| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 168/2024/0408/Э |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
2025 02 17 2025/ДШМ/09
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421005780498 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1963 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 4 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 4 жилийн хорих ялаар тогтоож, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ******* /
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдсон байна.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч ******* нь мөн шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 2 700 000 төгрөгөөр торгуулж, үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй байхдаа 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин мөн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Ингэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялын үлдэгдэл 500 000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа эрх хасах нэмэгдэл ялаас үлдсэн ялын талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэлт огт хийхгүйгээр орхигдуулж шийдвэрлэжээ.
...Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялаас үлдсэн ялыг хэзээнээс хэрхэн тооцож тоолох талаар шийдвэрлээгүй буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүгдэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах шийдвэр гарсан. Ингээд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн. Эсэргүүцэл нь уг тэнссэн ялтай холбоогүй гэдэг нь харагдаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурортой ял тохиролцохдоо тухайн нэмэгдэл ялын талаар ярилцаагүй байсан. 500 мянган төгрөгийн торгох ялыг төлж дуусгасан. Эрх хязгаарлах ялыг 7 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор байсан. Одоо бол 2 жилийн эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн байгаа. Мөн тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн. Ялыг тус тусад нь эдлүүлэхээр заасан. Сүүлийн шийтгэх тогтоолын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байна. Үндсэн ялын тухайд эсэргүүцэл бичээгүй учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******т холбогдох хэргийг анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн эдлүүлэх талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдвэрлэлт нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзсэн. Учир нь өмнөх шийтгэх тогтоолын нэмэгдэл ялыг хэзээнээс тооцож, хэрхэн эдлүүлэх талаар дүгнэлт хийж, шийдвэрт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд хамаарахаар байна.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №240 дугаартай тогтоолоор хүлээн авч, хангаж шийдвэрлэжээ.
Прокурорын газраас шүүгдэгч *******ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх зүйл хэсэгт зааснаар яллагдагч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан яллагдагч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх саналыг танилцуулахад зөвшөөрсөн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг ялыг болон 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж нэмэгдэл ял, үндсэн ялаа эдэлж дуусаагүй байхдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг тусгасан бөгөөд 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “... шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялын үлдэгдэл 500,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас үлдсэн ялыг хэзээнээс хэрхэн тоолох, мөн уг нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх талаар шийдвэрлээгүй, сүүлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээс гадна шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд уг заалтаар тодорхойлсон ял гэдэг ойлголтод нэмэгдэл ялаар хэрэглэх эрх хасах ял мөн адил хамаарна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид өмнөх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр заагаагүй нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцээгүй гэж үзнэ.
6. Иймд “анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялын талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгүүлэх үндэслэлтэй” гэх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр дээрх зөрчлийг зөвтгөж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан” гэсний дараа “эдлээгүй үлдсэн нэмэгдэл ял болон ...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ