| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03347/И |
| Дугаар | 192/ШШ2025/09186 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/09186
2025 11 10 192/ШШ2025/09186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** өөрийн байранд байрлах, Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө /ПД:Р********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** тоотод байрлах, М БСБ /РД:8*****/-д холбогдох,
Сургалтын төлбөрт 48 321 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б,
Хариуцагчийн төлөөлөгч B,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц, Б.У,
Орчуулагч А.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нь 2022-2023 оны хичээлийн жилд өөрийн том хүү АҮ-ын сургалтын төлбөрт зориулан 22 006 628 төгрөг, өөрийн бага хүү Ү-ын сургалтын төлбөр зориулан 17 169 418 төгрөг буюу нийт 39 176 046 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлсөн. 2022-2023 оны хичээлийн жилийн 9 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчийн хүүхдүүд болох АҮ, Ү нарын ангид шинээр томилогдсон ирсэн багш ноён У нь дээрэлхэх, гадуурхах, зүй бусаар харьцах зэргээр нэхэмжлэгчийн хүүхдүүд болох АҮ, Ү нарт сэтгэл санааны гэм хор учруулж эхэлсэн бөгөөд уг асуудлын хүрээнд сургуулийн удирдлагуудтай цахим шуудан солилцох, биечлэн уулзах зэргээр шийдвэрлэх арга зам эрэлхийлж ирсэн боловч сургуулийн зүгээс уг багшийн зан харилцааны асуудлыг үл тоож түүний зүй бус авирын талаар удаан хугацаанд эс үйлдэхүй гаргаж ирсэн. Энэ хугацаанд багш ноён У-ын зүй бус харилцаа хандлагын улмаас нэхэмжлэгчийн хүүхдүүд АҮ, Ү нар нь сэтгэл санааны дарамтанд орж багшаасаа айх, сургуульдаа явахаас халшрах болсон. Эцэг эхийн зүгээс сургуулийн захирал, сургуулийн удирдах зөвлөлд асуудал тавих бүрт уг асуудал огт шийдвэрлэгдэхгүйн хажуугаар хүүхдүүдийн эсрэг багш ноён У-ын харилцаа хандлага улам ширүүс ч эхэлсэн тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуульд нь огт явуулаагүй болно. Сургуулиас багшийн зүй бус үйлдлийн талаар шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй учраас М сургуулийн дээд байгууллага болох Хилийн чанад дахь Франц боловсролын агентлагт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим шуудангаар гомдол гаргасан боловч уг агентлагаас гомдолд хариу өгөөгүй. Мөн сургуулийн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн даргатай хийсэн уулзалтаас үр дүн гараагүй тул нэхэмжлэгчийн зүгээс арга буюу хүүхдүүдийг сургуулиас гаргах хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж хүүхдүүдээ А сургуульд шилжүүлэн 2022-2023 оны хичээлийн жилийн хоёр дахь хагас жилийн сургалтын төлбөрт зориулан өөрийн том хүү АҮ-ын сургалтын төлбөрт 13 775 000 төгрөг, өөрийн бага хүү Ү-ын сургалтын төлбөр зориулан 13 000 000 төгрөг буюу нийт 26 775 000 төгрөгийг төлсөн бөгөөд хүүхдүүд шинэ сургуульдаа амжилттай суралцаж төгссөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах зорилгоор 2023 оны 4 дүгээр сараас эхлэн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хариуцагчаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаан олгохыг шаардаж асуудлыг шүүхийн бус журмаар харилцан ойлголцож шийдвэрлэх зорилгоор хуульчийн мэдэгдэл, албан шаардлага, хариу тайлбар зэрэг хэд хэдэн албан бичгийн хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж ирлээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас М сургууль БСБ буюу хариуцагчид 2022-2023 хичээлийн жилийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт төлсөн 39,176,046 төгрөг, А сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хоёр дахь хагас жилийн сургалтын төлбөр 26 775 000 төгрөг ба М сургуулийн 2022-2023 хичээлийн жилийн хоёр дахь хагас жилийн сургалтын төлбөр 19 588 023 төгрөгийн зөрүү 7 186 977 төгрөг, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 1 958 802 төгрөг буюу нийт 48 321 825 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2022-2023 оны хичээлийн жилд өөрийн хүүхдүүд болох А нарыг Бүгд найрамдах Франц Улсын дэргэдэх Франц сургуулийн бага, дунд ангид сургахаар сургалтын гэрээ байгуулсан. Тухайн хугацаанд Бүгд найрамдах Т Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташегаар томилолт авч, Монгол Улсад дипломат үүрэг гүйцэтгэж байсан. Тэрээр өөрийн хүүхдүүдээ Франц Улсын албан ёсны боловсролын системээр сургаж хүмүүжүүлэх хүсэлтэй ба учир нь хүүхдүүдээ Франц сургуульд анхнаас нь сургаж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь манай улсад 2 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгээд Т Улс руу буцахаас өмнөх сүүлийн жилдээ хүүхдээ сургаж байх явцад сургуулийн захиргаа буюу тодорхой багш, удирдлагуудтай үл ойлголцол үүссэн гэж харж байгаа. Энэ нь сургалтын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нэг талаас анги дааж хичээл орж байсан багш нар нь сурагчдын сэтгэл зүйн онцлог, хувийн байдал, зөн төлөвтэй тохируулж, багшийн ёс зүйг баримталж ажиллах хүлээлт болон хэрэгцээ шаардлагаас үүдэлтэйгээр үл ойлголцол эхэлсэн байдаг. Ингээд и-мэйл хаягаар харилцаа үүсгэж эхэлсэн буюу сургуулийн захирал, төлөөлөн удирдах зөвлөл зэрэг хоёр талтай харилцаанууд явж байсан. Мөн гуравдагч тал болох Франц Улс дахь буюу Хилийн чанд дахь боловсролын байгууллагуудыг хариуцсан захиргаанд хүсэлтээ явуулсан уг байгууллагаас хариу ирүүлээгүй байдаг. Сургуулийн захиргаанаас албан тайлбар, хүсэлтүүдэд тухай бүрд нь хариу өгч байсан. Уг үл ойлголцлыг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тавьж, хүчин чармайлт гаргадаг байсан нь харагддаг. Ингээд сүүлдээ биднийг ойлгохгүй юм байна, сурагчдын эцэг, эхийн зүгээс хууль ёсны асран хамгаалагчийн зүгээс хүүхдүүдээ сургуулиас гаргахаас аргагүйд хүрч байна гэх саналыг гаргаад сургуультай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүсэлт гаргасан. Улмаар 2022-2023 оны хичээлийн жилийн эхний хагас жилийг дуусгавар болгоод зул сарын баярын дараагаас энэ харилцааг дуусгах саналуудыг тавьж, сүүлд ТУЗ-ийн дарга, сургуулийн ерөнхийлөгчтэй биечлэн уулзалт хийсэн. Ингээд гэрээ цуцлах харилцаа үүсэж байгаатай холбоотойгоор лавлагаанууд авсан. Сургуулийн хичээлийн жил үргэлжилж байсан учраас тухайн хичээлийн жилийн 2 дахь улиралд хүүхдүүдийг хаана сургах гэдэг асуудал үүссэн. Ингээд лавлагаануудыг авсны үндсэн дээр Францтай сургуультай байгуулсан харилцаа дуусгавар болж, хүүхдүүдийг А сургуульд хүүхдүүдийг шилжүүлж сургасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд :Нэгдүгээрт, хүүхдүүдийн хувьд өмнө суралцаж байсан 13 жилийн Франц хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир нэлээд гомдолтой байгаа. Ийм учраас Ф сургуульд төлсөн 2 хүүхдийн бүтэн жилийн төлбөрийг буцаан шаардана. Хоёрдугаарт, хүүхдүүд тодорхой хэмжээнд боловсролын агуулгыг авах ёстой гэдэг үүднээс төлбөргүй эсвэл энгийн сургуульд суралцах боломж байхгүй. Энэ үүднээс ч Монгол Улсад амьдарч байгаа гадаад улсын иргэд хүүхдүүдээ сургадаг сургуулиудаас судалгаа хийж А сургуулийг сонгож, төлбөр төлсөн тул 2 дугаар улирлын 2 хүүхдийн төлбөрийг шаардаж байна. Гуравдугаарт, сургуулиудын сургалтын төлбөрийн зөрүү төлбөрийг шаардаж байгаа “ гэв.
2. Хариуцагч М БСБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:” Бид 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ноён У-ын гаргасан 48 31 285 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан авч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ноён У-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцахад түүнд дурдсан зүйлс нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй бөгөөд дор дурдсанчлан М сургууль (цаашид “***” гэх) болон сургуулийн багш, ажилтнуудыг илтээр гүтгэсэн шинж чанартай байна. Манай Ф сургуулийн удирдлага, багш ажилтнууд ажлаа ухамсартай, үлгэр жишээ байдлаар гүйцэтгэдэг. Сургуулийн багш нар болон бусад ажилтнууд ноён У-ын хүүхдүүдийг хэзээ ч айлган сүрдүүлж, гадуурхаж, хүчирхийлж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид ноён У-ын хүүхдүүдийн сурлагын бэрхшээл хоцрогдлыг арилгаж тус болох үүднээс сургуулийн зүгээс маш их туслалцаа үзүүлсэн. Сургуулийн удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл нь Ноён У-ын гэр бүлийнхэнтэй удаа дараа уулзаж яриаг нь хүндэтгэлтэй сонсож харилцан ярилцах уулзалтууд зохион байгуулж байсан. Бид үргэлж маш хүлээцтэйгээр тэднийг сонсож, тэдний гаргасан хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийн тулд олон шинэ шийдэл гаргалгаа хайж ирсэн. Манай багш нар мэргэжлийн түвшний багш нар бөгөөд АЕFЕ (Гадаадад боловсролын асуудал эрхэлсэн Францын засгийн газрын албан ёсны агентлаг)-д тогтмол шалгалт өгч сургуулийн дотоод ажлаа хянуулдаг. Багш нар маань жилийн турш тасралтгүй сургалтад хамрагддаг бөгөөд бид саяхан 2023 оны 11-р сарын 07-ноос 09-ний хооронд бүсийн боловсролын зөвлөхийг хүлээн авч хянан шалгуулсан. Монгол болон бусад үндэстний хүүхдүүд, эцэг эхчүүд ноён Ч-ийн хийсэн ажил сургалт, сурагчидтай ажиллах хандлагад маш их сэтгэл хангалуун байдаг. Гэвч манай сургуульд У-ын гэр бүлийн зүгээс доромжилсон агуулга бүхий цахим шуудан хэд хэдэн удаа ирж байсан. Тухайлбал, 2022 оны 12-р сарын 6-ны өдөр бид “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэсэн маш ноцтой, үндэслэлгүй гүтгэлгийн цахим шуудан хүлээн авсан. Бидний гаргасан, хичээсэн бүх оролдлогыг үл харгалзан У-ын гэр бүл өөрсдийн хүсэлтээр хүүхдүүдээ сургуулиас нь гаргахаар шийдсэн. Манай санхүүгийн дүрмийн 6.1, 6.2-т жилийн сургалтын төлбөрийг төлөх талаар, мөн буцаан олгохгүй гэж заасан байдаг гэдгийг хэлмээр байна. Тэд өөрсдийн гарын үсгийг зурж манай журам нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Цаашид сургуулийг гүтгэсэн, доромжилсон гүтгэлийг бид хүлээн авах боломжгүй. Эдгээр баримтуудыг үл харгалзан У-ын гэр бүлийнхэн биднээс уучлалт гуйсан захидал буюу залруулга бичвэл 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг ороогүй хичээлүүдэд хувь тэнцүүлэн төлж барагдуулах гэсэн шинэ шийдлийг санал болгосоор байсан. Тэдний зүгээс ямар ч хариу ирүүлээгүй тул сүүлийн удаа санал болгож биднээс уучлалт гуйсан албан захидал өгсөн тохиолдолд сургалтын төлбөрийг хувь тэнцүүлэн буцаан олгоно гэсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч тэдний зүгээс ямар ч хариу ирүүлээгүй. Дүгнэж хэлэхэд, бид нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд болон 48 31 285 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч ноён У нь бидэнд уучлалт гуйсан захидал буюу залруулга ирүүлсэн тохиолдолд тэдний төлсөн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс ороогүй хичээлүүдийн төлбөрийг хувь тэнцүүлэн хасаж, зохих хэсгийг нь буцаан өгч болох юм /энэ нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж болно./ гэдгийг бид сүүлчийн удаа давтан хэлье. Нэхэмжлэгч ноён У-ын шаардаж буй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 1 958 802 төгрөг болон сургалтын төлбөрийн зөрүү 7 186 977 төгрөгийг бид түүнд төлөх үндэслэлгүй болно. Хэрэв ноён У нь уг асуудлыг дээрх байдлаар харилцан тохиролцож, эв найрамдалтай, эвийн журмаар шийдвэрлэхээс татгалзвал бид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан уг асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлүүлэх болно “гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч B шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М сургууль нь Монгол Улсад 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж бөгөөд сургуулийн зүгээс Франц Улсын элчин сайдын яамтай харилцаа холбоотой ажилладаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйл ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулж байна. Уг сургуульд ажиллахаар ирж байгаа бүх багш нар нь Франц Улсын Боловсролын яамны шалгалтад тэнцсэн байдаг. Үүнээс гадна Франц Улсад хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй, ахмад хүмүүсийн харилцааг эрхэмлэдэг ард түмэн учраас манай сургуулийн хувьд аливаа нэг улс үндэстнийг ялгаварлан гадуурхах, тэдэнтэй зүй бусаар харьцах гэсэн харилцаа байхгүй. Харин ч эсрэгээрээ багш нарын хувьд хүүхдүүдийг сонсдог, эцэг, эхчүүдтэй маш сайн харилцаатай байдаг бөгөөд хүүхдүүдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн гарц, гаргалгааг үргэлж хайж, илэрхийлж байдаг. Тухайн асуудал гарах үед миний бие байгаагүй. Учир нь миний 1 жилийн өмнө ажлаа авсан бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ сургуулийн багш, мэргэжилтнүүд нь боловсролын салбарт тавигдах шаардлагын дагуу ажлаа үргэлж хийдэг гэдэгт итгэж байгаа. М сургууль Франц Улсдаа ч гэсэн төрийн сургууль гэж явдаг. Мөн сургуулиас олж байгаа орлого зөвхөн сургуульдаа зарцуулагддаг. Намайг анх тус сургуульд ирж ажиллаж байхад тус сургуульд 87 хүүхэд суралцдаг байсан. Одоогийн байдлаар 133 хүүхэд суралцдаг байгаа бөгөөд бага багаар өргөжсөөр байна. Нэхэмжлэгч нь Т Улсын элчин сайдын яаманд ажилладаг хүн байсан гэж би бодож байна. Нэхэмжлэгчээс тус сургуульд 2 хүүхдээ сургаж байсан бөгөөд 1 хүүхдийнх нь сургалтын төлбөрийг бүтэн аваад 2 дахь хүүхэд нь 5 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Тухайн мөнгийг Т-ийн элчин сайдын яамнаас төлсөн байх аа гэж би бодож байна “гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4 шаардлага гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн 3 шаардлага бүхий нийт 48,321,825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна гэж ойлгож байна. Нэгдүгээр шаардлагын тухайд, сургалтын төлбөрт төлсөн 39,176,036 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт зөрүү төлбөрт 7,186,977 төгрөг, гуравдугаарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 1,900,000 төгрөг нийт 48,321,825 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанчлан, нэхэмжлэгчийн хүүхдүүд тухайн сургуульд суралцаж байх явцад хариуцагч байгууллагад шинээр томилогдон ирсэн гэх багш дээрэлхэх, гадуурхах, зүй бус харилцах зэргээр нэхэмжлэгчийн хүүхдүүд болох А болон АТ нарт сэтгэл санааны гэм хор учруулсны улмаас гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурддаг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр ийм үйл баримт огт болж байгаагүй. Нэхэмжлэгчийн хоёр хүүхдэд сэтгэл санааны гэм хор учруулсан, тухайн хүүхдүүдийг ялгаварлан, гадуурхсан, дээрэлхсэн, айлгасан, зүй бусаар харилцаж байсан зүйл байдаггүй ба энэ нь харилцсан мэйлээр ч нотлогдохгүй. Суралцагчийн эцэг, эхээс тавьж байгаа саналыг эхний ээлжид шийдвэрлэгдэх ёстой асуудал учраас ямар асуудал болохгүй байгаа, үүнийг яаж шийдвэрлэх үү гэдэг арга замаар бүхий л үйлчилгээтэй холбоотой асуудалд эвийн журмаар, найрсаг хандаж ирсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн хүүхдүүд сургуульд суралцахгүй болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн тайлбарласан шиг дээрэлхсэн, гадуурхсан, зүй бусаар харилцсан гэх гурван үйлдэл. Мөн үүнээс улбаатай сэтгэл санааны гэм хор учруулсан үйлдэл байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээг сайн дурын үндсэн дээр нэг талын санаачилгаар дуусгавар болгосон байна. Ийнхүү гэрээ талын санаачилгаар дуусгавар болж байгаа тохиолдолд хариуцагч байгууллага болон хариуцагч байгууллагын ажилтан, захиргааны зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. Хариуцагч байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Боловсролын тухай хууль мөн Франц Улсын боловсролын агентлагаар баталгаажсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг чанартай зааж байсан. Мөн багш нарын хувьд чанартай, өндөр мэргэжлийн багш нар байсан. Тодруулбал, 2023.11.07-ны өдрөөс 2023.11.09-ний өдрийг хүртэл тус сургууль нь Франц Улсын гадаад боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын албан ёсны агентлагаар шалгуулж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022.12.06-ны өдөр Ф сургуулийг буруутгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж хүүхдийн Турк гэдгээр нь ялгаварлан гадуурхаж байна гэх и-мэйлийг ирүүлсэн байдаг. Гэтэл ийм үйлдэл гаргаагүй байдаг. Мөн хүүхдүүд сургуульд ороход эцэг, эхтэй нь сургалтын гэрээ болон тухайн сургуулийн санхүүгийн журмыг танилцуулж, гэрээ байгуулснаар хүүхэд сургуульд суралцсан эсэх, сурч боловсрох үйлдэл эхэлдэг. Тодруулбал, хүүхдүүд сургуульд ороход нэгдүгээрт сургуулийн нийтлэг стандарт бүхий маягтыг бөглөж, танилцаж байгаа. Тухайн стандарт нөхцөл бүхий санхүүгийн дүрэм нь талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээний салшгүй хэсэг юм. Санхүүгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т сургалтын төлбөрийг хэрхэн төлөх, сургалтын төлбөрийг буцаан олгох эсэх асуудлыг тодорхой зохицуулсан байдаг бөгөөд 6.2-т “жилийн сургалтын төлбөрийг буцаан олгохгүй” гэх нөхцөлийг заасан. Уг зохицуулалтыг талууд эрх тэгш байдлаар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүүхдүүдээ сургуульд сургасан байдаг. Иймд хариуцагч талаас гэрээ цуцлагдсанд буруугүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний стандарт нөхцөл, тухайн байгууллагын дүрэмд зааснаар сургалтын төлбөрийг буцаан төлөх үндэслэл байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Хоёрдугаарт, Сурч боловсрох эрх зөрчигдсөний улмаас өөр сургуульд суралцуулсан. Өөр сургуульд суралцуулахдаа хүүхдүүдийг жишгийн дагуу суралцуулсан гэж тайлбарлаж байна. Энэ нь мэдээж тухайн хүний сурч боловсрох эрхийн асуудал байх. Гэхдээ өөр сургуульд орж, өндөр төлбөр төлөх болсон харилцаанд нэхэмжлэгч хариуцагчийг буруутгаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон өөр бусад тайлбараар нотлогддоггүй. Мөн хэрэгт өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ болон өмгөөлөгчид төлбөр төлсөн баримт байдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнчлэн, энэ нь гэрээ цуцалсантай холбоотой хохирол биш нэхэмжлэгчээс гарч байгаа зардал гэдгийг хэлмээр байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна “гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, төлбөрийн баримт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, H-ийн оршин суух зөвшөөрлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.19-ний өдрийн 183/ШЗ2024/04125, 2022.02.15-ны өдрийн 183/ШЗ2024/03943 захирамжууд, 2024.02.13-ны өдрийн сөрөг нэхэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 1. Багш У-ын талаарх М сургууль-ийн тодорхойлолт; 2. М сургууль БСБ-ын багш Т-ийн гаргасан тодорхойлох бичиг, түүний орчуулга; 3. М БСБ-ын багш Т-ийн гаргасан тодорхойлох бичиг, түүний орчуулга; 4. Багш Т-ийн талаарх М сургууль БСБ-ын тодорхойлолт; 5. М сургууль БСБ-ын багш Т-ийн паспортын хуулбар, 6. М сургууль БСБ-ын багш Т-ийн оршин суух зөвшөөрлийн лавлагаа; 7. Багш Б.Ш-ийн гаргасан тайлбар; 8. Багш Б.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа; 9. Багш Б.Ш-ийн талаарх , М сургууль БСБ-ын тодорхойлолт; 10. Ажилтан Э.О-ийн гаргасан тайлбар; 11. Ажилтан Э.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа; 12. Ажилтан Э.О-ийн талаарх М сургууль БСБ-ын тодорхойлолт; 13. Багш Г.Т-ийн гаргасан тайлбар; 14. Багш Г.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа; 15. Багш Г.Т-ийн талаарх М сургууль БСБ-ын тодорхойлолт; 16. e******@gmail.com цахим шуудан дахь мэйл, түүний баталгаат орчуулга; 17. М сургууль-ийн элсэлтийн маягт 2021-2022; 18. М сургууль-ийн элсэлтийн маягт 2021-2022; 19. М сургууль-ийн санхүүгийн дүрэм зэргийг гаргуулж, М сургууль БСБ-ын d*****@gmail.com мэйл хаягаас БНТУ-ын иргэн Ө болон Т нартай харилцсан 1. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 цаг 27 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Т-д илгээсэн цахим шуудан; 2. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 43 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Ө болон Т-д илгээсэн цахим шуудан; 3. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 48 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Ө болон Т-д илгээсэн цахим шуудан; 4. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 39 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Ө болон Т-д илгээсэн цахим шуудан; 5. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 цаг 17 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Ө болон Т-д илгээсэн цахим шуудан; 6. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8 цаг 21 минутад М сургууль БСБ-ын И-мэйл хаягаас Ө-д илгээсэн цахим шуудан, түүний хавсралтын хамт гэх зурваст үзлэг хийж, Бүгд Найрамдах Франц Улсын иргэн У /CH** овогтой Н/-ыг гэрчээр оролцуулж,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр М сургууль БСБ-ын d****@gmail.com, e******@gmail.com мэйл хаягаас a****.com, u***.com мэйл хаягт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд харилцсан зурваст үзлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2022-2023 оны хичээлийн жилийн 9 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгчийн хүүхдүүд болох АҮ, А нарын ангид шинээр томилогдсон ирсэн багш ноён У нь дээрэлхэх, гадуурхах, зүй бусаар харьцах зэргээр зүй бус харилцаа хандлагын улмаас нэхэмжлэгчийн хүүхдүүд сэтгэл санааны дарамтанд орж багшаасаа айх, сургуульдаа явахаас халшрах болсон...хүүхдүүдийн эсрэг багш ноён У-ын харилцаа хандлага улам ширүүсэж эхэлсэн тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуульд нь огт явуулаагүй болно...Мөн сургуулийн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн даргатай хийсэн уулзалтаас үр дүн гараагүй тул нэхэмжлэгчийн зүгээс арга буюу хүүхдүүдийг сургуулиас гаргасан... Иймд сургалтын төлбөрт төлсөн 39,176,046 төгрөгийг буцаан гаргуулах, А сургуульд 7 186 977 төгрөг илүү төлсөн хохирлыг , хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 1 958 802 төгрөг буюу нийт 48 321 825 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна ...” гэдэг.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Сургуулийн багш нар болон бусад ажилтнууд ноён У-ын хүүхдүүдийг хэзээ ч айлган сүрдүүлж, гадуурхаж, хүчирхийлж байгаагүй ...Бид үргэлж маш хүлээцтэйгээр тэднийг сонсож, тэдний гаргасан хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийн тулд олон шинэ шийдэл гаргалгаа хайж ирсэн... Бидний гаргасан, хичээсэн бүх оролдлогыг үл харгалзан У-ын гэр бүл өөрсдийн хүсэлтээр хүүхдүүдээ сургуулиас нь гаргахаар шийдсэн. Санхүүгийн дүрмийн 6.2-т “жилийн сургалтын төлбөрийг буцаан олгохгүй” гэх нөхцөлийг заасан...өөр сургуульд орж, өндөр төлбөр төлөх болсон харилцаанд хариуцагч огт буруугүй...хэрэгт өмгөөлөгчид төлбөр төлсөн баримт байдаггүй ...” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М сургууль нь тусгай зөвшөөрлийн хавсралтад заасны дагуу боловсрол олгох сургалт эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
2022-2023 оны хичээлийн жилд Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө нь АҮ, А нарыг суралцуулахаар М сургууль БСБ-тай харилцан тохиролцож, тус хичээлийн жилийн төлбөрт 2 хүүхдийн 39,176,046 төгрөгийг төлсөн байна. Улмаар хүүхдүүд 2022 оны 12 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл хичээлдээ явж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 18 ний өдрөөс А сургууль ХХК-д суралцах болсон байна. Хэрэгт цуцлах гэрчилгээ авагдсан байх ба тухайн баримтад “ 2011 оны 05 дугаар сарын 11-нд төрсөн АҮ , 2013 оны 10 дугаар сарын 05- ний өдөр төрсөн А нар нь 2023-01-18 ний өдрөөс хойш тус сургуульд элсэн суралцагчийн бүртгэлд бүртгэгдээгүй ...нотолж байна” гэж бичсэн байна.
Хэрэгт талуудын хоорондоо харилцсан электрон шууданг үзлэг хийх замаар бэхжүүлсэн ба нэхэмжлэгч тал 2022-11-18 -ний өдөр хариуцагч тал руу захидал илгээснээр харилцаж эхэлсэн байх ба 2023-02-08 ний өдөр хариуцагч тал хариу захидал илгээснээр энэ харилцаа төгссөн байна.
5. Нэхэмжлэгч Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө нь хариуцагч М сургууль БСБ-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, сургуулийн төлбөрт шилжүүлсэн 39,176,046 төгрөгийг, хохирол 9,145,779 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргаж байна.
Талуудын шүүхэд гаргаж буй тайлбар, сургалтын төлбөр төлсөн баримт, элсэлтийн маягт, санхүүгийн дүрэм зэрэг баримтуудаар тэдгээрийн хооронд ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Тодруулбал М сургууль БСБ нь нэхэмжлэгч Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө-ын хүүхдүүд болох АҮ, А нарт 2022-2023 оны хичээлийн жилд Францын боловсролын системийн дагуу батлагдсан цогц хөтөлбөрийг зааж сургах, эзэмшүүлэхээр, нөгөө талаас түүнд тохирсон сургалтын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
2022-2023 оны хичээлийн жилийн төлбөрт нэхэмжлэгч талаас хариуцагч талд 39,176,046 төгрөг шилжүүлсэн талаар болон 2022-12-06 ний өдрөөс суралцагч хүүхдүүд хичээлдээ явахаа зогсоож, 2023-1-18 ний өдөр гэрээ цуцлагдсан гэдэгтэй талууд маргахгүй ба гагцхүү сургалтын гэрээ аль талын буруугаас шалтгаалж цуцлагдсан гэдэг дээр талуудын байр суурь ондоо, зөрүүтэй байна.
Нэхэмжлэгч талын хувьд тус сургуулийн багш У-ын зүй бус харилцаа хандлагын улмаас хүүхдүүд болох АҮ, А нар нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон гэдэг бол хариуцагч тал багш У ямар нэгэн байдлаар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах хандлага гаргаагүй, харилцан үл ойлголцол үүссэн, тухайн асуудлыг эв зүйгээр хүүхдүүдийн эцэг, эх шийдвэрлэж чадалгүй гэрээгээ цуцалсан гэдэг. Хэрэгт талуудын хоорондоо харилцсан электрон шууданг үзлэг хийх замаар бэхжүүлсэн харилцан захианууд нотлох баримтаар авагдсан байдаг. Эдгээр харилцсан захиануудын агуулга нь “...багш У хүүхдүүд рүү хашгирч, тэдэнтэй тэнэг хүн мэт харьцаж байна, ...өмнө нь энэ талаар түүнтэй ярилцсан боловч уур уцаар нь нэмэгдэх боллоо...хүүхдүүдтэй доромжилж хашгирч биш харьцаж чадахгүй байна...хүүхдүүдийг дээрэлхэхээ зогсоох хэрэгтэй байна...гэж нэхэмжлэгч талаас хүсдэг бол хариуд нь нөгөө талаас ...хамтарсан уулзалтыг яаралтай товлох хэрэгтэйн байна...хэлний түвшин шаардлага хангахгүй байсан ч давтлага өгсөн, ...хүүхдүүдийн мэдрэмжийн талаар ярилцахаар олон удаа хүлээн авч уулзаж байсан, ...үдийн цайны асуудлыг хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгч байсан...суралцах боломжийг олгох шийдэл олохыг хичээсэн...багш сургуульд шинээр ирсэн хэдий ч хичээл зүтгэлтэй, ангийнхаа хүүхэд бүрийг ялгахгүйгээр ойлгохыг хичээдэг..таны дайралт ширүүн догшин байна...хүүхдүүдээсээ авсан мэдээллийг үндэслэл болгож байгаа ч нөгөө талаасаа юу ч сонсохыг хүсэхгүй байна... гэх мэт зүйлсийг бичсэн байна. Түүнчлэн хэрэгт тус сургуулийн багш У/ Ch****** / гэрчээр мэдүүлэг өгсөн ба тэрээр “ ...тийм зүй бусаар харьцах, ялгаварлан гадуурхах, дээрэлхэх байдал гаргаж байгаагүй... сургуулиас гарсан талаар мэдээгүй, 12 дугаар сард өвлийн амралтаар амраад 1 сард сургууль эхлэхэд хүүхдүүд ирээгүй ..” гэж хариулжээ.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, 221.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх” талаар заасан.
Талуудын дээрх харилцан ойлголцохгүй, хэн аль нь өөрсдийн зөв гэж үзэж байгаа тохиолдолд талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг цаашид үргэлжлүүлэх буюу нэг тал нь хүүхдүүдээ сургах, нөгөө тал нь суралцуулах боломжгүй болсон гэж шүүх дүгнэсэн болно. Тодруулбал хүүхдүүдийг тухайн сургуулийн багш нь дээрэлхсэн, ялгаварлан гадуурхсан нөхцөл байдлыг хүүхдүүд баримтжуулахыг үүрэг болгох нь, эсхүл багш буруутай үйлдэл гаргаагүй болохыг сургуулийн зүгээс нотлохыг шаардах аль аль нь боломжгүй , гагцхүү талуудын тайлбар, харилцсан захидлын агуулгаар бол талууд үүссэн нөхцөл байдлыг харилцан ярьж, ойлголцох байдал хангалтгүй байснаас гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээг талууд харилцан тохиролцож цуцлах журмыг тогтоосон байх ба талууд энэ журмын дагуу гэрээг цуцалж, цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт “ Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ “ гэж заасан байх тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 39,176,046 төгрөгөөс сургуульд хамрагдаагүй үеийн 19,588,023 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардан авах эрхтэй байна.
Санхүүгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “ Сурагч нь хичээлийн жил дуусахаас өмнө сургуулиа орхисон бол ямар ч шалтгааныг үл харгалзан сургалтын төлбөрийг буцаан олгохгүй. “ 6.1 т “ Сурагч нь ямар ч шалтгаан, хугацаагаар хичээлд суугаагүй байсан, сургалтын төлбөр хөнгөлөхгүй, буцааж олгохгүй “ гэх заалт нь Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд заасан байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон заалт болох нь суралцагч бүрд уг санхүүгийн дүрмийг танилцуулдаг гэх хариуцагчийн тайлбараар тогтоогдоно.
Энэхүү тохиролцоо нь гэрээний нөгөө талынхаа үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэж байна. Тодруулбал ямар ч тохиолдолд нөгөө талыг гэрээнээс татгалзах эрхгүй байхаар тусгасан нь хүчин төгөлдөр бус байна. Улмаар Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч буюу сургуулийн зүгээс ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байдаг тул тухайн хичээлийн жилийн тал хэсэгт суралцуулах үүргээ биечлэн гүйцэтгэсэн, тухайн гүйцэтгэлийг буцаах боломжгүй тул гүйцэтгээгүй үүрэгт ногдох 19,588,023 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “ Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй “ гэж заасан байдаг ба шүүх талуудыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээсээ татгалзсан гэж дүгнэсэн тул хэн аль нь нөгөө талаасаа хохирол шаардах эрх үгүйсгэгдэж байх тул эрх зүйн туслалцааны хөлс болон хүүхдүүдийг өөр сургуульд сургах болсонтой холбоотойгоор төлсөн зардлуудыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 , 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М сургууль БСБ-аас 19,588,023 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд найрамдах Турк улсын иргэн Ө-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,145,779 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ