Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

*******д холбогдох   эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч                                        Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/400 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2221000100401 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/

 

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сард хохирогч *******ы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “өвс зарж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Бага саваа” гэх газраас 8268 боодол өвс шилжүүлэн авч, бусдад 24,804,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,304,000 /долоон сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 48-39 тоотод оршин суух, Баруунхуасай овогт Жаргалсайханы Батсайханд олгохоор тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ... шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн ба хохирогч *******д учруулсан хохирол 7 304 000 төгрөгийг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэжээ.

 

6. Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас аймгийн төвөөс гарч болохгүй гэсэн шийдвэрийг гаргасан байгааг өөрчилж торгох ялаар шийтгэж өгөхийг хүсч байна гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* нь өөрөө Сүхбаатар аймагт амьдардаг. Хурдан удмын малыг наймаалцах ажил хөдөлмөр эрхэлдэг учраас хөдөө гадаа явах явдал ихтэй байдаг. Иймээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг торгох ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

8. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар хохирогчийн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байгаа. Давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг үнэлж, өөр төрлийн ял шийтгэх тохиолдолд татгалзах зүйлгүй гэв.

 

9. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын хувьд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна. Энэ хэрэг 2021 онд үйлдэгдсэн, анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэхэд хохирлоос 7,304,000 төгрөг төлөгдөөгүй байсан, шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

3. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сард хохирогч *******ы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “өвс зарж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг, “Бага саваа” гэх газраас 8268 боодол өвс шилжүүлэн авч, бусдад 24,804,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 24-29, 218-219/, гэрч Г.Банзрагч, Ч.Энхтайван,  Б.Угтахбаяр нарын мэдүүлэг /1хх 53-54, 57-58, 120-121, 61-62/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 18-20/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-14/, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/30 тоот албан бичиг /1хх 72/, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/15 тоот албан бичиг /1хх 73/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

 

4. Шүүгдэгч ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч *******аас 8268 боодол өвс шилжүүлэн авч, 24 804 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд хэргийг зөв зүйлчилжээ.

 

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялын хүрээг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзлээ.

 

7. Шүүгдэгч ******* “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэх, торгох ялаар өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/400 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Ц.ЭРДЭНЭЗУУ

 

         ШҮҮГЧИД                                                                     Г.УРТНАСАН                                                                                                       

                                                                                          С.ГАНЧИМЭГ