Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/104

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс  даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Багшийнхан овогт Адуучийн Мөнхтуяа, Чимэдийнхэн овогт Өсөхбаярын Цэдэнбал нарт холбогдох эрүүгийн 18360000000100 дугаартай, 178/2018/0106/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1967 оны 11дүгээр сарын 07-ны  өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хас хороолол 14 айлын орон сууцны 6 тоотод  оршин суух, ПИ67110711 регистрийн дугаартай, Багшийнхан овогт Адуучийн Мөнхтуяа

2.Монгол улсын иргэн, 1957 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгиийн Манхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт манаач ажилтай,ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ХААН засварын байрны 2-4 тоотод оршин суух,ПЖ 57110711 регистрийн дугаартай, Чимэдийнхэн овогт Өсөхбаярын Цэдэнбал

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.Мөнхтуяа нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  нутаг дэвсгэрт Ө.Цэдэнбалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч Ө.Цэдэнбал нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт А.Мөнхтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнхтуяа мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бид хоорондоо эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Цэдэнбал мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр байхгүй, хоорондоо эвлэрсэн. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгаа. Гэвч хүүхдийн хурим болох тул торгуулийн ялыг энэ оны 11 сар хүртэл төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох  нь:

Хохирогч Ө.Цэдэнбалын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө би гэртээ байсан тал шил архийг уучихаад хана үдээд дуусаж байтал А.Мөнхтуяа ирээд “ та 4,5 хоног гурван хана үдээд өгчихгүй, чадахгүй байсан юм бол чадахгүй гэдгээ хэлэхгүй яасан юм” гээд уурлахаар нь “таарахгүй үдээс авчирч өгсөн, чиний хана ажиллагаа ихтэй юм” гээд бид хоёр маргалдаад ...А.Мөнхтуяа намайг заамдаж барьж аваад миний нүүр, хамар,зүүн талын нүд рүү баруун гараараа 1-2 удаа цохиод хашаа руу шахахад тохой дал шалбарсан байсан. Тэгээд юу болсон юм мэдэхгүй нэг мэдэхэд гэртээ хамраас цус гараад цусаа угааж байсан... гэх мэдүүлэг /хх12-13-р хуудас/

Хохирогч А.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би ханаа машины багажинд хийхээр тонгойж байх хооронд Ө.Цэдэнбал миний араас хананы урт тур модоор дал толгой дамнуулаад цохисон.Эргээд хартал зүүн гарын тохой руу цементийн хагархайгаар цохисон... гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/

Гэрч Ц.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...А.Мөнхтуяа ааваар ханаа үдүүлээд авч явахдаа буруу үдсэн байна гэж маргаад тэр хоёр харилцан зодолдсон Тэр үед би гэрийнхээ гадна аавыг хараад зогсож байснаа А.Мөнхтуяа аавыг зодохоор нь очоод салгасан... гэх мэдүүлэг /хх19-р хуудас/

Гэрч Ц.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз А.Мөнхтуяа “би хүнээр хана үдүүлсэн, хоёулаа яваад аваад ирье” гэхээр нь бид хоёр хамт Ө.Цэдэнбалынд очсон.Ө.Цэдэнбал ханыг нь үдэж дуусаагүй, нэг ханыг буруу үдсэн байна гээд тэр хоёр хоорондоо маргасан.А.Мөнхтуяа бид хоёр ханаа дамжлаад машиныхаа багаж руу хийх гэж байтал Ө.Цэдэнбал А.Мөнхтуяагийн нуруу руу ханын урт модоор цохиод авсан.А.Мөнхтуяа эргээд цохиод авсан чинь Ө.Цэдэнбал газар унахад охин нь ирээд салгаад аваад явсан.Ө.Цэдэнбал согтуу байсан ... гэх мэдүүлэг / хх-21-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 354 дугаартай ... Ө.Цэдэнбалын биед хамрын таславчийн хугарал,зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэгт 1.3х0.2 см 1 ширхэг оёдолтой шарх, хамар хэсэгт 1.2х0.4см,0.4х0.2 см, зулгаралтууд, баруун тохой хэсэгт 1х0.3 см, 0.8х0.4 см, 0.3х0.2 см зулгаралтууд  гэмтэл тогтоогдлоо.

2.Ө.Цэдэнбалын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.Ө.Цэдэнбалын биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-26-р хуудас/ дүгнэлт,

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаартай ... А.Мөнхтуяагийн биед зүүн гарын тохой хэсэгт 4х3 см цус хуралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.А.Мөнхтуяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.А.Мөнхтуяагийн биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-29-р хуудас/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар   тус тус нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нар  нь харилцан зодолдсон үйлдэл нь  шүүгдэгч Ө.Цэдэнбал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо  зүй бус харилцсанаас үүдэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Ө.Цэдэнбалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мөнхтуяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч А.Мөнхтуяагийн гэм буруутай үйлдлээс хохирогч Ө.Цэдэнбалын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус  учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

            Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 82-83 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй болох нь шүүгдэгч Ө.Цэдэнбалын “... бид эвлэрсэн хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй...” гэх, шүүгдэгч А.Мөнхтуяагийн ”...бид эвлэрсэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй .. “ гэх мэдүүлгүүдээр  тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын  хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан шүүгдэгч  Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Мөнхтуяа 03 сарын хугацаанд, Ө.Цэдэнбал 05 сарын хугацаанд төлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  шүүгдэгч нарт тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.Мөнхтуяагийн эзэмшлийн Honda маркийн 82-96 ХОҮ улсын  битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/86 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Багшийнхан овогт Адуучийн Мөнхтуяа, Чимэдийнхэн овогт Өсөхбаярын Цэдэнбал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Багшийнхан овогт Адуучийн Мөнхтуяаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр, Чимэдийнхэн овогт Өсөхбаярын Цэдэнбалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 / дөрвөн зуун тавин  мянга /   төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Мөнхтуяагийн 450000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд, шүүгдэгч Ө.Цэдэнбалын 450000 төгрөгний торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.Мөнхтуяагийн эзэмшлийн Honda маркийн 82-96 ХОҮ улсын  битүүмжилсэн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/86 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Цэдэнбал, А.Мөнхтуяа нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form