Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01918

 

 

 

 

 

 

 

 

 

Э-, С- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-, С- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цогтням,

Хариуцагч: О.Уртнасан,

Гуравдагч этгээд: Д.Цэцэгмаа, Д.Сэдэд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С-, Э- нараас 176 400 000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж 46 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203018239 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м.кв талбай бүхий авто гараашийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн тасгаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, орон сууцыг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 91 800 000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн Нийлслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 4/28022 дугаар албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр танилцан хүлээн авсан.

Хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн 105/Ш дугаар бүхий үнэлгээний тайланд 2 өрөө орон сууцын зах зээлийн үнэ, цэнийг 91 800 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд уг үнэлгээг гаргахдаа уг орон сууцыг байршил, өрөөний хувьд ойролцоо, одоогоор зарагдахаар зарлагдаж байгаа 3 орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн гэсэн тайлбарыг дурджээ.

Дээрх харьцуулсан гэх 3 орон сууцны нэгж талбайн 1 м.кв-ын үнэ нь дунджаар 1 800 000 төгрөгөөр тооцсон. Уг тооцоо өнөөгийн бодит нөхцөл байдалд огт нийцэхгүй тооцоолол бөгөөд, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд оршин буй орон сууц өнөөдөр бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, зах зээлийн бодит үнээс даруй хэд дахин бага үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сонгон авсан захиалга өгсөн гэх үнэлгээний компани нь тухайн нутаг дэвсгэрт ойролцоо байгаа 3 байрыг сонгож харьцуулсан гэх боловч хамгийн бага үнэтэй 3 байрыг сонгоод харьцуулалтын арга хэргэлэсэн гэсэн байна.

Гэтэл уг аргыг хэрэглэхдээ тухайн байрлалд буй орон сууцнуудаас тодорхой буюу хөрөнгө зуучлалын компани болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг байгууллага, худалдан борлуулах зар гаргадаг сонин, бусад мэдээллийн хэрэгсэлүүдэд тавигдсан байрны үнэнд дүн шилжилгээ огт хийгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн байрны өмчлөгч болох С- миний зүгээс үнийн санал огт аваалгүй үнэлгээ хийлгэсэн болно.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж төлбөр төлөгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С-, Э- нараас 177 439 949 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 48 м.кв талбай бүхий орон сууц, 39.2 м.кв талбай бүхий авто гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч С-, Э- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч С-, Э- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автозогсоолыг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19290438/01 тоот тогтоолоор, орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19290438/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19290438/03, 19290438/04 тоот тогтоолуудаар орон сууц, авто гараашийг хурааж, үнийн санал ирүүлэх мэдэгдлийг С-, Э- нарын гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирээгүй тул дахин 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар болон мөн өдөр Э-т өөрт нь биечлэн өгсөн.

Төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 400 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Мөнх-Оргил трейд ХХК нь 12 тоот хаягт байрлах орон сууцыг 91 800 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/28022 тоот албан бичгээр төлбөр төлөгч С-, Э- нарт тус өдөр мэдэгдсэн, төлбөр төлөгч нар нь гараашийн түлхүүр байхгүй гэсэн тул мөн хаягт байрлах автозогсоолын үнэлгээг хийж чадаагүй болно.

Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 64 260 000 төгрөгөөр тооцон 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 50 хувь буюу 45 900 000 төгрөгөөр тооцон нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч С-, Э- нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32020/02857 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С-, Э- нараас 176 400 000 төгрөгийг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн.

С-, Э- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан нь Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын эрх, ашигт муугаар нөлөөлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлөөгүй.

Авто гараашийг үнэлээгүй гэж үнэлгээний тайланд тодорхой бичээстэй байгаа, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, цаг хожиж байна.

С-, Э- нар хямд үнэлсэн гэх тайлбараа тодорхой бичээгүй, нотлоогүй. Орон сууц жижиг, мөн гадаад орчин нөхцөлөөс нь үзэхэд шинжээчийн үнэлгээ бодит байдалтай тохирч байна.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш өдий болтол ганц ч төгрөг өгөөгүй. С-, Э- нар гомдол гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 400 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Мөнх-Оргил трейд ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тайлангаар тогтоосон Сүхбаатар дүүргийн 6-р хороо, нэгдсэн үндэстний гудамж 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Боржигон овогт Сэлэнгэ Эринбилэг /ХБ64041963/, Боржигин овогт Увэнто Сэлэнгэ /ХЖ45102963/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55. дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/28022 дугаар мэдэгдэлтэй 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/11132019/14412 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үндэслэлдээ холбогдох баримтыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудыг тус тус тодорхойлон нэхэмжлэлд бичсэн байх боловч нэг хариуцагчийн хаягийг тусгаагүй зэрэг үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид заасны дагуу нэхэмжлэгч нарын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр захирамжид дурьдсан хариуцагчийн хаяг, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/28022 дугаар мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 7 хоног буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцйтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 400 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон. Мөнх-Оргил трейд ХХК нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байр 12 тоот 48.0м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд хууль зөрчсөн үнэлгээний тайлан гэж үзэх үндэслэлтэй юм.

Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч Б.Эрдэнэбаатараас асуухад үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, батлуулсан зүйл байхгүй гэж тайлбарласан.

Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлан нь хуульд заасан зарчим баримтлаагүй, шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүй тооцуулах үндэслэлээ нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөнх-Оргилд трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийг нотлох баримтаа ирүүлээгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э-, С- нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С-, Э- нараас 176 400 000 төгрөгийг гаргуулж, Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 46 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203018239 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203017240 дугаарт бүртгэлтэй 39.2 м.кв авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үүсгэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь У.Сэлэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203017239 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны 12 тоот, 48 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, мөн хаягт байрших 39.2 м.кв талбай бүхий гараашийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус хураасан байх бөгөөд уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

 

С-, Э- нарт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/25250 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/25876 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн боловч төлбөр төлөгч талаас үнийн санал өгөөгүй, төлбөр авагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон, шинжээч 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 91 800 000 төгрөгөөр үнэлж, 39,2 м.кв талбайтай авто зогсоолын үнэлгээг тогтоох боломжгүй талаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 тоот албан бичгээр мэдэгдсэн, талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 91 800 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч С-, Э- нарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн болох нь холбогдох мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан буюу нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааг 1 сар 21 хоногоор хэтрүүлэн шүүхэд гомдол гаргажээ.

 

Төлбөр төлөгч нар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс тус тус хүлээн авахаас татгалзсан байна. Уг нөхцөл байдал гомдол гаргах хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Төлбөр төлөгч нар нь барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, орон сууц өнөөдөр бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, бодит зах зээлийн үнээс даруй хэд дахин бага үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүйг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА