Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01449

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01449

 

 

 

Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01050 дугаар шийдвэртэй, Жын нэхэмжлэлтэй, Р ХХК-д холбогдох дутуу олгосон цалингий зөрүү болон алдангийн төлбөрт 21 566 000 төгрөг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Р ХХК болон Бүгд Найрамдах Филиппин Улсын иргэн Ж нар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бизнесийн багшийн үүрэг гүйцэтгэн, сар бүр 6 748 000 төгрөгийн цалин олгохоор харилцан тохиролцож үүнийгээ Монгол дахь Бүгд Найрамдах Филиппин Улсын Консулын газрын нотариатаар гэрчлүүлсэн.

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ж нь орон сууцны зээлийн материал бүрдүүлэлтэнд хавсаргах зорилгоор өөрийн шууд удирдлага болох Франсиц Иан Р.Күесада (Francis Ian R.Quesada)-аас ажлын газрын тодорхойлолт авсан бөгөөд уг тодорхойлолтонд түүний сарын цалинг гэрээнд дурдсанчлан 6 748 000 төгрөг болохыг тодорхойлсон байдаг. Гэтэл банкнаас шаардсаны дагуу өөрийн цалингийн бүх хуулгаа 2019 оны 01 дүгээр сард гаргуулж авахад түүний цалин нь хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр дүн буюу сарын 5 700 000 төгрөгөөр бодогдсон байхыг олж мэдсэн. Уг зөрүүтэй байдлыг компанийн удирдлагаас тодруулахад таны сарын цалинг анхнаасаа 5 700 000 төгрөг байхаар тохиролцсон, өмнө нь цалингийн зөрүүний гомдол гаргаж байгаагүй учир дутуу олгосон цалинг нөхөн олгох боломжгүй гэсэн хариулт өгсөн байдаг.

Түүнчлэн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Чоа Вэй Жун Марк нь 13/19 дугаар бүхий Жтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажил хүлээлцэх тухай тушаал гаргасан байдаг. Уг тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцээгүй буюу ажилтны зүгээс зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмгөөлүүлэх эрхээ эдэлсний төлөө компаний нэр хүндэд халдсан, нууц задруулсан зэрэг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтсээр маргааныг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч Засаг даргын Тамгын газрын дэргэд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэх албан бичгээр хариу өгсөн.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Чой Вэй Жун Маркийн 13/19 тоот тушаалыг хүчингүй болгон ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, Жыг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоон, Р ХХК-аас дутуу олгосон цалин 12 268 568 төгрөг (ХХОАТ болон нийгмийн даатгалын шимтгэл хассаны дараах дүн), түүний алданги 9 297 432 төгрөг, нийт нийт 21 566 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Рафлес интернэшнл Монголиа" ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/18 тоот тушаалаар Бүгд Найрамдах Филиппин Улсын иргэн Жероен Жон Бенцио Де Лионыг бизнесийн сургалтын багшийн ажилд авсан. Нэхэмжлэгчийг ажилд авахаас өмнө түүний гар дээрээ авах цалин нь 2 000 доллар буюу 4 888 888 төгрөг байхаар тохиролцож байсныг хүний нөөцийн менежер Г.Нарангуагийн захирал Вернон Симтэй харилцсан и-мэйлээр нотлогдоно.

Нэхэмжлэлд дурьдсан Монгол дахь Филиппин улсын консулын газрын нотариатаар гэрчлүүлсэн Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг 6 728 000 төгрөг гэж тооцоолохдоо алдаа гаргасан байсан тул гэрээг шинэчилж цалинг 6 268 000 төгрөг болгон өөрчлөн шинээр байгуулахыг санхүүгийн албанаас баталгаажуулахыг хүссэн утга бүхий имэйлийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захирал Вернон Симд явуулж, түүнээс зөвшөөрөл авч байсан.

Жероен Жон Бенцио Де Лионыг Монголд ирсэн өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл 240 000 төгрөг, хүн амын орлогын албан татварын суутгалыг нэмж тооцон цалин 6 268 000 төгрөг байхаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулж, Жерион Жон Бенцио Де Лион гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүний дараа хүн амын орлогын албан татварын хувь хэмжээ буцан 10 хувь болсонтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах, гар дээрээ авах цалин нь ямар ч тохиолдолд 2 000 доллар хэвээр байх тухай нэхэмжлэгчид чатаар мэдэгдэж, 5 700 000 төгрөг болгон өөрчилж гэрээ байгуулах зөвшөөрлийг захирал Вернон Сим өгсөн тул ажилтан Жероен Жон Бенцио Де Лионтой 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цалинг 5 700 000 төгрөг болгож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Нэхэмжлэлд дурьдсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Фийн гаргасан ажлын газрын цалингийн тодорхойлолт гэх албан бичгийг манай компанийн эрх бүхий этгээд үйлдээгүй, мөн тамга тэмдэг байхгүй учир хүчингүй баримт болно. Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү баримтыг үйлдсэн буруутай этгээдэд сахилгын арга хэмжээ авсан байгаа болно. 

Ажилтан Жероен Жон Бенцио Де Лион нь "банкнаас цалингийн бүх хуулгаа 2019 оны 01 дүгээр сард гаргуулж авахдаа цалин хөлс нь дутуу бодогдсныг мэдсэн, хүний нөөцийн менежер Нарангуагийн хүсэлтээр хөдөлмерийн гэрээний эхний хуудсан дээр гарын үсэг зурсан гэж худал мэдээлэл гаргасан. Энэ нь гар дээр авах цэвэр цалин нь 2 000 ам.доллар байна гэж анхнаасаа тохиролцон и-мэйл, хөдөлмөрийн гэрээ зэргээр худал мэдээлсэн нь нотлогддог. Улмаар уг худал мэдээллээ хуульчдаа өгч Рафлес интернэшнл Монголиа" ХХК-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гарган өөрийн цалин хөлсийг буруу мэдээллэн илүү цалин нэхэж компанийн мөнгөн хөрөнгөд халдах оролдлого гаргасан, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр цалингийн тодорхойлолт гаргуулан авсан, өөрт нь холбогдох хөдөлмөрийн гэрээ болон цалин хөлсний талаархи хүний нөөцийн ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, худал хэлдэг зан чанарын улмаас удирдах албан тушаалтнуудтай таарч тохироогүй, өөрийн цалинг компанийн дотоод үйл ажиллагаа болон өөрийн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний талаархи нууц мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлсэн, өөрийн компанийн бусад ажилтанд мэдээлсэн зэрэг ноцгой зөрчлүүдийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Жерион Жон Бенцио Де Леоныг хариуцагч Р ХХК-ийн бизнесийн сургалтын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 136 363 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү, алдангид 21 566 000 төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний илүү төлсөн 335 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч Р ХХК-аас 248 632 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх дутуу олгосон цалинг нэхэмжлэгч талд олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Филиппин Улсад байхад хариуцагч тал ажилд орохыг урьж, түүний цалинг 6 748 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Улмаар саналыг хүлээн зөвшөөрч, Монгол Улс дахь Филиппин Улсын Консулын газраар хөдөлмөрийн гэрээг баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч уг ажил үүргээ эхлүүлэхэд хариуцагч талаас ...таны Монгол Улсад ирж ажлаа эхлүүлсэн өдөр хойшлогдсон тул өдөр өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурна уу, ...бусад нөхцөл өөрчлөгдөөгүй хэвээр... гэж хэлсний дагуу гарын үсэг зурсан. Хэсэг хугацааны дараа ...татвартай холбоотой өөрчлөлт хийсэн, таны цалин хөлс өөрчлөгдөөгүй... гэж хэлэн мөн гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг.

Ийнхүү гэрээнүүдийг удаа дараа өөрчилж зуруулахдаа нэхэмжлэгч талд урьдчилж холбогдож хэлээгүй, түүнчлэн тайлбарлаж байгаагүй болно. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас цалин хөлсний талаарх өөрчлөлтийг зөвхөн дотооддоо ярьж хэлэлцэж шийдсэнийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл энэ талаар нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар мэдэх боломжгүй байсан.

Иймд дутуу олгосон цалин, түүний алданги болох 21 566 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Р ХХК нь олон орны багш нарыг урьж Монгол Улсад ажиллуулдаг боловсролын байгууллага юм. Тус багш, ажилчид нар янз бүрийн хөдөлмөрийн хүчин зүйлийн улмаас харилцан адилгүй цалин авдаг. Энэ нь тухайн байгууллагын нууц тул багш, ажилтан бүрт байгуулах хөдөлмөрийн гэрээнд цалингийн талаар нууц байхаар тохиролцдог.

Тухайлбал, Жерион Жон Бенцио Де Леонтой байггуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 9.2-т цалин хөлсний асуудал хувийн бөгөөд нууцын зэрэглэлд хамрагдах агаад энэ асуудлаар зөвхөн хүний нөөцийн менежер болон ерөнхий менежертэй харьцана. Хэрэв энэ талаар өөр бусад хэн нэгэнтэй хэлэлцэх бол гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч уг нууцыг Фаар өөрийн улсдаа цалингийн зээл авахад ашиглана гэж цалингийн тодорхойлолт бичүүлэн авах хэлбэрээр задруулсан. Уг тодорхойлолт нь байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй хууль бус баримт юм.

Уг хууль бус баримтыг ашиглан нэхэмжлэгч нь өөрийн цалин хөлсийг буруу мэдээлэн илүү цалин нэхэж компанийн мөнгөн хөрөнгөд халдах оролдлого гаргасан. Энэ нь зөвхөн шүүхэд бус манай байгууллагад хуульчаараа дамжуулан нэхсэн явдал юм. Р ХХК нь цалинг бэлнээр олгодог бөгөөд байгууллагын мөнгөн хөрөнгөөс гардаг. Иймд илүү цалин авч мөнгөн хөрөнгөд халдах оролдлого гаргасан. Эдгээр үйлдлүүд нь хөдөлмөрийн гэрээний 15.4.3, 15.4.20-т заасныг зөрчсөн зөрчил юм.

Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 9.2-т заасан үүргээ биелүүлээгүй өөр этгээдтэй цалингийн асуудлаар харьцсан тул мөн гэрээний 15.4.7-д заасан зөрчлийг гаргасан. Дээрх зөрчлүүдийг гаргасны улмаас компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар хэмжээнд хүрсэн нь хөдөлмөрийн гэрээний 15.4.15, худал хэлдэг зан чанарын улмаас удирдах албан тушаалтнуудтайгаа таарч тохироогүй үйлдэл нь гэрээний 15.4.17, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нь Францис Иан Р.Күесадад өөрийн цалин хөлсний талаар мэдээллэсэн нь тогтоогддог бөгөөд үүгээр зогсохгүй байгууллагын бүх ажилчдад мэдээллэсэн нь гэрээний 15.4.31-д тус тус заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлд хамаардаг.

Дээрх үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ажил олгогчийн зүгээс дээрх үйлдлүүдийг гаргасан нэхэмжлэгчийг ажиллуулах хүсэлгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж нь шүүхэд хандан хариуцагч Р ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалингийн зөрүү болон алдангид 21 566 000 төгрөг гаргуулах, мөн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

1.Дутуу олгосон цалин, хөлсний зөрүү болон алданги гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ... хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсийг 6 748 000 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцож гэрээ байгуулсан, ... зээл материал бүрдүүлэх зорилгоор банкнаас цалингийн хуулбар авахад сарын цалинг 5 700 000 төгрөгөөр бодогдсон байхыг олж мэдсэн гэх үндэслэлээр хариуцагч байгууллагаас цалин, хөлсний зөрүү, алдангид нийт 21 566 0000 төгрөг нэхэмжилжээ.

Хэргийн баримтаас үзвэл хөдөлмөрийн гэрээний тал болох Ж, Р ХХК нар нь нийт 3 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хамгийн сүүлд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1-д сарын нийт цалин 5 700 000 төгрөг гэж тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 3-11, 13-21 дэх талд авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний агуулгыг ойлгоогүй, өөрийн цалин, хөлсний хэмжээнд өөрчлөлт орсныг мэдээгүй гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг дутуу олгосон цалин, хөлс, алданги шаардах эрхгүй гэж дүгнэн уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

2.Ажилд эгүүлэн тогтоолгон, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүсч, Ж нь Р ХХК-д бизнесийн сургалтын багшаар ажиллаж байсан үйл баримтад хэн аль нь маргаангүй.

Р ХХК-ийн захирал Чал Вэй Жун Марк нь ажилтан Жыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 15.4.iii, 15.4.vi, 15.4.vii, 15.4.xv, 15.4.xvii, 15.4.xx, 15.4.xxi, 15.4.xxxi-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 13/19 дугаартай тушаал гарган, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсны улмаас тэдгээрийн хооронд маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан 13/19 дугаартай тушаал, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-183/ Талууд уг тушаалд заасан ноцтой зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Уг гомдлын шаардлагын хувьд хариуцагч талд нотолгооны үүрэг хуваарилагдах ба хариуцагч нь тушаалын үндэслэлээ өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг баримтаар нотлоогүй байна. Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоон, түүний үр дагаврыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 780 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 248 632 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД