирол байхгүй болно. Хохирогч гийн хувьд бид хоёр 2017 оноос хойш мал мах болон түүхий эд худалдан авч ашгаа хувааж хэрэглэж байсан.
Миний гэм буруугаа хүлээсэн, хохирол хор уршгийг арилгасан, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар надад оногдуулсан ялыг 2,5 жил болгон багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний хувьд шүүгдэгч ******* болон өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүйгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байсан. ... Мөн түүний хувийн байдал болон хохирогч ын гаргасан хүсэлтийг харгалзаж үзээч гэж хүсэж байна.
Хохирогч гийн гомдолтой танилцсан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй мэт тайлбарлаж бичсэн байсан. Гэвч яг аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдаагүй байна. Анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг завшсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь зөв гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Тиймээс хохирогч ******* болон шүүгдэгч *******, өмгөөлөгч М.Энхтуяа нарын гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч *******ын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс зарим зүйлсийг дүгнэхгүй орхисон болох нь харагддаг. ... Хэдийгээр хохирогчийн биед гэмтэл учирсан хэдий ч хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдлын талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байж “энэ хүн анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан атлаа, шүүх хуралдаан дээр хөнгөн ял авахын тулд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж дүгнээд хамгийн хүнд хэмжээний хорих ялаар шийтгэсэн байна. ... Энэ хүн гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг дээр “би буруутай” гэдгээ илэрхийлж байсан. Гол нь хутгалаад гэмтэл учруулчихна гэж бодоогүй юм л гэж тайлбарлаж ирсэн. Энэ хүний үйлдэл нь өөрөө шууд санаатай гэмт хэрэг биш “болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна” гэж тайлбарлаж өмгөөлөгч миний бие оролцож байсан. ...Гэм буруугаа хүлээж байгаа нөхцөлд оногдуулах шийдвэрийг бууруулах хууль зүйн боломж байгаа юм.
Хохирогч гийн гомдолтой танилцлаа. Өмгөөлөгч Д.Урансувдын гаргасан саналыг дэмжиж байна. ... Хохирогч гийн саналыг хүлээн авах юм бол энэ хэрэг буцах хэмжээний асуудал яригдах боломжтой болж байна. Шүүгдэгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Тиймээс аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
11. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Анхан шатны шүүхээс *******т 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд тухайн зүйл ангид заасан хамгийн бага ялаар шийтгэсэн. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос биш заавал хэрэглэх ёстой хуулийн заалт биш юм. ... Дараагийн дугаарт *******гийн хувьд мөн гомдол гаргасан. Энэ асуудлын хувьд гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэж үзэж иргэний журмаар шийдвэрлэх боломжтой талаар дурдсан. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, *******ийн *******б тоотод буюу өөрийн гэртээ хохирогч *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 76-78, 4хх 63/, гэрч Э.Төрбаатарын мэдүүлэг /1хх 41-42/, гэрч Ч.Алтансүхийн мэдүүлэг /1хх 47-49/, гэрч С.Энхцэцэгийн мэдүүлэг /1хх 54-55/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 тоот дүгнэлт /1хх 64-66/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 08/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 15/, хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар /1хх 27-38/, Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал /1хх 85-86/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
4. Шүүгдэгч *******ын хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хэргийг зөв зүйлчилжээ.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийн үйлдэл нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзлээ.
7. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “... гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн, хохирогч ******* “гэмт хэрэг гарахад миний буруу байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, *******ын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, уг ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа болон хохирогч ******* нараас гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2018-2020 оны хооронд иргэн *******гаас мал мах, ноос ноолуур худалдан авахуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн 716,445,000 төгрөгөөс 251,578,200 төгрөгийг дутааж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх “... Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан” гэж дүгнэсэн нь зөв байна.
Иймд хохирогч *******гийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
10. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ