Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00782

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00782

 

 

Б.Ганболд  нэхэмжлэлтэй
Б.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/00284 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15 329 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч Төрийн банк ХХК-ийн зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1425 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Намайг гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1717 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг дутуу олгохоор тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт  15 329 825 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.Жавхлан, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Б.Ганболдыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1717 тоот тушаалаар ажилд томилсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрөө ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан учир 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1766 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т Ажилгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, контракт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Б.Ганболд нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа хэрэгт авагдсан байна. Мөн Чингис Хаан банк ХХК-д ажиллаж цалин авсан байна. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн энэ хугацаанд ажил, орлоготой байсан байна. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч ажилтан ажилдаа нэг ч өдөр явалгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарч, Чингис хаан банк ХХК-д үргэлжлүүлэн ажилласан болно. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч хохироогүй, харин ч Төрийн банк ХХК-иас өөр байгууллагад ажиллаж байсан хугацааныхаа цалинг авах гэсэн хүсэл зоригтой байсныг анхаарч үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн банк ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 891 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид  232 859  төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Б.Ганболдод олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан давж заалдах гомдолдоо:

... 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00576 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Б.Ганболдын ажилгүй байсан хугацааг тооцон түүнд 7 095 555 төгрөг олгохыг ажил олгогчид даалгасан байсныг банкны зүгээс олгосон болно. Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Ганболд нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацаанд "Чингис хаан банк ХХК-д ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэж дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч Б.Ганболд нь "Чингис хаан банк ХХК-д ажиллаж цалин авдаг нь баримтаар нотлогдож байгаа болно. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ганболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15 329 825 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажиллаж байсан тул түүнд нөхөн олговор олгохгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэн даруй биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00576 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Ганболдыг Төрийн банк ХХК-ийн зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 095 555 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-аас гаргуулан Б.Ганболдод олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-16 тал/

 

Ажил олгогч Төрийн банк ХХК нь дээрх шийдвэрийг биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1717 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ганболдыг байгууллагын банкны газрын харьяа зээлийн хэлтэст байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерээр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллуулахаар томилжээ. /хх-ийн 5 тал/ Нэхэмжлэгч Б.Ганболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хариуцагч Төрийн банк ХХК-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1766 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 48-49 тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч Төрийн банк ХХК нь нэхэмжлэгч Б.Ганболдыг ажлаас хууль бусаар халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул дээрх хугацааны нөхөн олговрыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны 170 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 14 891 830 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр 1 сарын цалинг тооцсоныг буруу гэж үзэхгүй болно.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч Б.Ганболд нь ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд Чингис хаан банкинд ажиллаж байсан болох нь тогтоогдсон байхад ажилгүй байсан хугацааны олговрыг давхардуулан гаргасан гэсэн үндэслэл зааж байгаа боловч шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч байсан нь хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг уг хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/00284 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 859 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО