| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2018/00037/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Б.Ичинхорол
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 1840000490036 тоот хэргийг 2018 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг хүүхдийн цэцэрлэгийн зүүн талд 2018 оны 05 сарын 09-ний өдөр хохирогч Д.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулд шарх, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:
-Хохирогч Д.Т ын 2018 оны 05 сарын 17-ны өдрийн хохирогчоор өгсөн: “Би 2018 оны 05 сарын 09-ний өдөр 17 цаг 30 минутын үед ажлаа тараад Засаг даргын Тамгын газрын баруун талд байх “Гал сүм" хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Ерөөл архинаас 1 шилийг авч хадам ээж У-ийн төрсөн ах болох Б ахтай хувааж уухаар гэрт нь очиход Б ах гэртээ байгаагүй. ...Ингээд би дэлгүүрээс авсан архиа гаргаж Э, Б ах нартай хувааж уусан. Ингээд би авсан ганц шил архиа хувааж ууж дуусчихаад гэртээ харихаар баруун зүгт явж байхад миний хойноос Б ах гарч ирээд хашааны буланд суугаад үлдсэн юм. Харин би Э ахын эгнээний баруун урд үзүүрт У /Бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гэдэг залуутай тааралдаад юм яриад зогсож байсан чинь Б ахын том хүү болох Б нь баруун хойд хэсгээс мотоцикльтой ирж зогсоод үгийн зөрүү байхгүй У гийн цээжин тус газар нэг удаа цохих шиг болоход У хойшоо ухархад Б нь хойноос явж байгаад 10 метр орчим холдсоноо эргэж хүрч ирсэн. Эргэж хүрч ирэхдээ тэр 2 тэврэлдээд ирсэн. Тэр 2-ыг яагаад тэгсэнийг би мэдэхгүй. Ингээд Б эргэж над дээр ирээд "Чи манай аавыг алах гэлээ" гээд шууд миний 2 мөрнөөс барьж байгаад нүүр лүү 2-3 удаа мөргөсөн. Энэ үед хамар амнаас цус их хэмжээгээр гарч миний дээд талын үүдэн нэг шүд унаж, 1 шүд хөдөлсөн. Энэ үед Б-ийн ээж болох Ж Б тулж явдаг таягаар цохиж цааш нь аваад явсан. Харин би эмнэлэгт Ч эмчид үзүүлээд цагдаад хандах гэсэн боловч сумандаа байхгүй Хэнтий аймгийн Чингис хотод сургалтанд явсан байсан. Ингээд би сумынхаа цагдааг ирэх үед нь хандах гэсэн боловч анх үзүүлсэн эмчийнхээ бичгийг айлд үлдээчихсэн байсан чинь нөгөө айлын эзэд гэрээ цоожлоод Улаанбаатар хот явчихсан, дээр нь ажил амжихгүй байсаар байгаад 2018 оны 05 сарын 16-ны өдөр цагдаад хандсан. Э, Б бид 3 гэмгүй сайн ах дүү нар юм. Тухайн үед архи ууж хоорондоо муудалцах зүйл гараагүй, ганц шил архи хувааж уугаад л салсан. Намайг Э ахын гэрт очиход Э, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ч мөн адил хэрэглээгүй байсан. Учир нь би ажлаа тараад явж байсан юм. Ямар шалтгаанаар цохьсоныг мэдэхгүй, ирээд шууд л цохьсон. Б намайг мөргөхдөө "Чи манай аавыг алах гэлээ" гээд мөргөсөн. Би Б-ийн аав Б ахад ямар ч гэм хор хийгээгүй. Б ахтай муудалцсан зүйл байхгүй байхад тэгж хэлээд мөргөсөн. Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би одоогоор эмчилгээнд ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулж эмчилгээ хийлгээгүй. Би унасан шүднийхээ оронд шүд хийлгэх тул шүдтэй болоход гарсан бүх зардлыг Б-оос гаргуулж авна. Учир нь Б намайг мөргөсөнөөр миний эрүүл шүд унасан. Хэрэв Б нь миний шүдийг бүрэн бүтэн болгоод өгчихвөл надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 /
- Гэрч Л.Ж гийн 2018 оны 05 сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн “Би хуульд заасан эрхээ эдэлж өөрийн төрсөн хүү болох Б.Б-той холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Харин бусад байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Т-ыг танина. Т нь манай нөхөр Б гийн төрсөн дүү У-ээс гарсан охин С-ийн нөхөр байгаа юм. Нэг ёсондоо Т бид 2 бол нэг айлын хүргэн бэрүүд байгаа юм.
Миний мэдэхээр Т нь манай нөхөртэй хэрэлдэж маргалдсан зүйл сонсогдож байгаагүй. Хэрэв тийм асуудал гарах юм бол мэдэгдэнэ. Энэ талаар манай нөхөр Б нь надад хэлж ярьж байгаагүй. Би тухайн үед хүүхдийн цэцэрлэгт ачийгаа тоглуулаад байж байхад манай гэрийн зүгээс хүмүүс хоорондоо чанга чанга яриад байхаар нь хартал манай хүү Б Т 2 хоорондоо барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь би очиход өөрийн болох Б-д уурлаж хүнтэй хэрэлдэж маргалдах гэлээ гээд Т аас салгаад аваад явсан. Харин Т ыг яв гээд хөөгөөд явуулсан. Тухайн үед Т Б 2 л байх шиг байсан. Өөр хүн харагдаагүй. Би анзаараагүй учир нь би Б-д уурлаж салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
- 2018 оны 05 сарын 17-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 4/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 25-ны өдрийн №240 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1.Д.Т ын биед үүдэн шүдний булгарал, дээд уруулд шарх, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон
гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 5/,
Шүүгдэгч Б.Б-ийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 05 сарын 09-ний өдөр хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хул шар өнгийн Даюун маркийн мотоцикльтой сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай 2 ширхэг "Сэрүүн" пиво уугаад "Хүүхдийн цэцэрлэг"-ийн зүүн талд байх аав Б гийн гэр лүү явж байх үед хашааны гадаа манай сумын Засаг даргын тамгын газарт татварын байцаагч ажилтай Д.Т, У буюу Ц нар нь манай аавтай муудалцаад байгаа бололтой зогсож байхаар нь би очоод мотоцикльноосоо бууж эхэлж Ц-ыг барьж авч манай аавыг яагаад байгаан гээд уурлаж энгэрээс нь зуурч хашаанд шахахад Ц нь "Бид 2 яагаачгүй ш дээ" гэхээр нь буцаж Т дээр ирж "Яагаад хөгшин хүн рүү дайрч давшлаад байгаан" гэхэд Т нь өөдөөс өөрийгөө өмөөрч өрвөгнөж бид 2 хоорондоо маргалдаж муудалцсан. Би тухайн үед Т ыг юу гэж хэлсэн эсэхийг одоо санахгүй байна. Ингээд би жаахан халамцуу байсан болохоор уурандаа Т ыг энгэрээс нь татаж нэг л удаа мөргөчихсөн чинь амнаас цус гарсан. Энэ үед манай ээж болох Ж хаанаас ч юм гэнэт гарч ирээд над руу уурлаж хүнтэй муудалцлаа гэж загнаж зандраад гэр лүү оруулсан. Харин Т баруун зүг буюу "Хүүхдийн цэцэрлэг"-ийн зүгт явсан. Ц харин хойд зүг рүү явсан. Ингээд би гэртээ амарсан. Тухайн үед Т, манай аав Б, У буюу Ц гэдэг залуу байсан. Өөр хүн харагдаагүй. Т ыг мөргөх үед манай аав Б болон Ц байсан. Гэхдээ тэр 2 намайг Т тай муудалцах үед хашааны баруун талын булан хавьд зогсож байсан. Т бид 2-ыг муудалцахыг манай аав Б , Ц нараас өөр харсан хүн байхгүй. Харин манай ээж харсан байж магадгүй. Намайг Т ын нүүр лүү мөргөсөний дараахан ээж гэнэт гараад ирсэн. Би ээжийг хаанаас ирсэнийг анзаараагүй. Намайг ирэхэд Т нь манай аав Б тэй хэрэлдэж маргалдаад байгаа бололтой гар хуруугаараа чичлээд байх шиг байсан. Харин Ц нь аавын хажууд зогсож байсан. Гэхдээ тэд нар хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй. Манай аав Б , Т , Ц нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц бид 2-ын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болж бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин би анх ирээд Ц руу дайрч юу болоод байгаан талаар асууж тодруулан дайрч давшилан энгэр заамнаас нь зуурсан асуудал байгаа. Гэхдээ би Цэрэннадмидын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би анх манай аавтай хэрэлдэж маргалдаж муудалцаад байна гэж бодсон. Манай аав одоо 60 хүрч яваа, бие муутай хүн байдаг юм. Тэгээд би Т ыг манай аавыг бие муутайгаар нь далимдуулж дээрэлхэж байна гэж бодоод уурандаа мөргөчихсөн. Т миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед 2 ширхэг пиво уусан байсан болохоор өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох чавдартай байсан. Тухайн үед уурандаа л ийм зүйл хийчихлээ, би энэ үйлдэлдээ гэмшиж Т аас уучлалт гуйж, шаардагдах эмчилгээний зардал мөнгө болох 500.000 төгрөгийг Т ын дансанд нь хийсэн. Одоо Т бид 2-ын дунд ямар нэгэн таарамжгүй зүйл байхгүй. Т нь намайг уучилж надад гомдол саналгүй гэдэг бичгээ бичиж өгсөн байгаа. Өмнө нь бид 2-ын дунд ямар нэгэн хэрэлдэж маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. Би Т ыг буруу бодож уурандаа нүүрэн тус газар нь мөргөж үүдэн дээд нэг шүдийг нь унагаасандаа харамсаж байна. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож Т аас албан ёсоор уучлалт гуйж, эмчилгээнд зарцуулах мөнгө болох 500.000 төгрөг өгсөн. Т бид 2-ын дунд ямар нэгэн гомдол санал байхгүй учир шүүх прокурорын ах эгч нар та бүгд миний үйлдсэн хэрэгт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /
- Шүүгдэгч Б.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-24 /
- Хохирогч Д.Т ын 2018 оны 05 сарын 17-ны өдөр өгсөн: “Миний бие Д.Т нь 2018 оны 05 сарын 09-ний өдөр иргэн Б.Баасандоржид мөргүүлж үүдэн шүдээ унагаасан тухай цагдаагийн газарт мэдэгдсэн. Б.Б нь миний энэ эмчилгээний зардал болох 500000 төгрөгийг барагдуулна гэсэнд итгэж байгаа учир ямар нэгэн гомдолгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 33/,
- 2018 оны 05 сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 34/
- Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Д.Т д 500000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг хүүхдийн цэцэрлэгийн зүүн талд 2018 оны 05 сарын 09-ний өдөр хохирогч Д.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж үүдэн 1 шүдний булгарал, дээд уруулд шарх, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Т ын мэдүүлэг, гэрч Л.Ж гийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 25-ны өдрийн №240 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Баасандоржийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Т нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Т д 500000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,
7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т д 500000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ