Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

*******т холбогдох  эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                   Б.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн дүгнэлтээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2421000000071 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

 

2. ******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 81 дүгээр байрны орцонд төрсөн охин болох *******ыг өргөж явах үедээ шатнаас унаж улмаар 2 нас 5 сартай *******ын биед гавал ясны зүүн талын дух, зулай болон чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсны доорх цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албан ажиллах эрхийг 1 жилийн   хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Б.Оюунцэцэг бичсэн дүгнэлтдээ: “... Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

... Гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл үйл явдлын гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

*******ын хувьд 2 нас 5 сартай төрсөн охин *******ыг тэвэрч шатны уруу буухдаа унах үед охин гараас нь мултарч толгойн хэсгээрээ цохигдон унасан, насанд хүрээгүй хохирогч *******ыг унасан даруйд төрсөн эх *******гийн гэрт оруулж, болсон асуудлыг хэлж эмнэлгийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогдсон байна.

*******ын шатаар уруудан буухдаа унасан үйлдлийг хууль бус шинжтэй гэж, улмаар шатны уруу охины хамт унах явцдаа гараасаа охиноо алдаж түүнд хүнд хохирол учирна гэж ухамсарлах боломжгүй гэж үзэхээр байна. Уг үйлдлийн улмаас тэвэрч явсан охин нь унахыг урьдаас тооцоолон мэдэж, түүнд хүнд хохирол учруулахгүй байж чадна гэсэн дотоод итгэлээр үйлдэлдээ хандсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. *******ын хувьд өөрийн үйлдлийн улмаас хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байх үүрэг хүлээсэн эсвэл тусгай мэдлэгтэй этгээд биш юм.

... *******ын хувьд шатнаас унах, унах явцдаа тэвэрч явсан охиныхоо биед хүнд гэмтэл үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах боломжгүй, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул *******ыг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл явдлын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боловч шүүгдэгч *******ын үйлдэл, тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй хангаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол" ...шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар зохицуулжээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад хуулийг илтэд буруу хэрэглэж, ял шийтгэсэн нь хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж дүгнэв.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

6. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокурор яллагдагчтай ял тохиролцсон хэмжээнд анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Манай байгууллагад дээд шатны байгууллагаас шалган туслах ажлын хэсэг ажилласан. Энэ шалгалтын үед дээрх хэргийг хянаад саналыг хүргүүлж, албан даалгавар ирсэн. Ингээд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулах талаар дурдсан. ******* нь 2 нас 5 сартай охин *******ыг тэвэрч явахдаа хөл алдаж, унасны улмаас түүний биед гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянан хэлэлцэв.  

 

2. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй, гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дууссанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

4. Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Оюунцэцэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас *******т холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэх үндэслэлийг зааж, ... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй. *******ын хувьд шатнаас унах явцдаа тэвэрч явсан охиныхоо биед хүнд гэмтэл үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах боломжгүй, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ын үйлдэл, тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад хуулийг илтэд буруу хэрэглэж, ял шийтгэсэн нь хүний эрх ноцтой зөрчсөн. … “ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах онцгой журмыг хуульчилж, 41.1 дүгээр зүйлд:

-гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох  баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон;

-шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

-цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;

-хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааг явуулах зайлшгүй нөхцөл нь шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан шинээр илэрсэн нөхцөл байдал нотолгооны түвшинд илэрч, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх явдал юм.

Гэвч прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан *******т холбогдох 2421000000071 дугаартай хэрэгт шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан шинэ нотлох баримт авагдаагүй байх ба уг хэрэгт цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтууд нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан, талуудын шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж байсан баримтууд байх тул шинээр илэрсэн нөхцөл  байдалд хамаарахгүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт хуулийн зохицуулалт ямар нэг салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байхад шүүх уг хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг, “хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор олгогдсон “хэргийн оролцогч”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа хэлбэрээр зөрчигдсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг хамааруулан үздэг.

Анхан шатны шүүх  *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс *******т холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр гаргасан прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.УРТНАСАН

 

                 ШҮҮГЧИД                                 С.ГАНЧИМЭГ

 

                                                                    Ц.ЭРДЭНЭЗУУ