Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00928

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, 

     Нэхэмжлэгч: УАП газрын,

      Хариуцагч: Д.Т-д холбогдох,

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч УАП газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн сумын иргэн Д.Т нь 2022 онд Малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэгт хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн Д.Т нь гэрээнд заасны дагуу 1,500,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 3,500,000 төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учирсан байна. аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд “... Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй, 3,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 3,500,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн Д.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 3,500,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч УАП газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: УАП газраас хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч УАП газар нь хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УАП газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор Б.Б нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч УАП газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч УАП газар нь хариуцагч Д.Т-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч УАП газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

                                                           ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ