| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10044/И |
| Дугаар | 192/ШШ2025/09534 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09534
2025 11 18 192/ШШ2025/09534
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, өөрийн байранд байрлах Т ХК /РД:2******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 51,875,030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э миний бие хариуцагч Т ХК-тай харилцан тохиролцож 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 7 сарыг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад боомтоос БНХАУ-ын Ганц мод боомт хүрэл нүүрс тээвэрлэсэн. Нүүрсийгтээвэрлэхдээ өөрийн өмчлөлийн ***0 УБЕ улсын дугаартай чирэгч, 2*** ГЧ улсын дугаартай чиргүүлийг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлэн, тэдний заасан газарт тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч Т ХК-ийн санхүүтэй 2024 оны 5 дугаар сарын 30, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд харилцан тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийн хэмжээг тогтоосон бөгөөд хариуцагч тал хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхгүйгээр өдийг хүрлээ. Миний бие ажлын хөлсийг өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч байгууллага удахгүй өгнө, дараа мөнгө орж ирэхээр өгнө гэж хойшлуулсаар байна. Иймд хариуцагч Т ХК-иас 51,875,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. гэжээ.
Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Т ХХК нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Нэхэмжлэгч Д.Э миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 51,875,030 төгрөгний 2,000,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 49,875,030 төгрөгийг хариуцагч Т ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэврлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь Т ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 51,875,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлага болох 51,875,030 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,875,030 төгрөгийг хариуцагч Т ХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 49,875,030 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Э-ийн нэхэмжлэлтэй Т ХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлага болох 51,875,030 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,875,030 төгрөгийг хариуцагч Т ХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 49,875,030 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,325 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 208,662.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 208,662.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ