| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00040/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 1840000520038 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, О.А. /РД: СЩ95051217/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
О.А нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 20 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Од” зочид буудлын гадаа Б.Х зодож, зүүн чихний дэлбэнг хазаж, тасалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А өгсөн “Би “Од” буудлын хажууд явж байгаад Х , М хоёртой таарсан. Намайг машинд сууж байсан чинь тэр хоёр юу байна ахын дүү гэхээр нь юмгүй гэхэд мангар бацаан минь хаалгаа тайлаач гээд машины цонхоор юм шидсэн. Би та хоёр яагаад байгаа юм бэ гэтэл М нь канистр барьж байгаад миний толгой руу цохисон. Мөн Х тай муудаад чихийг нь тастсан. Төд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан” гэв.
Шүүгдэгч О.А мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 05 сарын 17-ны өдөр өөрийн найз Дархан сумын харьяат Баасандорж гэдэг найзтайгаа гэртээ 2.5 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво хувааж уусан... Би гэртээ үлдээд 17 цаг болж байх үед хадам аав Гомбынх руу эхнэр, хүүхдээ авчирахаар гэрээсээ гарсан ...Бааска гэх жолоочтой Карина маркийн машин хөлсөлж зах рүү хүргүүлсэн... захын гадаа хуучин хамт ажилладаг байсан Х , М ах хоёр явж байсан. Тэгэхээр нь би машинаасаа буух гээд хаалгаа онгойлгож байхдаа тэр хоёртой мэндэлж сайн уу ах нараа гэхэд М ах ирээд “муу мангар бацаан минь” гээд ирээд зүүн талын шанаа тус газар нэг алгадсан. Та одоо яаж байгаа юм гэхэд М ах Х ахын хамтаар цаашаа таксины зогсоол руу яваад өгсөн. Тэгэхээр нь хойноос нь очиход тэр 2 ачааны машинд суучихсан. Тэгэхээр нь би “ та 2 буугаад ир, яаж байгаа юм гэхэд М бууж ирэхдээ гартаа 5 литрийн багтаамжтай тосолгооны сав бариад бууж ирээд миний толгой тус газар удаа дараа муу бацаан гээд цохисон. Тэгэхээр нь ганцаараа явж байсан болохоор өмднийхөө тэлээг тайлж гаргахад М саваа хаяад зугатаасан. Харин Х нь хараад зогсож байсан. М надаар тоглоом хийгээд ирж гараараа толгой руу цохичихоод л машин тойроод зугтаагаад байсан. Тэгээд баригдахгүй болохоор нь Х ахыг тэлээгээрээ ороолгоход Х ах намайг шууд тэврээд авсан. Тэгэхээр нь би чихийг нь хазсан. Гэхдээ би тасартал нь хазна гэж бодоогүй, тухайн үед нэлээн согтсон байсан болохоор би үйлдлээ хянаж чадаагүй. Х ахын чихийг тасалчихсан байсан... Би Х ахтай хэрэлдэж, маргалдаж муудалцаагүй, согтуу байсан болохоор М т гаргасан уураа хамт явж байсан найзад нь гаргачихсан байсан... Х ах миний биед халдаагүй, намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би согтуудаа гэмгүй явж байсан Х ахад гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би Х ахаас уучлалт гуйж эмчилгээнд зарцуулсан мөнгө төгрөгийг өгч хохиролгүй болгоно гэдгээ хэлсэн. Хувийн компанид том автомашинаар тээвэр хийдэг. Олсон мөнгөөрөө ямар ч байсан Х ахын эмчилгээнд зарцуулсан мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/
Хохирогч Б.Х ы хэрэг бүртгэлтэд өгсөн “..2018 оны 05 сарын 17-ны өдөр найз М ын хамт өөрийн гэртээ Сэнгүр нэртэй пиво нэг нэг лааз уугаад хоёулаа гэр хороолол орьё гээд захын хойд талд явж байхад урьд нь хамт нэг цехэд хамт ажиллаж байсан О.А машины хажууд зогсож байхад нь М ахын дүү юу байна гэхэд А г чи хэзээ миний ах, дүү байсан юм пизда минь гээд тэр хоёр муудах гээд байхаар нь би очооод А ахын дүүгээр юу байна гэхэд А та 2 муу хэзээ миний ах дүү байсан юм гэхээр нь М ыг хоёулаа явья, наадах чинь согтуу байна гээд захын хойд дээр зогсож байхад араас гүйж ирээд өмдний тэлээгээ тайлаад хөөсөн. М зугтаасан. Тэгсэн над руу ирээд өмдний тэлээгээр зүүн хавирганы орчим ороолгосон. Би өөдөөс нь тэвэрч аваад ахын дүү болио гэсэн, шууд зүүн чихний дээд хэсэгт хазаад чихнээс цус гараад тасарсан хэсгийг нь би барьсан чинь наадах чинь биш байна гээд чихний тасарсан хэсгийг шууд аваад шидсэн...” гэх мэдүүлэг. /хх-н 8-9 хуу/
Гэрч З.М ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...би А г согтуу байгааг мэдээгүй, надтай урд нь цуг ажилладаг ах дүү болоод явдаг болохоор нь санаанд оролгүй бацаан чинь хаалгаа онгойлго гэсэн чинь А бацаан гэлээ хэзээ чи бид хоёр ах дүү байсан юм гэж баахан хараалын үг хэлээд байхаар нь согтууг нь мэдээд Х бид хоёр хойшоо таксины зогсоол дээр очоод таксинд суугаад хөдлөх гэсэн араас А гүйж ирээд Х ыг татаж гаргаад миний куртикны энгэрээс татаад куртикны ханцуй, мөрний хэсэгт урсан. Миний хөлд хоосон канистр тээглэхээр нь А руу шидсэн. Тэгсэн өмдний орос тэлээгээ сугалж аваад миний араас баахан юм яриад хөөгөөд байхаар нь би зугтаасан. Намайг хөөж байгаад Х ыг зогсож байхад нь өмдний тэлээгээр ороолгоод байсан. Х ч зугтахгүй зогсоод байсан. Гэнэт л Х чих хазчихлаа гэж орилсон ...би Х ы хажуугаар гүйгээд ирсэн чихээ дараад чих нь газар байж байхаар нь шууд цагдаа дээр ирж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 хуу/
Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...А гэдэг залуу гараа өргөхөөр нь зогссон чинь төв ороод буучихая гэхээр нь зөвшөөрч машиндаа суулгаад аваад явсан. Ингээд Бор-Өндөр сумын зах дээр буюу “Пүрдэм” худалдааны төвийн баруун талд очоод зогссон. Намайг ирээд зогстол М ирээд А гийн хаалгыг онгойлгоод хоорондоо юм ярьсан. Тэгж байгаад А , М хоёр хоорондоо муудалдцсан. М тухайн үед Х тай хамт явж байсан. Гэхдээ Х нь хэрүүл маргаанд оролцоогүй. А , М тай муудаж байгаад машинаас буух гэхээр нь би араас нь татаад машинаас буулгаагүй. Тэгэхэд М , Х хоёр миний дэргэдээс хойшоо таксины зогсоол руу явсан. Би М , Х хоёрын бараа нь харагдахаа болихоор нь А г тавьсан, тэр болтол зуураад машиндаа суулгаж байсан. Тэгээд намайг гараа тавингуут А миний машинаас буугаад хойшоо гүйгээд явсан ...машины толинд хүмүүс муудаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд салгах гэхэд миний үгэнд орохгүй дийлдэхгүй байсан, тэгэхээр нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-21 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаартай
Шүүхээс шүүгдэгч О.А г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн эрх чөлөөнд халдсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч хохирогчийг бүсээр ороолгож, чихийг нь хазаж байхыг харсан хүмүүс гэрчилж мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид хазуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан О.А н санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архидан согтуурсан байдал болон зүй бус зан авираас үүдэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч О.А д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.Х нь мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан. Цаашид нөхөн сэргээлтийн эмчилгээнд 2.000.000 зарцуулна мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчээс 980.000 төгрөгийг хүлээн авчээ. Хохирогч цалин болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй /хэднээс хэдний хооронд хэд хоног эмчийн магадалагаагаар чөлөөтэй байсан, сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь хэд байсан/ тул дээрх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай /5.3.1/ зөрчилдөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР