Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2026/0059

 

 

2026 09 22                                                    123/ШШ2026/0059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ч.Одсүрэн нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** НҮТББ

 Хариуцагч: *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** НҮТББ-ын тэргүүн *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагч *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , гуравдагч этгээдийн өмгөөлөгч *** , иргэдийн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч *** нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1-р хх-ийн 1-2, 5-р хх-ийн 64-66 хуудас хуудас/

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 17-ны өдрийн №111 дүгээр тогтоолыг Илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэлийг хүрээлэн буй орчин, нийтийн өмчийг хамгаалах чиглэлийн хүрээнд нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан. Иргэдийн хүсэлтэд *** ХК-ны үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тус үйл ажиллагаанаас болж нутгийн малчин иргэдийн амьдрах орчин үгүй болох, бэлчээр ус үгүй болох эрсдэл үүсээд байна гэсэн байсан бөгөөд хуулбараар ирүүлсэн маргаан бүхий захиргааны акт ИТХ-н тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 17-ны өдрийн №111 тоот тогтоол нийтийн өмчид хохирол учруулсан байх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн өмчийг хамгаалах зорилгоор гаргасан болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /5-р хх-ийн 64-66 дугаар хуудас/ 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нэр бүхий иргэд *** НҮТББ-ын тэргүүн *** д хандан ... *** ХХК нь 1990 оноос эхлэн *** сумын 2 дугаар дугаар багийн нутагт ашиглалтын 001390 тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хүрэн нүүрс олборлон ажиллаж байгаа билээ. Сүүлийн 2 жил орчим ажиллахгүй байж байгаад 2024 оны 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын иргэдийг уурхайн талбайд ажиллуулж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллах талаар эрх бүхий байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Хэрэв уурхайн үйл ажиллагаа цаашид өргөжин ажиллах тохиолдолд тухайн уурхайн ойр орчмын байгаль орчны тэнцэл ихээхэн алдагдаж, уурхайн ойр орчимд амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил ихээр нэмэгдэх нөхцөл байдал бий болоод байна гэх хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гаргажээ. /1-р хх-ийн 9-13 дугаар хуудас/ 

2.2. Маргаан бүхий захиргааны акт болох *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай" 111 дүгээр тогтоолоор ... *** ХК-ийн нийт хувьцааны 70.8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлсүгэй. гэжээ. /1-р хх-ийн 18, 32 дугаар хуудас/ 

2.3. *** нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулахаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

2.4. Улмаар уг хэрэг маргааныг *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 0001 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. /4-р хх-ийн 197-222 дугаар хуудас/ 

2.5. Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. /4-р хх-ийн 226-237 дугаар хуудас/

 2.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0180 дугаартай магадлалаар *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 0001 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. /5-р хх-ийн 1-6 дугаар хуудас/

 2.7. Тухайн хэргийг *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 04-ны өдөр шилжүүлэн ирүүлсэн болно. /5-р хх-ийн 24-25 дугаар хуудас/

 Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч *** ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №111 тоот тогтоолыг Илт хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. нэхэмжлэлийн үндэслэлийг хүрээлэн буй орчин, нийтийн өмчийг хамгаалах чиглэлийн хүрээнд нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан. Иргэдийн хүсэлтэд *** ХК-ны үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тус үйл ажиллагаанаас болж нутгийн малчин иргэдийн амьдрах орчин үгүй болох, бэлчээр ус үгүй болох эрсдэл үүсээд байна гэсэн байсан бөгөөд хуулбараар ирүүлсэн маргаан бүхий захиргааны акт ИТХ-н тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 17-ны өдрийн №111 тоот тогтоол нийтийн өмчид хохирол учруулсан байх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн өмчийг хамгаалах зорилгоор гаргасан болно.

Маргаан бүхий тогтоолыг судалж үзэхэд *** ХК-ны орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай гээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйл, Аймгийн ИТХТ-ийн 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт, дүгнэсэн материалыг үндэслэн Хувьцаат компанид техникийн шинэчлэл хийх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санаачилгатай ажиллаж, нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэлийн хоршсон үйл ажиллагаа, явуулан тодорхой үр дүнд хүрч, "Удирдах үйл ажиллагааг харгалзан хувьчлах гэрээр хүлээсэн үүргээ 88.2 хувиар хангалттай биелүүлснийг үндэслэн "Тэвшийн говь" ХК-ийн нийт хувьцааны 70.08 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлсүгэй гэсэн агуулгатай тогтоол гарсан нь нутгийн удирдлагын байгууллагын чөлөө цагт үйл ажиллагаа явуулж байсан тэргүүлэгчид хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж орон нутгийн өмчийг хууль бусаар хувийн компанид шилжүүлсэн зөрчил гарсан гэж үзсэн.

Дээрх тогтоол гарснаар байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үндэслэл бүрдэж, улмаар хүрээлэн буй орчинд хортой нөлөөлж тэнд оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоо алдагдахад хүрч байгаа. *** ХК, түүний өмчлөлд байсан бүх хөрөнгө төрийн өмч байсан ба илт хууль бус тогтоол гаргаж тухайн компанийн 70,08 хувийн хувьцааг хувь хүнд шилжүүлснээр төрийн нийтийн өмчийн хөрөнгө үнэгүйдэж, түүний өмч байсан үл хөдлөх хөрөнгүүд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болсон. Улмаар тухайн компанийн нэр дээр байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийн баялаг, түүний үр шим хувь хүнд шилжиж, хүрээлэн буй орчинд ч гэсэн сөргөөр нөлөөлж эхэлсэн нь шүүхийн захирамжаар гарсан шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн: Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно гэх заалтууд зөрчигдөж эхэлсэн. Цаашид энэ байдлаар ашиглахад хүрвэл 100 жил ашиглах нөөцтэй газрын хэвлийн баялаг болох нийтийн өмч алдагдаж, тухайн бүс нутгийн хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үр дагаварт хүрэхээр байна. Энэ бүх үр дагаврыг үүсгэж байгаа захиргааны акт нь ИТХ-н маргаан бүхий энэ акт юм.

Ийм учраас маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актад хамаарч байх ба Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

Маргаан бүхий тогтоолын хууль зүйн үндэслэлд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах тухай заалтыг үндэслэсэн боловч тогтоолын 1 дүгээр зүйлд ... *** ХК-ийн нийт хувьцааны 70.08 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлсүгэй... гэж зөвхөн эзэмшлийг шилжүүлж буй агуулгатай Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлгийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан шинжтэй ... эзэмших эрхийг шилжүүлсэн... шинжтэй заалтыг үндэслэсэн агуулгыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай акт гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 1996 оны хуулийн 58 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд /1992/ орон нутгийн өмчийн зүйлийн эзэмшлийг бусдад шилжүүлэх, хувьчлах эрх хэмжээ олгогдоогүй байхад компанийн төрд ногдох 70,08 хувьтай тэнцэх хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх, эсхүл хувьчилсан нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрийн эрх хэмжээд байхгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.3- т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тогтоол гаргаж төрийг хохироосон тул *** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 17-ны өдрийн №111 тоот тогтоолыг Илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Манай төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн гэж үзэж хэсэг иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зорилго нь нийтийн эрх ашгийг төлөөлж хоёр үндсэн агуулгын хүрээнд гаргасан. Хүрээлэн буй орчны хувьд үйд ажиллагаа явуулах гэж байгаа газрын ойр орчмын тэнд байгаа оршин суугч нарын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн. Төрийн болон орон нутгийг өмчийг хувьчлах тодорхой нөхцөл журмыг хуулиар тодорхойлсон. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нар нь шилжүүлсэн нь үнэгүйдүүлсэн гэх хоёр агуулгын хувьд гаргасан. Баталсан гэрээг үндэслэн санаачилгатай ажилсан гэх агуулгаар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж орон нутгийн өмчийг гэрээнд зааснаар шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн тогтоолыг тэргүүлэгч нар гаргасан. Эрх мэдэлгүй хүмүүс энэ асуудлыг шийдсэн гэж үзэж байна. Тогтоол гарснаараа орон нутгийн өмч эзэнгүйдэж үнэгүйдсэн. Хаашаа хэрхэн яаж шилжүүлсэн нь тодорхойгүй болсон. Тогтоолын хүрээнд бүс нутгийн эрх ашиг зөрчигдөж тусгай зөвшөөрөл эхэлсэн. Энэ хоёр үндэслэлийн хүрээнд *** аймгийн тэргүүлэгчдийн утга агуулгын алдаатай, хуулиар эрх мэдэл олгогдоогүй этгээдүүд гаргасан учир маргаан бүхий тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль эрх зүйн хүрээнд 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаль орчныг хамгаалах, хүүхдийн эрх ашиг эрүүл мэнд гэж ажилласан төрийн бус байгууллага байдаг. Зорилгодоо нийцүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бүх зүйл төрийн өмч байсан. Төрийн өмчийг эгүүлээд зарцуулах субьектив иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байсан. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нар үнэгүй хувьчлал нэрээр авсан. Тухайн тогтоолыг өөрсдөдөө зориулан гаргасны дагуу хуульч бид нарт хандсан. Тогтоолыг хараад үзэхээр одоо ч үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж энийг хянаж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Холбогдох хоёр хуулийг зөрчсөн бэ гэхээр эрх бүхий субьектив бүх нотлох баримт байгаа учир шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар 70 хувь гэдэг нь бараг л бүгдийг өгч байгаа гэсэн. Уул уурхай нь *** аймгийн *** хэсэгт байгаа зүйл уул уурхай болохоор хохирол учрахаар зүйл болж байна. Сая хүртэл КОП 17 дээр үүнийг л ярьсан. Маш олон лиценз өгсөн мэдээлэл байгаа хэр нь энэ асуудлыг мэдэхгүй явсан нөхцөл байдал байгаа. Гаргаж байсан процессыг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны хурал болон давахын хурал дээр энэ бүх тайлбарыг өгч байсан гэв.  

3.3. Хариуцагч *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьд хууль ТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тус нэхэмжлэлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №111 дүгээр тогтоолоор *** ХК-ийг иргэн Н.Бадрахад хувьчилсан шийдвэрийг хууль зөрчсөнөөр тайлбарласан байх боловч тухайн үеийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, шийдвэр гаргалтын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс №111 дүгээр тогтоол гаргаж, *** ХК-ийг иргэн Н.Бадрахад хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь орон нутгийн өмчийн ашиглалт, захиран зарцуулалт, өмч хувьчлалтай холбоотой асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамааруулан хэлэлцэж, шийдвэрлэж байсан бөгөөд *** ХК-ийг хувьчлах асуудлыг мөн энэ хүрээнд авч үзэн хэлэлцсэн байна. Уг асуудлыг нэг этгээд дангаар шийдвэрлээгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн нь тухайн байгууллагын хамтын шийдвэр гаргах зарчимд нийцэж байна. Өөрөөр хэлбэл, №111 дүгээр тогтоол нь тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хамтын хэлэлцүүлэг, санал хураалтын үндсэн дээр гарсан байгууллагын шийдвэр юм.

2003 онд Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан С.Үржин шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тухайн үед өмч хувьчлах асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарч байсан талаар тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн *** ХК-ийг хувьчлах зайлшгүй шаардлага байсан бөгөөд уг асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, хувьчлах шийдвэр гаргасан талаар тайлбарласан. Энэхүү мэдүүлэг нь тухайн шийдвэрийг гаргах үеийн нөхцөл байдал, байгууллагын дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын талаар тухайн үед уг байгууллагыг удирдаж байсан албан тушаалтны өгсөн шууд тайлбар бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтын хамт үнэлэгдэх учиртай. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим нь хамтын удирдлага, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонхийн саналаар шийдвэр гаргах зарчимд тулгуурладаг. Энэ хүрээнд тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид *** ХК-ийг хувьчлах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамааруулан хурлаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байна.

1992 онд батлагдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөрдлөг болгож ажиллаж байсан. Хувьчлалын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. 2000 оноос эхлэн энэ асуудал хэлэлцэгдэж орон нутгийн өмчийн асуудал явж байсан. Комисс томилж *** ХХК комисс томилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, мэргэжилтнүүд ажлын хэсэгт орж ажил эхэлсэн байдаг. 2000 оноос хойш 3 жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжид эзэмшүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нараар хэлэлцэж эцсийн байдлаар шийдвэрлэсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал онцгой эрхэд хамаарна гэж заасан байдаг. Асуудлууд тодорхой тусгагдаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хурлын тэргүүлэгч нар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 11.6-т гэж хуульчилсан. Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нар шийдвэрээ гаргасан байдаг. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч өмчлөгч байна гэж заасны дагуу өмчийн асуудлаа хэлэлцэж байгаа. Хуралдааны чөлөөт цаг гэж үзэх нөхцөл байдал байсан учир энэхүү асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.. гэв.

3.4. Гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** ТББ-аас 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №1/25 дугаартай албан бичгээр гаргасан Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага-ын үндэслэлийг гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэмэлт тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүнд дурдсан татгалзлын үндэслэлүүдээ бүхэлд нь дэмжиж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.5.5-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байхаас гадна нийтийн ямар ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйг тодорхойлох шаардлагатай.

Нэхэмжлэгч тодруулсан шаардлагадаа хамгаалуулах нийтийн ашиг сонирхлыг (1) хүрээлэн буй орчин, (2) нийтийн өмч гэж тодорхойлсон боловч маргаан бүхий 111 дүгээр тогтоол нь эдгээр ашиг сонирхолд хэрхэн нөлөөлсөн болон тэдгээрийн хоорондын эрх зүйн холбоог хангалттай тодорхойлж, нотлоогүй байна.

1.1. Хүрээлэн буй орчныг хамгаалах үндэслэлийн тухайд:

Иргэдээс нэхэмжлэгчид анх гаргасан хүсэлт нь уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлж байгаа гэх асуудлыг шалгуулж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах агуулгатай байсан. Харин уг хүсэлтэд 2003 оны хувьцаа шилжүүлсэн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох асуудал тусгагдаагүй.

Маргаан бүхий 111 дүгээр тогтоол нь байгаль орчны зөвшөөрөл олгосон, газар болон ашигт малтмал ашиглуулах эрх шинээр үүсгэсэн, тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, эсхүл Уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн акт биш. Уг тогтоол нь орон нутгийн эзэмшилд байсан компанийн хувьцааны эрхийг менежментийн хувьчлалын үр дүнтэй холбогдуулан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн акт юм.

Шинжээчийн дүгнэлтээр уурхайн үйл ажиллагаанаас тодорхой нөлөөлөл үүссэн гэж тогтоосон байлаа ч уг нөлөөллийн шууд шалтгаан нь 2003 оны хувьцаа шилжүүлсэн тогтоол гэж үзэх үндэслэлгүй. Уурхайн үйл ажиллагааны байгаль орчны нөлөөлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүрэг болон компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн явдал нь өөр өөр эрх зүйн харилцаа болно.

1.2. Нийтийн өмчийг хамгаалах үндэслэлийн тухайд:

*** ХК нь 1999 оны байдлаар орон нутгийн болон иргэдийн хувийн өмчийн оролцоотой холимог бүтэцтэй хуулийн этгээд байсан. Иймээс тус компанийг бүхэлдээ төрийн өмчит хуулийн этгээд, түүний бүх хөрөнгийг бүхэлд нь нийтийн өмч байсан гэж үзэх үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийг биет байдлаар өмчлөхгүй. Компанийн хувьцаа шилжсэнээр компанийн эзэмшлийн барилга, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл болон бусад хөрөнгө хувьцаа хүлээн авсан иргэний хувийн өмчлөлд тус тусдаа шилжихгүй. Түүнчлэн 111 дүгээр тогтоолоор газрын хэвлий, ашигт малтмалын орд, уурхайн талбай болон MV-001390 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг иргэн Н.Бадрахад шилжүүлээгүй. Тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр бие даасан хуулийн этгээд болох *** компани бүртгэгдсэн хэвээр байна. Иймд компанийн хувьцаа, компанийн өөрийн хөрөнгө, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болон газрын хэвлийг хооронд нь адилтган нийтийн өмчийг бүхэлд нь хувь хүнд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн талаар хуульд заасан тусгай шалгуурыг хангасан эсэх, нэхэмжлэлийн үндэслэл нь түүний дүрмийн зорилгод нийцсэн эсэх талаар гуравдагч этгээдээс өмнө гаргасан татгалзлаа хэвээр дэмжиж байна.

Хоёр. *** компани болон түүний бүх хөрөнгө төрийн өмч байсан гэх тайлбар үндэслэлгүй тухай

*** ХК-ийн 1999 оны дүрмээр компанийн нийт дүрмийн сангийн 74.8 хувь нь төрийн буюу орон нутгийн өмчид, 25.2 хувь нь иргэд, бусад хувьцаа эзэмшигчдийн өмчид ногдож байсан. Иймээс тус компанийг бүхэлдээ төрийн өмч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй байна. Компанийн тухай хуулийн зарчмаар компани нь хувьцаа эзэмшигчээсээ тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд өөрийн хөрөнгийг өмчилнө. Хувьцаа эзэмшигч нь компанийн бүх хөрөнгийг өмчлөх бус, өөрийн эзэмшлийн хувьцаагаар компанид оролцох эрхтэй. Иймээс орон нутгийн эзэмшлийн хувьцааг шилжүүлсэн үйл ажиллагааг компанийн бүх хөрөнгө, тусгай зөвшөөрөл болон газрын хэвлийн баялгийг хувь хүнд шилжүүлсэнтэй адилтган үзэх боломжгүй.

Гурав. №111 дүгээр тогтоолоор газрын хэвлийн баялаг болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Н.Бадрахад шилжүүлсэн гэх тухайд: Нэхэмжлэгч 111 дүгээр тогтоолын иргэн Н.Бадрахад шилжүүлсүгэй гэсэн хэллэгийг компанийн бүх хөрөнгө, тусгай зөвшөөрөл болон газрын хэвлийн баялгийг иргэнд шилжүүлсэн мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Тогтоолоор шилжүүлсэн зүйл нь менежментийн гэрээний үр дүнтэй холбогдох орон нутгийн эзэмшлийн хувьцааны эрх юм. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээд эзэмших бөгөөд хэрэгт авагдсан MV-001390 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд эзэмшигчээр иргэн Н.Бадрах бус, *** компани бүртгэгдсэн байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний ар тал дахь бүртгэлээр тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2023-2026 оны хугацаанд төлсөн тэмдэглэл хийгдсэн байгаа нь тусгай зөвшөөрөл компанийн нэр дээр хүчин төгөлдөр үргэлжилж байгааг давхар нотолж байна. Иймд менежментийн гэрээний эцсийн үр дүнгээр хувьцаа шилжүүлэхдээ гэрээний тал болох иргэний нэрийг тогтоолд заасныг компанийн тусгай зөвшөөрөл болон газрын хэвлийн баялгийг тухайн иргэний өмчлөлд шилжүүлсэнтэй адилтгах боломжгүй.

Дөрөв. №111 тогтоол болон өнөөгийн байгаль орчны нөлөөллийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй. Компанийн хувьцаа шилжүүлсэн 2003 оны 111 дүгээр тогтоол нь нүүрс олборлох, ус ашиглах, байгаль орчны зөвшөөрөл олгох, эсхүл нөхөн сэргээлтийн үүргээс чөлөөлөх шийдвэр биш. Уурхайн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны үүрэг, хариуцлагыг Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон нөхөн сэргээлтийн шаардлагын хүрээнд тусад нь үнэлж шийдвэрлэх ёстой. Иймээс уурхайн өнөөгийн үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны нөхцөл байдлыг дангаар нь үндэслэн 2003 онд гарсан хувьцаа шилжүүлэх тухай тогтоолыг илт хууль бус гэж үзэх боломжгүй.

Тав. ИТХ-ын Тэргүүлэгчид тухайн үед өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаагүй тухай: Маргаан бүхий тогтоол гарсан 2003 онд 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчдийг нутгийн өөрөө удирдах байгууллага байхаар тодорхойлсон. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт Хурлын онцгой эрхэд хамааруулснаас бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2.6-д нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тус тус заасан. *** ХК нь аймгийн төвийн дулаан хангамжтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан тул түүний орон нутгийн эзэмшлийн хувьцааны асуудал нь тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралтай шууд холбоотой байжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тухайн үед үйлчилж байсан зохицуулалтад Хурлын Тэргүүлэгчдийг орон нутгийн өмчийн харилцаанд оролцогчоор нэрлэж байсан бөгөөд 2022 оны өөрчлөлтөөр Хурлын Тэргүүлэгчид гэсэн нэр томьёог Хурал, дарга гэж өөрчилсөн. Хожим орсон уг өөрчлөлтийг 2003 оны харилцаанд буцаан хэрэглэхгүй. Иймд ИТХ-ын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт огт хамааралгүй асуудлаар акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 111 дүгээр тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасан илт хууль бус актын шинжийг агуулахгүй.

Зургаа. Эзэмших эрх гэсэн хэллэг нь утга агуулгын илэрхий алдаа биш гэх тухай: 111 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэл, менежментийн гэрээ, тогтоол гарахын өмнөх үйл ажиллагаа, хувьцааны хэмжээ, үнэ, хүлээн авагч болон тогтоолын хэрэгжилтийг хамтад нь авч үзвэл орон нутгийн эзэмшлийн хувьцааны эрхийг менежментийн хувьчлалын үр дүнгээр шилжүүлэх хүсэл зориг тодорхой илэрхийлэгдсэн. Тогтоолд эзэмших эрх гэсэн хэллэг хэрэглэсэн нь оновчгүй найруулга байж болох боловч тогтоолын агуулга, хэрэгжүүлэх этгээд болон эрх зүйн үр дагаврыг тодорхойлох боломжгүй болгосон утга агуулгын илэрхий алдаа биш.

Иймд уг хэллэг нь 111 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Долоо. №111 тогтоол нь үргэлжилсэн менежментийн хувьчлалын эцэст гарсан болох тухай: Маргаан бүхий №111 тогтоол гарахаас өмнө дараах хууль ёсны үйл ажиллагаа бүрэн хийгдсэн. Үүнд:

1. Төсөл сонгон шалгаруулалт зарласан,

2. Ирүүлсэн 2 төслийг 13 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн,

3. Н.Бадрахын төсөл 92 оноогоор шалгарсан,

4. 3 жилийн хугацаатай менежментийн гэрээ байгуулсан,

5. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж ирсэн,

6. Гэрээний эцсийн биелэлтийг 88.2 хувь буюу хангалттай сайн гэж үнэлсэн,

7. Менежментийн гэрээнд заасан хувьцааны үнэ болох 21,598,000 төгрөгийг бүрэн төлүүлсэн,

8. Дээрх ажиллагааны үндсэн дээр №111 тогтоол гарсан.

Менежментийн гэрээ, түүний жил бүрийн болон эцсийн дүгнэлт, төлбөр төлсөн баримт, улмаар эрх бүхий байгууллагын 111 дүгээр тогтоол нь хувьцаа шилжүүлэх болсон эрх зүйн үндэслэл, дарааллыг харуулж байна.

Иймд 111 дүгээр тогтоол нь сонгон шалгаруулалт, гэрээ, гүйцэтгэлийн үнэлгээ, төлбөргүйгээр нийтийн өмчийг иргэнд шууд, үнэ төлбөргүй шилжүүлсэн акт биш юм.

Найм. Хожим бий болсон хуулийн зохицуулалтыг 2003 оны актад буцаан хэрэглэхгүй Захиргааны актын материаллаг болон формаль хууль зүйн үндэслэлийг тухайн акт гарсан тухайн цаг хугацаа буюу 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд үнэлнэ. Нэхэмжлэгчийн эш татсан Үндэсний баялгийн сан болон байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх тухай хожим (2019 онд) орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, зохицуулалтыг 2003 оны актад буцаан хэрэглэж, хууль бус гэж үзэх боломжгүй. Иймд маргаан бүхий 111 дүгээр тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан илт хууль бус актын шинж тогтоогдохгүй байна. Дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан *** ТББ-ын *** аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №111 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага 1990 оноос хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ хугацаанд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргаж, ургамал амьтан үхсэн ноцтой зүйл байхгүй. гэв.  

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ***  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нийтийн эрх ашгийг хамгаалсантай маргахгүй гэхдээ Монгол улсын Дээд шүүхийн 30 дугаар тогтоолоор тайлбарласнаар хоорондын холбоо тогтоох шаардлагатай гэж заасан байдаг. Иргэд бидэнд энэ асуудлаар хэлэлцсэн гэсэн байдаг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд байна арга хэмжээ авч өгнө үү гэж иргэдээс хүсэлт гаргасан байдаг. 2024 оны үйл ажиллагаатай холбоотой хүсэлтийг 2003 оны шийдвэртэй холбож нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнийг шүүх анхааралдаа авна байх гэж бодож байна. Иргэдийн гаргасан хүчингүй болгуулах хүсэлтийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан эсэх нь маргааны гол асуудал гэж үзэж байна. Уурхайн олборлолтын илрүүлэх, сэргээх шийдвэр гаргаагүй. Маргаан бүхий актаас хойш 5 жилийн дараа эрх бүхий субъектээс олгогдсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсон байдаг. 2003 онд хувьцаатай холбоотой гаргасан шийдвэрээс үзэхэд шалтгаант холбоо эрх зүйн үйл баримт тогтоогдохгүй байна. Тусдаа эрх бүхий бүрдүүлэх журмын дагуу олгогдсон байдаг. Энэ хэргийн талаар хүсэлт гаргахад шүүгчийн санаачилгаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Гэвч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцахад 2024 оны үйл ажиллагаанаас дүгнэсэн байх боловч өмч хувьчлалын акт гарах хүртэл тэрнээс хойш мониторингийн дүгнэлт байдаггүй. Өөрөө газар нутгийн онцлогоос хамаарч ус хатуулагтай гэж тогтоогдож байгаа боловч шалтгаант холбоотой талаар нэхэмжлэгч тал тайлбарладаггүй. 3 дугаар асуудал нэхэмжлэгч 2026 оны 08 дугаар сарын 19 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Хувьцаа шилжүүлснээрээ хувь хүнд шилжсэн гэж тайлбарлаж байдаг. Үндэслэлээ тайлбарлахдаа тусгай зөвшөөрөл хөрөнгө шилжсэн гэдэг агуулгаар тайлбарладаг. 2003 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хувьцаа зэргийг нотолдог үнэт цаас болохоос өмчлөх эрхийн баримт биш. Хөдлөх эд хөрөнгө автоматаар шилжихгүй. Үүнтэй адил хувь хүнд шилжихгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших боломжгүй. Хувьцаа шилжсэнээрээ нүүрсний уурхайн орд төрийн өмч л байгаа. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж байгаа болохоос өмч биш. Хооронд нь хольж сольж нэхэмжлэл гаргаж байна. Тухайн шаардлагыг материаллаг үндэслэлээ тайлбарласангүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тайлбарлаж байгаа боловч энэ хууль тухайн үед хүчин төгөлдөр болоогүй байсан. Захиргааны ерөнхий хууль батлагдсан байсан боловч 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс буюу 6 сарын өмнө маргаан бүхий захиргааны акт гарсан байдаг. Маргаан бүхий актыг шалгахдаа буцаан хэрэглэх боломжгүй учир илт хууль бус гэж үзэж байгаа талаараа тайлбар хийсэнгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээд ямар тайлбар хийсэн бэ гэхээр орон нутгийн өмчийг өөрийн өмч гэж ангилсан. *** ХХК олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан гэдгээр нийтийн өмчид хамаарахгүй. Нийтийн өмчийг хамгаалж гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Нийтийн өмчийг хамгаална гэж нэхэмжлэл гаргах эрхгүй байсан. Энэ агуулгаар нэхэмжлэл шаардах эрхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3т заасан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй байсан учир илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 77.3, 77.4-т тус тус заасан зохицуулалтаар тэргүүлэгч нар орон нутгийн өмчлөлтэй холбоотой хуулиар шууд олгосон. Тэргүүлэгч нар эрх шилжүүлсэн тогтоол гаргахгүйгээр бүрэн эрх олгосны хүрээнд байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3-т хэлэлцэн батлахаар заасан. Мөн хуулийн 77.3-т гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бусдаар тэргүүлэгч нар шийдвэрлэх зүйтэй гэж заасан. Чөлөөт цагтай байсан эсэх талаар баримт цуглуулаагүй гэж хэргийг давж заалдах шатны шүүхээс буцаасан. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн чөлөөт цаг байсан болохыг нотолсон баримт байсан эсэхэд дэлгэрэхгүй тайлбар хийе. *** ХХК-ийн дараалсан бүх баримтуудыг тэргүүлэгчид гаргасан байдаг. Дотоод зохион байгуулалтын асуудал байна. Тухайн асуудлыг хэлэлцэх эрх хэмжээтэй байгууллага байгаагүй. Илт хууль бусын шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гэж заадаг. Эзэмших эрхийг шилжүүлсүгэй гэж заасан. Өмчлөх эрхийг шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Утга агуулгын хувьд тухайн захиргааны актыг хараад алдаагүй илэрхий алдаа гэж тооцдог. Тухайн үеийн Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч гэсэн заалт байсан. Өмчлөх эрх гэсэн нийцүүлэн гарсан гэж ойлгогдохоор байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.8-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хойш 70.8 байна гэж тайлбар хэлээд байдаг. Илэрхий алдаа биш. Түүний дараагийн алдаа буюу утга агуулгын баримтын тайлбар хийх хүчингүй хууль зөрчсөн байх хэлэлцэх асуудал. Утга агуулгын илэрхий алдаа гэж үзэх боломжгүй. Хэнээс хэнд ямар субьект гэж илэрхий байгаа учир илт бус гэсэн шинжийг хангахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхлээгүй байсан учир тухайн үед хүчин төгөлдөр байсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудаар илт хууль бус гэсэн шинж тогтоогдохгүй байна. Илт хууль бус тооцуулах шаардлага нь хэрхэн холбогдож байгаа талаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн өмчид байсан *** ХХК-ийн хувьцаа орон нутгийн өмчид шилжсэн. Уурхайн үйл ажиллагаатай нэгтгэж хувьцааны хэмжээ 70.8 болсон. Хувьчлах үйл ажиллагаа 1999 оноос эхэлсэн. Төсөл сонгон шалгаруулалт болсон. Энэ гэрээг 3 жил тус дүгнэж 111 дүгээр тогтоол гарсан байдаг. 111 тогтоолыг хүчингүй болгосноор өмнөх шийдвэрүүдийн эрх зүйн үр дагавар яах вэ гэдэгт Нэхэмжлэгч тал тайлбар өгөхгүй байдаг. Улсын Дээд шүүхийн 30 тогтоолд зааснаар хэрхэн хамгаалагдах эсэх нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байдаг. *** ХХК-ийн уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Илт хууль бус байна гэдгийг ойлгох боломжгүй байсан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахаар заасан. зохион байгуулсан тохиолдолд үгүйсгэж болохгүй гэсэн агуулгыг илэрхийлдэг. Хууль ёсны итгэлийг хамгаалах гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ёстой буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Нэг: Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: 

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. дахь хэсэгт Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, .. нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ..., 18.3.1.-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;, 18.3.2.-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч *** нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

1.2. Түүнчлэн дээрх хуульд зааснаар хүрээлэн байгаа орчин гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд хүрээлэн байгаа орчин нь тойрон хүрээлж буй шим ертөнц гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.1/-т Байгаль орчин гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна" гэж заасантай адилтган ойлгоно.

1.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 74 дүгээр зүйлийн 1-д Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ, 2-т Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна гэж хуульчилсан.

1.4. *** ОНӨААТҮГ ХК нь нүүрс олборлох, дулаан үйлдвэрлэх *** аймгийн иргэдийг нүүрсээр хангах, түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгж, бусад байгууллагыг дулаанаар хангах үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчид хуулийн этгээд байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймээс *** ОНӨААТҮГ ХК-ийн хувьцаанд буюу өмчид хамааралтай эд хөрөнгийг тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулагдсан орон нутгийн нийтийн зориулалттай өмчөөс бүрдсэн гэж үзнэ. /3-р хавтаст хэргийн 249-205 дугаар хуудас/

1.5. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч *** Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь *** аймгийн *** сумын 2 дугаар багийн иргэдийг төлөөлөн тус орон нутгийн нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

1.6. Энэ нь, *** нь 2013 онд хууль тогтоомж сурталчлах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрх хамгаалах, байгаль орчноо хамгаалах, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хууль эрх зүйн сургалт, судалгаа, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторинг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах зэрэг үйл ажиллагааны чиглэлийг нэмэлтээр бүртгүүлж, эдгээр үйл ажиллагааны чиглэлээ дүрмийн зорилгодоо тодорхой тусгасан байна. /1-р хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/

1.7. Мөн тус төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны чиглэлдээ нэмэлт оруулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах болон одоог хүртэлх хугацаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13/75 дугаар албан бичиг, *** ТББ-ын 2019-2021, 2021-2022, 2022-2023 онуудын үйл ажиллагааны тайлан, Баянхонгор аймгийн Татварын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр албан бичиг, холбогдох тайлан, түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 683 дугаар тогтоолд заасан үйл баримтууд, холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. /1-р хавтаст хэргийн 146-168, 4-р хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/

1.8. Түүнчлэн нэхэмжлэгч *** Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай №111 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дэх хэсэгт зааснаар илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан нэхэмжлэл гаргах хугацаанд үл хамаарна.

3. Уг хэрэг маргааны үйл баримтыг дурдахад: 

3.1. *** ХК нь нүүрс олборлох, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр анх 1996 онд байгуулагдаж, 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр регистрийн 2012146 дугаартай, гишүүдийн тоо 457 /дөрвөн зуун тавин долоо/, дүрмийн сангийн хэмжээ /44646,9/ мян.төг, *** ОНӨААТҮГ ХК нэртэйгээр, 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр регистрийн 2639815 дугаартай, гишүүдийн тоо 112 /нэг зуун арван хоёр/, дүрмийн сангийн хэмжээ /86800,6/ мянган төгрөг гэж бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /3-р хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас/ 

3.2. Үнэт цаасны хорооны 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Нэмж гаргах хувьцааг бүртгүүлэхийг зөвшөөрөх тухай 111 дүгээр тогтоолоор ... нийт хувьцааны тоог 868217 ширхгээр, үүнээс төрийн мэдлийн хувьцааны тоог 649447 ширхгээр буюу нийт гаргасан хувьцааны 74,8 хувь байхаар тогтоосон байна. /4-р хавтаст хэргийн 139-р хуудас/  

3.3. Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам Төрийн өмчийн хороонд 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 9/813 дугаар албан бичгээр *** ХК-ний төрийн өмчийн хэсгийг битүүмжилсэн дуудлага худалдаа явуулж хувьчлахаар шийдвэрлэж, энэ ажил дээр сүүлийн жилүүдэд үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүст нь хувьчлах чиглэлийг баримтлан ажиллаж хязгаарлагдмал нөхцөлтэй битүүмжлэгдсэн дуудлага худалдааны хэлбэрийг сонгох саналыг хүргүүлжээ. /3-р хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ 

3.4. Улмаар Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг хавсралтын жагсаалтын Б.1-д Эд хөрөнгө оршин байгаа газар- Мандалговь, Ногдол хувь, хувьцаа шилжих хуулийн этгээдийн нэр-*** ХК, нийт хөрөнгийн дүн 162749.3, Төрийн өмчийн эзлэх хувь-51, Төрийн өмчийн дүн-83002.1 гэж төрийн өмчийн эзлэх хувийг *** ОНӨҮААТГ ХК-д шилжүүлсэн байна. /3-р хавтаст хэргийн 184-188, 4-р хавтаст хэргийн 24-75 дугаар хуудас/ 

3.5. Ийнхүү *** аймгийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 159 дүгээр захирамжаар *** ХК-ийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах, аймгийн төвийн халуун усны салбарыг уралдаант шалгаруулалтаар хувьчлах нөхцөл, болзлыг боловсруулж, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. /3-р хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/

            3.6. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Комисс томилох тухай" 66 дугаар тогтоолоор *** ХК-ийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах төсөл сонгон шалгаруулах комиссыг байгуулсан байна. /2-р хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/ 

3.7. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар *** ХК-ийг хувьчлах төсөл сонгон шалгаруулах дүнгийн тухай хэлэлцээд шийдвэрлэсэн нь: менежментийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэх, халаалтын талаар гэрээнд тодорхой оруулж шийдвэрлэх гэж тэмдэглэлд тусгажээ. /2-р хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас/ 

3.8. 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, улмаар уг гэрээнд *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлж орон нутгийн өмчийн төлөөлөгч Ч.Цэрэндорж, үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж *** ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бадрах нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /1-р хавтаст хэргийн 140-142, 3-р хавтаст хэргийн 31-38, 206-209, 215 дугаар хуудас/  

3.9. *** аймгийн Засаг даргын Тамгын газрын 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *** ХК-ний тухай 4/363 дугаар албан бичгээр *** ХК нь Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн 74.8%, хувьцаа эзэмшигчийн 25.2% өмчийн харьцаатайгаар орон нутгийн өмчид шилжиж ирсэн болно. гэж аймгийн Татварын хэлтэст мэдэгджээ. /4-р хавтаст хэргийн 138 дугаар хуудас/

 3.10. *** ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 2 дахь жилийн биелэлтийг дүгнэсэн тухай тэмдэглэлд ... нийтдээ 110 оноо авахаас 83,2 оноо авч, 75,6% тай гарч байгаа гэрээний шаардлагыг хангаж байна гэж үзэж, гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв гэж тусгаад *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээний биелэлтийн тухай 08 дугаар тогтоолоор ... 2 дахь жилийн биелэлтийн талаар ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг зөвшөөрсөн байна. /3-р хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/  

3.11. Гэтэл, *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт дүгнэсэн материалыг үндэслэн,

1. Хувьцаат компанид техникийн шинэчлэл хийх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санаачилгатай ажиллаж, нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэлийн хоршсон үйл ажиллагаа явуулан тодорхой үр дүнд хүрч, Удирдах үйл ажиллагааг харгалзан хувьчлах гэрээгээр хүлээсэн үүргээ 88,2 хувиар хангалттай биелүүлснийг үндэслэн *** ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлж,

2. *** ХК-ийн компанийн эзэмшилд байгаа орон сууцны асуудлыг холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж,

3. Улсын төсөвт эргэж төлөх нөхцөлтэйгөөр Японы төслийн бус хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг төлөх тухай гэрээг шинэчлэн хийхийг Н.Бадрахад даалгаж,

4. Үйлдвэрийн менежментийг улам боловсронгуй болгон, хэрэглэгчдэд нийлүүлж буй нүүрс, дулааны чанарыг сайжруулах, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг Н.Бадрахад үүрэг болгож шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

3.12. Иргэн Н.Бадрах 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6.600.000 төгрөг, 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4.400.000 төгрөг буюу бүгд 18.000.000 төгрөгийг Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэст тушаасан. /3-р хавтаст хэргийн 17-19 дүгээp хуудас/

3.13. Мөн иргэн Н.Бадрахад 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга С.Үржин, нарийн бичгийн дарга Ц.Бямба-Очир нараас *** хувьцаат компанийн нийт хувьцааны 70.8%-тай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг 21.598.000 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн *** ХК-ийн нийт хувьцааны 70.8-ийг өмчлөх болсныг гэрчилж, 01 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгожээ. /3-р хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

3.14. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** аймаг, *** сум, Ихрийн хөндий нэртэй газарт орших 27 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч *** ХХК-д Дугаар 1390А, 30 жилийн хугацаагаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. /3-р хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

 3.15. *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нэр бүхий иргэд *** НҮТББ-ын тэргүүн *** д хандан ... *** ХХК нь 1990 оноос эхлэн *** сумын 2 дугаар дугаар багийн нутагт ашиглалтын 001390 тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хүрэн нүүрс олборлон ажиллаж байгаа билээ. Сүүлийн 2 жил орчим ажиллахгүй байж байгаад 2024 оны 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын иргэдийг уурхайн талбайд ажиллуулж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллах талаар эрх бүхий байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Хэрэв уурхайн үйл ажиллагаа цаашид өргөжин ажиллах тохиолдолд тухайн уурхайн ойр орчмын байгаль орчны тэнцэл ихээхэн алдагдаж, уурхайн ойр орчимд амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил ихээр нэмэгдэх нөхцөл байдал бий болоод байна. гэж өргөдөлөө 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр гаргажээ. /1-р хх-ийн 9-13 дугаар хуудас/,

 3.16. Энэ нь, гэрч В.Цэрэннадмид шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...манайх *** ХК-ийн үйл ажиллагаа явуулж буй уурхайгаас ойролцоогоор 25 км зайтай. ... тус уурхайн хажуугаар малаа бэлчээдэг. Том оврын машин олон явдаг учир малын бэлчээр үгүй болж байна. Уурхайтай ойрхон ундны ус байгаа. Нэрийг нь санахгүй байна. Тоосжилт их үүссэн учир ханиад томуу ойр ойр хүрч, эрүүл мэндээрээ хохирч байна. Одоогоор уурхай үйл ажиллагаагаа өргөжөөгүй байна. Гэхдээ одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа нь ч бидний эрхийг зөрчиж байна.. гэжээ. /2-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

3.17. Гэрч Ш.Мөнхбаатар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би *** аймгийн *** сумын хэддүгээр 2 дугаар багийн иргэн. Төрснөөсөө хойш энд нутаглаж байгаа, бараг 40 жил болж байна. Миний харьяалах баг буюу амьдардаг нутаг дэвсгэрт чинь *** ХК уул уурхайн үйл ажиллагаагаа явуулж, ажиллаж байсан. Би *** ТББ-д хандаж өргөдөл гаргаж, гарын үсгээ зурсан.. Том оврын олон машин явж тоосжилт үүсгэж, мөн зам харгуй эвдэж байна. *** ХК-ийн уурхайгаас 1-2 км зайд Хар толгой, Урсга нэртэй ундны усны худаг байгаа. Өглөөгүүр тэнгэр тогтуун үед битүү утаатай, утаа нь ам хамраар үнэртэж үзэгдэх орчин хязгаарлагдаж бүрхэг харагддаг... гэжээ. /2-р хавтаст хэргийн 28-29 дугаар хуудас/

3.18. Гэрч М.Пүрэвдорж шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би *** аймгийн *** сумын хэддүгээр 2 дугаар багийн иргэн. 1991 онд цэргээс ирээд мал малласан. Ойролцоогоор 30 гаран жил болж байна... Би *** ТББ-д хандаж өргөдөл гаргахад гарын үсгээ зурсан. Манайх *** ХК-ийн үйл ажиллагаа явуулж буй уурхайгаас баруун зүгт 9-10 км зайтай, ойрхон. Уурхай өнгөрсөн намар ажиллаж эхэлсэн хэсэгхэн хугацаанд 30-аад том машин засмалаас салаад манайхаас хойш 3 км зайтай уурхай руу явсан. Машины зам үүсгээд явж байгаа газар нь малын бэлчээр. Тоосжилт асар их үүсэж малын идэх ногоог тоосоор дарж, салаа зам үүсгэсэн байсан.... гэжээ. /2-р хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

3.19. Гэрч С.Мөнхбаяр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би *** аймгийн *** сумын хэддүгээр 2 дугаар багийн иргэн. 1995 оноос энэ багт амьдарч байгаа. *** ХК-ийн уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаад түр зогсоосон байсан. Өнгөрсөн намраас хятадууд ирж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа зогсонги байна. Би *** ТББ-д хандаж өргөдөл гаргаж гарын үсэг зурсан. Манайх *** ХК-ийн үйл ажиллагаа явуулж буй уурхайгаас ойролцоогоор 10 км зайтай. Уурхай өнгөрсөн намар манайхаас хойш 3-4 км ойрхон зайд машин хэдхэн удаа явахдаа малын бэлчээр дээр өргөн зам гаргасан. Үйл ажиллагаа нь өргөжвөл илүү их эрсдэл үүснэ. Энэ намар уурхай дээр очиход дандаа хятад хүмүүс ажиллаж байсан. *** уурхайн хажууд Урсах, Ар сүүж, Шугам зэрэг худаг байгаа. Ер нь эргэн тойрон малын бэлчээр, худаг байдаг... гэжээ. /2-р хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

3.20. Х.Янжмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би *** аймгийн *** сумын хэддүгээр 2 дугаар багийн иргэн, 1990 оноос энэ багт амьдарч байгаа. *** ХК-ийн уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг. Би *** ТББ-д хандаж өргөдөл гаргахад гарын үсгээ зурсан. Манайх *** ХК-ийн уурхайн гражийн хажууд байдаг. Манай нөхөр Мөнхбат нь Бадрах захирлыг уурхай ажиллуулж байхад тэр уурхайд ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. .. *** уурхайн хажууд эргэн тойрон худаг байгаа. Миний мэдэж байгаагаар Хар толгой, Улаан шанд, Сүүж, Алаг, Урсах зэрэг худгууд байдаг... гэжээ. /2-р хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/,

 3.21. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгээр *** Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад *** ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх талаар өргөдөлөө гаргасан нь тогтоогдож байна.

Дөрөв: *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай" 111 дүгээр тогтоол нь илт хууль бусад тооцуулах талаар,

 4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12/-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 1.-д Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, .. нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1.-д Аймаг, .. Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, ..гаргана. 2.-т Хурлын тогтоол, ..нь хууль тогтоомжид .. нийцсэн байна. гэж тус тус тунхагласан.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж,

4.3. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлсон. Үүнд, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжийг хадгалж байвал илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.

4.4. Түүнчлэн /2002 оны/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрнө", 9.1.1.-т "захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" байх гэж заасан ба уг заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор "... актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно" гэж тайлбарласан.

4.4. Мөн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.-д захиргааны акт, ..., илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан нөхцөлийг хангах зохицуулалттай.

4.5. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухай захиргааны акт нь дээрх дурдсанчлан илт хууль бус байх шинжийг агуулсан байх, улмаар энэхүү илт хууль бус алдаа нь тухайн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нөхцөлийг шаарддаг. 

4.6. Уг хэрэг маргааны хувьд, *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоолоор ...*** ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг гэрээнд заасан үнээр, компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үр ашигтай ажиллуулах нөхцөлтэйгөөр иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэгж хувьцааны тоо зөрүүтэй байгаа нь тухайн актыг утга агуулгын илт алдаатай гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн асуудлыг хариуцагч байгууллагаар хууль, журмын дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.7. Тодруулбал, маргаан бүхий тогтоол нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт дүгнэсэн материалыг үндэслэсэн атлаа хувьчлах аргын нэг төрөл болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг баримталсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хувьчлах аргын төрлийг сонгон тухайн харилцааг эхлүүлэх тухай гэж ойлгохоор байх боловч дуусгавар болгож, *** ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг иргэн Н.Бадрахад эзэмших эрхийг шилжүүлсэн нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй байна.

4.8. Түүнчлэн Үнэт цаасны хорооны 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн "Нэмж гаргах хувьцааг бүртгүүлэхийг зөвшөөрөх тухай" 111 тоот тогтоолоор ... төрийн мэдлийн хувьцааны тоог 649447 ширхгээр буюу нийт гаргасан хувьцааны 74,8 хувь байхаар тогтоосон, *** аймгийн Засаг даргын Тамгын газрын 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *** ХК-ний тухай" 4/363 дугаар албан бичгээр "*** ХК нь Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29-р тогтоолоор төрийн 74.8%, хувьцаа эзэмшигчийн 25.2% өмчийн харьцаатайгаар орон нутгийн өмчид шилжиж ирсэн болно." гэж мэдэгдсэн зэргээс үзвэл маргаан бүхий актад дурдсан *** ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувь гэсэн тоо нь дээрх албан бичгээр тодорхойлсон тооноос илтэд зөрүүтэй уг акт нь өөрөө ойлгомжгүй, агуулга нь тодорхой бус, актууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатай гэж үзэв.

4.9. Улмаар шүүх хуралдаанд гуравдагч этгээд талаас Тэвшийн говь" ХХК өнөөдрийн байдлаар хувьцааны 94 хувь эзэмшиж байгаа гэж тайлбарлах ба энэ тохиолдолд тухайн тооны зөрүүнээс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна.  

Тав: Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан эсэх тухайд:

 5.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 7 дугаар зүйл. Удирдлагын тогтолцоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, ... иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ... тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид, .. бүрдэнэ. гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.-т "Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж, шийдвэрлэнэ." гэж, 2.-т Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт түүний онцгой эрхэд хамрааруулснаас бусад бүрэн эрх эдлэх бөгөөд дараах бүрэн эрхийг өөрөө бие даан эдэлнэ: гэж тус тус хуульчилсан байна.  

5.2. Мөн хуулийн 25 дугаар зүйл. Хурлын тогтоол 1.-т Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчид, .. хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална. 3.-т Хурлын тогтоол хууль тогтоомж, .. нийцээгүй бол хурал өөрөө ... хүчингүй болгоно. гэж заасныг тус тус зөрчигдсөн гэж үзлээ.

5.3. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 74 дүгээр зүйлийн 1.-т Орон нутгийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ. 2.-т Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна. гэж, 77 дугаар зүйлийн 1.-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.", 2.-т "Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй.", 2.3./-т "орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө", 3.-т "Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ", 4.-т "Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ" гэж тус тус заажээ. 

5.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хуралдааны чөлөөт цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах болохоос бусад бүрэн эрхийг шууд хэрэгжүүлэх эрхгүй. 

5.5. Улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх тул түүний өөрийн онцгой эрхэд хадгалан шийдвэрлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх эрхийг тусгайлан олгосон бөгөөд хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсонгүй. 

5.6. Ийнхүү *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн үед үйлчилж байсан хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь  

5.7. Түүнчлэн *** НҮТББ-д хандсан *** аймгийн *** сумын 2- р багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол (хүн, малын усны хангамж, ургамал, малын бэлчээрийн талхагдал) маргаан бүхий актын үр дагавраас зөрчигдөж болзошгүй нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/3422 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 

5.9. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 тоот тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 9.1.3-т "захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан" гэж зааснаар илт хууль бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

6. Мөн 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулиудын аль аль нь маргаан бүхий тогтоол гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй хэдий ч цаг хугацааны хувьд түрүүлж хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэв.

 

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0180 дугаартай магадлалд *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоол гарсан цаг хугацаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цаг байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн.

 7.1. Шүүхээс хариуцагч *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоол гарсан цаг хугацаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цаг байсан эсэхийг тодруулсан тайлбартаа: ...Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн дараах заалтуудыг үндэслэл болгож байна. Үүнд:

7 дугаар зүйл: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргаас бүрдэнэ.

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал /цаашид Хурал гэнэ/, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт түүний онцгой эрхэд хамааруулснаас бусад бүрэн эрх эдлэх бөгөөд дараахь бүрэн эрхийг өөрөө бие даан эдэлнэ:... 6/ шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал хэлэлцэж шийдвэрлэх;

Дээрх хууль зүйн зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид нь нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрх зүйн үндэслэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, Хурлын бүрэн эрхийг зөвхөн хуралдаан хуралдсан үеэр хязгаарлаагүй бөгөөд Хурлын хуралдааны чөлөө цагт Тэргүүлэгчид хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалттай байсан юм.

2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаан Хурлын хуралдааны чөлөө цагт явагдсан болохыг нотлох баримтын тухай.

*** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаан хуралдуулах тухай 43 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааныг 2003 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлон хуралдуулсан. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан хуралдуулах тухай 97 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааныг 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар товлон зохион байгуулсан.

Ийнхүү аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 2003 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж өндөрлөсөн, дараагийн ээлжит 8 дугаар хуралдаан 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр товлогдон хуралдсан ба тэдгээрийн хоорондох хугацаа буюу 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нь Хурлын хуралдааны чөлөө цагт хамаарч байна. Түүнчлэн, Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаан нь Хурлын үндсэн хуралдааныг орлон явагдсан бус, харин хоёр хуралдааны хоорондох чөлөөт цагт хуульд заасан бүрэн эрхийн дагуу зохион байгуулагдсан байна гэжээ.  

7.2. Хэрэгт хавсаргасан нотлох баримтууд болох *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7-р хуралдааны тогтоолууд, 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хуралдааны тогтоолууд, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолуудыг хавсаргасан болно. /5-р хавтаст хэргийн 102-128 дугаар хуудас/,  

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт зааснаар шүүхээс шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмыг шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзсэн болно. 

8.1. Учир нь, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусд тооцсон тохиолдолд эрх зүйн үр дагавар шууд үйлчилдэг.  

8.2. Өөрөөр хэлбэл, *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компаний Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоол нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаас эрх зүйн үйлчлэлгүйд тооцох хуулийн зохицуулалттай.  

8.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасан тул хариуцагч *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхийн шийдвэр биелүүлэхдээ гуравдагч этгээд гуравдагч этгээд *** ХК нь орон нутгийн өмчид компани нийт хувьцааны 70,8 хувийг эзэмшиж байгаа эсэх, одоо эзэмшиж буй гэх 94 хувь хувьцааг эзэмшиж байгаа эсэх зэргийг дахин нягтлан тодруулж, тус аймгийн иргэдийн Хурлаар оруулж, 30 хоногийн дотор захиргааны акт гаргаж, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй. 

9. Энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн гаргасан Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3., 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.2., 106.3.14., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 1., 2., 25 дугаар зүйлийн 1., 3. дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 1., 2., 2.3./, 3., 4. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч *** Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** хувьцаат компанийн Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай 111 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцсугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт зааснаар *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхийн шийдвэр биелүүлэхдээ гуравдагч этгээд *** ХК нь орон нутгийн өмчид компани нийт хувьцааны 70,8 хувийг эзэмшиж байгаа эсэх, одоо эзэмшиж буй гэх 94 хувь хувьцааг эзэмшиж байгаа эсэх зэргийг дахин нягтлан тодруулж, тус аймгийн иргэдийн Хурлаар оруулж, 30 хоногийн дотор захиргааны акт гаргаж, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэхийг дурдсугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН