Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00908

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00908

 

 

Б.Цэндийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цэндийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэнд миний бие 2013 оны 08 дугаар сард "Улаанбаатар зам засвар арчлалт" ОНӨААТҮГ-т хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн албан тушаалд томилогдсон. 2013 онд "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ байгуулагдсанаар Дотоод ажлын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сараас эхлэн "Улаанбаатар зам засвар арчлалтын газарт" шилжин ажиллах тушаалын дагуу Газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 тоот тушаалаар Дотоод ажлын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Дотоод ажлын мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээг тус оныг дуустал хугацаанд байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд ажлын байрны тодорхойлолт гараагүй хэдий ч хуучин гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй адил төрлийн ажил үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ удирдлагаас өгсөн бүхий л ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн.

Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Түвшинтөр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуудан ажлын байранд тохирохгүй байна гэж хэлсэн. Архивын эрхлэгч хий, тэр ажлын байранд мэргэжил чинь тохирно гэсэн, гэвч архивын эрхлэгчийн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай гэж үзсэний дагуу сургалтанд хамрагдан архивын эрхлэгчийн ажлыг гүйцэтгэе гэхэд маргааш нь диспетчерээр тушаал гарч байгаа гэсэн. Сэлгэн ажиллуулах тушаалын талаар ямар нэгэн ярилцсан, санал тавьсан тохиролцсон зүйл байгаагүй, хэлтсийн ахлах мэргэжилтэн болон хэлтсийн даргын өөрсдийн үзэмжээр шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээний 2.1.2-д заасныг зөрчиж тушаал гаргасны зэрэгцээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр очиход өнөөдөр 24 цагийн гараатай ээлжинд гарах байсан чи гараагүй учир арга хэмжээ авна гэж ахлах мэргэжилтэн хэлсэн. Сэлгэн ажиллуулах тушаалын үндэслэл болгосон Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дүрмийн 2.12.3 дахь хэсгийн заалт нь удирдлагын бүтэц зохион байгуулалтын хүрээнд хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилд авах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх гэсэн заалт байгаа. Миний бие Хөдөлмөрийн хуулийн 102.1-д зааснаар тухайн 24 цагийн ажил болон ажлын цаг нөхцөл зэрэг олон шалтгаанаар эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийж, баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжийн дагуу "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл" ОНӨААТҮГ-ыг татан буулгаж "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ, "Хот тохижилтийн газар" ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламж" ОНӨААТҮГ гэсэн гурван байгууллагад хуваан зохион байгуулсан. "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ-ын чиг үүрэг, бүтэц орон тоог Газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/01 тоот тушаалаар баталсан. Шинээр байгуулагдсан байгууллагын үйл ажиллагаа жигдэрч шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолтод дотоод ажлын мэргэжилтэн нь тусдаа байгаа учир Б.Цэндийн урьд ажиллаж байсан дадлага туршлагыг нь харгалзан үзэж ахлах диспетчерээр сэлгэх талаар санал тавьж, Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/324 тоот тушаалаар диспетчерийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар томилсон. Энэ тухай Б.Цэндэд албан ёсоор танилцуулсан ба удаа дараа утсаар мэдэгдсэн боловч ажлаа тасалж ирээгүй. Иймээс байгууллагын хариуцлагын тухай журмын 2.7.7-д заасны дагуу Б.Цэндэд сахилгын арга хэмжээ ногдуулсан. Мөн дахин холбогдож ажилдаа ирэхийг мэдэгдсэн ч Б.Цэнд ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Улаанбаатар зам засвар, аргачлалын газар" ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан Хариуцлагын тухай журмын 2.7.7-д заасныг үндэслэн Б/346 тоот тушаалаар ажлаас халсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д баримтлан "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/324 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баасайхүүгийн Цэндийг "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Дотоод ажлын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас 1 358 196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэндэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийн баталгаажуулахыг "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас 36 681 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх: "ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Б\324 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйл, 34 дүгээр зүйлд заасан "шилжүүлэн ажиллах" зохицуулалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй" гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГазрын дүрмийн 2.12-д заасан газрын даргын эрх үүргийн хүрээнд мөн дүрмийн 2.12.3-д зааснаар байгууллага дотооддоо Б.Цэндийг ажлаас чөлөөлж, ажлын байраар хангасан нь тухайн байгууллагын дүрэмд тусгагдсан ба өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаагүй асуудлыг байгууллагын үйл ажиллагаа онцлогт тохируулан дүрмээрээ зохицуулсан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг байгууллагын дүрмээр хэрхэн зохицуулсныг судалж үзэхгүйгээр Хөдөлмөрийн хуулийн өөр зохицуулалтад хамааруулан дүгнэсэн нь хэрэгт авагдсан ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгийг зөрчсөн.

Шүүх нэхэмжлэгч Б.Цэндтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, шүүх Хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан, хугацаа тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2-д нийцэж байна гэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хугацаанаас өмнө заавал дуусгавар болгох ёстой мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 2 тал харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр Б.Цэндийг 1 ажлаас өөр ажил руу сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь заавал ажил олгогчийн санаачлагаар цуцалсан, үндэслэлээ тушаалд заагаагүй байна гэж дүгнэхдээ байгууллагын дүрэмд заасан үндэслэлийг судалж үзээгүй байна. Мөн хуульд заасан үндэслэлгүйгээр ажил үүргээс чөлөөлсөн нь Б.Цэндийн эрхийг зөрчсөн гэжээ. Байгууллага хуулиар зохицуулаагүй асуудлыг дүрмийнхээ хүрээнд шийдвэрлэсэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх Б.Цэндийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй болохыг тогтоосон атлаа №ХГ\47 тоот хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжлэх тул ...гэж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116. 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Б.Цэнд нь 2016 оны 12 сарын 08-ны өдрөөс хойш тушаалыг үл хүндэтгэн шалтгаангүйгээр ажил тасалж ажил хийгээгүй байхад шүүх 42 хоногоор тооцож 1 358 196 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хоорондох хөдөлмөрийн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Цэнд нь хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулж, өөр ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/324 дүгээр тушаалаар Захиргаа санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтэн Б.Цэндийг ажлаас чөлөөлж Захиргаа санхүүгийн хэлтэст диспетчерээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжийн дагуу "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл" ОНӨААТҮГ-ыг татан буулгаж "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ, "Хот тохижилтийн газар" ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламж" ОНӨААТҮГ гэсэн гурван байгууллагад хуваан зохион байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Цэнд нь "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгдэл" ОНӨААТҮГ-т 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс дотоод ажлын мэргэжилтнээр ажиллаж байгаад "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ шинээр байгуулагдахад мөн дотоод ажлын мэргэжилтнээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан зэргээс үзэхэд түүний ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзнэ.

 

Ажлын байнгын орон тоонд ажиллаж байсан ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан шаардлагыг зөрчсөн байхад шүүх харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон хэдий ч ажил олгогч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх асуудал нь маргааны зүйл биш болно.

 

Ажил олгогч дээрх Б/324 дүгээр тушаалаар Б.Цэндийн цалин хөлсийг өмнөхөөс бууруулж өөр ажилд шилжүүлэх болсон үндэслэлээ тушаалдаа заагаагүй, тушаалд баримталсан "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.12.3 дах заалтаар ажилтныг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах үндэслэл журмыг зохицуулаагүй тул уг тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

... Шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолтод дотоод ажлын мэргэжилтэн нь нийгмийн ажилтан байна.. гэсэн /хх-ийн 30/ тусгайлсан шаардлага тавигдсан, улмаар нэхэмжлэгч Б.Цэнд мэргэжил, ажил үүргийнхээ хуваарийн дагуу дотоод ажлын мэргэжилтний орон тоонд ажиллах боломжгүй болсон гэж үзэх үндэслэл, Б.Цэндэд ахлах диспетчирээр ажиллах санал тавьж, тэрээр зөвшөөрсөн гэх үйл баримт тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн тайлбарт тусгагдсан ..."Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны А/14 дүгээр тушаал маргааны зүйл биш тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүх хариуцагч байгууллагын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/324 дүгээр тушаалыг хүчингүй болгохоор дүгнэсэн атлаа уг тушаалын холбогдох хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн зөрчилтэй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа зөвхөн хураамжийн хэмжээг тодорхойлсон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг баримталж, тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан процессийн хуулийг баримтлаагүйгээр хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь буруу байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан асуудлаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэсэн, түүнчлэн шүүх мөн хуулийн 69 дүгээр зүйлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтыг хэвээр үлдээж, 2 дугаар заалтанд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын хариуцагч гэсний өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36 681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ