| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00039/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч П.Эрдэнэбаатар
Хохирогч Г.Д Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Г-д холбогдох 1840000440033 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй,
- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 06 сарын 04-ний өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 сарын 09-ний өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдэлж 2003 оны 02 сарын 17-ны өдөр суллагдсан,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 07 сарын 31-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж тус тус ял шийтгүүлж байсан, У.Г.
Шүүгдэгч У.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.Д ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Шүүгдэгч У.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Г.Д ийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
- Шүүгдэгч У.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д нүүж буусан байсан. Тэгээд худгийг чулуугаар дараад танайх эндээс нүү, зайл гэж хэлсэн. Танай малыг услуулахгүй гэсэн. Би чамтай биш ахтай чинь уулзах ёстой. Бид хоёр хоёулаа газаргүй байгаа. Манай мал 7 хоног ус уугаагүй байсан. Тэгээд би аргаа бараад Дархан сумын захиргаанд өргөдөл бичиж өгсөн. Тэгээд өдөрт нь худгийн чулууг гаргаад малаа усалсан. Энэ хүн байнга мотоцикльтой мал хөөж туудаг. Бид хоёр байнга мууддаг. Манай багийн дарга байхгүй учраас хоёрдугаар багийн дарга ирээд Г зүүн тийшээ малаа бэлчээ, Д баруун тийшээ бэлчээ гэж хэлсэн. 2018 оны 04 сарын 23-ны өдөр малаа услаад Д хонь худгийн хойд талд бэлчиж байхаар нь өөрийнхөө хонийг баруун тийш нь гаргаж бэлчээсэн. Тэгтэл Д мотоцикльтой ирээд манай хонин дундуур сигнаалдаад зүүн тийш нь элдэж хөөсөн. Би очоод хамаагүй хонь туухаа болилдоо хурга ишиг дайрчих гээд байх юм гэж хэлэхэд Д ямар газар мундсан биш дээ зүүн тийшээ бэлчээхгүй яасын гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай хонийг тойруулаад зүүн тийш гаргах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж намайг боохоор нь Д толгой руу нь цохисон. Тэгээд хажуугаас нь тийрсэн, намайг хоёр удаа боосон. Би хэрүүлийн эх үүсвэрийг тавиагүй байсан. Манай малыг хөөж туусан. Бид хоёр хоёулаа л зөвшөөрөлгүй газар буусан. Д намайг цагдаад өгч хошин шог болгоно гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би хохирогч Г.Д ээс уучлалт гуйсан, эхэлж 650000 төгрөг, дараа нь 2250000 төгрөг, нийт 2900000 төгрөг төлсөн” гэжээ.
- Хохирогч: Монгол улсын иргэн, яс үндэс халх, эрэгтэй, жолооч мэргэжилтэй, малчин, Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө манай хонь баруун урагшаа бэлчсэн байсан. Би хонио услаад бэлчээсэн. Тэгээд Г хонио усалсан. Тэгтэл Г ын хонь манай хонины дөнгөж урдуур баруун тийшээ гарч байсан. Би мотоцикльтой очоод хонины үзүүрийг эргүүлж байсан юм. Г араас морьтой давхиж ирсэн. Бид хоёр маргалдаад заамдалцсан. Би Г ыг хавирч унагаагаад чээжин дээр нь өвдөглөж дарсан. Бид хоёр болъё гээд боссон. Тэгээд маргалдаж байснаа намайг цохиод унагаасан. Тэгэхээр нь чи яасан их хүн зоддог юм бэ, чамайг цагдаад хэлнэ гээд мотоциклоо асаах гэж байхад чи ингээд цагдаад өгөөрэй гээд мотоциклоос татаж унагаасан. Миний куртикний захыг урсан. Намайг унагаах явцдаа нэг удаа цохисон. Намайг эвхрэлдээд хэвтэж байхад нуруу руу 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд би чамайг цагдаад өгнө гээд гэр рүү явсан. Би гэртээ ирээд гар утсаараа зодуулсан зургаа авсан. Би Дархан сумын эмнэлэгт очиж үзүүлээд цагдаад хэлсэн чинь Бор-Өндөрт очиж хэл гэсний дагуу Бор-Өндөрийн цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Намайг хөдөлгөөнөө хязгаарлаж байгаарай гэж эмч хэлсэн. Би малчин хөлсөлж авсан. Тэр малчны хөлсийг нэхэмжилмээр байна. Хавтаст хэрэгт материалаа бүрдүүлээд өгсөн байгаа. Г бид хоёр танилцаад 10 гаруй жил болж байна. Би хөдөө байж байгаад 2010 онд төв рүү орж ирсэн. Тэгээд 2012 онд Түшиг гэдэг хувийн компанид 2 жил том тэрэг барьсан. Миний нуруу өвдөж байгаагүй. Манайх нүүж ирэхэд Г байгаагүй. Гэхдээ хашаа нь байсан. Г ын мал баруун тийшээ бэлчээд байсан. Тэгээд хонь нийлж магадгүй гэж худгийг бөглөсөн байсан. Намайг багийн дарга баруун тийшээ хонио гаргаад, Г ыг хонио зүүн тийшээ гарга гэж хэлсэн. Тэгээд орой гэхэд худгаас чулуугаа авсан байгаарай гэхэд нь би худгийн чулууг авсан. Би хоёр хоногийн өмнө хонио услаад хойшоо гаргасан. Тэгэхэд Г хонио баруун тийшээ хөөчхөөд явсан. Би тэр үед юм хэлээгүй. Тэгээд хонь нь зүүн тийшээ гэр рүүгээ эргээд манай хоньтой нийлэх шахсан. Би хонийг эргүүлж өгөөд хэлсэн. Чи ямар газар мундсан биш дээ хонио зүүн тийшээ гаргахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд орой 6 цаг өнгөрч байсан. Г намайг чи ямар жаахан хүүхэд биш дээ, хүний зааснаар явна гэж байхгүй. Би хаана хонио бэлчээхээ мэднэ. Намайг юм хэлэхээр зодох гэж 3 удаа дайрсан. Тэгээд намайг дөрөв дэх дээрээ зодсон.
Бид хоёр заамдалдсан. Тэгээд боолтод орсон. Намайг ухаан алдаад унагаачхаад яаж ч магадгүй гэж бодоод нэг хөлөөрөө хавирч унагаагаад чээжин дээр нь өвдөглөсөн. Тэгээд дарж байхад болъё гэсэн. Чамайг би зодвол зодно. Тэгэхдээ хууль чангарсан ш дээ гэж хэлсэн. Тийм учраас би гар хүрэхгүй гэж хэлсэн. Намайг явах гэж байхад цохисон. Намайг нэг цохихоор нь цагдаад хэлнэ гээд мотоцикль асаах гэхэд мотоциклоос татаж унагаасан. Надад Г 650.000 төгрөг, дараа нь 2.250.000 төгрөг төлсөн. Миний эмчилгээний зардал дутсан учраас төрсөн эгчээрээ хүүтэй мөнгө зээлүүлсэн. Г ад зодуулснаас нурууны суулттай байсан болохоор цүлхийсэн. Одоо би эгчийн эмчилгээний мөнгө шилжүүлсэн хүүтэй мөнгөний хоёр сарын хүү 450.000 төгрөг, малчны хөлс 800.000 төгрөг, Улаанбаатар хотод жолоочид өгсөн 110.000 төгрөг нийт 1360000 төгрөгийн хохирол барагдуулбал би гомдолгүй” гэжээ.
- Хохирогч Г.Д ийн 2018 оны 04 сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн. Манай хөдөө гэрээс зүүн зүгт Г гэдэг залуугийнх байдаг. Нэг худагт малаа усладаг. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө Г худагт малаа услаад баруун тийш буюу манай мал бэлчдэг газраар өөрийнхөө малыг бэлчээсэн. Би ямар газар мундсан бишдээ зүүн тийшээ бэлчээхгүй яасын гээд хоорондоо маргалдаж байгаад заамдалцаад миний хоолойг боосон. Тэгэхээр нь би Г ыг ташсан чинь газар ойчсон би цээжин дээр нь өвдөглөж байгаад суухад Г одоо больё гэхээр нь босгосон. Г дахиад надтай маргалдаж байхдаа баруун гараараа миний толгойруу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би чи яасан их хүн зоддог хүн юм гэж хэлээд мотоцикль дээрээ суугаад "чамайг цагдаад өгнө" гэж хэлээд хөдлөх гэтэл намайг татаж газар унагаад ингээд цагдаад хэлээрэй гээд толгой руу өшиглөсөн. Миний нуруу руу хэд хэд өшиглөөд болихоор нь би босоод гэрлүүгээ явсан. Цагдаад хэлэх юм бол "чамайг ална шүү" гэж хэлсэн. Миний баруун талын нуруугаар хатгаж өвдөөд байсан. Улаанбаатар хотод очоод Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлсэн чинь нурууны нугаламын сэртэн яс хугарсан байна мөн нурууны жийргэвч цүлхийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
- Хохирогч Г.Д ийн 2018 оны 06 сарын 13-ны өдөр хохирогчоор хоёр дахь удаа өгсөн: “Би уурхайд том ачааны автомашин жолоодож байх үедээ гэмтэж бэртэж байгаагүй. Намайг Улаанбаатар хотод Очирваань эмнэлэгт хэвтдэг өдөр Алимаа гэдэг Г ын бэр эгч нь надтай ирж уулзсан. Г ын хэргийг нааштай хэлж өгөөч гэж байсан. Би Алимаа гэдэг эгчид нь миний нуруунд учирсан сэртэн ясны хугарал нь шинээр үүссэн гэсэн. Энэ гэмтлийн улмаас нурууны булчин чангарсан гэж байсан. Би энэ эмнэлэгт булчин суллах эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн. Очирваань эмнэлэгт үзүүлэхэд миний нурууны жийргэвчийн цүлхийлт нь шинэ биш, өмнө байсан хуучин эмгэг байна гэж хэлсэн. Г миний нуруу руу өшиглөсний улмаас нурууны сэртэн яс шинээр хугарч гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63/
- Хохирогч Г.Д ийн 2018 оны 06 сарын 15-ны өдөр хохирогчоор гурав дахь удаа өгсөн: ”Би А уулзаад байхдаа “миний хуучин суулттай” гэж хэлээгүй. А Г ын талаар ярьж байгаад дууссан. Г ын хэргийг шийдэгдэхэд аятайхан шийдүүлж өгөөч гэж гуйж байсан. А эмч нараас миний биеийн талаар асуусан байж магадгүй. Очирваань эмнэлгийн эмч нар миний нурууны жийргэвчийн цүлхийлтийг шинэ гэмтэл биш, өмнө байсан хуучин эмгэг байна гэж хэлж байсан. Мөн би А-д өмнө нь ямар ажил хийдэг талаараа яриагүй. Нэг нутгийн хүмүүс болохоор намайг өмнө юу юу хийдэг байсныг мэддэг байх. Гэхдээ би жоншин дээр ажиллаж байгаагүй. Хувийн уурхайд ачааны том машин барьж байгаад хөдөө мал руу гарсан. 2018 оны 04 сарын 23-ны өдөр Г ад зодуулснаас болж миний нурууны хөндлөнгийн сэртэнгийн хугарал гэмтэл шинээр үүссэн. Би Очирваань эмнэлэгт шинээр үүссэн гэмтлээ эмчлүүлэх эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64/
- Гэрч Л.Б-гийн 2018 оны 06 сарын 13-ны өдөр өгсөн: “Бүсэлхийн 1,3,4-р дүгээр нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарлууд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, нэг сэртэн хугарсан ч байсан гэсэн гэмтлийн зэрэг тотоох журмаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 4, 5-р нугалам, бүсэлхийн 5-р нугалам ууцны 1-р нугаламын жийргэвчийн цүлхийлт ер нь архаг хууч өвчин магадлалтай, мөн бүсэлхийн хугарлын үед ч гэсэн цүлхийлт үүссэн байх боломжтой, цүлхийлтийг шинэ хуучин гэж ялгах боломжгүй. Энэ нь яг цүлхийлт гэдгээрээ дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 01-ний өдрийн №196 тоот шинжээчийн дүгнэлтэд
1.Г.Д ийн биед бүсэлхийн 1,3,4-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 4,5-р нугалам, бүсэлхийн 5-р нугалам ууцны 1-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 8-9/
- Шүүгдэгч У.Г ын 2018 оны 05 сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Манай хөдөө гэрээс баруун урд зүгт ойролцоо 50 метр зайтай газар Д гэдэг айлын гэр байдаг. Д болон манайх нэг худгаас мaлaa ээлжилж усалдаг юм. Худагт малаа усалчихаад манайх өөрсдийн малаа зүүн хойш нь, харин Д баруун зүгт гаргаж бэлчээдэг юм. Малын бэлчээрээ адилхан хуваах үүднээс ингэж ярьж тохирсон. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө мал усалдаг худагтаа хонио услаад дуусахад Д хонь худгийн хойд талд бэлчиж байхаар нь өөрийнхөө хонийг баруун тийш нь гаргаж бэлчээсэн. Би өөрөө морьтой хонио дагаад явж байсан. Д хонины баруун талаар нь гаргаад зүүн хойш нь явах бодолтой байсан юм. Тэгтэл Д мотоцикльтой ирээд манай хонин дундуур сигнаалдаад зүүн тийш нь элдэж хөөсөн. Тухайн үед манай хонь Дархан сумын 3 дугаар багийн нутаг Тарвагатайн зүүн суга гэх газар бэлчиж байсан юм. Дийг мотоциклиор манай хонийг элдэж туугаад хөөгөөд байхаар нь би очиж уулзсан. Д рүү очоод чи хамаагүй хонь туухаа болилдоо, хурга ишиг дайрчих гээд байх юм гэж хэлэхэд Д миний өөдөөс газар мундсан бишдээ, малаа зүүн тийш нь бэлчээхгүй яасан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай хонийг тойруулаад зүүн хойш гаргах гэж байна гэж хэлсэн. Тэгээд малын бэлчээрээс хоорондоо маргалдаад зууралдаж заамдалцсан. 2 биенээ заамдаж байгаад Д намайг хажуу тийш нь ташаад газар унагаасан. Намайг газар унасан байхад миний дээрээс цээжин өвдөглөж дарж суучихаад би өвөлжөөгөө хамгаалж байна, малаа зүүн тийш нь гарга, би чамайг зодвол зодно гзж хэлсэн. Чамайг чулуугаар тоголж явахад чинь би малчин байсан хүн шүү гэж хэлж байсан. тэгээд миний дээрээс дараад байхаар нь одоо 2-уулаа больё оо, босьё гэж хэлтэл миний дээрээс боссон. Тэгэхээр нь би газраас өндийж боссон. Намайг газраас босоод байж байтал Д над руу "чи захиргаанд яасан их өргөдөл өгдөг юм би чамайг шүүхэд өгч шээсийг чинь гоожуулна" гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөдөөс нь хэрэлдэж байгаад дахиад бариад барилцаад авсан. тэгээд барилцаад, заамдалцаж байхдаа намайг боогоод дайрахаар нь би Д толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхзд Д доошоо газар суугаад өгсөн, тэгэхээр нь би хажуу талаас нь нэг удаа хөлөөрөө тийрсэн. Тэгэхэд хажуулдаж газар унасан. Тэгээд Д газраас босож ирэзд мотоциклио унаад би чамайг цагдаад өгч хошин шог болгоноо гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш би Д-тэй уулзаагүй. ...Д бид 2 малын бэлчээрийн асуудлаас болж хоорондоо муудаж маргалдсан. Тэгээд маргалдаж байх явцдаа Д намайг янз бүрээр хэлээд, "энэ худагт танай малыг услуулахгүй, шүүхэд өгч шээсийг чинь гоожуулна" гэх зэргээр янз бүрийн юм яриад хэл амаар өдөөд байхаар нь миний уур хүрээд Дтэй муудаж маргалдаж, хоорондоо зууралдаж байгаад нэг удаа толгой руу цохьчихсон юм. Д намайг цохиход газар суухаар нь хажуу талаас нь бие рүү жийгээд газар унагаасан. Энэнээс өөрөөр ямар нэгэн байдлаар зодоогүй. Тэгээд Д босоод явахдаа надад баярлалаа, цохихыг чинь хүлээж байсан юм гэж хэлээд яваад өгсөн. Д надад цохиулчихаад мотоциклио унаад хөдлөх үедээ "Баярлалаа чамайг цагдаад өгнө" гэж хэлэхээр нь би Д рүү очоод мотоцикль дээрээс татаад газар унагаасан. Д-ийг газар унагаасан ч гэсэн дээрээс нь цохиж зодоогүй. Д-ийг газар унасан хойно нь толгой болон нуруу руу өшиглөсөн гэдэг бол худлаа, тийм асуудал болоогүй. Д-ийг цохьсон нь миний буруу, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч У.Г ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч У.Г ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан нийт 3004040 төгрөгний баримт авагдсан бөгөөд үүнээс төлөгдсөн 2900000 төгрөгийг хасаж шүүгдэгч У.Г аас 104040 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д д олгож шийдвэрлэв.
Хохирогч нь шүүх хуралдаанд нэхэмжилсэн малчны 2 сарын цалин 800000 төгрөг, Улаанбаатар хотод таксины жолоочид төлсөн 110000 төгрөг, эмчилгээ хийлгэхээр ломбардаас зээл авсан 2 сарын зээлийн хүү 450000 төгрөг нийт 1360000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж мөн эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР: Шүүгдэгч У.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Д, Х.С нарын өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчид 2900000 төгрөг төлсөн баримт болон бусад баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч У.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч У.Г ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Д д 2900000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Г нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х НЬ:
1.Шүүгдэгч У.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч У.Г нь урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогч Г.Д д 2900000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г аас 104040 /нэг зуун дөрвөн мянга дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д д олгож, эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ