Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/261

 

2025           02            20                                                2025/ДШМ/261

 

М.Б, Г.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Анужин,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Алтанзул,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Алтанзул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б, Г.Т нарт холбогдох 2402 00656 0365 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овогт М-н Б, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..................... тоотод оршин суух хаягтай, /РД: ............/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

2. Ч овогт Г-н Тү, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух хаягтай, /РД: .........../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ялаас чөлөөлсөн;

Шүүгдэгч М.Б, Г.Т нар нь хамтран, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр, “С” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 1338,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус 1338,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг хар өнгийн үүргэвчинд хийж, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгт байхдаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Т-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “гялгар уутны жин нь 1796,0 грамм, цэвэр жин нь 1338,8 грамм” бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Шүүгдэгч М.Б өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэгт холбогдон, шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бүрэн биелүүлж дуусгасан. Шүүгдэгчийн ар гэрийн байдлын хувьд түүний ээж М нь элэгний цирроз өвчтэй, аав нь уурхайд ээлжийн ажил эрхэлдэг түүний ах, эгч нар тусдаа гарчихсан, шүүгдэгч ээжийгээ асарч амьдардаг айлын бага хүүхэд юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн ангилалд хамаардаг, нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах болон нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ялын төрөлтэй гэмт хэрэг билээ. Иймээс шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргадаггүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддоггүй, санаатай гэмт хэрэгт анх удаа холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсрох залуу насандаа гэмт хэрэгт холбогдсон, түүний ар гэрийн байдал, ээжийнх эрүүл мэндийн байдал зэрэг дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ял шийтгэлийг багасгаж, хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хоригдож байх хугацаандаа их зүйл ойлгож ухаарсан. Нийгмийн хор аюултай зүйл тээвэрлэж явж байснаа ойлгосон. Хэрэглээгүйдээ маш их баярлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Мөн ойлгож ухаарч байна. Залуу хүний хувьд сурч боловсрох насан дээрээ ийм гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би ............ их сургуулийн харьяа Р... а-д олон улсын харилцааны мэргэжлээр 1 дүгээр курсэд сурч байсан. Миний бие 19 настай, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа мэдүүлэг тайлбараа үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ухаарч дахин гэр бүлээ зовоохгүй, цаашид үеийн найз нөхөдтэйгөө сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа тул та бүхэн надад 1 удаа боломж олгож, итгэл хүлээлгэн, хорих ял оногдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ны өмгөөлөгч Б.Алтанзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитоор бүрэн дүүрэн хянаж үзээгүй тухайд. Шүүх  шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн ялгаж үзээгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нар болон шүүгдэгч нар хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг мэдсэн эсэх тухайд шүүгдэгч Б-с бусад нь хориотой болон сэтгэцэд нөлөөлдөг талаар мэдээгүй, мөн шүүгдэгч Б-н түүх үйлдэлд нь Г.Т оролцоогүй болох нь түүний өөрийн “... тэр үед Гүнтийн пост дээр цагдаа нар байхад Б замаас гараад уулын зам руу ороод намайг энэ цүнхтэй зүйлийг аваад алхаад явдаа гэж хэлээд өөрөө уулын шороон замаар явсан...”, “...тэгээд миний араас цагдаа нар ирж цүнхийг онгойлгож үзэхэд уутгүй задгай өвс байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т-ны “...би хоносон газраасаа хөдлөхдөө унтчихсан. Тэгээд гүнтийн постны ойролцоо очоод Б намайг сэрээгээд өөрийнхөө хар өнгийн үүргэвч цүнхийг нь өгөөд энэ гудамжаар алхаад цаад талд нь гарчих” гэж хэлээд намайг буулгаад явсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... би тэр өвсийг сонирхоод түүж авсан, надад ямар нэгэн худалдаалах борлуулах хүнд өгөх зорилго байгаагүй, би тэр өвсийг олоод өөрийн хар цүнхэндээ түүж хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч А-н “...юмаа аваад буух уу, машин барих уу гэж хэлэхэд Т “би үнэмлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл энэ Б цүнх аваад тэрүүгээр явчих гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч О-н “... тэгээд маргааш өдөр нь сэрээд гарсан чинь Т хоол хийж байсан, Б нь байхгүй байсан. Хоол болохын өмнө Б ирээд бид нар хоолоо идчихээд буцаад Улаанбаатар хот руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг зэргээс энэ гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэл харилцаанд шүүгдэгч Г.Т оролцоогүй болно. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд “Шүүгдэгч Т-д холбогдох үйлдлийг прокуророос М.Б-тэй хамтран, урьдчилж үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, зөвхөн худалдаалах зорилгогүй хадгалсан үйлдэлд хамжигчаар оролцсон” гэж зүйлчилсэн боловч прокуророос ирүүлсэн зүйлчлэлийн ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэх агуулгад нийцэхгүй байна.

2. Гэмт хэрэгт хамтран оролцох, түүний хэлбэр агуулга.

 Гэмт хэргийн хамтран оролцогч нь Монгол Улсын дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай тогтоолд “Гэмт хэрэгт хамтран оролцох” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана, мөн “...хамжигч...” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл, уг гэмт хэргийг хамтран үйлдэх ойлголтын тухайд тодорхой нэг зорилгод хүрэх бөгөөд эхлээд санаа сэдэл үүсэж дараа нь хамтран оролцох үйлдлээр илрэх боловч шүүгдэгч Г.Т-ны тухайд ердөө 2 сонголт байсан бөгөөд нэг бол машин барьж яв, нэг бол энэ цүнхийг аваад яв гэх үед нь үнэмлэхгүй тул цүнхийг авч үлдсэн тухайгаа шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд тууштай мэдүүлдэг. Иймээс шүүгдэгч Г.Т-ны үйлдэл нь гэмт хэргийн санаа зорилго нэгдсэн үр дүнд хүрэх агуулгагүй байхаас гадна энэ төрлийн зүйл нь сэтгэцэд нөлөөлөх мөн Монгол улсад хориотой талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байсан нь энэ гэмт хэрэгт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хамжигчаар татагдсан нөхцөл байдлыг илэрхийлнэ.

3. Гэмт хэргийн нийгмийн хор аюул түүний шинж байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэх ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. Мөн тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” хэмээн тодорхойлсон ба мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм бэлдмэлийг хадгалах үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулахгүй бөгөөд гэмт хэрэг гарах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байдгаараа онцлог төрлийн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Г.Т-ны хувьд уг гэмт хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас холбогдсон тул түүний гэм буруугийн хэлбэр хэргийн нөхцөл байдал болон гэм буруугаа ухамсарласан. Нөхцөл байдлыг ухамсарлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо болон нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон. Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцсон үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй хэдий боловч шалган нэвтрүүлэх постын шалгалтыг хараад яах талаараа харилцаж байгаа үйл баримт тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна....” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Б, Г.Т нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Б, Г.Т нар нь хамтран, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр, “С” амралтын газрын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 1338,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус 1338,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг хар өнгийн үүргэвчинд хийж, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгт байхдаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч П.О-н “...Өглөө нь Т эрэгтэй найзын хамт нэг зүйл сорж байхыг нь А бид хоёр харсан юм. Тухайн хэрэглэж байгаа зүйлийг нь тамхи гэж бодоод би нэг удаа сорсон. Тэгээд хоол унд хийж идээд, хот руу 14 цагийн үед хөдөлсөн. Хот руу орж ирж байхдаа цагдаад шалгуулахад машинаас цүнхтэй нэг юм гараад, тэр дотор нь өвс гэх зүйл илэрсэн. Би мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байсан талаар мэдээгүй, тэр хоёрын түүж байхыг нь хараагүй. ...Ар гүнтийн даваан дээр очих үед Б Т-д хандаж “юмаа аваад буучих, эсвэл машин бариад явчих” гэж хэлэхэд Т машинаас хар өнгийн үүргэвч цүнхийг аваад буусан. ...” /1 хх 79-80, 114- 115/,

гэрч А.А-н “... О бид хоёрыг өдөр 12 цаг өнгөрч байхад сэрэх үед Т, Б нар байхгүй байсан. Бид хоёр босоод гар нүүрээ угаагаад, ойр зуурын ариун цэвэр дээрээ анхаарч байх үед буюу 13 цагийн орчимд Т, Б хоёр ирсэн байсан. Бид нар хоолоо хийж идээд, нэг харахад Т, Б нар нь хар өнгийн тамхи татаж байхад нь О очоод “энэ нөгөө блэйк девил гэдэг нэртэй тамхи байна” гэсэн. ... Т, Б нар замдаа ямар нэгэн өвс ургамлын зүйл түүгээгүй. ... Т хар өнгийн цүнхээ үүрээд буусан байсан. Тэгээд бид нарыг байгаа газарт Т-г авч ирээд хар өнгийн цүнхийг нь шалгаж үзэхэд ногоон өнгийн ургамал байсан. ... Бид нар хоолоо идчихээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Ар гүнтийн даваан дээр очих үед Б Т-д хандан “юмаа аваад буух уу, машин барих уу” гэж хэлэхэд Т нь “би үнэмлэхгүй” гэж хэлэхэд Б “тэгвэл цүнхээ авч буугаад тэрүүгээр ороод явчих /зуслангийн байшингийн зүг рүү заасан/, тэгээд пост өнгөрөөд зогсож бай” гэж хэлсэн. Т машинаас Б-н өгсөн цүнхийг аваад буусан. Дараа нь замын цагдаа бид нарыг зогсоогоод ... шалгачихаад “бид нарыг байж бай” гэснээ Т-г аваад ирсэн. Тэгээд Т-ны үүрч явсан цүнхийг шалгахад өвс байсан. ...” /1 хх 87, 110-111/,

гэрч Ч.Г-н “...Тухайн үед Ар гүнтийн постоор .... УЕК улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл нэвтрэх үед Экологийн цагдаагийн алба хаагч Азбаяр анх зогсоож шалгаж байсан. Тэгээд машиныг шалгаад явуулахаар нь би тэр машиныг харахад ар талдаа номергүй байхаар нь арга хэмжээ тооцсон. Тэгтэл жолооч болох М.Б-н гар ногоон өнгийн туяатай байхаар нь би жолоочийг шалгаж байх үед Онцгой байдлын албанаас хамт гарч байсан алба хаагч 00 орж ирэхдээ “сая наад машин чинь намайг 00 орж байхад хойно нэг хар үүргэвч үүрсэн хүнийг буулгаад явуулсан” гэхээр нь Азбаярыг Онцгой байдлын алба хаагчтай явсан зүг рүү нь явуулахад байхгүй байсан. Тэр үед би тээврийн хэрэгслийн жолооч М.Б-г хамт явж байсан хоёр эмэгтэй хүнтэй нь хамт саатуулаад байж байтал хойд уулын энгэрээр, зуслангийн байшингийн дундуур нөгөө хар үүргэвч үүрсэн хүн пост тойроод алхаад явж байхаар нь А-т хэлж нөгөө хүнийг очиж авахуулсан. Тэгтэл тэр хүний үүрсэн хар өнгийн үүргэвч цүнх дотор нь ногоон өнгийн ургамал байсан. ... Би тухайн өвсний жинг ойролцоогоор 2 кг гэж тооцоолсон, нарийн жингээр жинлэж үзээгүй. ...” /1 хх 102-103/,

гэрч Б.А-н “... Тухайн өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд 17 цагийн үед авто замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад дээрээс даваа даваад цагаан өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл зам уруудаад, миний зогсож байсан газраас 100 гаруй метрийн зайтай зогссон. Тэгээд зогсож байхад нь арын хаалга онгойж, цагаан өнгийн футволктой, хар өнгийн үүргэвч үүрсэн, 180 см орчим өндөртэй, сэжиг бүхий хүн буугаад зам гарч, зуслангийн байшин дундуур ороод цааш явах шиг болсон. Удалгүй уг цагаан өнгийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд, уруудаад ирэхэд нь зогсоож шалгахад ....УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг машиныг жолоодож явсан М.Б гэгч нь хоёр эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн шалгаж байх үед дотроос нь мансууруулах төрлийн ургамлын үнэр үнэртээд байсан. Тэгэхээр нь түрүүн буусан хүнийг олохоор хамт үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн Онцгой байдлын газрын 10 дугаар ангийн гал сөнөөгч Б-н хамт нөгөө зуслангийн байшин руу явсан залуугийн араас нь явж, зуслангийн байшин дундуур тойроод постын доогуур гарч ирэхэд нь зогсоож шалгахад Г овогтой Т гэгч байсан. Тэгээд Т гэгчийн үүрч байсан хар өнгийн үүргэвч цүнхийг шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн Каннабис гэх ургамал байсныг 102 дугаар утсанд дуудлага өгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг ахалж явж байсан цагдаагийн дэслэгч Б.Досболд хүлээлгэн өгч шилжүүлэн ажилласан. ...” /1 хх 106-107/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1796,0 грамм, цэвэр жин нь 1338,8 грамм болов...” гэх 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5326 дугаар дүгнэлт /1 хх 126-128/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн М.Б, Г.Т нарыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, мөн тэдгээр нь мансууруулах, сэтгэцэд идэвхт эм, бодисын хамааралтай буюу донтолттой гэх шинж тэмдэг илрээгүй талаарх шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 946, 947 дугаар дүгнэлтүүд /1 хх 152-153, 158-159/,

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан “...Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн постод ....УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах бодис тээвэрлэсэн байна. ...” гэх тэмдэглэл /1 хх 33/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тээврийн хэрэгслээс гарсан гэх хар өнгийн “Спрайт” гэсэн бичиглэлтэй үүргэвч дотор ногоон өнгийн өвснүүд байсныг хэмжих үзэхэд 3,348 грамм байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 40-44/,

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Г-н “...Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтийн постод үүрэг гүйцэтгэх хугацаандаа ....УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М овогтой Б-г шалгахад хоёр гар нь ногоон туяатай байсныг үнэрлэхэд ургамал түүсэн магадлалтай байв. ... машинаас бууж пост тойрон алхсан Г.Т-г шалгахад хар өнгийн үүргэвчтэй цүнхэнд 2 кг орчим мансууруулах төрлийн ургамал авч явсан болно. ... Төв аймгийн Батсүмбэр сумын “С” амралтын газрын урд талаас түүсэн. ..." гэх илтгэх хуудас /1 хх 220/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн “... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ургамал мэт /цэвэр жин 1338.8 грамм/ эд зүйлийн гэрэл зургийг дарж бэхжүүлэн авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 66-68/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч А.Очбадралаас “...оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Г.Т-с “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Алтанзулаас “...Г.Т-ны үйлдэл нь гэмт хэргийн санаа зорилго нэгдсэн үр дүнд хүрэх агуулгагүй, энэ төрлийн зүйл нь сэтгэцэд нөлөөлөх мөн Монгол улсад хориотой талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байсан, гэмт хэрэгт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хамжигчаар татагдсан, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Учир нь, анхан шатны шүүх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагаврын талаар болон шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, авч явсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлын хэмжээ  зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан сонгох ялуудаас хорих ялыг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Б нь шалган нэвтрүүлэх пост хүрэхээс өмнө Г.Т-г үүргэвчээ аваад буугаад зуслангийн байшингийн цаагуур пост өнгөрөөд зогсож байх талаар харилцсан тухай гэрч П.О-н мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Г.Т нь тухайн үүргэвчинд байгаа ургамал нь ердийн журмаар тээвэрлэн авч явах боломжгүй, хориглосон эд зүйл болохыг ухамсарлаж байсныг илтгэх бөгөөд тэдний уг үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаа зорилгоороо нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэстэй.

Иймд шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Г.Очбадрал, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Алтанзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Б, Г.Т нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл тус бүр 76 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Алтанзул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Т нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тус бүр 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР