| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/08044/И |
| Дугаар | 192/ШШ2025/09788 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09788
2025 11 24 192/ШШ2025/09788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоотод байрлах Т ХХК /РД:*****4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Э-ийн Д /РД:РЛ****/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 38,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, И.А
Гэрч Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын төслийг амжилттай хэрэгжүүлж 2020 онд бүрэн дууссан билээ. Э овогтой Д нь уг Үйлчилгээтэй, орон сууцны хорооллын төслийн **-р байрны 1 давхрын ** тоот орон сууцыг захиалж, №12******14 тоот Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулагдсанаар захиалагч тал хүсэлт гаргаж төлбөрөө бүрэн төлөөгүй боловч үйлчилгээний талбайг хүлээн авч ашиглаж эхэлсэн юм. Уг гэрээний 2.4 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна. Гэтэл төлбөрийн үлдэгдэл болох 71,910,000 төгрөгийг төлөлгүй жил гаруй хугацаа өнгөрч 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөгт тооцуулан бартерт Land cruiser prado 150 маркийн авто машиныг өгсөн юм. Үлдэгдэл 1,910,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлөх хүсэлтийг захиалагч гаргаж, хугацаа олгосон ч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй бөгөөд ямар нэгэн санаачилга гаргаагүй байна. Гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 71,910,000 төгрөгт 0.2 хувийн алданги тооцвол нэг өдрийн алданги /143,820/ төгрөг. Үүнийг гэрээний үлдэгдэл төлбөр өгөх өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 70,000,000 /далан сая/ төгрөгт тооцуулан бартерт Land cruiser prado 150 маркийн авто машиныг өгсөн өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх /375/ хоногт үржүүлснээр нийт алданги /53,932,500/ төгрөг. (143,820 төгрөг*375 хоног =53,932,500 төгрөг) 2023 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлөх үлдэгдэл төлбөр болох 1,910,000 төгрөгт 0.2 хувийн хүү тооцвол нэг өдрийн алданги 3,820 төгрөг. Үүнийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,910,000 төгрөгийг төлөх өдөр болох 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 7-р сарын 24-ны өдөр хүртэлх нийт 604 хоногт үржүүлснээр нийт алданги 2,307,280 төгрөг. (3,820 төгрөг*604 хоног= 2,307,280 төгрөг) Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 71,910,000 /далан нэгэн сая есөн зуун арван мянга/ төгрөгийн 50 хувь нь 35,955,000 төгрөг, 1,910,000 төгрөгийн 50 хувь нь 955,000 төгрөг байна. Иймд Үйлчилгээний талбай захиалгын гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 1,910,000 төгрөг, алданги 36,910,000 төгрөг (35,955,000 төгрөг+955,000 төгрөг = 36,910,000 төгрөг), нийт 38,820,000 төгрөгийг Э овогтой Д-өөс гаргуулж өгнө үү “гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Д нь үйлчилгээний талбай захиалсан бөгөөд 71,910,000 төгрөгийг төлөөгүй, 2023-12-27 нд үлдэгдэл 70,000,000 төгрөгт Прадо маркын автомашиныг тооцон өгсөн, ингээд 1,910,000 төгрөгийг өгөөгүй, үүний алданги 955,000 төгрөгийг нэхэмжилнэ. Үүн дээр гэрээнд зааснаар төлбөр төлөх эцсийн өдөр болох 2022-12-10 ний өдрөөс машин өгсөн 2023-12-20 ний өдрийг хүртэлх алданги 71,910,000 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул 35,955,000 төгрөг, нийт 38,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.08.13-ны өдрийн 192/ШЗ2025/33256 дугаартай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Х-ад олгосон итгэмжлэл, 2021.12.16-ны өдрийн 12******4 дугаартай үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, Э.Д-ийн гаргасан хүсэлт зэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Э.Д нь үйлчилгээний талбай захиалсан...71,910,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 70,000,000 төгрөгт Прадо маркын автомашиныг өгсөн...ингээд 1,910,000 төгрөгийг өгөөгүй... Одоо гэрээнд зааснаар төлбөр төлөх эцсийн өдөр болох 2022-12-10 ний өдрөөс машин өгсөн 2023-12-20 ний өдрийг хүртэлх 71,910,000 төгрөгийн алдангид 35,955,000 төгрөг, үндсэн төлбөрт 1,910,000 төгрөг, түүний алданги 955,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
3. Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 12******4 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь орон сууцны хорооллын төслийн 115-р байрны 1 давхрын 1004 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар, захиалагч буюу хариуцагч нь 95,910,000 төгрөгийг 2021-12-16 ний өдрөөс 2022-12-10 ний өдрийг хүртэлх хугацаатайгаар төлж барагдуулахаар тохирчээ. Улмаар 24,000,000 төгрөгийг хариуцагч хуваарийн дагуу төлж барагдуулсан боловч сүүлийн төлбөр болох 2022-12-10 нд төлбөл зохих 71,910,000 төгрөгийг төлөөгүй байжээ.
Гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг 2021-12-16 ний өдөр хариуцагч тал хүлээн авсан буюу уг үл хөдлөх хөрөнгө нь гэрээ байгуулагдах үед ашиглалтад орсон хөрөнгө байсан талаар нэхэмжлэгч тайлбарлана. Хэрэгт хариуцагч Э.Д-ийн хүсэлт гэх гараар бичсэн баримт авагдсан ба тухайн баримтад “ ...Үлдэгдэл 72,000,000 төгрөг, Prado 150 маркын машин 70 саяд тооцоод үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2023-12-28 ний өдөр төлнө. Иймд тус тоот үйлчилгээний талбайг хугацаа хэтэрсэн тул төлбөрт тооцогдох алданги торгуулиас чөлөөлж, гэрчилгээг олгож өгнө үү ...“ гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** тоот хаягт байрлах 41,7 м кв үйлчилгээний зориулалттай талбайг 2023-12-28 ний өдөр анх удаагаа Э.Д өмчилсөн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаар тогтоогдоно.
2023-12-27 ний өдөр *** УНБ улсын дугаартай Land cruiser Prado маркын автомашин нь нэхэмжлэгч байгууллагад буюу Б.Ж-ийн нэр дээр шилжсэн байх ба тэрээр шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “... уг тээврийн хэрэгслийг 70,000,000 төгрөгийн төлбөрт тооцон авсан ...” гэж тайлбарлана.
5. Нэхэмжлэгч ...талуудын хооронд байгуулсан гэрээнд 71,910,000 төгрөгийг 2022-12-10-ний өдөр төлөх ёстой байхад 2023-12-20 -ний өдөр автомашин тооцож өгсөн , энэ хоорондох алдангиа нэхэмжлэх эрхтэй ...гэж тайлбарладаг бол хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байхыг шаарддаг.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй ...орон сууцыг 1 м кв-аар нь 2,300,000 төгрөгөр үнэлж, нийт 95,910,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцжээ. Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн, гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг ба худалдах худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө,... байх ба тэрхүү хөрөнгө нь ирээдүйд худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох хөрөнгө байдаг. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Улмаар гэрээний төлбөрөөс хариуцагч нь 24,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж, 70,000,000 төгрөгт *** УНБ улсын дугаартай Land cruiser Prado маркын автомашиныг нэхэмжлэгч талд төлбөртөө тооцон өгч, үлдэх 1,910,000 төгрөгийг 2023-12-28 ний өдөр төлөхөөр хариуцагч Э.Д хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд ...алданги торгуулиас чөлөөлж, гэрчилгээг гаргаж өгнө үү ...гэжээ. Үүний дагуу автомашиныг нэхэмжлэгч тал шилжүүлэн авсан байхаас гадна үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Д-ийн нэр дээр гарсан байх тул шүүх 71,910,000 төгрөгт холбогдох алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй. Тодруулбал хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ ...төлбөрөө хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр ..” харилцан тохиролцсон байх боловч талууд 2023-12-27 ний өдөр хоорондоо өр төлбөртөө автомашин тооцон авснаар алданги төлөхгүй гэх агуулгаар тохирсон байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүхээс талуудын байгуулсан дээрх хэлцлийн зорилгыг байгуулах үеийн нөхцөл байдал, агуулгад үндэслэн дүгнэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан гэрээг тайлбарлах зарчимд нийцнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 35,955,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ.
Харин гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь худалдан авагчийн хувьд нөгөө талдаа өгөх үүрэгтэй учраас нэхэмжлэгч 1,910,000 төгрөгийг шаардах эрхтэй. Мөн талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр алданги тохирсон тул үндсэн төлбөрийн үлдэгдэлд тохирох 955,000 төгрөгийн алданги, нийт 2,865,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,232,4 дэх хэсэгт нийцнэ. Тодруулбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй “ гэж заасан байх тул 1,910,000 төгрөгийн тал хувь 955,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Д-өөс 2,865,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,955,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 562, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ