Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч А.Тунгалагтуяа, хохирогч С.Н , шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О-д холбогдох эрүүгийн 1840000530037 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Ч.Оюунбат.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ч.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн автотээврийн цехийн гагнуурчин С.Н 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Н   механикаас 51335134 гэсэн нарядтайгаар ажилд гарсан. Тэгээд нарядын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад О ах гаднаас орж ирсэн. Машины арын пальц унаад байгаа, ах нь тахийлгачихаад байгаа болохоор гагнуулмаар байна гэж хэлсэн. Би гараад хартал тахийсан байсан. Би пальцийг түгжиж гагнаж өгсөн. Хажуу  талын пальц нь заводоороо, түгжээтэй болохоор унахааргүй байсан. Тэгэхэд гагнуулна гэхээр нь нарядгүй ийм ажил хийхгүй гэж хэлсэн ...миний гэмтэл эдгэрсэн, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг

Шүүгдэгч О мөрдөн байцаалтад өгсөн “Би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд жолооч хийдэг. 85-20 УНО дугаартай Хово машин жолооддог. 2018 оны 05 сарын 14-ний өглөө 7 цаг 30 минутанд ажилдаа очоод өөрийнхөө унадаг машинд засвар хийх ажлын наряд авсан... Цехийн гагнуурын фокуст машиндаа засварын ажлаа хийж гүйцэтгэсэн. Машиндаа засвараа хийж байгаад машины ар талын порчигны түгжээнд хөндлөн пайлц гагнуулж хийлгэж машинаа унаад гагнуурчин Н рүү очсон. Н рүү очоод ах нь машиндаа пайлц тасдаж гагнуулах гэсэн юм, ахдаа гагнааад өгчих гэж хэлсэн чинь Н юм хэлэлгүй гагнаж өгсөн. Тэгэхээр нь машины порчигондоо дахин нэг пайлц хийлгэх гээд төмөр авчраад тасдуулах гэсэн чинь Н энийг бол гагнаж чадахгүй, энийг хийлгэх наряд авсан юм уу гэсэн. Чи ахдаа энийг гагнаад өгчих гэж хэлтэл Н чадахгүй, гагнаж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би юун сүртэй юм бэ, наадах чинь жоохон ш дээ гэж хэлсэн. Тухайн үед Н ажилгүй сул зогсож байсан болохоор гуйсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд юун сүртэй юм бэ, гагнаад өгчихөд яадаг юм бэ гээд хоорондоо маргалдсан. Тэгж байгаад би гагнуурын тогтой кабель утсыг бариад авсан. Би Н  уг утсаар намайг ороолгож магадгүй гэж бодоод булаагаад шүүрээд авсан. Тэгтэл Н над руу би хүнд гай болмоор байна гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Н  нүүр лүү мангастах маягтай цааш нь түлхсэн. Намайг нүүр лүү түлхээд өөрөөсөө холдуулж байхад би хүнд гай болмооор байна, намайг шаачих даа пизда минь гэж хэлээд байсан. Тэгж байгаад Н цаашаа ороод миний барьж байсан тогтой кабель утасны тогийг салгасан. Н бид 2 хоорондоо хэрэлдээд чи, би дээрээ тулаад, бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаад би гагнуурын ширээн дээр байсан төмөр алхыг аваад далайгаад байж байхад чи намайг шаачих даа пизда минь гээд байсан. Тэгээд би гартаа байсан алхаараа нэг далайгаад доош нь ширээ рүү цохих гэтэл Н малгайгаа аваад тонгойгоод алхны урдуур ороод өөрийгөө цохиулсан. Н надад нэг удаа цохиулсан... би архи уугаагүй, эрүүл байсан...гэхдээ цохиж гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй, би гагнуурын ширээн дээрээс төмөр алх аваад дээш нь далайгаад гагнуурын ширээг цохих гэтэл Н өөрөө тонгойж байгаад надад цохиулсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 хуу/

Хохирогч С.Н хэрэг бүртгэлтэд өгсөн “... 2018 оны 05 сарын 14-ний өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд ажлын байранд өгсөн нарядын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. 15 цаг өнгөрч байхад манай ажлын 85-20 улсын дугаартай Хово машины жолооч О ах над руу ирээд жаахан юм гагнаад өгөөч гэж хэлэхээр нь юу юм бэ гэж асуухад пальц гагнуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би гагнуур хийж байсан газраасаа гараад О ахын машин руу очиж пальцийг нь гагнаж өгсөн. Намайг пальцийг нь гагнаж өгсний дараа дахиад үргэлжлүүлэн гагнуур хийлгэх гэхээр нь би нарядгүй ажил хийхгүй, механикаас наряд авчир, тэгвэл хийж өгье гээд гагнуурын кабелийг ширээнд өлгөөд цаашаа явах гэтэл О ах араас хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод, янз бүрийн юм яриад байсан. Намайг загвартай бацаан минь гарч хий гэж хэлсэн. Би хийхгүй, гагнахгүй гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл О ах тогтой гагнуурын кабелийн утас бариад намайг ална шүү гээд дайрсан. Би гагнуурын кабелийн утсыг салгаж авах гэж 2 удаа өөр лүү нь ойрстон боловч миний нүүр рүү гараараа мангастаад намайг ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь би цаашаа орж гагнуурын аппаратны тогийг салгасан. Тогийг салгачихаад гагнуурын ширээний урд талд ирээд зогстол О ах гагнуурын ширээний хойд талаас давж ирээд миний толгой руу төмөр алхаар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо бариад цус гараад байхаар нь малгайгаараа дараад үйлдвэрийн эмнэлэгийн хэсэг рүү очиж эмчид үзүүлсэн. Намайг эмнэлэгийн хэсэгт байхад О ах ирээд над руу дайраад юун сүртэй бацаан бэ, энэ хүртэл явдаг гээд намайг ална шүү гээд дайрсан...Миний толгойны орой хагарсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Улаанбаатар хот руу өөрийн зардлаар явж эмнэлэгт үзүүлсэн. Замын зардалд 60.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Нийт 180.000 төгрөгийн зардал гарсан ...эмчилгээнд нийт 180.000 төгрөгийн зардал гарсан. Гадуур гэрээрээ эм тариа хэрэглэхэд 150.000 төгрөгийн зардал гарсан. Би өвчтэй байж ажилдаа яваагүй учраас цалин бага орсон. Хэрвээ Оюунбатад зодуулаагүй бол ажилдаа бүтэн явж цалин мөнгөө бүтэн авах байсан. Миний цалин 250.000 төгрөгөөр дутуу орсон байсныг О ах надад төлж өгсөн. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 9-11 хуу/

Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би Бор-Өндөр үйлдвэрийн автотээврийн цехэд техникийн удирдагч ажилтай. 2018 оны 05 сарын 14-ний өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад хөдөлмөр хамгааллын инженер Ч над руу утсаар яриад танай цехийн гагнуурчин Н толгойгоо хагалуулаад эмнэлгийн хэсэг дээр ирчихсэн байна. Хүрээд ир гэж хэлсэн. Яваад очтол Н толгойгоо боолгосон байсан. Н ээс юу болсон талаар асуутал О жолооч алхаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-ыг дуудуулсан. О эмнэлгийн хэсэг дээр ирээд уцаарлаад Н рүү уурлаад ганц юм гагнаад өгөхийн оронд ийм юм боллоо, ганц цохих пян даахгүй гэж өндөр дуугаар хэлсэн.... Би О-ыг энд хэрэлдэж маргалдахгүй, дээшээ гарч Чинсүрэн инженерт тайлбараа өг гээд явуулсан. Тэгээд авто тээврийн цехийн даргатай зөвшилцөөд Н  Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү үзүүлэхээр дагуулаад явсан. Н ийн толгой хагарсан, толгойд нь оёдол тавиад боосон гэж байсан. Энэ хоёрын аль аль нь архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 28-29 хуу/

Гэрч Д.Ч-гийн  мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 05 сарын 14-ний өдөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Эрчим хүчний цех дээр ажлаар явж байтал эмнэлгийн хэсгийн эмч Бархас над руу утсаар яриад толгойгоо яруулсан хүн ирлээ, яаралтай хүрээд ирээч гэж хэлсэн... Намайг эмнэлэгийн хэсэг рүү ороход Н толгойдоо оёдол тавиулаад боолгосон байсан... өвчин намдаах тариа хийлгэж байсан. Н ээс юу болсон талаар асуухад жолооч О-д алхаар цохиулчихлаа гэж хэлсэн. О-ыг архи уусан  байж болзошгүй гээд эмнэлэгийн хэсэг рүү дуудуулсан... О орж ирээд Н рүү чи ганц юм гагнаад өгчихгүй, би хувийнхаа юмыг гагнуулах гээгүй, адилхан улсын ажил хийж байна гээд том том дуугараад байхаар нь Оюунбатыг дуугай бай гэж хэлсэн... О-ыг өрөө рүүгээ дагуулж ороод тайлбар авсан... Би Н, О Н  с тайлбар авахад гагнуур хийх асуудлаас болж хоорондоо муудсан байсан. Н ийн ажлын байрны тодорхойлолтонд авто тээврийн цехэд гарч байгаа гагнуурын ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг ...Н ийн биед учирсан гэмтлийг сайн хараагүй, ямар ч байсан оёдол тавиад боосон байсан. Н , О аль аль нь архи уугаагүй байсан....” гэх мэдүүлэг. /хх-н 30-31 хуу/

Гэрч Э.Т-гийн  мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 05 сарын 14-ний өдөр ажил дээрээ гадуур хашаа янзлаад дуусаад гагнуурын хэсэгт орж ирээд байсан. Тэгтэл гаднаас О ах машинаа гагнуурын фокусын гадаа үлдээгээд өөрөө явган орж ирсэн. Гагнуурчин Н ахтай очиж уулзаад нэг юм гагнаад өгчих гэж хэлсэн. Тухайн үед Н ах юм гагнаад сууж байсан. Тэгтэл О ах дахиад чи юм гагнаад өгчих л дөө гэж хэлсэн. Тэгэхэд Н ах уурлаад нарядгүй ажил хийхгүй гэж хэлсэн. Үүнээс болж энэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгтэл О ах гагнуурын тогтой кабель утас бариад авсан. Тэгэхэд нь Хатанбаатар ах гагнуурын тогтой кабель утсыг О ахын гарнаас салгаж авсан. Н ах цаашаа ороод гагнуурын тогийг салгасан. Тэгээд эргэж гарч ирээд Н ах хэрүүл хийгээд байсан. Тэр хоёр гагнуурын ширээний хоёр талд гараад хэрэлдээд байсан. О ах гартаа төмөр алх барьчихаад Н ахыг чи гай болно шүү гэж хэлэхэд Н ах өөдөөс нь би гай болох гээд байж байна гэж хэлсэн... 51-35 улсын дугаартай машины цаагуур нь орох гэтэл нэг хүн гүйх шиг болсон. Эргээд хартал Н ах гүйгээд фокусаас гарч байсан. Ямар учраас гүйгээд гарсныг нь тухайн үед мэдээгүй. Тэгтэл Н ахын толгой руу О ах цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 35 хуу/

Гэрч Б.Х-ын  мөрдөн байцаалтад өгсөн “...ус уух гээд гагнуурын фокус руу орсон. Тэнд очоод байж байтал Н ах ширээгээ цэвэрлээд байж байсан. Гаднаас О ах орж ирээд Н ах руу очоод гартаа барьсан 2 боолтоо хооронд гагнаад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд нь Н ах өөдөөс нь би нарядгүй ажил хийхгүй, нарядаа аваад ир гэж хэлсэн. Тэгтэл О ах одоо тэгээд хойшоо явна гэж юу байдаг юм бэ, хоёрхон хатгаад өгчихөд чинь юн сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Н ах үгүй, би гагнаж чадахгүй гэж гэж хэлсэн. Энэ асуудлаас болж хоорондоо маргалдаад барилцаад авсан. Тэгж байгаад О ах гагнуурын тогтой кабель утас барьж аваад цохих гээд далайхаар нь би гүйж очиж болиулаад О ахын гарнаас салгаж авсан. О ахыг та эндээс гар гэж хэлсэн. О ах миний үгэнд ороод гараад явсан. Ингээд Тэмүүжин, Азжаргал ах бид гурав гарах гээд явж байтал О ах буцаж орж ирээд Н ах руу хашгираад би чамайг гагнаад өг гээд байгаа юм бишүү пизда минь гэж хэлсэн. Тэгэхэд Н ах чи намайг дарамталж ажил хийлгэхгүй шүү гэж хэлсэн. Тэр хоёр гагнуурын ширээний хоёр талд хэрэлдээд байсан. Тэгж байгаад О ах ширээн дээр байсан алхыг аваад чи лай болно шүү гэж хэлсэн. Тэгэхэд Н ах угаасаа би чамд лай болох гэж байгаашдээ гээд шаа л даа чи гээд байсан. Тэгэхэд О ах гартаа барьсан алхаа далайгаад Н ахын толгой руу хүргэж болиод байсан. Тэгж байгаад Н ахыг тонгойход нь О ах гартаа байсан алхаар толгой дээрээс нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очиж алхыг нь булааж аваад О ахыг хөөгөөд гаргасан. Н ах эмнэлгийн хэсэг рүү явсан. Н , О ах нар архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 36 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаартай

  1. С.Н биед толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 14-15 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.О-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд тус цехийн гагнуурчин С.Н тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар алхаар цохиж эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Хохирогч С.Н “...О ах араас хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод, янз бүрийн юм яриад байсан. Намайг загвартай бацаан минь гарч хий гэж хэлсэн. Би хийхгүй, гагнахгүй гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл О ах тогтой гагнуурын кабелийн утас бариад намайг ална шүү гээд дайрсан. Би гагнуурын кабелийн утсыг салгаж авах гэж 2 удаа өөр лүү нь ойртсон боловч миний нүүр рүү гараараа мангастаад намайг ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь би цаашаа орж гагнуурын аппаратны тогийг салгасан. Тогийг салгачихаад гагнуурын ширээний урд талд ирээд зогстол О ах гагнуурын ширээний хойд талаас давж ирээд миний толгой руу төмөр алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг

           Гэрч Б.Хатанбаатарын “...О ах ширээн дээр байсан алхыг аваад чи лай болно шүү гэж хэлсэн. Тэгэхэд Н ах угаасаа би чамд лай болох гэж байгаа шдээ гээд шаа л даа чи гээд байсан. Тэгэхэд О ах гартаа барьсан алхаа далайгаад Н ахын толгой руу хүргэж болиод байсан. Тэгж байгаад Н ахыг тонгойход нь О ах гартаа байсан алхаар толгой дээрээс нь нэг удаа цохисон. О ах ширээн дээр байсан алхыг аваад чи лай болно шүү гэж хэлсэн. Тэгэхэд Н ах угаасаа би чамд лай болох гэж байгаа ш дээ гээд шаа л даа чи гээд байсан. Тэгэхэд О ах гартаа барьсан алхаа далайгаад Н ахын толгой руу хүргэж болиод байсан. Тэгж байгаад Н ахыг тонгойход нь О ах гартаа байсан алхаар толгой дээрээс нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Дээрх гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогчийн хэн альны зүй бус зан авираас үүдэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Ч.О-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул Ч.Оюунбатад оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шийдвэрт тусгайлан зааж өгөөгүй болно.  

 

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч С.Н нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Оюунбатад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, энэ талаарх хүсэлтээ нотариатаар гэрчлүүлэн бичгээр бичиж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй алх нь автотээврийн цехэд гагнуур хийхэд ашиглагддаг алх болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус цехэд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан, тус хэрэг нь өмгөөлөгч оролцуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэрэг биш тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Ч.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ыг 600 нэгж буюу 600.000  /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд буцаан олгосугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР