Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Ч.Нямцэцэг, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ноосонгууд овогт Чимбээгийн Нямцэцэгт холбогдох 1711010880316 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 8 настай хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 529 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Ч.Н (РД:********),

нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 138 дугаар сургуульд нийгмийн ажилтнаар ажилд орохдоо Монгол Улсын Их Сургуулийг 2007 онд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр суралцаж төгссөн гэх D200713202 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2003 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуульд сурч байгаад 2004 онд сургуулиа хаяад бизнес хийсэн юм. Тэгээд наймаа хийж байгаад 2007 онд 40 орчим насны эгчтэй “диплом гаргана” гэсэн зарын дагуу утас руу нь ярьж танилцсан юм. Ямар сонин гэдгийг одоо санахгүй байна, сонинд гарсан “диплом гаргана” гэсэн зарын дагуу холбогдсон юм. Тэгээд тэр эгч надад 3,000,000 /гурван сая/ төгрөг өгчих би Монгол Улсын Их Сургуулийг төгсгөөд өгье гэж хэлээд мөнгө авч явсан. Тэгээд би сургуульд очиж сураагүй байж байхад хавар надад диплом чинь гарчихсан гэж хэлээд Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ажилтны диплом авчирч өгсөн. Тухайн үед би хуурамч эсэхийн шалгаагүй аав, ээждээ үзүүлээд тэгээд ашиглаагүй юм. 2015 онд уг дипломоор Төв аймагт очиж Төрийн албаны шалгалт өгсөн. Тэгээд 2015 оны 11 сарын үед “Улаанбаатар” банкны 4 давхард байдаг нотариатад очиж батлуулах гэтэл хуурамч байна гэж хурааж аваад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаад дипломыг устгаж намайг явуулсан. Би тухайн дипломоор 2012 онд “Цэцээ Гүн” дээд сургуулийн магистрын ангид элсэн орж төгссөн. Тэгээд 2016 онд Нийслэлийн 138 дугаар сургуульд ажилд орох гэж нөгөө хуурамч дипломын канондсон хуулбараар нь шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай нутгийн эгч болох Б гэх хүн над руу утсаар ярьж чиний өнгөрсөн жил шалгалт өгсөн сургуулиас залгаж байна орон тоо гарсан гэнэ, ажилд орох уу гэхээр нь би тэгье гэж нөгөө дипломынхоо канондсон хуулбарыг авч очиж захиралтай нь уулзаад 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 138 дугаар сургуульд нийгмийн ажилтнаар ажилд орсон. Тэгээд 9 дүгээр сарын 24-ний өдөр Мэргэжлийн Хяналтаас шалгалт ирээд “надад хандаж таны диплом хуурамч юм байна, таны дипломыг шалгаж үзнэ” гэж явсан юм. Тэгээд захирал намайг дуудаж уулзаад чамайг бичиг баримтын зөрчилтэй гэж байна. Ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгээд би ажлаас гарах өргөдлөө бичиж өгөөд яваад өгсөн юм. Тэрнээс хойш ажилдаа очоогүй. ...Би магистрын хичээлд явах үед бичиг баримтаа канондож л аваачиж сурчихсан. Эх хуулбарыг нь аваачиж үзүүлээгүй. ...Хуурамч диплом гэдгийн мэдсээр байж ажилд орсон миний буруу. Миний диплом хуурамч эсэх талаар нь 138 дугаар сургуулийн захирал мэдээгүй.” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Г.Б: “…Миний захирал хийж байгаа 138 дугаар сургууль 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн сургууль байгаа юм. Тэгээд энэ жил 9 дүгээр сарын 27-ны өдөр манай сургууль дээр Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас боловсролын байцаагч Н гэж хүн ирж манай дээр шалгалт хийсэн юм. Тэгээд манай сургуульд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нийгмийн ажилтнаар ажилд орсон Ч.Н гэж хүний диплом нь асуудалтай юм шиг байна гээд шалгах гэж авч явсан юм. Тэгээд хуурамч диплом байна гэж хэлсэн юм.” гэжээ.

2.Я.Н: “…2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Д баталсан хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 138 дугаар бага сургуульд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх журмаар хяналт хийж ажилласан. Тухайн үед тус сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ч.Н гэх хүний дипломын хуулбар дээр нь овог нэр нь байхгүй байсан учраас тус хуулбарыг авч яваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төгсөгчдийн мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд Ч.Н гэх хүний дипломын дугаар гэх 0200713202 гэсэн дугаар дээр М.А гэсэн хүний нэр байсан юм. Тэгээд Монгол Улсын Их Сургууль руу албан бичиг явуулаад шалгахад Ч.Н нь уг сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдсон юм. Тэгээд гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэжээ.

3.А.О: “…Бид хоёр хамгийн анх 2008 онд танилцаад тэгээд 2009 оноос хойш нэг гэрт ороод амьдарч байгаа юм. Албан ёсны гэр бүлийн батлахтай. Одоо дундаасаа 7 настай нэг хүүхэдтэй. Н надтай суухаас өмнө Монгол Улсын Их Сургуулийн диплом байсан. 2007 онд хамт наймаа хийж байсан хүн нь гаргаж өгсөн гэж сонссон. Хэн гэдэг хүн гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай эхнэр өөрөө суралцаж төгсөөгүй. Уг дипломыг хуурамч гэж 2015 онд цагдаагаас хурааж аваад устгасан гэж хэлсэн. ...Манай эхнэр урьд ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй харин энэ жилээс ажил хийх гэж сургуульд ороод ийм асуудал болоод ажлаасаа гарчихаад байна.” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 138 дугаар сургуульд нийгмийн ажилтнаар ажилд орохдоо Монгол Улсын Их Сургуулийг 2007 онд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр суралцаж төгссөн  гэх D200713202 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Б “…манай сургуульд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нийгмийн ажилтнаар ажилд орсон Ч.Н гэж хүний диплом нь асуудалтай юм шиг байна гээд шалгах гэж авч явсан юм. Тэгээд хуурамч диплом байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Я.Н “…Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 138 дугаар бага сургуульд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх журмаар хяналт хийж ажилласан. Тухайн үед тус сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ч.Н гэх хүний дипломын хуулбар дээр нь овог нэр нь байхгүй байсан учраас тус хуулбарыг авч яваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төгсөгчдийн мэдээллийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд Ч.Н гэх хүний дипломын дугаар гэх 0200713202 гэсэн дугаар дээр Мөнхбатын А гэсэн хүний нэр байсан юм. Тэгээд Монгол Улсын Их Сургууль руу албан бичиг явуулаад шалгахад Ч.Ннь уг сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдсон юм” гэх мэдүүлэг, Монгол Улсын Их Сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны 2/3199 тоот албан бичиг, Ч.Н-ийн төрийн албан хаагчийн анкет, Ч.Н ийг ажилд томилсон 138 дугаар бага сургуулийн захирлын тушаал,  ажлаас чөлөөлсөн тушаал, Монгол Улсын Их Сургуулийн D200713202 дугаар нийгмийн ажилтан мэргэжлийн бакалаврын дипломын хуулбар, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 531 тоот дүгнэлтээр Ч.Н нь Монгол Улсын Их сургуулийг 2007 онд D200713202 дугаартай 3218 бүртгэлийн дугаартай бакалаврын диплом, хавсралт гэх баримт, түүний зуувин тэмдэг хуурамч байна гэж тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай“ Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2385 дугаар тогтоол, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ноосонгууд овогт Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын бакалаврын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов. 

Шүүгдэгч Ч.Н-ийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Цэцээ гүн дээд сургуулийн №Е20145997 дугаартай магистрын дипломыг зохих журмын дагуу Боловсрол соёл. шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ноосонгууд овогт Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын бакалаврын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямцэцэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин  мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямцэцэгт оногдуулсан торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямцэцэг нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Цэцээ гүн дээд сургуулийн №Е20145997 дугаартай магистрын дипломыг зохих журмын дагуу Боловсрол соёл. шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ