Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00170

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00170

 

 

Монголжин венчур капитал ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02968 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Монголжин Венчур капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Алтанзулд холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 106 175 822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Урнаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанзул нь М.Урнаатай Изабелла Белла нэртэй гоо сайхны салоныг нээж ажиллуулах, М.Урнаа нь Дэ Изабелла Белла ХХК-ийг үүсгэн байгуулах, хамтын үйл ажиллагаанаас олох цэвэр ашгийг бизнес эрхлэгч Б.Алтанзул, хөрөнгө оруулагч Дэ Изабелла Белла ХХК нь тус тус тэнцүү хувааж авах, Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 1 жилийн дотор буцааж төлөх, аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирвал нөгөө талдаа нөхөн төлөхөөр харилцан тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахад тохиромжтой үл хөдлөх хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, Токиогийн гудамж, 8 тоот барилгын 402 тоот хаягт байрлах 469 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг сонгосон ба М.Урнаа нь хамтын үйл ажиллагаагаа эрхлэх зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дэ Изабелла Белла ХХК-ийг үүсгэн байгуулсан. Б.Алтанзул нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн байршил, нөхцөлтэй биечлэн танилцаж энэ обьектод салоны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг хүлээн зөвшөөрч засварын ажил эхлүүлнэ гэсэн тул манай компани объектыг нь 938 000 000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Улмаар Б.Алтанзулын цаашид эрхлэх бизнесийг дэмжих зорилгоор түүний санал болгосон Арвис дизайн ХХК-тай манай компани 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8 499 639 төгрөгийн үнэ бүхий Изабелла Белла гоо сайхны салоны интерьер дизайны зураг төсөл гүйцэтгэх 16/08/05/59 тоот гэрээг байгуулан гэрээний урьдчилгаанд 2 124 910 төгрөг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр заслын ажлыг гүйцэтгүүлэхээр 40 000 000 төгрөгийн үнэ бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний урьдчилгаанд 16 000 000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч талд шилжүүлсэн.

...Ийнхүү бодит зардал гарсны дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.Алтанзул нь барилга дээр ирж уулзахдаа манай нөхөрт байршил нь таалагдахгүй байна гэдэг шалтгаан хэлж цаашид Хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ утсаар мэдэгдэж уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа саналаа уламжилсан. Манай компани гэрээний дагуу Изабелла Белла гоо сайхны салоны үйл ажиллагааг явуулахад нь хөрөнгө оруулалт хийж 938 000 000 төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, түүний дотор засал, интерьер дизайны зураг төслийн ажлын гэрээг үзэглэж гэрээний урьдчилгаа төлбөрүүдийг төлсөн ба барилгын ханыг нурааж дууссаны дараа гэрээг цуцаллаа гэсний үр дүнд манай байгууллагад их хэмжээний хохирол учраад байна. Иймд хэвийн байсан үл хөдлөх эд хөрөнгийн дотор талыг бүхэлд нь дахин засварлаж хуучин байдалд нь оруулж сэргээн засварлах болон бусад зардалд нийт 106 175 822 төгрөг зарцуулсан тул гэрээ цуцалсан буруутай тал болох Б.Алтанзулаас энэ хөрөнгийг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн болон Дэ Изабелла Белла ХХК-ийн захирал М.Урнаатай хамтарч гоо сайхны салон нээж ажиллуулах талаар ярьж байсан боловч М.Урнаа нь гоо сайхны бараа захиалгын асуудал дээр удаа дараа асуудал үүсгэж байсан, мөн хамтарч ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээ нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан буюу Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-д ашигтай байдлаар хийгдсэн учраас би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж гэрээг цуцлах санал тавьсан. Хамтран ажиллах гэрээг Дэ Изабелла Белла ХХК-ийг төлөөлж М.Урнаа нь гарын үсэг зурж баталгаажуулсан ба 2016 оны 9 дүгээр сард гэрээ цуцлагдсан. Хариуцагч Б.Алтанзулын хувьд Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө засаж, янзалсны төлбөрийг Б.Алтанзулаас гаргуулна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 тоот барилгын 402 тоотод байх обьект нь өмнө нь цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн зориулалттай байсан ба сүүлд тэр барилгын зарим гипсэн ханыг буулгаж /бетонон хана бус/ авсан байсан. Тэгээд ч барилгыг ашиглах боломжгүй болсныг нотлосон нэг ч баримт хэрэгт байхгүй. Хамтран ажиллах гэрээний тал биш этгээд болох Монголжин Венчур Капитал ББСБ ХХК нь яагаад Б.Алтанзул, Дэ Изабелла Белла ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнээс учирсан хохирлыг шаардаад байгааг ойлгохгүй байна. М.Урнаа нь Дэ Изабелла Белла ХХК-ийн эрхийг Б.Алтанзулд шилжүүлэх хэлцэл хийсэн боловч хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолоо гаргаж өгөөгүйгээс эрх шилжигдээгүй хэвээр байгаа. Иймд Монголжин Венчур Капитал ХХК-ийг нэхэмжлэгч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Б.Алтанзулаас хамтран ажиллах гэрээ цуцалснаас үүссэн хохиролд 106,175,822 төгрөг гаргуулахыг хүссэн Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нотлох баримтуудыг дутуу, буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. "Дэ Изабелла Белла" ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Урнаа нь 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Алтанзултай "Худалдах худалдан авах гэрээ" хийж өөрийн өмчлөлийн "Дэ Изабелла Белла" ХХК-ийн нэг бүр нь 20 000 төгрөгеөр үнэлэгдэх 1 ширхэг хувьцааг түүнд 20 000 төгрөгөөр худалдсан байх ба мөн өдрөө тус компанийн бүх үүрэг, хариуцлага, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрхийг "компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ"-гээр Б.Алтанзулд шилжүүлэх хэлцлийг бас хийсэн боловч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд энэ тухай бүртгэл хийгдээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон гэх хэдий ч энэ нь М.Урнаагаас шалтгаалаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

...Анхан шатны шүүхээс Б.Алтанзулын хамтран ажиллах саналыг хүлээн авснаар хэвийн байсан барилгын хийцэд маш их өөрчлөлт орж түүнийг буцаан засварлахад манай өмчид маш их хохирол амссан тул бид өмчлөгчийн хувьд хохирлоо хариуцагчаас нэхэмжилж байсанд ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна. Хариуцагч нь хамтран гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахын тулд манайх хөрөнгөө хариуцагчийн саналаар өрөө тасалгааг дахин засварлахаар хэвийн биш болгоод дахин засан сайжруулалт хийсэн гэдгийг шүүх ойлгоогүй бөгөөд 2016 оны 9 дүгээр сард тодорхой шалтгааны улмаас тухайн гэрээ цуцлагдсан ба энд хэний буруу байсныг шүүх одоо нотлох ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн нь буруу юм.

Шүүх нэхэмжлэгч ...гэрээний нэг тал нь үүрэг зөрчсөн нөгөө талаас өөрөөс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, түүнд зайлшгүй орох байсан орлого зэрэг хохирлыг шаардах эрхтэй байдаг гэсэн хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дутуу дүгнэсэн. Хамтран ажиллах гэрээнд "Дэ Изабелла Белла" ХХК болон Б. Алтанзул нар ашиг олох зорилгоор гоо сайхны салоны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болж, энэ үйл ажиллагаагаа "Монголжин Венчур Капитал ББСБ" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан явуулахаар хэлэлцэн тохирсоноос өөрөөр "Монголжин Венчур Капитал ББСБ" ХХК тухайн хамтран ажиллах гэрээнд хөрөнгө оруулагч, гэрээний 1.1, 1.2, 2.3, 3,1.2-т тус тус зааснаар эрх, үүрэг хүлээсэн байхад шүүх нэхэмжлэгчийг энэ гэрээнд ямар нэг эрх, үүрэгтэй гэрээний тал болж оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэнд гомдолтой байна.

...Анхан шатны шүүх дөнгөж үүсгэн байгуулагдсан нэг сая төгрөгийн дүрмийн сантай "Дэ Изабелла Белла" ХХК-ийг салоны үйл ажиллагааг дэмжигч буюу хөрөнгө оруулагч гэж ташаа ойлгосон учраас нэхэмжлэгч болох манай байгууллага Хамтран ажиллах гэрээний талуудад хөрөнгө оруулагч байсан гэдгийг ойлгоогүй алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. "Монголжин Венчур Капитал ББСБ" ХХК-ийг хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулагч тал гэж байсаар атал шүүх энэ гэрээний нэг тал гэж үзэх үндэсгүй тул хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зуйлд заасан үндэслэлээр "Монголжин Венчур Капитал ББСБ" ХХК шаардах хууль зүйн боломжгүй гэж буруу дүгнэсэн. Хамтран ажиллах гэрээний талуудтай байгуулсан өөр гэрээ манайд байхгүй, харин өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Хамтран ажиллах гэрээг цуцалж хохирол учруулсан буруутай этгээд болох Б.Алтанзулаас шаардах эрх нь манайд байсан. Түүнчлэн анхан шатны шүүхээс ...иргэн М.Урнаа нь иргэн болон хуулийн этгээдийн аль, алийг төлөөлөх эрхтэй ч хууль зүйн хувьд хэнийг төлөөлж байгаагаас шалтгаалж түүнд эрх, үүрэг үүссэн эсэх асуудал өөр, өөрөөр шийдвэрлэгдэх үр дагавартайг дурдах нь зүйтэй байна гэсэн атлаа М.Урнаа намайг "Монголжин Венчур Капитал ББСБ" ХХК-ийг телөөлж өмчлөгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжилсэн гэдгийг ойлгохгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Монголжин Венчур капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Алтанзулд холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцалсанаас учирсан хохиролд 106 175 822 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дэ Изабелла Белла ХХК болон Б.Алтанзул нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 8 байр, 402 тоотод байрлах 469 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хамтарч гоо сайхны салон нээж ажиллуулахаар тохиролцсон боловч уг гэрээ хариуцагч Б.Алтанзулын хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сард цуцлагдсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 10-13/

 

Нэхэмжлэгч Монголжин Венчур Капитал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Дэ Изабелла Белла ХХК болон Б.Алтанзул нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Изабелла Белла гоо сайхны салоны үйл ажиллагааг явуулахад нь хөрөнгө оруулалт хийж 938 000 000 төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авч, түүний дотор засал, интерьер дизайны зураг төслийн ажлын хийлгэх гэрээний урьдчилгаа төлбөрүүдийг төлсөн ба барилгын ханыг нурааж дууссаны дараа гэрээг цуцалснаас нийт 106 175 822 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Хамтран ажиллах гэрээг Дэ Изабелла Белла ХХК-ийг төлөөлж М.Урнаа гарын үсэг зурж баталгаажуулсан ба 2016 оны 9 дүгээр сард гэрээ цуцлагдсан, Монголжин Венчур капитал ББСБ ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө засаж, янзалсны төлбөрийг гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх Дэ Изабелла Белла ХХК болон хариуцагч Б.Алтанзул нарын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд Дэ Изабелла Белла ХХК, Б.Алтанзул нар нь хувь нийлүүлсэн компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулах зорилгоор Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн БЗД, 1 хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 тоот барилгын 402 тоотод байрлаж ажиллахаар тохиролцсоноос өөрөөр уг гэрээнд Монголжин Венчур Капитал ББСБ ХХК оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн Дэ Изабелла Белла ХХК-ийн эрх, үүрэг нэхэмжлэгч Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-д шилжсэн, түүний өмнөөс хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй буюу хариуцагч Б.Алтанзулаас Дэ Изабелла Белла ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй буюу хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэдгээ нотлоогүй тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Монголжин Венчур Капитал ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.Урнаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголжин Венчур Капитал ББСБ ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 829 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ