Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 114/2017/0032/З |
Дугаар | 221/МА2018/0209 |
Огноо | 2018-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2018/0209
2018 оны 04 сарын 04 өдөр |
Дугаар 221/МА2018/0209 |
Улаанбаатар хот |
“С ц ө” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С гаргасан давж заалдах гомдлоор, “С ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “С ц ө” ХХК-ийн захирал Д.Э 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн “С ц ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С ц ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С ц ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчаас нэхэмжлэгч “С ц ө” ХХК нь анх маргаан бүхий газрыг эзэмшиж авахдаа холбогдох хууль тогтоомж болон дүрэм журмыг зөрчсөн тухай тайлбар нотлох баримтуудыг хангалттай гаргасан боловч шүүх тус нотлох баримтыг огт үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журам болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн.
Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамж түүний хууль зүйн үндэслэлүүдийг нэг бүрчлэн авч үзээд Засаг дарга нь захирамж гаргах, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээтэй байна” гэж дүгнэсэн байдаг.
Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч “С ц ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болох эрх хэмжээ Засаг даргад огт байхгүй байх гэдгээр ойлгогдох бөгөөд энэ нь өөрөө хэнд ч ойлгомжтой илт хууль бус байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Гэтэл Засаг дарга тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан материаллаг болон процессийн хуулиудаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд А/440 дүгээр захирамжийг гаргасан байдаг.
2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох шаардлага үндэслэлтэй эсэхийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан шинжүүдийн аль нэг шинжийг тухайн захиргааны акт агуулж байгаа эсэхээр тогтоогдоно.
Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэх ёстой.
3. Анхан шатны шүүх тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Учир нь тус байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий газар дээр газар эзэмшиж байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгөхдөө холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэдийгээр Дархан-Уул аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийг “С ц ө” ХХК-ийн захирал Д.Э 1 хоногийн дараа буюу 30-ны өдрийн 15 цаг 30 минутанд мэдэгдэж, захирамжийн хувийг хүлээлгэн өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь талд авагдсан баримтаар тогтоогдох боловч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааны талаарх зохицуулалт хамаарахгүй.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Засаг дарга шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
Иймд төсөл сонгон шалгаруулалтаар газрыг эзэмшүүлэхдээ зориулалтын бус газрыг олгосон, эзэмшүүлж, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлээгүй, тухайн газар дээр барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлүүд дутуу, сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулаагүй зэрэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр “С ц ө” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй болно.
Энэхүү хэргийг өмнө нь дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 689 дүгээр магадлалд “…Засаг даргад Газрын тухай хуулийн 40.1, 61.1-д зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох бүрэн эрхийг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт болно” гэж заасанд хамаарахгүй…” гэж тодорхой дүгнэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчид сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн 5400 м.кв газрын 1000 м.кв нь “Н” ХХК-ийн эзэмшиж буй газартай бүхэлдээ давхцалтай, хэдийгээр Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/272 дугаар захирамжаар нэхэмжлэгчид дээрх газрыг эзэмшүүлж байх үед “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан ч энэхүү захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 58 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаан болох үед хэдий нь “Н” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэсэн байхад шүүхийн шийдвэрт энэ талаар “…нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газрын давхцлын талаар жичдээ маргаан үүсгэж шийдвэрлүүлэх эрхтэй…” гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Үнэхээр л газрын давхцал нь одоогийн хэргээс ангид, жич маргах боломжтой асуудал гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэх шаардлагагүй, гэтэл шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 203 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 865 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээс үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд тус тус эзэмшүүлсэн газрын давхцлын асуудал нь “дараа жичдээ” бус харин энэхүү захиргааны хэрэгт хамтруулан нэг мөр шийдвэрлүүлэх асуудал болно.
Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй, харин 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь өмнөх 47.1.1-47.1.5-д заасан нөхцөлүүдтэйгээ харилцан уялдах байдлаар тодорхойлогдохоос бус хууль бус байх актын шинжийг 47.1.6-д хамааруулан ойлгох боломжгүй.
Иймд маргаан бүхий захирамжийг нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С ц ө” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжийн “С ц ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН