Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01477

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01477

 

 

 

Б.Батцэцэг, Б.Гансүх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Батцэцэг, Б.Гансүх нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Мөрөн, Санни-Апрель ХХК нарт холбогдох

6 855 572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Лхагвацэрэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олон улсын боловсролын сан Санни-Апрель ХХК-тай Австрали улсад суралцах, гэр бүлээрээ амьдрах зорилгоор зөвлүүлэн зуучлуулахаар №00095 дугаартай гэрээ байгуулсан. Үйлчилгээний төлбөр урьдчилгаа 300 000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Н.Мөрөн Хаан банк ХХК-ийн 5006523144 тоот дансанд хагас жилийн сургалтын төлбөр 4000 Австрали долларыг тухайн өдрийн ханш болох 1 826 төгрөгөөр бодож нийт 7 304 000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Н.Мөрөн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 460007455 тоот дансанд хоёр хүний эрүүл мэндийн даатгалын 4 040 Австрали доллар тухайн өдрийн ханш болох 1 993 төгрөгөөр бодож нийт 8 055 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 8 сарын эхээр визний материалыг Австралийн элчин рүү явуулсан хэмээн бидэнд амаар хэлсэн бөгөөд 10 дугаар сарын 20-ны өдөр виз татгалзсан хариу гарсан. Сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс гадна орчуулгын мөнгө 150 000 төгрөг, Нотариатын 15 000 төгрөг, Банкны баталгаа 200 000 төгрөг, Англи хэлний төлбөр 150 000 төгрөг тус тус биднээс гарч хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны хохирол амссан. Тус байгууллагаас гэрээний 3.5-д заасны дагуу 11 дүгээр сарын 24-ний өдөр сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын өгсөн мөнгөө буцаан авах өргөдөл гаргасан бөгөөд 12 дугаар сарын 08-ны өдөр сургалтын төлбөрийн буцаалт 6 264 889 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдөр эрүүл мэндийн даатгалын буцаалт 2 538 539 төгрөг тус тус авсан. Үлдсэн мөнгөө авахаар олон удаа хандсан боловч туслах н.Номин нь би мэдэхгүй гээд, Гүйцэтгэх захирал Н.Мөрөн нь ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтсан. Иймд үлдэгдэл 6 555 572 төгрөг болон үйлчилгээний төлбөр 300 000 төгрөг. Нийт 6 855 572 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Санни-Апрель ХХК-ийн төлөөлөгч Н.Мөрөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Батцэцэг 2017 оны 6 дугаар сарын 15 өдөр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрт 300 000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт сургуулиас урилга авч, виз мэдүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны зардал орсон тул буцаан олгогдохгүй болно. 2017 оны 6 сарын 21-ний өдөр сургалтын төлбөрт 7 304 000 төгрөг, 2017 оны 8 сарын 07-ны өдөр эрүүл мэндийн даатгал, визний төлбөрт 8 055 000 төгрөг нийт 15 359 000 төгрөг төлсөн болно. Үүнээс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манайхаас сургалтын төлбөрт 7 394 800 төгрөг, банкны шимтгэлд 44 190 төгрөг тус тус төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эрүүл мэндийн даатгалд 1 111 167 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр визний төлбөрт 1 115 757 төгрөг шилжүүлсэн болно. Б.Батцэцэг дээр дурдсанчлан 15 359 000 төгрөг төлснөөс манай байгууллагаас 9 665 914 төгрөгийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн. Иргэн Б.Батцэцэгийн нийт төлсөн төлбөрөөс гарсан зөрүү 5 693 086 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2 538 539 төгрөгийг Б.Батцэцэгийн Хаан банк ХХК-ийн 5220040219 тоот данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нан Тиан Институтээс өөрсдийн журмын дагуу суутгал хийж сургалтын төлбөрийн буцаалт 6 264 880 төгрөг орж ирснийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Гүйцэтгэх захирал Н.Мөрөнгийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 460007455 тоот данснаас Б.Батцэцэгийн Хаан банк ХХК-ийн 5007336903 тоот данс руу шилжүүлсэн болно. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр даатгалын компаниас Гүйцэтгэх захирал Н.Мөрөнгийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 460007455 тоот дансанд 1 031 254 дөрвөн төгрөг орж ирсэн бөгөөд өмнөх үлдэгдэл 3 154 547 төгрөгийг нэмээд нийт 4 185 801 төгрөгийн үлдэгдэлтэй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Санни-Апрель ХХК-иас 4 692 906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 046 909 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Батцэцэг, Б.Гансүх нар нь хариуцагч Н.Мөрөнгөөс, нэхэмжлэгч Б.Гансүх нь хариуцагч Санни-Апрель ХХК-д холбогдох 6 855 572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Батцэцэг, Б.Гансүх нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Санни-Апрель ХХК-иас 90 036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас үйлчилгээний хөлсөнд 300 000 төгрөг, визний хураамжид 1 115 757 төгрөг, нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн 8 803 428 төгрөг, сургалтын болон эрүүл мэндийн даатгалын зөрүү 1 254 193 төгрөг нийт 473 378 төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн гэдгийг дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 15 659 000 төгрөгөөс тооцоо хийгдсэн 11 473 378 төгрөгийн хасахад 4 185 622 төгрөг үлдэж байгаа атал 4 692 906 төгрөг буюу 507 284төгрөгийн зөрүүтэй дүнг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгажээ.

Мөн тус шийдвэрт нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч Санни-Апрель ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ-ээр хариуцагч нь нэхэмжлэгчийг Австрали улсын сургуульд суралцахад зөвлөх, сонгосон сургуульд түүнийг суралцуулах талаар тухайн сургуультай харилцах, холбоо тогтоох, баримт бичиг бүрдүүлэх, төлбөрийг шилжүүлэх, хүлээн авах, нэхэмжлэгч нь зөвлөгөө, зуучлалын хөлс 1 300 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, тэдний байгуулсан гэрээгээр нотлогдож байна гэсэн атлаа нэхэмжлэгчийн төлөөгүй зөрүү 1 000 000 төгрөгийг тооцоонд тусгаагүй байгаа нь харагдаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 4 692 906 төгрөгөөс зөрүүг тооцохоор хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч тооцооны алдаа гаргаснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Батцэцэг, Б.Гансүх нар нь хариуцагч Н.Мөрөн, Санни-Апрель ХХК-д тус тус холбогдуулан 6 855 572 төгрөг нэхэмжилж, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад 5 739 815 төгрөг гаргуулахаар өөрчлөн шаардсныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Б.Батцэцэг, Б.Гансүх нар нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олон улсын боловсролын сан Санни-Апрель ХХК-тай Австрали улсад суралцах, гэр бүлээрээ амьдрах зорилгоор зөвлүүлэх үйлчилгээний 00095 дугаартай гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг Австрали улсын сургуульд суралцуулах талаар тухайн сургуультай харилцах, холбоо тогтоох, бичиг баримт бүрдүүлэх, мэдээлэл, зөвлөлгөө өгөх, төлбөрийг хүлээн авах, шилжүүлэх, нэхэмжлэгч нь хөлс, сургалтын болон холбогдох бусад зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 5 дугаар тал/

Талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

Зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид үйлчилгээний хөлс 300 000 төгрөг, сургалт, эрүүл мэндийн даатгалтай холбоотой төлбөрт, нийт 15 659 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх төлбөрөөс нийт 8 803 428 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 6, 51, 79-80 дугаар тал/ Энэ талаар зохигчид маргаангүй.

Зуучлагч Санни-Апрель ХХК нь Б.Батцэцэгийг гадаадын сургуультай холбон зуучлах, баримт бичиг бүрдүүлэх, төлбөрийг хүлээн авч шилжүүлэх зэрэг зарим үйлчилгээ үзүүлсэн тул зуучлуулагч хөлс төлөх үүрэгтэй бөгөөд урьдчилан төлсөн 300 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах үндэслэлгүй гэж, суралцагч тухайн улсад зорчих визээ аваагүйгээс урьд төлсөн сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөр, зардлыг хариуцагч буцаан олгох үүрэг үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг, талуудын гэрээний 2.1, 2.6, 3.5-д заасантай нийцэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүх хариуцагчийн хүлээн авсан 15 659 000 төгрөгөөс түүний нэхэмжлэгчид буцаан өгсөн мөнгө болон хариуцагч, нэхэмжлэгч нарын хариуцах төлбөр зардлууд, үйлчилгээний хөлс, сургуулиас буцаагдсан эрүүл мэнд, сургалтын төлбөр, хураамж, түүний зөрүү зэрэгт тооцоолол хийхдээ алдаа гаргасан байна. Тодруулбал, 15 659 000 төгрөгөөс 11 473 378 төгрөгийг хасахад 4 185 622 төгрөг байх ёстой атал 4 682 906 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь алдаатай болжээ.

Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч талын хэрэгжүүлэх ёстой үүрэгт тухайн сургуульд суралцах сургуулийн эрхийн урилга авах болон виз мэдүүлэх зорилгоор бүрдүүлбэл зохих бичиг баримт, материал, зардлын талаар жагсаалт үйлдэн суралцагчид мэдээлэх, хүлээлгэн өгөх үүрэг багтжээ. Уг мэдээлэл нь зөвхөн визний талаар төдийгүй тухайн сургуулийн суралцах эрхийн урилга авах, авсан тухай болон бусад баримт бичиг, нэмэлт мэдээллийг өгөх үүрэгтэй байсан ба эдгээр үүргээ зохих ёсоор, хангалттай биелүүлсэн болохоо хариуцагч нотлоогүй, энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.1-3.9-т заасан зөвлөхийн эрх, үүргүүдийг бүрэн биелүүлсэн гэдгээ нотлоогүй тул гэрээгээр тохирсон 1 300 000 төгрөгийн зөвлөхийн үйлчилгээг бүрэн үзүүлсэн гэж үзэж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын дагуу үйлчилгээний үлдэгдэл хөлс болох 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн бусад зардалд шилжүүлэн өгсөн мөнгөнөөс суутган тооцох боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 692 906 гэснийг 4 185 622 гэж, 1 046 909 гэснийг 1 554 193 гэж, 2 дахь заалтын 90 036 гэснийг 81,920 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ