Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/103

 

                                                                                                                                                                    

                              

 

 

 

 

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл,өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч О.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн 1836000940107 дугаартай, 178/2018/0105/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай,  ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.*******ийн 6 тооны хонь хулгайлж, хохирогчид 580.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт А.*******ийн алдагдсан 6 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... өглөө нь малаа усалсан чинь 6 тооны мал байхгүй байсан. Тэгээд малаа хайж яваад Цохио гэдэг залуугийн мал дотор манай алга болсон 6 тооны хонь нэг хар халзан зүсмийн эм хонь байхыг харсан. Гэрт нь ороход гэрийн зүүн хаяанд нь манай алга болсон шар халзан зүсмийн 5 настай эр хонины арьс байсан. Цохиог асуухад аймаг руу явсан гэж хэлсэн. Манай хар халзан зүсмийн 4 хонь, шар халзан зүсмийн 2 хонь алдагдсан. 6 хонь бүгд зүүн чих нь араасаа онь хэрчинхээ, баруун талын чих нь хэрчинхээтэй байсан.Би хулгайд алдсан 6 хониныхоо нэг 5 настай эм хонио амьдаар нь бусад хонины төлбөр 700.000 төгрөгийг Цохиогоос / А.*******өөс/ авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг  / хх-41-42-р хуудас/

Гэрч З.Бадамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр А.*******ийн хамт малаа услаад байж байтал манай нөхөр “манай хар халзан 6 настай эр хонь алга байна, өчигдөр орой манай малд хулгай орсон юм шиг байна “ гээд малаа бүртгэхэд 5 эр, 1 эм хонь алга байсан. Ойр хавьд хайгаад олдохгүй болохоор манай нөхөр ойрхон байх Цонкоо гэх айлын малд үзэхээр явсан.Тэднийд очиход малд нь манай алга болсон хар халзан зүсмийн эм хонь байсан, гэрт нь ороход нэг танихгүй залуу байсан ба шинэхэн мал гаргасан уг малын арьс нь манай малдаа түрхдэг ногоон өнгийн будагтай байсан гэж хэлээд ирсэн.Маргааш нь манай нөхөр яваад Цонкоогийнд ороод “ манай алга болсон эм хонь танай малд байна, бусад мал нь хаана байна “гэхэд нь Цонкоо хэсэг дуугүй сууж байснаа “ ах аа би танай малыг хулгайлж авсан үнэн. Намайг цагдаад битгий өгөөч, би урьд нь тэнсэн ялтай байгаа. Хоёулаа тохиръё гээд байхаар нь “ ямарч байсан намайг хохиролгүй болгож өг “ гэж хэлчихээд ирлээ гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 31-32-р хуудас/

Шүүгдэгч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... Манайх өнгөрсөн жил Ховд аймгийн ******* сумын ******* багт өвөлжсөн. Манай ойролцоо голын нөгөө талд А.*******ийнх өвөлжиж байсан. 2018 оны 02 дугаар сард манай хоёрын мал нийлээд малаа ялгаж авсан. Гэтэл манай хөх алаг хуц, А.*******ийн 6 хонь тасраад Хонгоржийн хулс гэх газар байж байхаар нь би өөрийн мал руу авчраад нийлүүлсэн. Тэр өдрөө малдаа хонуулчихаад маргааш нь ирж малаа авахгүй болохоор нь замын унаагаар 5 хонийг нь аймагт оруулж ирж зарсан, 1 хонийг нь гэртээ гаргаж идсэн.Би А.*******өд хохирлыг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг / хх7-8-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайланд: эм хонь - 1 толгой нь 80000 төгрөг, эр хонь-1 толгой нь 100000 төгрөг, 6 хонь нийт 580000 төгрөг гэх үнэлгээ /хх 49-р хуудас/ зэрэг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай , байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* нь өөрөө 195 толгой малтай боловч  хохирогч А.*******ийн 6 тооны хонь хулгайлсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй болох нь О.*******гийн ... манай нэг хөх алаг хуц, А.*******ийн 6 хонь тасраад Хонгоржийн хулс гэх газарт байхаар нь би өөрийн мал руу нийлүүлсэн... би мэдэхгүй байх гэж бодоод 5 хонийг нь зараад 1 хонийг нь гаргаж идсэн ... гэх мэдүүлэг, ******* сумын ******* багийн Засаг даргын ... О.******* нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 195 толгой мал тоолуулсан... гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.******* нь Сум дундын ******* дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 19 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, хэргийн 59-62-р хуудас дахь шийтгэх тогтоолын хулбараар тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулиар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч А.*******ийн “...Би хулгайд алдсан 6 хониныхоо нэг 5 настай эм хонио амьдаар нь бусад хонины төлбөр 700.000 төгрөгийг гаргуулж авсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.*******гийн хувийн байдлын талаар гэрч Ц.Анхжаргалын өгсөн ... О.******* бид хоёр 2012 онд гэр бүл болсон. 1-4 насны 3 хүүхэдтэй.Эд хөрөнгө гээд байх зүйлгүй, амьдарч байгаа гэр, 100-аад хонь ямаатай. Надтай суугаагүй байхдаа хулгай хийж байсан гэсэн... гэх, гэрч О.Адъяагийн өгсөн... Манай дүүд мал байгаа. Өөр байшин газар гэх хөрөнгөгүй.Урьд нь 2 удаа хэрэгт ороод салж байсан. Насанд хүрсэн хүн өөрөө дүгнэлт хийх байлгүй дээ ...гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч О.*******д ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа болон хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийгхаргалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулж болохыг шүүгдэгч О.*******д тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй , битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******д хорих ял оногдуулахгүйгээр 06 / зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -д зааснаар шүүгдэгч О.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулж болохыг шүүгдэгч О.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч О.*******гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус   дурдсугай.

7.Шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form