Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00246

 

Г.Пунцагбалжирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00957 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2087 дугаар магадлалтай,

         Г.Пунцагбалжирын нэхэмжлэлтэй,

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох        

         Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Пунцагбалжир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт: “Г.Пунцагбалжир нь “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын даргын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Радио, телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Гэтэл тус газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаар тушаалаар уг албан тушаалаас хууль бусаар халсан учир зөрчигдсөн эрхээ хамгаалуулж шүүхэд гомдол гаргаснаар 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэрээр түүнийг Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрөн дээд шатны шүүхүүдэд хянуулсан боловч шийдвэр хэвээр үлдсэн. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлсэн тул Г.Пунцагбалжир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч цалингийн олговрыг олгосон, харин ажилд томилох шүүхийн шийдвэр өнөөг хүртэл бодитой бүрэн биелэгдсэнгүй. “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын дарга дээрх шийдвэрийг биелүүлснээр харагдуулахын тулд зөвхөн Радио, телевизийн станц гэж байгуулан түүний даргаар томилсон мэт үр дүн гаргахгүй, дүр эсгэсэн тушаал гарган Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж хуурсан байна. Иймд Г.Пунцагбалжир нь “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын даргын дээд шатны албан тушаалтан болох Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргад гомдол гаргахад тус газрын дарга Ц.Жадамбаа 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймаг дахь Радио, телевизийн сүлжээний газрын даргаар томилох нь зүйтэй гэсэн албан бичгийг “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт газрын даргад явуулсан ч үл ойшоосон. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Радио, телевизийн сүлжээ” УТҮГ-ын даргын хуурамч тушаалыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй болсон тул Г.Пунцагбалжир нь тус албанд амаар болон бичгээр олон удаа гомдол гаргасны эцэст ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/385 тоот хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн. Үүнийг аваад дээд шатны албан тушаалтан болох албаны дарга хурандаа Т.Энхбатад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар гомдол явуулсан, хариу өгөөгүй. Харин ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нь шүүхэд ханд гэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг бүрэн утгаар нь биелүүлэхгүй хохироож байгаад гомдолтой тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэр, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1195 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газраас Г.Пунцагбалжирын ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 2 549 456 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 55 741 төгрөг гаргуулж, түүнийг Хөвсгөл аймгийн Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15250402 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид уг шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/13558 тоот албан бичгээр өгснөөр ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, улсын тэмдэгтийн хураамжийн хамт тус албаны дансанд шилжүүлсэн. Дээрх мэдэгдлээр ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг гаргаж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгч “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Ч.Оюунбаатарт 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд албан бичиг явуулж, удаа дараа мэдэгдсэний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 56 дугаар тогтоолоор Г.Пунцагбалжирыг шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон тушаал гаргаж шийдвэр бүрэн биелэгдсэн. Ажилд нь тогтоосон тушаалыг төлбөр авагч Г.Пунцагбалжирт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулсан байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэсэн хуулийн заалтын дагуу тус ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00957 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 67 дугаар зүйлийн 67.3-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай Г.Пунцагбалжирын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2087 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00957 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан хэлэлцэж 2087 дугаар магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй алдаа гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримт, хэргийн үйл баримтыг ИХШХШ тухай хуулийн заалтын дагуу тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангах байв. Гэтэл давж заалдах шатны шүүх “Радио, телевизийн сүлжээ” УТҮгазрын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тушаал мэтээр буруу үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж алдаа гаргав. Уг 56 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймгийн Радио, телевизийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр биш, харин уг газрын дотор станц бий болгон түүний даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон дүр эсгэсэн болно. Г.Пунцагбалжир ч уг 56 дугаар тушаалыг зөвшөөрч сургалтад хамрагдсан үйл явдал болоогүй, харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдсэний дагуу шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогдсон гэсэн ойлголт авч сургалт руу нь явж очиход “Радио, телевизийн сүлжээ” УТҮгазар шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон тушаалаа ч гаргаагүй байсан тул сургалтад оролцоогүй байна. “Радио, телевизийн сүлжээ” УТҮгазар шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн биелүүлэх сонирхолгүй байсан нь уг 56 дугаар тушаалын 4-т шалгалтын дүнг харгалзан хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүний нөөцийн албандаа даалгаж шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээс харагдана. Ийнхүү тухайн үеийн хариуцагч “Радио, телевизийн сүлжээ” УТҮгазар нь шүүхийн шийдвэрииг бүрэн дүүрэн биелүүлэхгүй шүүх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад хүндэтгэлтэй бус хандсаар өдий хүрч байгаа болно. Гэтэл 2 шатны шүүх хүний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээн хамгаалах үүргээ биелүүлээгүйд бид маш их гомдолтой байна. Иймд 181/ШШ2016/00957 дугаар шийдвэр, 2087 дугаар магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

          Нэхэмжлэгч Г.Пунцагбалжир нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гарсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.549.456 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсаны дагуу “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тушаалаар Г.Пунцагбалжирыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилжээ.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр тогтоолд “Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд” эгүүлэн тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүх болон түүнийг олгосон бусад байгууллагад буцаах тухай шийдвэр гаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тухай  “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тушаалаас үзэхэд Хөвсгөл аймгийн Радио телевизийн станц нь Радио телевизийн сүлжээний газар болж өөрчлөгдсөн байна. 

Иймээс “...56 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Пунцагбалжирыг Хөвсгөл аймгийн Радио, телевизийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр биш, харин уг газрын дотор станц бий болгон түүний даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон дүр эсгэсэн” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ зөрчсөн, дээрх 56 дугаар тушаалаар Г.Пунцагбалжир нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдоогүй байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосныг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 340 дүгээр тогтоолыг 2016 оны 04 сарын 15-ны өдөр гаргаж, тогтоолын хуулбарыг талуудад хүргүүлэв гэсэн боловч нэхэмжлэгч Г.Пунцагбалжирт хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 1/453 тоот албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2016 оны 06 сарын 03-ны өдрийн 3/385 тоот хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2016 оны 06 сарын 30-ны өдөр явуулсан гомдол хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтаас үзэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар тогтоол гаргалгүй хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу өгсөн, түүнчлэн нэхэмжлэгчээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандаж гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрт заасан 2.549.456 төгрөгийг олгосон нь шийдвэр биелэгдсэнд тооцно гэж заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх тодорхойлсон нь маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн хэрэглэж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасан байхад энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2087 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 340 дүгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Пунцагбалжирт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                        ШҮҮГЧ                                                Д.ЦОЛМОН